Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1118

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч ____________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ____________г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108015150999 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________өдөр ________төрсөн, ____настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, __________(РД:__________).

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч ____________ нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хангай” захын автобусны буудал орчимд иргэн ____________гийн эзэмшлийн “Айфоне хs mах” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэн 2,300,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ____________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч ____________тэй хуурай ах дүүгийн харилцаатай. Хагалгааны төлбөр хийх гээд утсыг нь аваад зарсан. Хохиролд 300,000 төгрөг өгсөн байгаа, үлдсэн хохирлыг төлж барагдуулна. Дахиж ийм муухай хэрэг хэзээ ч хийхгүй” гэв.

Эрүүгийн ____________ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ____________гийн: “2021 оны 7 дугаар сарын 05-ын өдөр гэртээ амарч байтал урьд таньдаг байсан ____________ гэх охин фэйсбүүк чатаар “Хоёулаа уулзъя гэхээр нь би гэртээ байна, гэрийн орчимд такси бариад хүрээд ир гэж хэлсэн. Шөнө 01 цаг болох гэж байх үед ____________ мессеж бичээд “Цэргийн хотхоны буудал дээр ирчихлээ гэхээр нь би очоод уулзтал нэг найзтайгаа явж байсан. Би тухайн таксинд суусан. Замдаа явж байтал ____________ гар утсаа өгч бай, хүнтэй ярих хэрэгтэй байна гэхээр нь би утасныхаа түгжээг гаргаад өгсөн. Замдаа хүнтэй яриад байх шиг байсан. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо дүүргийн автобусны буудал дээр ирээд зогсохоор нь би буугаад тамхи татаж байтал ____________ таксины жолоочийг хөдөл гээд яваад өгсөн. Араас нь залгаад утсаа аваагүй. Маргааш нь ____________ руу фэйсбүүкээр чат бичсэн чинь уучлаарай, мөнгөний хэрэг гараад, Монтел дээр 900,000 төгрөгөөр зарчихсан шүү гэх мэт зүйл яриад байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн гар утсыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Айфоне стори” дэлгүүрээс шинээр нь 2,800,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хх-14, 17),

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2021.07.25-ны өдрийн хөрөнгийн үнийн 21/051 дүгээр тодорхойлолтод: “Iphone XS max загварын, хуучин, хэрэглэж байсан 1 ширхэг гар утас 2,300,000 төгрөг” гэжээ (хх-30),

Гэрч__________: “...Бид хоёр 5 шараас такси бариад Цэргийн хотхоны орчим ____________ гэх залуугийн гэрт очсон. Тал пиво байхаар нь ____________, ____________ бид гурав уусан. Бид гурав дахиж пиво авах зорилгоор гарч төв зам дээрээс такси барьсан. ____________, ____________ хоёр хоорондоо юм яриад байсан. “Хангай” захын автобусны буудал дээр зогсоход ____________, ____________ хоёр “пиво аваад ирье” гээд буусан. Төд удалгүй ____________ машинд гүйж орж ирээд жолооч ахыг “яваарай” гээд хөдөлсөн. Манай гэрт хоносон. Маргааш нь ____________ “Айфоне икс” маркын гар утас гаргаад ирэхээр нь “ямар учиртай утас юм бэ” гэсэн чинь “____________ ахын гар утас, надад өгсөн юм” гэж хэлсэн. “Энэ гар утсыг зарах хэрэгтэй байна, хамт явъя” гэхээр нь би дагаад “Монтел” төвийн гадаа очоод үл таних гар утасны ченж гэх хүнд 900,000 төгрөгөөр зарсан. Дээрх мөнгийг ____________ өөрөө аваад явсан. Би нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг (хх-24-25),

Гэрч_________: “2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд “Монтел” төвийн гадна зогсож байтал 20 орчим насны хоёр охин ирээд “гар утас зарах гэсэн юм” гэхээр нь үзтэл “Айфоне икс эс” маркын шаргал өнгөтэй гар утас байсан. Зарах гэж байсан охиныг ____________ гэж байсан бөгөөд би утасны үнэ 950,000 төгрөгийг Хаан банкны ...тоот данс руу шилжүүлсэн. “Миний өөрийн гар утас, би Багануурт амьдардаг, тэндээс лизингээр авч байсан. Эмнэлэгт хагалгаанд орох гээд мөнгө хэрэг гараад утсаа зарах гэсэн юм” гэхээр нь өөрийнхөө гар утсыг зарах гэж байгаа юм байх гэж бодоод худалдан авсан. Тухайн гар утсыг тэр орой нь танихгүй хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг (хх-21-22),

Шүүгдэгч ____________гийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн Цэргийн хотхоны автобусны буудал дээрээс ____________ ахыг авч пиво уухаар болж “Хангай” зах дотор “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчихаад өгье” гээд гар утсыг аваад хүнтэй ярихгүйгээр халаасандаа хийчихсэн. Автобусны буудал дээр ____________ ах бид хоёр буутал ____________ ах тамхи асаагаад татахаар нь би таксинд гялс очиж суугаад жолоочийг “хөдлөөрэй, хурдан яваарай” гээд орхиод явтал араас залгаад байхаар нь утсаа авахгүй явж байгаад Энхзулын гэрт нь очиж унтсан. 09 цагийн үед сэрээд хоол, цай идэж уучхаад Энхзулд ____________гийн “Айфоне экс” маркын шаргал өнгийн гар утсыг үзүүлж “надад өгсөн” гэж худлаа хэлээд хамт тухайн өдрийн 14 цагийн орчимд “Монтел” гар утас худалдааны төв орж, 40 гаруй насны ахад 950,000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэж дуусгасан. Энхзул тухайн үед ____________гийн гар утсыг авч зугтаасан талаар мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-60-61),

хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-5), чатны хуулбар (хх-7-10), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-50), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-38), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-39), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-41,42), банкны дансны хуулга (хх-43-47) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ____________ согтуурсан үедээ 2021 оны 7 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” захын автобусны буудал орчим хохирогч ____________гийн Iphone xs max маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ____________гийн...____________ гар утсаа өгч бай, хүнтэй ярих хэрэгтэй байна гэхээр нь би утасныхаа түгжээг гаргаад өгсөн. Автобусны буудал дээр ирээд зогсохоор нь би буугаад тамхи татаж байтал ____________ таксины жолоочийг хөдөл гээд яваад өгсөн. Араас нь залгаад утсаа авахгүй байсан. ...Маргааш нь фэйсбүүкээр уучлаарай мөнгөний хэрэг гараад 900,000 төгрөгөөр зарчихсан шүү гэх мэт зүйл яриад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хх-14, 17),  гэрч ____________ын “2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд Монтел төвийн гадна зогсож байтал 20 орчим насны хоёр охин ирээд гар утас зарах гэсэн юм гэхээр нь үзтэл “Айфоне икс эс” маркын шаргал өнгөтэй гар утас байсан. Зарах гэж байсан охиныг ____________ гэж байсан. Би утсыг аваад 950,000 төгрөгийг Хаан банкны ...тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-21-22), гэрч ____________ын ”...____________, ____________ хоёр “пиво аваад ирье” гээд буусан. Төд удалгүй ____________ машинд гүйж орж ирээд жолооч ахыг яваарай гээд хөдөлсөн. Маргааш нь ____________ “Айфоне икс” маркын гар утас гаргаад ирэхээр нь “ямар учиртай утас юм бэ” гэсэн чинь О.____________ ахын гар утас, надад өгсөн юм гэж хэлсэн. Энэ гар утсыг зарах хэрэгтэй байна хоёулаа хамт явъя гэхээр нь би зөвшөөрөөд дагаад Монтел төв орсон...” гэх мэдүүлэг (хх-24-25), шүүгдэгч ____________гийн: “Хангай” зах дотор “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчихаад өгье” гээд гар утсыг аваад хүнтэй ярихгүйгээр, кармандаа хийчихсэн. Автобусны буудал дээр ____________ ах тамхи татахаар нь би таксинд гялс очиж суугаад жолоочийг “хөдлөөрэй, хурдан яваарай” гээд ____________г орхиод явтал араас залгаад байхаар нь утсаа авахгүй явж байгаад... “Монтел” гар утасны худалдааны төв орж 950,000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (хх-60-61) зэрэг бичгийн нотлох баримт болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ____________гийн хохирогч ____________гийн Iphone XS max маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ____________д 2,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлын зарим хэсгийг төлсөн, хохирогчтой хохирол төлөхөөр харилцан тохиролцсон гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй болно. Шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч завсарлуулсан хугацаанд ч хохирол төлөөгүй байх тул шүүгдэгч ____________гаас 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ____________ (________, РД:________)-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ____________ 2021 оны 7 дугаар сарын 05-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хангай” захын автобусны буудал орчимд иргэн ____________гийн эзэмшлийн “Айфоне хs mах” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэн 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (танил ахынхаа гар утсыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 2,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогчийн “Өөрт учирсан хохирлоо барагдуулаад авчихвал гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, 4 настай, 9 сартай хүүхдүүдийн хамт амьдардаг) зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ____________г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ____________ нь 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн А.Эгшиглэн гэх 9 сартай охин хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-41)-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасныг баримтлан ____________д 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ____________ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____морьт овогт _________ийн ____________г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____________г 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____________д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ____________д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ____________ хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ____________ шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ____________ цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч ____________гаас 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ____________ (________, РД:_________)-д олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ____________д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР