Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 437

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 255 тоотод оршин суух Доной овогт Баатарын Сансарбаатарын /МЬ-81041114/ нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 4 дүгээр хэсэг гудамж 149 тоотод оршин суух Сартуул овогт Дагвадоржийн Батаад /МЭ-69122110/ холбогдох

“Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 232,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сансарбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн Б.Сансарбаатар миний бие Дархан-Уул аймгаас Сүхбаатар сумын төв орох гэж явах замд 2016.11.25-ны өдөр замын дунд ачааны машин дээр 3 хүн зогсож байсан. Хажуугаар нь өнгөрөх явцад нэг хүн нь /Батаа/ хүрзтэй хайрга шидэж миний машины салхины шил хагарсан. Мөн машины урд талын будаг цоохортсон. Машинаасаа бууж Бат гэж хүнтэй уулзаж, яагаад ийм явдал болов гэж ярилцахад, “...би зам дээр засвар хийж байсан юм... энэ явдал санамсаргүй зүйл, хайрга шидсэн чинь машиныг чинь оносон байна. Би төлж өгнө. Цагдаа шүүх гээд яахав...” гэж хэлсэн боловч одоог хүртэл миний хохирлыг барагдуулж өгсөнгүй. Уулзах гээд очихоор байхгүй зугтана, худлаа хэлнэ. Д.Батаатай 2 удаа уулзсан “би цалин буухаар өгнө бага багаар төлнө” гэсэн боловч төлөхгүй байна.  Иймд Д.Батаагаас  машиний салхины шилний үнэ 210,000 төгрөг, үнэлгээний төлбөр 22,000 төгрөг, нийт 232,000 төгрөгийн төлбар гаргуулж хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.                                                                          

Хариуцагч Д.Батаа нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Сансарбаатарын нэхэмжилсэн 232,000 төгрөгийг төлж барагдуулсан тул уг хэргийг хааж өгнө үү. Төлбөр төлсөн баримтыг хавсаргав гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Сансарбаатар нь Д.Батаад  холбогдох “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 232,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлж барагдуулсан болох нь Д.Батаагийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “...232,000 төгрөгийг төлж барагдуулсан тул уг хэргийг хааж өгнө үү...” гэх тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байна. Иймд нэмхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Б.Сансарбаатарын нэхэмжлэлтэй Д.Батаад холбогдох “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 232,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,610 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,805  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 3,805 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА