| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00414/И |
| Дугаар | 459 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 459
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Цөх /2 элсийн гарам/-д оршин суух, 50 настай, эмэгтэй, одоо хувиараа мал малладаг Шарнууд овогт Лосолын Даариймаагийн /ОД-67040607/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Л.Даариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Даариймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Тохой бригадад саальчнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Одоо 4 хүүхэдтэй гэдгээр тэтгэвэрт гарах гэтэл анх ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаалаа Увс аймгийн архиваас шүүлгэсэн боловч зөвхөн цалингийн тодорхойлолтоос өөр зүйл байхгүй гэсэн... “Хөдөлмөрийн дэвтэр” нүүдлийн явцад хаягдсан байсан.
Иймд намайг Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой бригадад 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Даариймаа нь “...намайг Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой бригадад 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Л.Даариймаа нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой бригадад саальчнаар 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Увс аймгийн архивын 2017 оны 03 дугаар 27-ны өдрийн Л.Даариймаагийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан талаарх “Цалингийн тодорхойлолт” /1984 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх/, гэрч Д.Хандсүрэн, Д.Долгор, Т.Ганхуяг нарын шүүхэд ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Л.Даариймааг Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой бригадад саальчнаар 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лосолын Даариймааг Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой бригадад саальчнаар 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА