Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 156/2016/0086/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                     А.Цэрэндулам,
Улсын яллагч                  Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Д.Оюунцэцэг, 
Шүүгдэгч                                                       Б.Маргад-Эрдэнэ нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гансай овгийн Байгалмаагийн Маргад-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201623000134 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг, шуудан холбооны грашны хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2006 оны 09 сарын 21-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж өршөөгдсөн, 2007 оны 03 сарын 07-ны өдөр мөн шүүхээр ЭХ-н 145.2-т зааснаар 5 сар  баривчлах ялаар, 2007 оны 09 сарын 13-ны өдөр мөн шүүхээр ЭХ-н 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2009 оны 12 сарын 17-ны өдөр мөн шүүхээр ЭХ-н 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж 2013 оны 01 сарын 01-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2015 оны 02 дугаар сарны 09-ний өдөр мөн шүүхээр ЭХ-н 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 04-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 02 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гансай овгийн Байгалмаагийн Маргад-Эрдэнэ (РД: СО90020116) 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Яллагдагч Б.Маргад-Эрдэнэ нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Нисэхийн 01-04 тоот хашаанд төмөр чингэлэгний цоожийг эвдэн 1 хос алтан ээмэг, 2 шил соёмбо архи, 4 ширхэг набор хулгайлж иргэн Л.Оюундолгорт 565.000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Нисэхийн 1-04а тоотод иргэн Г.Гантогоогийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гар утас, алтан нуухтай цагаан өнгийн хөөргийг хулгайлж 2.260.000 төгрөгийн хохирол, нийт 2.825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
D:\2016 Мөнхномин\шийтгэх тогтоол\шийтгэх тогтоол 145,2 Б.Маргад-Эрдэнэ.docx
    Хохирогч Г.Гантогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Нөхөр Пүрэвхүү бид 2 гэрээ цоожлоод хөдөө яваад 2016.05.07-ны өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаарын цоож эвдэрсэн. Гэрийн хаалга онгорхой, цоож нь газар хэвтэж байсан. 2 авдрыг онгойлгоод хувцас хунар, эд зүйлс бүх юмыг гаргасан байсан. Бараан авдрын чихрийн набор, хятад гар утас, алтан нуухтай цагаан өнгийн хөөрөг, зүүн авдарнаас том жижиг хоёр хуучны мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Энэ үед би зүүн талын айл руу орж асуухад Цэрэнхандын охин Чимгээ Маргад-эрдэнэ гар утас, хөөрөг авах уу гээд явж байсан, мөн тэдний гэрт байхдаа шөнө нэлээн хэдэн удаа орж гарсан гэж надад хэлсэн. Маргад Эрдэнийн ээж энд байдаг гэж Цэрэнханд надад зааж өгсөн. Хулгайд алдсан хөөргөө бүрэн хүлээж авсан,  мөнгөн аяганы хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/
     Хохирогч Л.Оюундолгорын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би Цэрэнханд гэж айлын хүүхэн, нөхөр Нянтайсүрэн нарын хамт машинтай аргалд явсан юм. Яваад 1 цаг гарангийн дараа гэртээ ирэх үед манай гэрийн урд талд байдаг хувцас хунар хийдэг чингэлэг дотор байсан монгол гар хийцийн 1 хос ээмэг, соёмбо архи 2 ширхэг, 4 ширхэг набор байхгүй байсан. Яг тухайн үед архи набор байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгөөгүй юм. Харин алтан ээмгээ алдсанаа 2016.04.08-ны өдөр чингэлэг дотор байдаг жижиг төмөр хайрцганд байдаг эд зүйлээ шалгаж үзэхэд байхгүй байсан болохоор цагдаад дуудлага өгсөн.  Тус өдөр манай урд байдаг Цэрэнханд гэдэг хүний охин Хүрэлчимэг, Хүрэлтуяа хүргэн нь гээд Б.Маргад-Эрдэнэ нар согтуу байсан. Би бодохдоо манай гэрт байсан архийг уугаад согтуу байна гэж бодоод чимээгүй орхисон. Мөн наборын цаас нь гэр дотор байсан. Архины шилийг нэг нь уугаад гадаа орхисон байсан. Нөгөө нэг шил нь гэр дотор байсан, Манайхаар байнга орж гардаг хүмүүс байгаа юм. Хулгайд алдсан алтан ээмгээ буцааж авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг / хх-ийн 34-36 тал/,
    Иргэний нэхэмжлэгч Ж.Бэгзийн мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр манай Цэцэг ломбарданд Б.Эрдэнэсайхан нэрээр барьцаанд тавигдсан алтан ээмэг хулгайн эд зүйл болох нь тогтоогдсон тул манай компанийн зүгээс Цагдаагийн байгууллагад хууль журмын дагуу хураалгасан. Иймээс барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу гэм буруутай этгээдээс 305.300 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
    Гэрч Э.Пүрэвхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016.05.07-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэж, гэрийн үүдний цоожийг эвдэж хулгай орсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд цагаан өнгийн хөөрөг, гар утас, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг зүйлс алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
    Гэрч Б.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016.4.5-ны өдөр найз Ганзоригийн хамт Хан бүргэд супермаркетын хажууд явж байхад нэг танихгүй залуу Идэрзоригтой хамт явж байсан. Тэгээд юу байна гээд ярьж байгаад нөгөө танихгүй залуу бичиг баримт байна уу гээд миний бичиг баримтаар Цэцэг ломбарданд 1 хос алтан ээмэг 280,000 төгрөгөөр тавиулсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй дахиж тэр залуутай уулзаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
Гэрч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн “... найз Эрдэнэсайханий хамт явж байхад нэг залуу Идэрзоригтой таарсан. Идэрзоригийн хажууд нэг залуу явж байсан. Тэр залуу бичиг баримт байна уу гэж Эрдэнэсайханаас асуугаад ломбарданд алтан ээмэг тавиад өгчих гэсэн. Тэгээд “Цэцэг” ломбарданд 280,000 төгрөгөөр барьцаанд тавиулсан. Хулгайн ээмэг гэдгийг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Б.Маргад-Эрдэнээс алтан нуухтай цагаан өнгийн хөөргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/
“ЦЭ СҮ ОД ХХК” Цэцэг ломбард  барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх-ийн 20 тал/,
Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22, 26 тал/
Эд зүйлс хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19 тал/
Шинжээчийн №51 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “№1 Төмөр саван дээрээс” гэсэн бичигтэй 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй, 2. Шинжилгээнд ирүүлсэн “№2 Хөөрөг байсан төмөр сав” гэсэн бичигтэй 1 ширхэг гарын мөр нь MN004010005546 дугаараар санд бүртгэгдсэн, 1990.02.01-нд төрсөн, СО90020116 регистертэй Байгалмаа овогт Маргад-Эрдэнийн баруун гарын долоовор хурууны мөр байна /хх-ийн 53 тал/
Шүүгдэгч Б.Маргад-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-75 тал/,
Хэрэг, учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-18 тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11-12, 17 тал/ зэрэг болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Маргад-Эрдэнийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Маргад-Эрдэнэ нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Нисэхийн 01-04 тоот хашаан дахь төмөр чингэлэгний цоожийг эвдэн 1 хос алтан ээмэг, 2 шил соёмбо архи, 4 ширхэг набор хулгайлж иргэн Л.Оюундолгорт 565.000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Нисэхийн 1-04а тоотод иргэн Г.Гантогоогийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гар утас, алтан нуухтай цагаан өнгийн хөөргийг хулгайлж 2.260.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 2.825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна. 
Хохирогч Л.Оюундолгор нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. Харин  хохирогч Г.Гантогоо нь хулгайд алдсан 2 ширхэг мөнгөн аягыг,  иргэний нэхэмжлэгч Ж.Бэгз барьцаат зээлийн гэрээнээс учирсан хохирол 305,300 төгрөгийг нэхэмжилнэ гэх тул эдгээр хохирлыг шүүгдэгч Б.Маргад-Эрдэнээс гаргуулах нь зүйтэй болно. 
Шүүгдэгч нь хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн ба шүүгдэгч нь урьд хорих ял эдэлж байсан байх тул хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй. 
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэм хэрэгтээ чин санаанаас гэмшснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.  


Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гансай  овгийн Байгалмаагийн Маргад-Эрдэнэ нь давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маргад-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр,  3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маргад-Эрдэнэд оногдуулсан 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маргад-Эрдэний цагдан хоригдсон 68 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маргад-Эрдэнээс 305.300 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Бэгзэд, 510,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гантогоо нарт тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Л.Оюундолгорт төлөх төлбөргүйг дурьдсугай.  

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Маргад-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


                                                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УЯНГА