Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

                                                                                                                                                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат

Улсын яллагч Б.Батцэцэг,

Хохирогч Д.Д,

Шүүгдэгч Б.Өгийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн,

Шүүгдэгч Н.Пын өмгөөлөгч Ж.Чимэддулам,

Шүүгдэгч Б.Ө, Н.П нар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Ө, Н.П нарт холбогдох 2022001150064 тоот хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр .................... аймгийн ............. суманд төрсөн, ...... настай, ......... боловсролтой, малчин, ам бүл ....., ............ хамт Дундговь аймгийн ....... овогт Б.Ө гэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..... оны ..... дугаар сарын 12-ны өдөр .............. аймгийн ........... төрсөн, .............. боловсролтой, ....., ам бүл ........, .............хамт ........... аймгийн ......... сум, ........ баг, “..........” гэх газар нутаглах одоо .......... аймгийн ............ сумын ............ гэх газарт нутаглах, урьд ял шийтгэлгүй, ............ овогт Н.П гэв.

 

          Шүүгдэгч Б.Ө нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн  Баянжаргалан сумын  2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д-тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч Н.П нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан  сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ө-тай маргалдаж, улмаар толгойн тус газар нь буюу үснээс нь татаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          А.Шүүгдэгч Б.Ө-гийн холбогдсон гэх хэргийн талаар:

- Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...3 дугаар сарын 1-нд манай баруун бууцанд Д өвөлжсөн. Наашаа малаа битгий бэлчээгээрэй гэж удаа дараа хэлж байсан. Тэгсэн битгий бэлчээ гэсэн газар руу Д малаа тууж орсон. Энэ хүн миний хэвлий рүү 2, 3 өшиглөсөн. Маргааш нь би нөхөртөө хэлтэл дахиад эхнэртэйгээ малаа тууж байсан. Би нөхөртэйгөө очтол эхнэртэйгээ бичлэг хийж байсан. Би тархи толгойны өвчтэй, миний үснээс зулгааж, өшиглөсөн. Манай нөхөр байгаагүй бол намайг бүгдээрээ зодох байсан. 3 сарын 1-нд Д л байсан, өөр хүн байгаагүй. Маргааш нь буюу 3 сарын 2-нд бичлэг хийгээд инээгээд зогсож байсан. Зодоогүй хэрэгтээ зодсон гээд зогсож байгаадаа гомдолтой байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

- Хохирогч Д.Д шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хөл тулай өвчнөөр өвдөөд гишгэж чадахгүй хүний гарт ороод Сонгодо эмнэлэгт 4, 5 хоног хэвтсэн. Тэр болохгүй болохоор нь хувийн хятад эмнэлэгт хэвтэж гайгүй болоод хөдөө явсан. Очоод малдаа явж байтал 3 сарын 1-нд Ө охинтойгоо ирж, малгай булааж аваад, түлхүүр авах гээд байхаар нь өгөхгүй гэхэд түлхүүр булаах гээд дайраад байсан. Түлхүүрээ өгөхгүй болохоор толгой руу нүдсэн. Тэгээд тархи толгойгоо үзүүлтэл доргилттой гэсэн онош гарсан. 3 сарын 2-нд хонио бэлчээгээд хонины цаагуур оръё гээд явж байхад нөхөртэйгөө давхиж ирээд бөөднө гээд малгай авч шороо хийгээд чулуу шидээд байсан. М хоньтой манай хонь нийлээд, Х, Б нар хонь ялгахаар ирсэн байсан. Галзуу хүн ч гэж ямар байдаг юм мэдэхгүй. Бын нүүрийг самардсан, М гарыг хазсан, Хыг 2 өшиглөж, 1 цохисон. Зарим нь гомдол гаргаагүй л байх, бусдаар бүгдэд нь гар хүрсэн. Би олон удаа нааш цаашаа яваад гомдолтой байна. 500 км зайнаас дуудагдаж ирж байгаа. Ажил ихтэй, ам бүл хоёулаа, хөл гар муутай хүн би. Наашаа, цаашаа 11 удаа явсан зардал 1.000.000 төгрөгөө гаргуулмаар байна...” гэв.

- Гэрч Н.У “...Манайх Өвөрхангай аймгаас отроор нүүж Баянжаргалан суманд ирээд Алтанхуяг гэх хүнтэй ярьж тохироод, хөлс мөнгийг нь өгөөд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өвөлжөөнд нь өвөлжихөөр Дгийн хамт буусан. Өвөлжөөнд буусан цагаас хойш Алтанхуягийн төрсөн ах Оюундалай эхнэр Өгийн хамт байнга ирж хөөж туун “энэ манай хаваржааны газар, тэр Алтанхуяг хамаагүй, нүү гэж мал машинаараа туулгаж, сүүлдээ бүүр малд явсан хүнийг хонин дээр ирж зодоод байдаг болсон. 2020 оны 3 дугаар сарын 1-нд манай айлын Д хонинд явсан чинь Ө зодоод ам хамраас нь цус гаргаад явуулсан байсан.  Ирж бид нарт зодуулчихлаа гэж хэлчихээд сум руу явж цагдаад мэдэгдээд эмнэлэгт үзүүлээд ирсэн...” гэх мэдүүлэг 1-р хх20-21/

- Гэрч Б.Бын: “...Өвөрхангай аймгаас Дантай хамт Баянжаргалан суманд нүүж ирээд Алтанхуягтай тохиролцон хөлс мөнгийг нь өгөөд өвөлжихөөр болсон. Тэгтэл Оюундалай, Ө 2 байнга ирж дарамтлаад хөөж туугаад учир байдлаа хэлэхээр манай газар, манай нутаг, нүүхгүй бол ална, тална, үхүүлнэ гэх зэргээр дарамталж машинтайгаа хонь туулгаад заримыг нь дайрч хэмхэлсэн асуудал гарсан. Сүүлдээ бүүр хонинд явсан хүнийг шороогоор булаад зоддог болсон. 2020 оны 3 дугаар сарын 1-нд Дг очиж зодоод доромжлоод явуулсан байсан. Д амнаас нь цус гарчихсан ирж бид нарт хэлчхээд эмнэлэгт үзүүлнэ гээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх22-23/

- Гэрч Т.О: “...Д гэх хүнийг танина. Манай эмнэлэгт уушигны хатгалгаа гэсэн оношоор  хэвтэж эмчлүүлж байсан. 2020 оны 3 дугаар сарын 1-ний 16 цагийн үед өвчтөнөө хянаад ажил дээрээ сууж байхад энэ хүн “сая хөдөө хонины бэлчээрт Ө гэх хүнд зодуулсан, үзүүлэх гэсэн юм” гээд орж ирсэн. Толгой өвдөөд байна, уруулаас цус гарлаа гэж байсан. Даралт нь ихсэж, зүрх нь дэлссэн байсан. Дээд уруул нь бага зэрэг язарч, арьс нь хууларч цус гарсан байсан. Өвчин намдаах тариа тариад тайвшруулсан. Сая цохиулж зодуулснаас болоод даралт нь ихэссэн байна гэж хэлээд тархины доргилт гэсэн оношоор тодорхойлолт бичиж явуулсан. Эргэж ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-30/

- Насанд хүрээгүй гэрч О.М “...тэр ах манай ээжийн гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би машины цонхоор тэр ахад ээжийг маань битгий зодооч гээд хашхирсан. Тэгээд ээж бид 2 машиндаа суугаад гэр рүү аав дээр уйлаад яваад очсон юм. Өмнө нь тэр ах архи ууж ирчхээд манай гэрийн гадаа манай аавыг муухайгаар хэлээд байсан. Манай ээж тэр ахыг ерөөсөө зодоогүй, манай ээж хүн зоддоггүй. Тэр ах машиндаа сууж байсан, ээж машинынх нь хаалгыг нээсэн чинь сууж байгаад ээжийн гэдэс рүү өшиглөсөн. Тэр ах согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Ээжийн биед гэмтэл учирсан байх, ээж уйлаад аав дээр очсон...” гэх мэдүүлэг /1-р хх-157/,

- Гэрч М.О  “...Бэлчээрийн  маргаанаас болоод хэрүүл болоод байгаа. Манай өвөлжөөнөөс баруун тийш манай дүү А отрын айл буулгасан юм. Тэр буусан айлд нь би очоод “өвөлжөө руу малаа битгий бэлчээгээрэй” гэж хэлсэн. Шинэ жилийн үед манай мал тэр айлын малтай нийлээд, би тэр отрын айлд очоод “малаа ялгах уу” гэж асуусан чинь “сууж бай, ганц юм уух уу” гэхээр нь “би архи уухгүй” гээд гараад явсан. Орой нь Б манайд согтуу ирээд “чи отор нүүдэл хийж сураагүй байна, чамайг бодвол би халхын хавтгайд хаана ч явна” гээд олон үглээд байхаар нь би гэрээсээ гараад явсан. Тэгтэл миний араас намайг хайгаад яваад байхаар нь манай хүн цагдаа дуудсан байсан.  Тэгээд би гэрт ирсний дараа цагдаа манайд ирээд байж байхад Б согтуу ирсэн. Тэгээд цагдаа нар аваад явсан. 2020 оны 3 дугаар сарын 1-нд байх, хэдэн өдөр хонио хаваржаан дээр хариулаад байхаар нь эхнэр, охинтойгоо машинтай очоод “тэнд хэрүүл болоод намайг өшиглөсөн. Малгайгаа хаячихаар нь би малгайг нь аваад ирлээ” гээд уйлагнаад ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх16-17/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 78 тоот “...Д.Дгийн биед дээд уруулын салстад цагаан саарал өнгийн нөсөө, сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх34-35/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот “... нэмэлтээр ирүүлсэн материалаар Д.Дгийн биед 78 дугаартай дүгнэлтэд дурдагдаагүй шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Тархи доргилт нь эмч нарын үзлэг хэсэгт тархи доргилтын шинж дурдагдаагүй тул үнэлэх боломжгүй байна. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаартай дүгнэлтэд Д.Дгийн биед дээд уруулын салстад цагаан саарал өнгийн нөсөө, сорви тогтоогдсон нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн нь хохирогч болон гэрчээс авсан мэдүүлгээр тогтоогдож байна. Дээд уруулын салстад цагаан саарал өнгийн нөсөө, сорви гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх175-177/

- Гэмт хэргийн талаарх  гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

          - Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

           

Б.Шүүгдэгч Н.Пын холбогдсон гэх хэргийн талаар:

- Шүүгдэгч Н.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай хүн малдаа явж байтал Ө очоод малгайг нь аваад шороо хийгээд хэл амаар доромжлоод байсан. Энэ хүнд гар хүрсэн хүн байхгүй, худлаа хэлж байна. Цохих гээд байхаар нь үсэнд нь үсдэх маягтай  хүрсэн байх. Манай нөхөр зодсон зүйл байхгүй, машин дотор байж зодуулж байгаад л явсан. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.

- Б.Ө хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгдээ “...2020 оны 3 дугаар сарын 1-нд Дд 2 удаа хэвлий хэсэгтээ өшиглүүлсэн. 3 сарын 2-нд Пд үсдүүлж, зодуулсан. Гэрч нарын мэдүүлэг бүгд худлаа байна. Нүүр самардсан, гарыг нь хазсан зүйл байхгүй. Мэдүүлэг өгсөн хүмүүс нь энэ хүмүүсийн ах, дүү нар нь байсан. Тархи, толгой тэр үед их өвдөж байсан, одоо гайгүй байгаа. Наашаа цаашаа явсан бензиний  үнэ 1.092.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

- Гэрч М.О “...Маргааш нь нөгөө айл хонио манай хаваржаа руу дахиад оруулахаар нь “би хүүгээ явуулаад, хонио ав гэж” хэлүүлсэн үгэнд нь ороогүй. Тэгээд эхнэр бид 2 очоод хонийг нь баруун тийш нь хөөж орхичхоод гэр рүүгээ явтал намайг амдаад Мөнгөнхуяг, Б эхнэртэйгээ шар дээлтэй залуу бүгдээрээ ирсэн. Бид 2 буугаад очсон чинь бүгдээрээ дайраад ирсэн. Манай эхнэрийг чи я... гуйлгачин байсан гээд доромжлоод бөөн хэрүүл болсон. Нэг хүүхэн нь манай эхнэрийг үсдээд авахаар нь би салгаж машинд суулгасан. Шар дээлтэй нөхөр миний мөрөн дээгүүр манай эхнэрийг цохих гээд мөрөн дээгүүр гар нь орж ирээд байсан. Би эхнэрээ аваад зугтаасан. Би тухайн үед хэрэлдсэн асуудал байхгүй, надад гар хүрээгүй. Урьд өмнө нь Д манайд ирээд энэ хороог чинь би худалдаад авсан. Танай суманд шилжиж ирсэн, монголынхоо газар нутаг дээр явж байхад хэн ч намайг хөөх эрх байхгүй гэж томроод байсан. Чи Өвөрхангайгаас юу ч үгүй гуйлгачин, нусаа гоожуулсан бацаан наашаа явсныг чинь мэднэ гэж бас хэлсэн. Нэг хүүхэн нь манай эхнэрийг нэг удаа үснээс нь зулгаагаад тавихгүй байсан. Өөр нэг нь хөл рүү нь өшиглөсөн байх, хөл, гар нь хөхөрсөн байсан. Намайг байгаагүй бол манай эхнэрийг бөөнөөрөө нийлээд зодох байсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх16-17/

- Гэрч Б.Д “...Ө гэх хүнийг танина. Манай сумын 1-р багийн иргэн байгаа юм. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 10 цагийн үед Ө ирээд 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр бэлчээрийн маргаанаас болоод намайг 2-3 уулаа зэрэг зодоод, үснээс зулгаагаад, хөл гар руу өшиглөсөн, үзүүлэх гэсэн юм. Одоо стресдээд зүрх дэлсээд, даралт ихсээд гээд орж ирсэн. Үзлэгт даралт нь ихсэж, зүрх нь дэлссэн байсан. Толгойн баруун дээд оройн хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй байсан. Ойр зуурын даралт буулгах зүрхний эм өгсөн. Гар хөлөн дээрээ бага зэрэг хөхрөлттэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-31/

- Гэрч М.М: 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр бид нарыг Д дуудсан. Хонин дээр Ө, Оюундалай 2 ирээд хэрүүл хийгээд байна гэхээр нь Х, Б, эхнэртэйгээ бид хэд очоод тэр хоёртой уулзаад зогсож байхад Ө, Оюундалай 2 ирсэн. Ө машинаасаа бууж ирээд  хүн,  хүн рүү шороо, чулуу шидээд хашхираад байсан. Тэгээд нөхөр нь хориод машиндаа суулгаад аваад явсан. Ө л хүн хүн рүү дайраад байснаас Ө руу дайрч зодсон асуудал тэнд гараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-173/

- Гэрч Н.У “...Маргааш нь Д, эгч П нар хонинд явсан. Манай нөхөр Б, Х, Мөнгөнхуяг бид хэдийг хонь ялгаж байхад хонинд явсан хүн утсаар яриад Оюундалай, Ө 2 ирээд хонь туулгаад байна, хүрээд ир гэхээр нь бид ялгаж байсан хонио орхиод урд хонин дээр очсон чинь Ө,Оюундалай 2 туулгаж байсан хонио орхиод бид хэд дээр ирэнгүүтээ машинаасаа шууд буугаад шороо цацаад, чулуу шидээд, хашхичаад тааралдсан хүнээ  өшиглөж, цохиж аваад эхэлсэн. Манай нөхөр Бын нүүрийг самардсан. Хыг 2 өшиглөж, нэг цохиж авсан. Тэгтэл Мөнгөнхуяг “та 2 яасан ичдэггүй юм, болиоч нэр нүүрээ бодооч” гээд хориод цааш нь аваад явах гэсэн чинь М үгэнд орохгүй хурууг нь хазсан. Бид нарын бичлэг хийж байгааг харчихаад Ө утсыг нь булааж авах гээд дайраад чулуу шидээд эхэлсэн. Манай эгч Пыг чулуугаар цохиод дараа нь манай нөхрийг Оюундалай заамдаад авахад нь Ө очоод нүүрийг нь самардахаар нь болиоч гээд эгч очоод салгах гэсэн чинь Ө газраас чулуу аваад цохисон. Эгч чулуутай гарыг нь барьж авах гээд үснээс нь татсан байх. Тэгтэл нөхөр нь Өг боль, явъя гээд дийлэхгүй байсан.  Ө бид нарыг “танайхан үхэж барагдана, бид нар бөөднө” гэж доромжилж, дарамталж байгаад явсан. 2020 оны 3 дугаар сарын 10-нд бас хонинд явсан  хүүхэд дээрэлхэж, барьж аваад уруулыг нь хавдтал цохисон байсан. Оюундалай, Ө  хоёр “манай машин эцэх нь үү, танай хонь эцэх нь үү” гээд бас хонь туулгаж байгаад явсан  байсан. Бид бэлчээрээс болоод маргасан. Уг нь хөлс мөнгийг нь өгөөд буусан. Манай газар дээр Алтанхуяг хороо барьсан, түүнд хамаагүй, нүү, зайл л гэдэг. Ө хүн, хүн рүү дайрч, хашхирч, шороо, чулуу шидээд байсан болохоос Өд гар хүрсэн хүн байхгүй. Бүгд эрүүл байсан. Алтанхуягт өвөлжөөнд нь буусан хөлс 1500000 төгрөг бэлэн өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх20-21/

- Гэрч Б.Бын: “...Маргааш нь бид нар хонь ялгаж байсан чинь Д утсаар “нөгөө 2 чинь хонь туулгаад хэлэхээр тоохгүй байна, та хэд хүрээд ир” гэхээр нь бид хэд очсон чинь Ө машинаасаа бууж ирээд шороо, чулуу шидээд, дээл хувцас ураад элдвээр хэлээд Хыг 1 цохиод 2 өшиглөөд авахад нь Мөнгөнхуяг болиоч гээд дундуур нь орсон чинь гарыг нь хазаад цус гаргасан. Тэгээд дийлдэхгүй эргэж чулуу шидэж, агсраад бичлэг хийж байсан хүүхэд рүү чулуу шидэхээр нь би буугаад очсон чинь Оюундалай намайг заамдаж аваад машин руу шахсан чинь Ө гүйж ирээд намайг  самардсан.  П салгасан чинь өөдөөс нь чулуу шидээд гар руу нь цохисон. Тэгээд Оюундалай эхнэрээ салгаж аваад машинд суулгасан.  Дараа нь 3 сарын 10-нд хонин дээр явж байсан хүүхдийг доромжилж дээрэлхээд барьж аваад уруул руу нь цохиод манай машин эцэх нь үү, танай хонь эцэх нь үү харъя гээд хонь туулгаад явсан байсан. Өгаас айгаад ойртсон хүн байхгүй, Ө л хүн зодсон байх. Бэлчээрээс болж хэрүүл болдог, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх22-23/

- Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 73 тоот “...Б.Өгийн биед тархи доргилт, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2020 оны 3 дугаар сарын 2-нд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шууны цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-40/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот  “...Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Ж 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 73 дугаартай дүгнэлт Шүүх шинжилгээний гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй байна. Ирүүлсэн материалаар Б.Өгийн биед тухайн үед тархи доргилт, толгойн зулайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх161-163/

- Шинжээч эмч Ж: “ ...үснээс хүчтэй, угзарч зулгаах буюу зулгаах явцад толгойн үснээс зулгааж буй хүний гарт цохигдох түүнийг мөргөх үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь тархины үйл ажиллагааны өөрчлөлт буюу тархины шингэн урсах процесс алдагдаж эмнэл зүйн шинж тэмдэг илрэн тодорхой хугацаагаар үргэлжилж эмчилгээ шаарддаг гэмтэл тул дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/

- Гэмт хэргийн талаарх  гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

            - Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд, сиди зэргийг шинжлэн судлав.

 

В.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн  Баянжаргалан сумын  2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бусдад зодуулсан, иргэн Б.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бусдад зодуулсан үйл явдал тус тус болсон болох нь нотлогдож байна. 

Дээрх үйл явдлын улмаас хохирогч Д.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 78 тоот,  Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 73 тоот,  Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.П нь хохирогч Б.Өгийн эрүүл мэндэд, шүүгдэгч Б.Ө нь хохирогч Д.Дгийн эрүүл мэндэд халдаагүй гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байна.

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Дгийн бие махбодод халдаж, түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч Н.Ундармаа, Б.Б, Т.Отгонзул нарын мэдүүлэг болон Дундговь аймгийн  шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 78 тоот, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ө нь хохирогч Д.Дгийн  бие махбодид халдаагүй, зодоогүй гэж, насанд хүрээгүй гэрч О.Мандуул /1-р хх-ийн 157/ “Манай ээж тэр ахыг ерөөсөө зодоогүй, манай ээж хүн зоддоггүй. Тэр ах машиндаа сууж байсан, ээж машинынх нь хаалгыг нээсэн чинь сууж байгаад ээжийн гэдэс рүү өшиглөсөн”  гэж  тус тус мэдүүлсэн боловч энэ нь хохирогч Д.Д, гэрч Н.Ундармаа, Б.Б, Т.Отгонзул нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Н.П нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Өгийн бие махбодод халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч М.Оюундалай, Н.Ундармаа болон Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 73 тоот, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Пын өмгөөлөгч “Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Ө нь тэнд байсан хүмүүс болон Н.П руу шороо цацсан, чулуу шидсэн гэдэг нь тогтоогддог. П цохих гэхээр нь өөрийгөө хамгаалж гарыг нь барих гэж байгаад үснээс нь татсан гэж мэдүүлж байна. Шүүгдэгчийн үйлдэл нь санаатай үйлдэл гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Тухайн үйл явдал болоход хохирогч Б.Ө нь хүмүүс рүү халдсан, шороо цацсан, чулуу  шидсэн буруутай үйлдэл тогтоогдож байгаа боловч шүүгдэгч Н.Пын үйлдэлд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хохирогчийн довтолгооны  эсрэг үйлдэл хийсэн гэх шинж тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Н.П нь санаатай үйлдлээр хохирогч Б.Өгийн бие махбодид халдсан болох нь гэрч М.О “Нэг хүүхэн нь манай эхнэрийг нэг удаа үснээс нь зулгаагаад тавихгүй байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Мөн тухайн үйл явдал болох үед Н.Паас өөр хүн хохирогч Б.Өгийн  бие махбодод халдсан үйл явдал тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Б.Өгийн өмгөөлөгч  “нөсөө толбо нь ямар шинжээрээ гэмтлийн зэрэгт хамаарч байгаа нь тодорхойгүй тул дахин шинжээч томилуулах, шүүгчийн захирамжид заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй” үндэслэлээр хэргийг прокурорт буцаах санал гаргаж байна. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин шинжээч томилуулах” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд нэмэлт шинжээч томилж хэргийг дахин шүүхэд шилжүүлжээ. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот дүгнэлт гарснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн үндэслэл буюу хохирогч Д.Дгийн биед тархи доргилт гэмтэл учирсан гэх эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг шинжээч эмч үнэлээгүй үндэслэлээ тодорхой бичсэн, нөсөө толбо нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа талаар нэмэлт дүгнэлт гаргасан тул өмгөөлөгчийн хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.П, Б.Ө нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч .... овгийн Б. Ө, ......... овгийн Н. П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

Г.Оногдуулах ял шийтгэл, хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Пын үйлдэлд гэмт хэрэг гарахад хохирогч Б.Өгийн  хууль бус үйлдэл нөлөөлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан, шүүгдэгч Б.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг  харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг  харгалзан  торгох ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг, цаг агаарын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Б.Ө нь шүүгдэгч Н.Паас 1.092.500 төгрөгийг, хохирогч Д.Д нь шүүгдэгч Б.Өгаас 1 сая төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

Хохирогч Б.Өгаас ирүүлсэн 1.092.500 төгрөгийн буудал болон шатахууны зардал, хохирогч Д.Дгаас ирүүлсэн 323.927 төгрөгийн шатахууны зардлын баримтыг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд: Хохирогч Д.Дгаас ирүүлсэн шатахууны баримтууд нь түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаанаас зөрүүтэй, 676073 төгрөгийн нэхэмжлэлийн талаарх баримт ирүүлээгүй, хохирогч Б.Өгаас ирүүлсэн баримтууд нь хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаанаас зөрүүтэй, яллагдагч буюу шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирч  байна. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт хохирогчоос гадна яллагдагч буюу шүүгдэгчээр оролцож байгаа бөгөөд яллагдагч, шүүгдэгчийнхээ хувьд шүүх прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг  хүлээдэг. Энэ үүргийнхээ хүрээнд  хүрэлцэн ирсэн шатахууны зардал, буудлын хөлс зэрэг зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Өгийн 1.092.500 төгрөгийн, хохирогч Д.Дгийн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заав.

            Энэ хэрэгт тухайн үйл явдлыг бичсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хураан авч, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн тул эрүүгийн 2022001150064 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч ....овгийн Б.Ө, ...... овгийн Н.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гучид овгийн Б.Өд 700  /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Харчин овгийн Н.П-д  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Н.П нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Б.Ө, Н.П нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

          6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн CD 1 ширхгийг эрүүгийн 2022001150064 дугаартай хэрэгт хавсаргасугай.

          7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ө-гийн 1.092.500 /нэг сая ерэн хоёр мянга таван зуун/ төгрөг, хохирогч Д.Д-гийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг заасугай.

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч  нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                     Г.МӨНХБАТ