Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 445

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 5-4 тоотод оршин суух Сандагийн Нармандахын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг гудамж 100 тоотод оршин суух Жамсран овогт Гөлөгөөгийн Анхбаярт /МЮ-87072338/ холбогдох

“Барааны төлбөр 319,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нармандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Г.Анхбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Гоё” дэлгүүрээс 369,700 төгрөг үнэ бүхий бараа зээлээр худалдан авсан. 2016 оны 11 дүгээр сард 50,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Иймд Г.Анхбаяраас үлдэгдэл 319,700 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.                                    

 

Хариуцагч Г.Анхбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...2015 онд “Гоё” дэлгүүрээс 369,700 төгрөгний бараа зээлж авсан нь үнэн. 50,000 төгрөг өгсөн... үлдэгдэл 319,700 төгрөгийг одоо төлөх болно гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Нармандах нь Г.Анхбаярт  холбогдох “319,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь Г.Анхбаярын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “...319,700 төгрөгийг одоо төлөх болно...” гэх тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,125  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 5,125 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар С.Нармандахын нэхэмжлэлтэй Г.Анхбаярт холбогдох “319,700 төгрөг”-ийг хариуцагч бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,125  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 5,125 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА