Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1092

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч __________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108018551326 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________-ны өдөр _________төрсөн, _____настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт __________

урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ______овогт _______(РД:______).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч  нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр _________гудамжинд иргэн ________“хувийн таарамжгүй” харилцааны улмаас маргалдаж, толгой, гараараа нүүрэн тус газар нь цохиж биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун сарвуу, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун гарын 4-р хуруунд шарх гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Хардаад нэг удаа мөргөж гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг төлөхгүй, боломжгүй” гэв.

Эрүүгийн _____________ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч__________: “...Тогооч гэх эмэгтэйтэй сүүлийн 3 жил хамтран амьдарч байгаад 2021 оны 7 дугаар сарын сүүлээр тусдаа амьдарсан. 8 дугаар сарын 06-ны өдөр очиход баруун талын орон дээр нэг залуу унтаж байсан. “Та хоёр машинаа аваад зайл” гэж хэлээд машиных нь борооны хамгаалалт хөмсгийг цохиж хугалсан. Тогоочийн гэрээс холгүй ярилцаж байтал араас гэрт унтаж байсан залуу, машин угааж байсан залуу 2 ирсэн. Ирэнгүүтээ Тогоочийн гэрт унтаж байсан залуу С намайг заамдаад нүүр лүү 1 удаа мөргөж, гараараа 2-3 удаа цохисон. Нөгөө залуу нь цохиогүй.хамар тэгшлүүлэх хагалгааны 1,500,000 төгрөг, хоёр нүдний ухархайгаар хатгаж өвдөж байгааг эмчлүүлэх 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (хх-11-17),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.08.10-ны өдрийн 7161 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. _________биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун сарвуу, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун гарын 4 дүгээр хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4 дүгээр хуруунд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хамар, баруун сарвуу, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хх-31-32),

Гэрч_______: “..._______ “яв, зайл” гэж хөөгөөд машин цохиод басйан. Сгийн машиныг унаад хашаанаас гараад байж байтал С машины цонхны борооны хаалтыг цохиод хагалчихлаа гээд Бтой маргалдаж барилцаад 1 удаа нүүр лүү нь цохисон. ...С бид хоёр архи уусан байсан...” гэх мэдүүлэг (хх-29),

Шүүгдэгч гийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 04-ний өглөө Тогоочийн гэрт унтаж байхад Б согтуу ирээд заазуур авч дайраад байсан. ё миний машины цонхны борооны хаалтыг цохиж хагалаад гараа зүсчихсэн. Би машиндаа суух гэхэд араас Б чулуу авч дайрахаар нь би нэг удаа нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-70),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-44), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-49), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-52), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-48) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч  согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр _____________хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийг мөргөж, нүүрэнд цохиж биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун сарвуу, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун гарын 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ________ “...Тогоочийн гэрт унтаж байсан залуу _______намайг мөргөж нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хх-11-17), _________машины цонхны борооны хаалтыг цохиод хагалчихлаа гээд ...Бтой маргалдаж барилцаад 1 удаа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хх-29), шүүгдэгч гийн “...Би гараад машиндаа суух гэхэд араас Б чулуу авч дайрахаар нь би нэг удаа нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-70), шүүх эмнэлгийн 7161 дугаар 1. Л.Бийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун сарвуу, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун гарын 4-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруунд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-31-32), шүүгдэгч гийн яллагдагчаар өгсөн “...би гараад машиндаа суух гэхэд араас Д.Б чулуу авч дайрахаар нь би нэг удаа нүүрлүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-70) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч гийн хохирогч __________хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түүний нүүрэнд 1 удаа мөргөж, 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч __________эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, түүнчлэн хохирогчийн “Цаашид хамар тэгшлүүлэх, хоёр нүдний ухархайгаар хатгаж өвдөж байгааг эмчлүүлэх нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжилнэ, хохирлын баримтгүй, эмчилгээ хийлгээгүй байгаа” гэх мэдүүлэг (хх-15)-ийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Л.Б эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон цаашид гарах хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтай болохыг дурдаж шийдвэрлэж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Бусдад төлөх төлбөргүй, хохирогчоос нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгч ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг мөргөж, гараараа цохин эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд баримтгүйгээр 3,500,000 төгрөг нэхэмжилсэн, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирлыг төлөхгүй, боломжгүй гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ам бүлийн байдал)-ыг болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ______овогт _________Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч _______гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР