| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0013/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 20222002120129 дугаартай хэргийг 2021 оны 01 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын ...........-ний өдөр төрсөн, ....... настай, .........., малчин, ам бүл .........., .......... хамт .......... аймгийн ........... сумын ............ баг ............... гэх газарт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ..........овогтой Б.Г гэв.
Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн Ө.Б маргалдаж улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, баруун гараараа нэг удаа цохисны улмаас хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.
2. Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Би 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн орой суман дээр байх гэрээсээ мотоциклтой гараад зүүн лагерьт Өөдөс гуайнд очтол тэднийд А, Г, М нар 0.5 граммын Ерөөл нэртэй архи уугаад хамт байж байтал М-ийн утас дуугарсан. Тэгсэн Ө.М ах Ө.Б нь утсаар залгаж намайг ирээд ав гэсэн байсан. Тэгэхээр нь би М-тэй хамт сумын ЗДТГ-ын зүүн талд байх бильярд очтол бильярдны гадна Ө.Б, Э, Б нар байж байсан. Очоод би Б-ыг “явъя” гэж хэлсэн чинь “чам шиг муу гуйлгачнаар би гэртээ хүргүүлэхгүй” гээд миний өөдөөс хэл амаар доромжлоод агсраад чихнээс базаж зулгаасан. Тэгэхээр нь би “чамтай муудалцмааргүй байна, хамт явъя, гэрт чинь хүргэж өгье” гэсэн чинь “би чамаар хүргүүлэхгүй” гэсэн. Тэгээд байж байтал манай эхнэр гэрээс ирсэн. Тэгтэл Ө.Б нь манай эхнэрийн өөдөөс бэлэн гаргахаар нь би “чи надад цохиулчхаад мөнгө нэхэхгүй биз” гэсэн чинь “чам шиг гуйлгачнаас юу авдаг юм” гэсэн. Тэгэхээр нь би Ө.Бын цамцны энгэрээс нь заамдаад нэг удаа мөргөж, баруун гараараа нэг удаа цохиод хоорондоо муудалцаад байж байтал хэсгийн төлөөлөгч, цагдаа ирсэн. Тухайн үед Батбаярын уруулаас нь цус гарч байсан. Маргааш өглөө нь Батбаяр манайд ирээд “миний шүд хугарсан байна” гэж надад хэлсэн. 2-3 жилийн өмнө Батбаяр бид 2 хоорондоо маргалдаж, зодолдож байсан. Ө.Б нь миний үүдэн 3 шүдийг хугалж байсан. Тухайн үед би эр хүний чанар гаргаж гомдол гаргаж байгаагүй. Бид 2-т өр авлагын асуудал байхгүй. Ө.Б нь намайг гуйлгачин гэж хэл амаар доромжлоод байхаар нь миний дургүй хүрч цамцнаас нь заамдаж байгаад нэг удаа мөргөж, нэг удаа баруун гараараа нүүрэн тус газарт нь цохисон. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх30-31/
3. Хохирогч Ө.Б-ын “...2020 оны оны 08 сарын 06-ны өдөр 15 цагийн үед би Сайхан-Овоо сумын төв ЗДТГ-ын ертөнцийн зүгээр зүүн талд нь байх бильярдны газар ороход тэнд хэдэн хүмүүс тоглоод байж байсан. Тэнд байсан хүмүүстэй нэг шил архи хувааж уугаад гарсан. Гараад хаашаа явснаа санахгүй байна. Би бильярдны дээр орохдоо архи уусан согтуу орсон. 2020 оны 08 сарын 07-ны өглөө гэртээ сэрэхэд намайг бильярдны үүдэнд Б.Гтай хоорондоо муудалцаж Ганхуяг нь таныг зодсон гэж Мөөжиг /Ө.М/ надад хэлсэн. Би тухайн үед их согтуу байсан учир юу болсон, яаж гэртээ харьснаа санахгүй байгаа. Өглөө босоход баруун шанаа хацар хавдсан, нэг шүд хугарсан, тэр шөнөжингөө амнаас цус гарч байсан. Би юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Би согтуу байсан учир Г өөдөөс хэл амаар доромжилсон байж магадгүй. Би их согтуу тасарсан байсан учир хажууд хэн байсныг мэдэхгүй байна. Тухайн үед баруун хацар, уруул хавдсан баруун доод 4-р шүд хугарсан байсан. Одоогоор зовиур байхгүй байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх9-10/
4. Гэрч Г.Э “...Би 2020 оны 08 сарын 06-ны орой сумын төвийн бильярдан дээр Ө, А, Х, М, Д бид хэд бөөнөөрөө тоглонгоо архи ууцгаасан. Орой болж бөөнөөрөө тарцгааасан, хамгийн сүүлд Батбаяр бид 2 үлдээд би гэр рүүгээ явсан. Батбаяр бильярдан дээр үлдсэн. Тухайн үед зодоон болоход би байгаагүй. Батбаяр архи уусан, согтсон байсан. Би Г-тай таараагүй. Г бильярдан дээр өдөр хальт орж ирээд гарч байсан. Зодоон болоход би байгаагүй учраас мэдэхгүй байна. Өчигдөр Б-тай уулзахад Г намайг зодоод миний нэг шүд хугарч, нүүр хавдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
4. Гэрч Б.Г-ын: “...Би 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед би сумын төвийн бильярдан дээр очиход гадна талд Б.Г, Ө.Б, Мөнх-Эрдэнэ нар байсан. Тэгсэн Б.Г, Ө.Б хоёр нь хоорондоо маргалдаад заамдалцаад байж байхаар нь би тэр хоёрыг салгаж боль гэж хэлчхээд дотогшоо бильярд руу орсон. Намайг ороход дотор сумын залуучууд бильярд тоглоод байж байхаар нь би хамт тоглож байгаад гараад ирэхэд Б.Г, Ө.Б 2 байхгүй байсан. Би гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-15/
5. Гэрч Ө.М-ийн “Ө.Б миний төрсөн ах байгаа юм. 2020 оны 08 сарын 06-ны өдөр би сумын төвийн зүүн лагерьт гэртээ аав Ө, Г, А бид хэд 05 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад байж байтал Г надаар мотоцикль янзлуулъя гэж очсон. Бид хэд бөөнөөрөө архи хувааж уучхаад байж байтал Ө.Б ах намайг утсаар дуудаад “би бильярдан дээр байна, намайг гэрт хүргээд өг” гэж дуудсан. Тэгэхээр нь би Г-тай хамт Б ахыг авах гээд бильярдан дээр очиход Батбаяр ах Ганхуягыг “чи муу гуйлгачин, миний дүүг дарамтлаад байна уу” гээд хоорондоо муудалцаад заамдалцаад гарсан. Тэгээд би бильярднаас гараад гэр рүүгээ явах гэж байтал Ганхуяг манай ах Б-ыг нэг удаа мөргөж, гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Зодоон болох үед хажууд нь хэн хэн байсныг мэдэхгүй байна. Ө.Б ах Г намайг зодоод нэг шүд хугалчихлаа гэж байсан. Уруул нь хавдсан байсан, өөр ил харагдах зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх16-17/
6. Гэрч Э.Н-ийн: “...Би 2020 оны 08 сарын 06-ны өдрийн орой 20 цагийн орчимд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагаар хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Т.А-ын хамт Засаг даргын Тамгын газрын зүүн талын бильярдны гадна очиход Б.Г, Ө.Б хоёр нь хоорондоо зодолдоод дууссан, хоёр талд хэрэлдээд байж байхаар нь тэнд байсан хүмүүсийг тараасан. Харин маргааш өглөө нь Ө.Б зодуулсан гээд хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Тэр 2 согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-18/
7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаартай “Ө.Бын биед баруун доод 4-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ө.Бын биед үүссэн баруун доод 4-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, дээд уруулд зулгаралт, зүүн дээд зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх20-21/
8.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/
9. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-23/
10. Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн орой Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн Ө.Б бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогчийн эрүүл мэндэд “баруун доод 4-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
Хохирогч Ө.Б эрүүл мэндэд учирсан “баруун доод 4-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Б.Г 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зодох байдлаар учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Ө.Бт 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ... овгийн Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... овгийн Б.Г-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг тогтоосон хугацаандаа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Гт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг төлсөн хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ