Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 860

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Б.Х холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Б

яллагдагч Б.Х

хохирогч Д.Х өмгөөлөгч Л.Б,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 895 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Б бичсэн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Х холбогдох 1709003250153 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц туг овогт Б Х, 19.. оны .. дүгээр сарын ..-нд ... аймгийн ... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, “Стандарт групп” ХХК-д харуул ажилтай, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух хаягтай, /РД: ................../;

 

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1273 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

Б.Х нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн оюутны 4 дүгээр дотуур байрны 211 тоот өрөөнд эхнэр Д.Х байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Х холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Прокуророос шүүгдэгч Б.Х ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь хууль үйлчлэх цаг хугацааг болон хууль буцаан хэрэглэх журмыг тус тус хуульчилсан байна.

Гэтэл прокуророос шүүгдэгч Б.Х холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал буюу Б.Х үйлдэл нь гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хуулиар (2002 оны Эрүүгийн хуульд заасан) ямар гэмт хэргийн шинжийг агуулж байгааг огт тодорхойлолгүйгээр шууд 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй, буруу болсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэл болж байна.

Хэрэв прокурор шүүгдэгч Б.Х гэм буруутай үйлдэл 2015 оны Эрүүгиин хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж буй бол гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хуулиар (2002 оны Эрүүгийн хуульд заасан) ямар гэмт хэрэг юм, ямар учраас хууль буцаан хэрэглэх үндэслэл болсон (үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялын хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль нь болох) зэргийг “Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах” тогтоолд тодорхой заах учиртай.

Гэтэл энэ талаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд огт дурдаагүй байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримт болох Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8359 тоот актын дүгнэлтээс харахад хохирогч Д.Х эрүүл мэндэд “зүүн хөлийн III, IV, V-p хурууны хугарал, мултрал, дээд уруулд хаван, цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байхад прокуророос шүүгдэгч Б.Х үйлдлийг дан ганц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь буруу болсон байна.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Д.Х нь “тухайн үед миний биед нурууны гэмтэл үүссэн” гэж мэдүүлсэн тул энэ талаарх ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаажээ.

 

Прокурор Ж.Б бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 895 дугаартай захирамжид эсэргүүцэл бичсэн.

Захирамжийг уншиж танилцахад, хэрэг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байхад буюу 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлах эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу. Мөн шүүгдэгч Б.Х гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Х үйлдлийн улмаас хохирогч Д.Х хүндэвтэр гэмтэл учирсан байхад гэмтлийн зэрэг тогтоогоогүй байгаа нь хууль зөрчсөн асуудал юм гэж үзсэн. Хэргийн нөхцөл байдлыг аваад үзэхэд шүүгдэгч Б.Х нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Багшийн их сургуулийн оюутны байрны 211 тоот өрөөнд Б.Хос-Эрдэнэ нь хамтран амьдрагч Д.Х “миний Хаан банкны виза карт хаана байна, чи хаана тавьсан” гэсэн асуудлаас маргалдсан бөгөөд үүнээс өмнө 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр маргаан болсон байдаг, улмаар хэрэлдэж байхад нь оюутны байрны жижүүр хаалга цохиж “оюутны байранд аятайхан шиг бай, ямар асуудал үүсгээд байгаа юм бэ” гээд хаалгыг нь цохиж байх хооронд Д.Х балкон дээрээ гарч үсэрч, үүний улмаас хөл нь хугарч, түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8359 дугаартай дүгнэлт “Д.Х биед зүүн хөлийн III, IV, V-p хурууны хугарал, мултрал, дээд уруулд хаван, цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх шинжээч эмч С.О дүгнэлт гарсан.

Мөн хэргийн болсон процессыг хохирогч Д.Х “намайг чирч өрөөнд оруулаад зодох гээд байх үеэр жижүүр эгч хаалга нүдэхэд нөхөр явсан хойно нь би цонхны балкон дээр очиход ойр хавьд туслах хүн байхгүй байхаар нь өөр сонголтгүй байсан учраас 2 давхраас доош үсэрсэн” гэх, гэрч Б.Х “би гарах гэхэд миний виза карт Х байгааг санаад надад өгөхгүй байхаар нь нэхэж байтал чиний карт чинь хажуугийн айлд байгаа гэхээр нь би түүнийг дагуулж гараад хажуугийн айлаас асуухад мэдэхгүй гэхээр нь “чи яагаад худлаа яриад байдаг юм бэ” гэж маргалдаад байж байтал гал дээр байсан хоол дэврэх гээд байхаар нь би тоолгүй хоолоо очиж харчихаад эргээд иртэл Х балкон дээр гарч агаар амьсгалмаар байна гэсэн, тэгээд нэг мэдэхэд доор уначихсан байсан” гэх мэдүүлгээр хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.

Үүнээс үзэхэд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийг Б.Х нь санаатайгаар учруулаагүй, харин гэр бүлийн хүчирхийлэлтэй шалтгаант холбоотой учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн. Мөн хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлах асуудал нь зөвхөн прокурорын шатанд биш шүүхийн шатанд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Яагаад 2015 оны Эрүүгийн хуулиар ял сонсгосон учир нь хэрэг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон. Гомдлыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Үүний дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж шалгахдаа анх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэн. Гэр бүлийн хүчирхийлэл нь байнга буюу давтан шинжтэй. Шүүгдэгч Б.Х хувьд хохирогч Б.Х 2012 оноос хойш хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 12 дугаар сард Б.Х зодсон асуудал байсан. Энэ талаар хохирогч Б.Х нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад уг асуудал эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан тогтоол хавтас хэрэгт авагдсан. Учир нь хохирогч Б.Хишгээ өөрөө гомдол саналгүй гэсэн учраас байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд байдаг. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Х зодсон асуудлаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял эдэлсэн байсан бөгөөд энэ удаагийн үйлдэл нь хууль хяналтын буюу цагдаагийн байгууллагад 3 дахь удаагаа хандсан үйлдэл байгаа учир Улсын Дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай тогтоолд зааснаар гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн байна гэж үзэж улсын яллагчийн зүгээс ял сонсгосон. Шүүгчийн захирамжийг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн. Улсын яллагчийн хувьд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй шалтгаант холбоотой. Харин тухайн гэмтлийг цохиж зодож учруулаагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 859 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч Д.Х өмгөөлөгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Х холбогдох хэрэг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон. Энэ үйлдэл нь тухайн үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зүйлээр зүйлчлэгдэх ёстой гэж үзэж байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Мөн тухайн үед прокуророос гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэлж байсан гэж үзэж байх шиг байна. Энэ хуулийн үндсэн эх сурвалж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаас бүрддэг. Мөн энэ хууль нь Эрүүгийн эрх зүйн эх сурвалж болохгүй. Би анхан шатны шүүхийн шүүгчийн 859 дугаартай захирамжийг дэмжиж байна. Мөн тухайн үед зодоогүй гэж прокуророос тайлбарлаж байна. Гэвч тухайн үед зодсон, хөл, гар нь хөхөрсөн болон өөр бусад гэмтэл байсан нь хавтас хэрэгт фото хэлбэрээр авагдсан бөгөөд нурууны хугарал гэх гэмтэл нь дүгнэлтэд тусгагдаагүй байгаа. Шүүхийн шинжээчийн дүгнэлтэд зөвхөн зөөлөн эдийн няцрал гэж тусгагдсан. Учир нь СD дээр бичсэн зургийг уншиж чадахгүй, манайд аппарат байхгүй гэх үндэслэлээр дүгнэлт хийж чадаагүй. Энэ асуудалд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. ...” гэв.

 

Яллагдагч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан:

1. 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан цаг хугацаанд үйлдэгдсэн Б.Х үйлдлийг гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хуулиар ямар гэмт хэргийн шинжийг агуулж байгааг огт тодорхойлолгүйгээр шууд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн талаарх дүгнэлт нь,

2. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8359 тоот актын дүгнэлтээс харахад хохирогч Д.Хишгээгийн эрүүл мэндэд “зүүн хөлийн III, IV, V-p хурууны хугарал, мултрал, дээд уруулд хаван, цус хуралт нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байхад прокуророос шүүгдэгч Б.Х үйлдлийг дан ганц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тус тус Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхэд хүрсэн байна гэсэн, мөн анхан шатны шүүхээс, Б.Х холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзсэн  талаар дүгнэлт нь тус тус хууль зүйн үндэслэлтэй, зөв байна.

 

Түүнчлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8359 тоот актын дүгнэлтэд заасан хохирогч Д.Х эрүүл мэндэд учирсан байсан “...зүүн хөлийн III, IV, V-p хурууны хугарал, мултрал, дээд уруулд хаван, цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал...” гэсэн  гэмтлүүдийн аль гэмтэл нь Д.Х 2 давхрын цонхноос унах үед үүссэн, аль гэмтэл нь Б.Хос-Эрдэнэ зодох үед үүссэн болохыг, уг гэмтлүүд тус тусдаа ямар гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг нарийвчлан тогтоож, энэ талаар зохих ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд Б.Х холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 895 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор Ж.Б бичсэн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧИД                                                                 Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                               Д.ОЧМАНДАХ