| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, шүүгч Г.Мөнхбат, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Иргэдийн төлөөлөгч Д.П
Улсын яллагч Б.Батцэцэг
Хохирогч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1922002390084 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ...... дүгээр сарын ....-ны өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, ....., ...... настай, .........., ......, ......., ам бүл....., ........хамт .....аймгийн ........сумын ........ баг, “.......” гэх газарт оршин суух, .......... гэх, хэрэг хариуцах чадвартай, ..... овгийн Б.Э гэв.
Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн “Баруун ширээ ус” гэх газарт хохирогч Г.Н эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын төв Жирмийн 10-08 тоотод байсан хохирогч О.Г эзэмшлийн улаан шар өнгийн, улсын дугааргүй, Кост-2 гэсэн бичлэгтэй хятад мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлж бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 29- өөс 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 149 дүгээр байрны 03 тоотод оршин суух Б.Дийн эзэмшлийн тус байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан байсан 52-11 ДУА улсын дугаартай “Fit” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн эд ангиудыг эвдэж, гэмтээсний улмаас 790.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө хохирогч Ц.Ц эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 149 дүгээр байрны 01 тоот орон сууцны цонхоор зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, гэрт унтаж байсан насанд хүрээгүй Б.М-ийн нүүрэн тус газарт гараараа дарах, амыг нь таглах зэргээр халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, дураараа авирлаж 55000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 9 дүгээр сард хүмүүстэй архи ууж байгаад Д гэдэг хүний машиныг авч унасан. Үүнийг Гантөгс гэж хүн миний эзэмшлийн машин байгаа юм. Би түлхүүрийг нь гээчихсэн, ямар ч хамаагүй түлхүүр таардаг болгочихсон, чи очоод унаад ир гэхээр нь унасан. Унаж явж байгаад дугуйг нь хагалчихлаа, одоо яах вэ гэхэд буцаагаад аваачаад тавьчих, маргааш очиж янзлахаас гэхээр нь би буцааж аваачиж тавьсан. Наранхүүгийн мотоциклыг авахдаа Бямбасүх гэж хүнтэй хамт явж байгаад Б хоорондоо маргалдаж, муудалцаад нэг мотоциклтой хамт явахад хүндрэлтэй байсан тул би Наранхүүгийн мотоциклыг очиж унаж явсан. О.Г гэдэг хүний мотоциклыг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс дээр тухайн өдөр ажилтай байж байгаад мөрдөн байцаагч Баярбат гэдэг хүн дуудаад тэр хүнтэй уулзах гэж явсан. Өмнөговь аймгаас буцаж явж байгаад Гантөгс гэдэг хүнтэй Цогт-Овоо суман дээр таараад зууртаа хоёулаа архи ууж явж байгаад Хулд суман дээр буугаад зам тосоод унаанд суулгах гэсэн чинь Гантөгсийг согтуу гээд авч яваагүй. Би маргааш аймаг дээр ажилтай, чи ямар нэгэн аргаар хүргэж өг гээд байхаар нь Ганбаатарын мотоциклыг очиж авч явсан. Айлын цонхоор орсон гэдгийг би сайн мэдэхгүй байна. Би тухайн үед архи уусан байсан нь үнэн. Ээж минь авто ослоор өнгөрчхөөд тухайн үед сэтгэл санааны байдал хүнд байсан болохоор архи уусан...” гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Б.Э нь удаа дараа хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдсан гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
А/ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Хохирогч Г.Н “...Манайх Луус сумын 2-р баг Баруун Шинэ ус гэх газарт байдаг. Би 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Луус сум руу явсан. Суман дээр манайх байшин барьж байгаа болохоор байшингаа барьж байгаад эргээд 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ очиход гэрийн баруун талд байсан, бор өнгийн Даюун маркийн мотоцикл хулгайд алдагдсан, түүний хажууд байсан 5 литрийн савтай бензинийг мотоциклд хийсэн бололтой савыг нь хоосон хаясан байсан. Би ойр хавийн айлуудаар явж хүмүүсээс асуухад Эрдэнэбулган гэж манай дүүгийн эхнэрийн дүү гээд залуу явж байсан гэж байсан. Ер нь Эрдэнэбулган гэж хүн хулгайн хэргээр олон удаа ял эдэлсэн, манай тэр хавиар хулгай хийгээд байдаг нөхөр байгаа юм. Тэгээд аймгийн цагдаад ирээд мэдэгдсэн. Эрдэнэбулганаас миний мотоциклыг хураагаад авсан байсан. Надад хүлээлгэн өгсөн. Мотоциклыг 2015 онд авч байсан, ойр зуурын засвар үйлчилгээг хийсэн, сайн мотоцикл байгаа юм. Бор өнгийн Даюун маркийн 150 мотортой мотоцикл байсан. Би өөрийнхөө мотоциклыг 500000 төгрөгөөр үнэлж байна. Би мотоциклоо эргүүлэн авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Эрдэнэбулган гэх хүн хуулийн хариуцлага хүлээх байх” гэх мэдүүлэг /1-р хх13-14/
- Хохирогч О.Г “...Би Б.Э гэх хүнийг танина. Би Б.Этай хамт Хулд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан жоншны уурхайд хамт ажилладаг байсан юм. Тэгээд л бие биенийгээ сайн таних болсон. Урьд өмнө нь Б.Э манай гэрээр орж гараад л явдаг байсан. Бид нар их дотно найз нөхдийн болон төрөл садны хамаарал байхгүй. Би 2020.02.11-ний орой сумын төвд Жирмийн 10-8 тоотод байх хашаандаа 18:00 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугааргүй хятад мотоциклоо тавьчхаад би өөрөө сумын төвд байх хадмынхаа гэрт нь очиж унтаж амарсан. Маргааш өглөө нь манай ах Ганбүргэд над руу утсаар яриад мотоциклоо чи унаж явсан юм уу, мотоцикл чинь алга байна гэж хэлсэн. Тэгээд би хашаандаа хүрээд иртэл гэрийн баруун урд талд нь тавьсан байсан мотоцикл алга болсон байсан. Би энэ мотоциклыг өөрийн хамаатан Г.Энэбишээс 2019 оны намар унаж эдэлж байсан мотоцикл авч байсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Миний хулгайд алдагдсан мотоцикл нь улсын дугааргүй, улаан шар өнгийн, улаан ямааны арьсан ханцуйвчтай, гэрэл дохио бүрэн, хойд талын дугуй нь шинэ, банкандаа 2 л орчим шатахуунтай байсан. Би хулгайд алдсан мотоциклоо зах зээлийн ханшаар тооцоход 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ. Би ч гэсэн үнэлж авахад ийм үнээр л авах байсан байх. Б.Э болон өөр хэн нэгэн хүн надаас миний мотоциклыг унаад өгье гэж гуйгаагүй. Миний мотоциклыг надаас өөр хэн нэгэн хүн эзэмших, захиран зарцуулах эрх байхгүй. Би хулгайд алдсан мотоциклынхоо хохирлыг буруутай этгээдээр гаргуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хх72-73/
- Гэрч М.Б: “Би 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрт байж байхад Б.Э ирээд Луус сум руу мотоциклоор хүргээд өгөөч, Наранцогт ахынхаас мотоцикл авах хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Би Б.Этай аймгаас мотоциклтой гараад шууд Луус сумын 2-р багт байх Наранцогтынд очсон. Тэнд хоол, цай идчихээд, 1 шил архи уучхаад буцахаар болоод гарсан. Аймаг руу явж байгаад замдаа Б.Э Наранхүүгийнд очсон. Б.Э надад Наранхүү ах өгсөн юм гэж хэлээд гэрийн гадаа байсан бор өнгийн Даюун маркийн мотоциклыг асаагаад хажууд нь байсан савтай бензинийг хийгээд аймаг руу явсан. Би Б.Эыг хулгай хийж байна гэж мэдээгүй. Надад Б.Э унаатай болохгүй бол бүтэхгүй юм байна, хүргэн ахын мотоциклыг очиж авна гэж байсан. Би хүргэн ахтайгаа мотоцикл авахаар тохирсон юм байх гэж бодсон” гэх мэдүүлэг /1-р хх17-18/
- Гэрч М.Б-ээс дахин авсан: “...Би 2019 оны 9 сард өдрийг санахгүй байна. Эрдэнэбулган Луус сум орж ахынхаасаа мотоцикл авах хэрэгтэй байна хүргээд өгөөч гэхээр нь өөрийнхөө мотоциклтой Эрдэнэбулганы хамт Луус сумаас зүүн урагш Наранцогт гэх айлд очсон. Наранцогтынд очиж нэг шил архи уучхаад аймаг руу буцаад явж байхад Наранцогтынхоос зүүн хойш явж байхад айлын гадуур ойрхон зам гарсан чинь Эрдэнэбулган манай ахынх байгаа юм буугаад гаръя гэхээр нь тэр айлд очсон чинь хүн байгаагүй. Тэгээд тэр айлын гаднаас хөдлөх гэсэн чинь Эрдэнэбулган гэрийн гадаа байсан мотоциклыг авч явна гэхээр нь би эзгүй айлын гаднаас мотоцикл авч явж яах гээд байгаа юм бэ явъя гэсэн чинь явахгүй, үлдлээ гэсэн. Эрдэнэбулган үлдэхдээ айлын хүмүүс нь ирэхээр нь уулзаад мотоцикл аваад очъё гэж хэлээд л үлдсэн. Тэгээд би Эрдэнэбулганыг явъя гэсэн боловч явахгүй үлдлээ гээд байсан болохоор тэр айлын гадаа үлдээгээд л аймагт гэртээ ирсэн. Тэр айл Наранцогтынхоос зүүн хойш 1-2 орчим километр газарт байсан байх..” гэх мэдүүлэг /2-р хх112-113/
- Гэрч Г.Н-ын “...2019 оны намар, сарыг нь санахгүй байна, шөнө унтаж байхад мотоцикл дуугараад байхаар нь гарч харсан чинь манай гэрээс зүүн тийш /1 км орчим гэр нь ил харагддаг/ байх ах Наранхүүгийн гэрийн гадаа нь гэрэл асаад унтарчихаар нь ахыг сумаас ирж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд удалгүй дахиж мотоцикл дуугараад манай гэрийн гадаа ирсэн чинь гэрт Эрдэнэбулган, Бямбасүх хоёр орж ирсэн. Тэр хоёр ирэхдээ нэг шил 05 литрийн архитай ирээд, тэр архийг би хувааж ууж дуусгаад, Эрдэнэбулган, Бямбасүх хоёр аймаг руу явлаа гээд мотоциклтой яваад өгсөн. Шөнө Эрдэнэбулган, Бямбасүх хоёрыг хэдэн цагт ирснийг нь мэдэхгүй байна. Өглөө нь би ах Наранхүүгийн гэрт нь очсон чинь мотоцикл нь байхгүй байсан. Урьд өдөр нь ахын гэрийн хавиар явж байхад мотоцикл харагдсан. Ах тухайн үед Луус сум руу явчихсан байсан юм. Дараа нь Эрдэнэбулганыг ах Наранхүүгийн мотоциклыг авсан гэж мэдсэн. Би Эрдэнэбулганаас юу хийж яваа талаар асуухад зүг явж байна гэж хэлсэн. Эрдэнэбулган, Бямбасүх хоёр манайд ирж архи уухаас өмнө Эрдэнэбулган ирээгүй удсан...” гэх мэдүүлэг /1-р хх-44/
- Гэрч Г.Э-ийн “...Би О.Г гэх хүнтэй 2019 оны 9 дүгээр сард мотоциклын наймаа хийсэн. Би өөрийн унаж байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан шар өнгийн, гэрэл дохио бүрэн, бензиний саван дээрээ КОСТ-2 гэсэн бичиглэлтэй мотоцикл байсан. Би энэ мотоциклыг анх 2019 оны 7 сард шинээр нь 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо бол их үнэтэй болсон байна лээ. Би О.Гт унаа тэрэг байхгүй гэхээр төрөл садны хувиар үнэ хөлс гээгүй өгсөн байсан юм. О.Г уг мотоциклыг их гамтай унаж байсан. Шинэвтэр мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-76/
- Гэрч О.Г-ийн “...2020 оны 02 сарын 11-ны орой манай дүү О.Г сумын төвд байдаг орон сууц руугаа эхнэр Хишигбуяны хамтаар хонох гээд мотоциклио үлдээгээд явсан. Орой унтахын өмнө гарч харахад мотоцикл нь зүүн гэрийн баруун урд талд байж байгаа харагдсан. Өглөө 7-н цагийн үед босоод бие засах гээд явж байхдаа хартал мотоцикл нь алга байсан. Эргэж ороод дүү О.Г руу утсаар залгаад чи ирээд мотоциклоо унаад явсан юм уу, мотоцикл чинь алга байна гэж асуухад үгүй ээ би аваагүй хашаанд л байгаа ш дээ гэсэн. Тэр шөнө манайх нэлээд аажуу унтаж амарсан юм. Шөнийн 02 цагийн орчимд гарч бие засахад дүү О.Г мотоцикл байсан газраа байж байсан. Тэр өдөр манайд гаднаас хүн ирээгүй. Би Эрдэнэбулган гэх хүнийг сайн танихгүй, өмнө нь дүүтэй уулзах гээд ирж байхад нь зүс харж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-79-80/
- Шүүгдэгч Б.Эы яллагдагчаар өгсөн “...Би Наранхүүгийн гэрийн гаднаас зөвшөөрөлгүйгээр мотоциклыг нь унаж явсан... 2020 оны 02 сард өдрийг нь санахгүй байна. Өмнөговь аймгаас замын унаанд суугаад Хулд суман дээр ирсэн. Тэгээд тэр шөнө О.Гд очсон юм. Тухайн үед мотоциклтой таньдаг хүн О.Г байсан бөгөөд мотоциклыг нь гуйх санаатай очсон чинь гэр нь гаднаасаа уяатай юм шиг байхаар нь мотоциклыг нь аваад явсан ... ” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 42, 98-99/
Б.Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Хохирогч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 8 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө манай доод айлын хүүхэд хаалга балбаад манай эхнэр гараад явж байгаа сонсогдсон. Санаанд оролгүй доогуур нэлээн шуугилдаад байхаар нь буугаад очсон чинь манай доод айлын цонх хагархай байсан. Бууж байх явцад коридорын гэрэл тусаад, тавьсан байсан машин тос нь гоожсон байдалтай байхаар нь яагаад гоожсон юм бол орой зүгээр тавьсан даа гээд өнгийгөөд харсан урд хоёр дугуй нь хагархай, касчерын тос бүрэн гоожчихсон байсан. Тэгээд цагдаа дуудаж, тусламж авсан. Цагдаа ирээд үзлэг хийж байх хооронд тос гоожоод явсан мөрөөр нь мөрдөж явсан. Морь барианаас нилээн урагш гараад Мандал сургуулийн зүүн замын боржур дайрч урд 2 дугуйг нь хагалаад касчерыг нь цоолж тос гоожуулаад урагшаа явсан юм билээ. Шинэ барьж байгаа цэнгэлдэхийн хажуугаар орж морь барианы торны дэргэдүүр ороод буцааж авчирч гэрийн гадаа тавьсан байсан. Манай машины кундактор нь тухайн үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө эвдрээд ямар ч хамаагүй түлхүүр таардаг болсон. Үүнийг эхнэр бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Үнэлгээний дагуу 790.000 төгрөг нэхэмжилнэ...” гэв.
- Хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Намайг 2019 оны 8 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад эхнэр хүнтэй яриад цагдаа дуудъя гэж хэлэхэд сэрсэн. Тэгэхэд доод айлын хүүхэд байсан, эхнэр гэрээс гараад явсан. Тухайн үед манай бага хүүхэд уйлаад байхаар нь унтуулчхаад Бат-Эрдэнийнх рүү орох гээд явж байхад үүдний тамбарын хаалга онгорхой, үүдний мэдрэгчтэй гэрэл асах үед миний машины урд жолоочийн талын дугуй хагарсан, тос гоожсон харагдсан. Тэгээд би шууд Бат-Эрдэнийд орсон чинь айлын охин Мөнгөнцэцэг уйлчихсан байсан, юу болсон талаар асуухад “хүн орж ирээд, айлгаад, гарахдаа цонх хагалаад гарлаа” гэсэн. Харахад том өрөөнийх нь зүүн талын цонх хагархай, наад талаар нь хатаагчтай хувцас талаараа унасан байдалтай байсан. Тухайн үед цаг 2019 оны 08 сарын 30-ны өдрийн 05 цаг өнгөрч байсан...Би байрны гадаа тавьсан машин дээрээ очоод гэрэл тусгаад харсан чинь урд талын хоёр дугүй хоёулаа хагарсан, машины баруун талын урд хаалга хонхойж зурагдсан, хойд хаалганаас арагш зурагдаж халцарсан, урд талын хэсгээс тос асгарч газарт тунасан байдалтай байсан. Би 2019 оны 08 сарын 29-ний өдрийн харанхуй бүрэнхий болж байхад машинаа өөрийн амьдардаг Сайнцагаан сумын 7-р баг 149-р байрны тамбарын үүдэнд урагшаа харуулаад хамраар нь байшинд тулгаж тавьсан юм. Би төрсөн дүү Агваанжамцаас худалдаж авсан юм. Нэрээ шилжүүлээгүй болохоос бусдаар 52-11 ДУА дугаартай fit маркийн машин бол миний эзэмшлийн машин байгаа юм. Миний машинд урд талын хоёр дугуй хагарч урагдсан, урд хоёр обуд яажийсан, жолоочийн талын хаалга хонхойж халцарсан, хойд хаалганы ар талын хэсэг зурагдаж халцарсан, сэтэрсэн, доод эд ангиас тос гарсан, моторын шүпийг татаж үзэхэд тос байхгүй, сэнс хойшоо чихэгдсэн, урд хоёр амартизор гулзайсан, бас бус эд анги эвдэрсэн байсан, би нэрийг нь мэдэхгүй байна. Миний машинаар нилээн хол явсан байх, миний машины урд талын хоёр дугуй урагдаж салбарсан байсан. Урд талын салхины шилийг 2019 оны 07 сард хагалсан байсан юм. Ямар хүн унаж яваад миний машиныг эвдсэн талаар мэдэхгүй байна. Миний машины жолоочийн талын хаалганы цоож, кундактар хоёр хэд хоногийн өмнө эвдэрсэн байсан болохоор ямар хамаагүй түлхүүрээр нээгддэг, машиныг ямар хамаагүй түлхүүрээр асааж болдог байсан юм. Би машинаа янзлуулж хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг /1-р хх112-113/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх105-107/
- Сайнцагаан сумын үнэлгээний комиссийн хохирогч Б.Дийн автомашины эвдрэлийг 790.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-142/
- Гэрч Б.А-ын “...52-11 ДУА дугаартай машины эзэмшил нь миний нэр байдаг боловч ах Дт зарсан, бид хоёрын хооронд машинтай холбоотой ямар ч тооцоо байхгүй. Би ах Дийн нэр дээр 52-11 ДУА улсын дугаартай машиныг шилжүүлээгүй байгаа юм, бусдаар ахын эзэмшлийн машин байгаа юм…” гэх мэдүүлэг /1-р хх-160/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 сарын 02-ны өдрийн 13 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг гарын мөрний 1, 3, 4, 5, 6, 7, гэж дугаарласан, тунгалаг өнгийн наалдамхай туузанд байх 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа 1, 3, 5 гэж дугаарласан гарын мөр нь Болдсайхан овогтой Эрдэнэбулган гэх хүний зүүн гарын долоовор, алга, баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна... ” гэх дүгнэлт /1-р хх-126-139/ зэрэг бичгийн баримтууд болно.
В.Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:
- Хохирогч Ц.Ц “...Намайг 2019 оны 08 сарын 30-ны өдөр Луус суманд хөдөө гэртээ байхад манай аймаг байдаг байрны дээд талын айлын хүүхэн болох Нямтогтох, охин Мөнгөнцэцэгийн утсаар залгаад “танай цонхыг чинь хагалчихсан байна, хүн орж ирсэн гэж байна” гэсэн. Тэгэхээр нь аймагт гэртээ нөхрийн хамт ирэхэд том өрөөний зүүн талын цонхны шил нь хагарсан байсан. Манай охин Мөнгөнцэцэг хэлэхдээ шөнө унтаж байхад хүн ирээд ам, хамар дараад “алчихна шүү" гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай охиныг хашхирсан чинь тэр хүн цонх хагалаад гараад явсан гэж хэлсэн. Тэр хүнийг таниагүй гэсэн...Би цонхоо үнэлж мэдэхгүй, цонхоо шиллүүлчхээд үнийг нь хэлье. Манай охиныг айлгасанд гомдолтой байна. Бас цонх хагалсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх118-119/
- Хохирогч Б.М-ийн: Манай ээж, аавын хэлж байгаагаар Эрдэнэбулган гэх хүнтэй хамаатан гэсэн, ямар хамааралтайг мэдэхгүй байна. Би 2019 оны 08 сарын 29-ний өдөр дүү нарын хамт Сайнцагаан сумын 7-р баг 149-р байрны 01 тоотод өөрийн гэртээ унтсан. Тэгсэн шөнө гэнэт нэг эрэгтэй хүн аман дээр зүүн талын гараараа дараад “чамайг алчихъя гэж хэлсэн, тэгэхээр нь би гарыг нь түлхээд хашхирсан чинь тэр эрэгтэй хүн зүүн талын цонхны наад талд хувцас тохсон байсан хатаагчийг авч шидээд зүүн талын цонхыг хагалж гараад урагшаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд би дээд давхрын Д ахын хаалгыг нь тогшоод болсон явдлыг хэлсэн. Тэр үед 2019 оны 8 сарын 30-ны өдөр үүр цайж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Би тухайн үед хэн гэдгийг нь мэдээгүй эрэгтэй хүн байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх162-164/
- Гэрч Д.О-ын: “...2019 оны 8 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө унтаж байхад гэнэт түчигнээд хүн хашхирах шиг болохоор нь босоод цонхоор хартал гадаа үүр хаяараад гэгээ орох төдий байхад манай байшингаас урагшаа нэг хүн гүйж байгаа харагдсан. Тэгсэн удалгүй урд талаас нэг хүн ирээд хажуу талын айлын цонхон доороос мотоциклоо асаагаад, асахгүй байсан болохоор нь түрж асаагаад унаад давхиад явсан. Тэгээд хүмүүс түчигнэлдээд байхаар нь гэрээс гараад зүүн талын айл болох Бат-Эрдэнэ ахынд орсон чинь дээд давхрын ах Д ороод ирчихсэн, Мөнгөнцэцэг уйлаад сууж байсан. Зүүн талын цонх нь хагарсан байдалтай байсан. Мөнгөнцэцэг тухайн үед унтаж байхад хүн оролдохоор нь хашхирсан чинь цонх хагалаад гараад явсан гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд бас байшингийн гадаа гараад харахад Д ахын суудлын машиных нь тос нь гоожсон, урд талын дугуй нь хагарсан байдалтай байсан. Энэ үйл явдал 2019 оны 8 сарын 30-ны үүрээр болсон. Тэр гүйж явсан хүн дээлтэй эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-165/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 сарын 02-ны өдрийн 13 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг гарын мөрний 1, 3, 4, 5, 6, 7, гэж дугаарласан, тунгалаг өнгийн наалдамхай таазанд байх 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа 1, 3, 5 гэж дугаарласан гарын мөр нь Болдсайхан овогтой Эрдэнэбулган гэх хүний зүүн гарын долоовор, алга, баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна... ” гэх дүгнэлт /1-р хх-126-139/
- Сайнцагаан сумын үнэлгээний комиссын дүгнэлтэд “Цонхны хагарсан шил хэрэглэж байсан 55.000 төгрөг” гэжээ /1-р хх-144/
- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 212 тоот: “Б. Мөнгөнцэцэгийн биед хүзүүнд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг сарниулаагүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг явдал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх146-147/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх105-107/ зэрэг баримтууд болно.
Г.Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар хохирогч Г.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн “Баруун ширээ ус” гэх газраас өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг, хохирогч О.Г нь Дундговь аймгийн Хулд сумын төв Жирмийн 10-08 тоот хашаанаас өөрийн эзэмшлийн “ Кост-2” маркийн мотоциклыг тус тус хулгайд алдсан, 2019 оны 08 сарын 30-ны өглөөний 05 цагийн үед хохирогч Б.Дийн гадаа зогсоолд тавьсан байсан 52-11 ДУА улсын дугаартай Fit маркийн автомашины эд ангиуд замын хөдөлгөөнд оролцсон байдалтай хэмхэрсэн байсан, мөн өдөр хохирогч Ц.Ц эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 149 дүгээр байрны 01 тоот орон сууцны цонхоор үл таних хүн нэвтэрч гэрт унтаж байсан насанд хүрээгүй Б.М-ийн нүүрэн тус газарт гараараа дарах, амыг нь таглах зэргээр халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Н эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг, хохирогч О.Г эзэмшлийн “ Кост-2” маркийн мотоциклыг тус тус эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, нууцаар авсан үйлдэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, фото зургууд зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
2019 оны 08 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө хохирогч Б.Дийн эзэмшлийн, гадаа зогсоолд байсан 52-11 ДУА улсын дугаартай Fit маркийн автомашиныг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр түлхүүр тааруулан унаж явахдаа эд ангиудыг нь эвдэлсэн, мөн үед хохирогч Ц.Ц эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч насанд хүрээгүй Б.М-ийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан хэргийг шүүгдэгч Б.Э үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Б.Э “...Гантөгс миний машин байгаа юм, ямар ч хамаагүй түлхүүр таарна, Өндөр ээж дээр аваад ир гэхээр нь очиж авсан ... гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 сарын 02-ны өдрийн 13 дугаартай “...Шинжилгээнд тэнцэж байгаа 1, 3, 5 гэж дугаарласан гарын мөр нь Б овогтой Э гэх хүний зүүн гарын долоовор, алга, баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна... ” гэх дүгнэлтээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хэргийн 137-139-рт авагдсан баримтаас үзэхэд шинжилгээгээр Б.Эых гэж тогтоогдсон гарын мөрийг 2019 оны 08 сарын 30-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгээр хохирогч Ц.Ц байшингийн салхивчны доод болон хүрээний хажуу хэсгээс, хохирогч Б.Д-ийн эзэмшлийн 52-11 ДУА улсын дугаартай Fit маркийн автомашины жолооч талын гадна талын бариул дээрээс бэхжүүлж авсан мөр болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009.01.23-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан /1-р хх-ийн 178-180/
Шүүгдэгч Б.Э нь урьд 2009 оноос хойш нийт 7 удаа ял шийтгүүлсэн, үүнээс 5 удаа бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэл болж байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Эд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Эыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах гэмт хэргийг, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэрээ болгох гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Б.Э нь удаа дараа хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдсан гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд түүний дүгнэлт нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтанд үндэслэсэн үндэслэл бүхий дүгнэлт болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуульд заасан хоёр өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялыг сонгон оногдуулсан тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, уг ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар тооцож, түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Эы хувийн байдал болон удаа дараа хорих ял шийтгүүлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Д.Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Наранхүү, О.Г нарын хулгайд алдсан гэх мотоциклыг шүүгдэгчээс хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тогтоогдож байх тул дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь хохирогч Ц.Ц эзэмшлийн байранд хууль бусаар нэвтэрч гарахдаа цонхыг нь хагалсан бөгөөд үүний улмаас хохирогчид 55.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 154-рт авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь хохирогч Б.Дийн эзэмшлийн 52-11 ДУА улсын дугаартай Fit маркийн автомашиныг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр түлхүүр тааруулан унаж явахдаа эд ангиудыг нь эвдэлж 790.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 142-рт авагдсан 2019 оны 09 сарын 24-ний өдрийн Сайнцагаан сумын үнэлгээ тогтоох комиссын дүгнэлтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө....” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгчээс 845.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дт 790.000 төгрөгийг, хохирогч Ц.Ц-д 55.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Эыг шүүхийн дуудсан цагт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүрэлцэн ирээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн байгууллага 2021 оны 01 сарын 22-ны өдөр албадан ирүүлсэн, уг ажиллагааны зардалд 23100 төгрөгийн шатахууны зардал гарсан болох нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2021.01.25-ны өдрийн 37/301 дугаартай албан бичиг, явах маршрут, шатахуун олгох баримт, тасалбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 23100 төгрөгийг гаргуулж, Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 2020 оны 11 сарын 20-ны өдрийн хүртэл 127 хоног, 2021 оны 01 сарын 22-ны өдрөөс өнөөдрийн хүртэл 11 хоног буюу нийт 138 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан эдлэх ялаас нь хасч тооцно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй бөгөөд хохирогч нар нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч .... овгийн Б.Э-ныг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ...... овгийн Б.Э-д Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн буюу нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Эы нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы эдлэх 6 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 138 /нэг зуун гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хассугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Н, О.Г нарт хулгайд алдагдсан мотоциклыг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 845.000 /найман зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Дт 790.000 /долоон зуун ерэн мянган/ төгрөгийг, хохирогч Ц.Ц-д 55.000 /тавин таван мянган/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 23100 /хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ШҮРЭНЧУЛУУН
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
Г.МӨНХБАТ