Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1899

 

 

 

   

Ц.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01141 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдох

Ойролцоо төрлийн ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: Миний бие Хөвсгөл аймгийн Холбооны Газрын даргаар Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 сарын 20-ны өдрийн Х/320 тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байтал Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Х/16 тоот тушаалаар үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. 2009-2013 он хүртэл Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Хөвсгөл аймаг дахь холбооны газарт ажиллаж байгаад 2015 онд Газрын даргаар сонгогдон ажиллаж байсан ба энэ хугацаанд ямар нэг алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж байсан болно. Гэтэл миний бие жирэмсэн атал үүнийг үл хайхран ажлаас халж байгаад гомдолтой байна. Тиймээс Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Х/16 тоот тушаалыг үл зөвшөөрч байна. Хуулийн хугацаанд нэхэмжлэлээ Чингэлтэй дүүргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд андууран гаргасанз тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа ойролцоо төрлийн ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж тодруулж байна гэжээ.

            Хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн тайлбарт:  Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Х/320 дугаар тушаалаар тус компанийн Хөвсгөл аймгийн холбооны газрын даргаар томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Х/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ц.Уранчимэгийг ажлаас чөлөөлсөн нь ажил олгогчоос үл шалтгаалсан бөгөөд хуульд заасан үндэслэл бий болсны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөвсгөл аймгийн холбооны газрын даргаар Д.Ундармаа гэж ажилтан ажиллаж байсан бөгөөд тус ажилтныг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Д.Ундармаа нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/01097 дугаар тогтоолоор Д.Ундармааг Хөвсгөл аймгийн холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилсон. Ийнхүү Д.Ундармаа шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсонтой холбогдуулан түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтан болох Ц.Уранчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасны дагуу дуусгавар болгосон. Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалуудын дагуу тус компанийн Улаанбаатар хот болон 21 аймаг, 2 дүүрэгт ажилтны тоог хасч, цөөрүүлсэн учир Ц.Уранчимэгийг ажил албан тушаалаар хангах ямар ч боломжгүй байсан. Түүнчлэн дээр дурдсанаар бололцооны дагуу өөр ажил албан тушаал олж өгөх боломж компанид байхгүй. Ц.Уранчимэгт хуулиар үүрэг хүлээгээгүй боловч бололцооны дагуу өөр ажил албан тушаал олж өгөх боломжгүй учир 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Иймд Ц.Уранчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдох ойролцоо төрлийн ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн Ц.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Уранчимэгт өөр  ажил  олж өгөх  санаачлагыг огт гаргаагүй. Анхан шатны шүүхээс хариуцагчийн хариу тайлбарыг бүхэлд нь дэмжиж хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан болно. Хууль зөрчиж жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж өөр ажилд томилохоос санаатайгаар зайлсхийсэн болно. Мөн   нэхэмжлэгчийн   зүгээс   сул   орон   тоо   байгаа   эсэх   талаарх   нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын төлөөлөгчид "өөр аймаг бас төв дээр эсхүл Замын-Үүдийн ойролцоо аймгуудад ажлын байр байгаа болов уу. Би жирэмсэн байгаа тэгэхээр нөлөөлөх үү” гэж утсаар мессэж бичиж байснаа үзлэг хийлгэж нотлох баримтаар хавсаргасан болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зөвхөн тухайн аймагт биш, Монгол улс дахь Цахилгаан харилцаа холбоо компани дотроо боломжтой ажлаар хангаж өгөхийг хүсч, хандаж байсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч сул орон тооны боломж бололцоо байгаа эсэхийг өөрөө олж мэдэх боломжгүй хариуцагч байгууллагын дотоод мэдээлэл учраас хариуцагчаас гаргуулах хүсэлтийг тавьсан. Монголын Цахилгаан Холбоо ХК нь нийтдээ 2000 гаруй ажилтантай том байгууллага.  Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагч байгууллагын гаргасан зөвхөн сул орон тоо байхгүй гэсэн аман тайлбарыг үндэслэл болгон хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд орон нутагт амьдардаг, бие жирэмсэн байсны улмаас нэхэмжлэлээ шүүхэд нэн даруй гаргаж өгөхөд хүндрэлтэй байсан. Цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн х/38 дугаар тушаалаар "бололцооны дагуу томилох орон тоо байхгүй тул Ц.Уранчимэгт 3 сарын дундажтай тэнцэх тэтгэмж олгосугай" гэж шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгч тал нь түүнд хуулийн дагуу өөр ажил олгоно гэдэгт найдсаар байсан. Мөн нэхэмжлэлдээ хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтээ гаргасан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдуулан ойролцоо төрлийн ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь  2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байгаад хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Х/16 тоот тушаалаар “ажлаас буруу халагдсан ажилтан урьдах ажил, албан тушаалдаа шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Хариуцагч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3669 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1399 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1097 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Х/17 тоот тушаалаар Д.Ундармааг Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн томилсныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.  

 

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж зааснаар ажил олгогч нь өөрийн санаачилгаар нэхэмжлэгч Ц.Уранчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй хэдий ч түүнд бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй. 

 

Анхан шатны шүүх хуулийн дээрх зүйл, заалтыг ажил олгогчийн хэрэгжүүлж болох эрх гэж буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хэргийн баримтаар хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийг хуульд заасан үүргээ биелүүлсэн болон биелүүлэх оролдлого хийсэн боловч нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас биелүүлэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа ойролцоо төрлийн ажилд томилуулах гэж өөрчилсөн бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлага нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нөхцөлд хангагдана. Өөрөөр хэлбэл ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй. Иймд хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэг үүсэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01141 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Уранчимэгт бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-д даалгаж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                   А.МӨНХЗУЛ