Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 75

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2015/0067/Э
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Л.Уянга, Бор Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч:         Ц.Цэен-Ойдов,
Нарийн бичгийн дарга:     А.Цэрэндулам,
Иргэдийн төлөөлөгч:     Г.Энхцэцэг,
Хохирогч:             С.Мөнхбаяр
    Шүүгдэгчийн өмгөөлөгч:     Д.Чимгээ,
    Шүүгдэгч:             О.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн        О.Мөнх-Эрдэнэд холбогдох  201623000050 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Битширээт суманд төрсөн, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг Хурх тосгон Хурхын гол гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Халбин овгийн Оюуны Мөнх-Эрдэнэ, /РД:СБ82021613/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хурх тосгоны “Зүүн баян” гэх газар иргэн С.Мөнхбаярыг баруун гуян тус газар хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан, мөн иргэн С.Мөнхбаярын гэрийн хаалга, бүслүүрийг санаатай гэмтээж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Хохирогч С.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ намайг байж байтал оройны 17 цагийн орчим манай гэрт саахалт айлын залуу болох Мөнх-Эрдэнэ ирсэн. Цагаан сар болж байсан болохоор шинэлээд бууз жигнэж нэг шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж задалсан юм. О.Мөнх-Эрдэнийг манай гэрт ирэх үед манай гэрт миний хүү Болдхуяг, бага охин Энхжин нар байсан. О.Мөнх-Эрдэнэг гэрээс гарахаас өмнө хүү Болдхуяг морины өвсөнд явсан юм. Тэгээд О.Мөнх-Эрдэнэтэй задалсан нэг шил архиа бид 2 уусан юм. Архиа 19 цагийн орчим ууж дуусгаад харихаар О.Мөнх-Эрдэнэ гэрээс гарсан. Би мөн адил гаргаж өгөх гээд хамт гарсан. Гэрээс гараад О.Мөнх-Эрдэнийг чи ахын дүү явж чадах юм уу? Ах нь хүргээд өгье гэж хэлсэн чинь согтуурхаад гэнэт намайг хутгалсан. Миний баруун талын хөлний гуя хэсэгт нэг удаа удаа хутгалсан. Эмнэлэг дээр ирээд манай хүү намайг хүргэж өгөөд эргээд гэрт харихад О.Мөнх-Эрдэнэ гэрийн хаалгыг эвдэлж гэрийн бүслүүр тасалсан байсан. ... Бид хоёр ноцолдож зодолсон асуудал байхгүй гэсэн /хх-ийн 13 тал/, ...Манайх 2 нохойтой ба Мөнх-Эрдэнийг гэрээс гараад явах гээд мотоциклио асаах гээд түрээд явж байх үед манай нохой Мөнх-Эрдэнэ рүү боргоод хуцаад байсан..Хутга гаргаж ирээд явж байсан. Би бодохдоо нохой дайраад байхаар нь хутга гаргасан гэж бодож байна. Тэгээд над руу ирж явж байсан. Гэнэт намайг хутгалсан. Би бодохдоо бид 2 мөргөлдсөн гэж бодож байна гэсэн /хх-ийн 14 тал/  гэсэн мэдүүлэг, 
Хохирогч М.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  О.Мөнх-Эрдэнэ бид 2 нэг нутгийн танил улсууд юм. Тухайн хэрэг болдог өдөр Мөнх-Эрдэнэ манайд ирээд бид 2 жаахан архи хувааж уусан. Ингээд Мөнх-Эрдэнэ явах гээд гарч мотоциклио асаах гэхэд асаагүй, тэгээд түрж явахад нь манай нохой дайрсан. Манайх гурван нохойтой. Мөнх-Эрдэнэ рүү нохой дайраад байхаар нь би нэг нохойгоо бариад тонгойгоод зогсож байхад, Мөнх-Эрдэнэ хутга гаргаж ирээд нөгөө дайраад байсан 2 нохойг холдуулах гээд явж байгаад надтай мөргөлдөхдөө намайг болгоомжгүй хутгалчихсан. Манай гэрийн бүслүүрийг тасалж, хаалга эвдэж байхыг би хараагүй, хүү маань надад тэгж хэлсэн. Бид нэг нутгийн улсууд учир хар буруу санаж хүний муу үзэх хүсэлтгүй байна. Тухайн үед болоод өнгөрсөн асуудал учир гомдол саналгүй, хохирол төлбөрөө бүгдийг барагдуулсан авсан гэсэн мэдүүлэг, 
Гэрч М.Болдхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэрт 16-17 цагийн үед О.Мөнх-Эрдэнэ ах манай гэрт ирэхээр нь бууз жигнэж өгөөд би гэрийнхээ зүүн урагшаа байдаг хаваржаанаас өвс авч ирэх гэж явсан. Хаваржаан дээр ирээд ганцаараа өвсөө ачаад тэндээ 1 цаг орчим болоод буцаад гэртээ ирэхэд нар жаргаагүй харуй бүрий болж байсан. ...аав эмнэлэг явъя намайг хутгалчихлаа гээд приус-11 маркийн автомашинтай Хурх тосгоны төв орж эмнэлэг орсон. Тэгээд эмнэлэг дээр аавыг үлдээгээд хөдөө гэрт ирэхэд О.Мөнх-Эрдэнэ гэрийн хаалга эвдээд гэрийн бүслүүр таслаад гадуур юу хийж явааг мэдэхгүй алхаад байхаар нь айгаад хэсгийн төлөөлөгч рүү машинтайгаа явж авч ирсэн. Хэсгийн төлөөлөгч бид хоёрыг ирэхэд гэр дотор орон дээр унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Гэрч Ц.Хүдэрээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 16-ны оройн 23 цаг өнгөрч байх үед манай сумын малчин С.Мөнхбаяр эмнэлэг дээр хутгалуулсан шархтай ирлээ гэх дуудлагын дагуу тэдний хөдөө гэрт нь очиход О.Мөнх-Эрдэнэ тэдний гэрийн хаалгын хавтасыг салгаад гэрт нь ороод баруун талын орон дээр унтаж байсан. Тэгээд шууд тэндээсээ аймаг руу авч явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 тал/,
Шүүхийн шинжилгээний албаны №49 тоот дүгнэлтэнд: 1. С.Мөнхбаярын биед баруун гуяны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь баруун гуяны дунд урд хэсэгт үүссэн байх ба хурц үзүүртэй 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 25 тал/, 
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно. 
Прокурорын газраас шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Мөнхбаярын баруун гуян тус газар хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл халдаах үндэслэлтэй гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байх боловч улсын яллагч нь шүүх хуралдаанд шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн танхайрсан гэдгийг нотлож чадаагүй ба хохирогч С.Мөнхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “..тухайн хэрэг болдог өдөр Мөнх-Эрдэнэ манайд ирээд бид 2 жаахан архи хувааж уусан. Ингээд Мөнх-Эрдэнэ явах гээд гарч мотоциклио асаах гэхэд асаагүй, тэгээд түрж явахад нь манай нохой дайрсан. Манайх гурван нохойтой. Мөнх-Эрдэнэ рүү нохой дайраад байхаар нь би нэг нохойгоо бариад тонгойгоод зогсож байхад, Мөнх-Эрдэнэ хутга гаргаж ирээд нөгөө дайраад байсан 2 нохойг холдуулах гээд явж байгаад надтай мөргөлдөхдөө намайг болгоомжгүй хутгалчихсан, би нэг нутаг нугийн улс тул надад гомдол санал байхгүй, ялыг нь хөнгөлж өгнө үү” хэмээн мэдүүлж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх  тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэд холбогдох  зэвсэг хэрэглэн танхайрсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хурх тосгоны “Зүүн баян” гэх газар иргэн С.Мөнхбаярын эд хөрөнгийг /буюу гэрийн бүслүүрийг тасалж, хаалганы хавтасыг унагаж/ санаатайгаар устгаж, гэмтээн бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймээс шүүх шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 569.570 төгрөгийг төлсөн гэх ба хохирогч нь үүнийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй. 
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав. 
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Прокурорын газраас шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Шүүгдэгч Халбин овгийн Оюуны Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Халбин овгийн Оюуны Мөнх-Эрдэнийг 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай. 
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт заасныг журамлан хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан О.Мөнх-Эрдэнэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Цагдаагийн газар даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурьдсугай.  
9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ
              ШҮҮГЧ                                 Т.БОЛОРМАА
               Л.УЯНГА