Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 754

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө” ХХК

Хариуцагч: УБЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж ..А байрны ., .., .., .. тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Э -ын нэр дээр бүртгэсэн Ү-2205068.., Ү-220506..., Ү-2205068..., Ү-220506..., мөн уг байрны ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн Б.Ө-ын нэр дээр бүртгэсэн Ү-2205069... дугаар бүртгэлүүд болон уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Э.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд “Л” БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А түүний өмгөөлөгч Н.Ж, гуравдагч этгээд “К” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.М нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай “Ө” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамжинд Б ж-IV үйлчилгээтэй орон сууцны барилгыг шинээр барьж, 2018 оны 04 дүгээр сард албан ёсоор ашиглалтанд оруулсан юм. Орон сууцны борлуулалтын захиалга авч байх үед Э.Э гэх эмэгтэй нь манай компанийн борлуулалтын ажилтантай 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээнүүдийг байгуулж, дээрх Б ж-IV үйлчилгээтэй орон сууцны барилгын А-. блокын .. дугаар давхарын .. тоот 69.35 м.кв, 176.842500 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц, А-. блокын .. дугаар давхарын .. тоот 92.8 м.кв талбайтай 236.640.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц, А-. блокын . дугаар давхарын .. тоот 68.01 м.кв 173.425.500 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц, Б блокын . дугаар давхрын .. тоот 156 м.кв 397.800.000 төгрөгийн үнэ бүхий 5 өрөө орон сууц нийт 1.030.708.000 төгрөгийн үнийн дүн бүхий 4 ширхэг орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байдаг.

Э.Э нь захиалсан орон сууцнуудын үнийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд нийт 70.000.000 төгрөгийг л төлсөн. Гэтэл Э.Э нь Орон сууц захиалан бариулах гэрээ болон төлбөр тооцоо дууссан гэх агуулгатай “Ө” ХХК-ийн хүсэлтийг хуурамчаар бүрдүүлэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг гарган улмаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч С.О манай компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж ..А байрны . тоот орон сууцыг Ү-2205068.. дугаарт, .. тоот орон сууцыг Ү-220506... дугаарт .. тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ү- 2205068... дугаарт, .. тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ү-220506... дугаарт тус тус бүртгэж, Э.Э д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгожээ.

Мөн дээрх хаягт байрлах ..А байрны 6 давхарын ... тоот 92,8м2 орон сууцны өмчлөх эрхийн анхны бүртгэлийг Бгийн Ө гэх хүн Орон сууц захиалгын гэрээ болон бусад баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн өөрийн нэрээр гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасныг тус хэлтсийн улсын бүртгэгч Д.Б хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Гэтэл манай компанийн хувьд Б.Ө гэх хүнтэй огт Орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй болно.

Ийнхүү хуурамч баримт бичиг үйлдэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан Э.Э , Б.Ө зэрэг хүмүүсийн үйлдлийг шалгуулахаар манай компаниас 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасны дагуу мөрдөгч З.Ц ******* дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно. Улмаар Мөрдөгч З.Ц-ийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивт үзлэг хийж 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1183 дугаар дүгнэлт үйлдэж, Э.Э нь “Ө” ХХК-ийн тамга, захирал Б.О-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүн, хуулийн этгээд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай эсэхийг тогтооход л чиглэгдэх ба хуурамч баримт бичигт үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг мөрдөгч, прокурор, эрүүгийн хэргийн шүүх хүчингүй болгох эрх хэмжээ буюу харъяалан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Мөн иргэний хэргийн шүүх ч иргэд, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх ба Э.Э , Б.Ө гэх хүмүүстэй өмчлөх эрхийн маргаан байхгүй буюу эдгээр хүмүүс өмчлөх эрхтэй юу үгүй юу гэдгийг тогтоолгох шаардлагагүй. Зөвхөн улсын бүртгэл буруу ташаа хийгдсэн. Иймд иргэний хэргийн шүүхэд “Ө” ХХК нь дээрх орон сууцнуудын өмчлөлийн талаар ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэл гаргаагүй учраас үүнийг нотлох баримт байхгүй.

Улсын буртгэлийг хүчингүй болгох дараах үндэслэлтэй байна. Үүнд:

         1. Хэдийгээр улсын бүртгэгч нар нь хуурамч баримт бичиг гэдгийг нүдээр хараад мэдэхгүй, хуульд заасан бүрдүүлбэр хангасан баримтад үндэслэн бүртгэл хийсэн гэж маргаж болох ч Улсын бүртгэлийн тухай хуулийн 5.2 дугаар хэсэгт зааснаар “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчимтай хүчинтэй байгаа бүртгэлүүд харшилдаж байгаа буюу захиргааны актын улмаас хууль ёсны эзэмшигч “Ө” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

         2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх ёстой ба тус хуулийн 6.4-д “Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн болох нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж заажээ. Эндээс дүгнэхэд хууль бус буюу буруу ташаа бүртгэлийг “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцүүлэх ёстойг хуульчилсан байх ба эрх нь зөрчигдсөн этгээд болох манай компаниас гаргасан хуурамч баримт бичигт үндэслэн хийгдсэн буруу ташаа бүртгэлийг залруулах тухай өргөдөл, гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар шийдвэрлээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариуг өгсөн.

         Иймд Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарах захиргааны акт болох буруу ташаа хийгдсэн бүртгэлийг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “... эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно”, Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан маргаан шийдвэрлэх журмын дагуу Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

         3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-д “Улсын бүртгэгч нь ... мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх” гэж заасан. “Ө” ХХК нь орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан учраас ганц Э.Э , Б.Ө нар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаагүй, мэдүүлэгт хавсаргасан баримтууд болох Орон сууц захиалан бариулах гэрээ, бусад албан бичигт дарагдсан тамганы өнгө, албан бланк, түүн дээр бичигдсэн утасны дугаарууд өөр энгийн нүдээр харахад ялгаатай байхад дээр дурдсан хуулийн дагуу баримт бичгийг хянаж шалгаж бүртгэл хийх үүргээ Улсын бүртгэгч нар хангалтгүй биелүүлсэн.

Иймд Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч С.О ын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж ..А байрны ..,..,..,.. тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Э ын нэр дээр бүртгэсэн Ү-2205068.., Ү-220506..., Ү-2205068..., Ү-220506... дугаар бүртгэлүүд, бүртгэгч Д.Б ын бүртгэсэн дээрх хаягт байрлах ..А байрны ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг Б.Өын нэр дээр бүртгэсэн Ү- 2205069... дугаар бүртгэл, эдгээр бүртгэлийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Э.Э нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан мэдүүлэг, нотлох баримтуудын хамт гаргаж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж ..А байрны ., .., .., .. тоот хаягт байршилтай орон сууцнуудын өмчлөх эрхийг тус тус баталгаажуулан авч өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Дараах бичиг баримтуудыг бүрдүүлж мэдүүлэгт хавсаргасан байна. Үүнд:

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус газарт хандаж гаргасан мэдүүлэг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, “Ө” ХХК-ийн төлбөр тооцоо дууссан тухай дурдсан албан бичгүүд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хаягийн тодорхойлолт, “Ө” ХХК болон иргэн Э.Э нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээ, эд хөрөнгийн план зураг, фото зураг зэрэг хуульд заасан нотлох баримтуудыг үндэслэл болгон эрхийн улсын бүртгэлийн Ү-2205068.., Ү-220506..., Ү-2205068..., Ү-220506... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээнүүд олгосон байна.

Дээрх дугаар бүхий 4 ширхэг орон сууцыг барьцаалж 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Л ” ББСБ-аас зээл авсан тухай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн ба “Л ” ББСБ-ын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18/242 дугаартай барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн барьцааны гэрээг дуусгавар болгосон байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/04 дүгээр тушаалаар иргэн Э.Э -ын дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хаяж үрэгдүүлсэн тухай нотлох баримтуудыг үндэслэн хүчингүйд тооцож, улмаар шинээр гэрчилгээ бичиж олгосон байдаг.

Өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн Ү-220506... дугаартай .. тоот орон сууц нь иргэн Б.Б-тэй 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205068.. дугаартай . тоот орон сууц нь иргэн Э.Э-тай 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тус тус барьцаалагдсан байна.

Мөн дээр дурдсан нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэн Б.Ө 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус газарт хандан мэдүүлэг гаргаснаар дээрх байрны ... тоот орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2205069... дугаартайгаар өөрийн өмчлөлд бүртгүүлж авсан байдаг. Үүний дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Констракшн коммершл инвестмент ББСБ-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээг бүртгүүлсэн байна.

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 224 дугаартай зөвшөөрлийн дагуу дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах арга хэмжээ авсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.3-д Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заажээ.

Иргэн Э.Э , Б.Ө нар нь хуульд заасан баримт бичгүүдийг бүрэн гүйцэд бүрдүүлсэн ба хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга, байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэл хийсэн нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй байна.

Архивын хувийн хэрэг, эх нотлох баримтуудыг хянан үзэхэд дээрх бүртгэлүүд нь “Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн13 дугаар зүйлд заасан нотлох баримтуудад үндэслэж хийсэн ба 14 дүгээр зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна гэж заасны дагуу улсын бүртгэгч тухайн бүртгэлийг хийсэн” гэжээ.

Гуравдагч этгээд “Л”ББСБ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Э нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205068.., Ү-2205068..., Ү-220506..., Ү-220506... дугаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж манай “Л”ББСБ ХХК-иас 330.000.000 төгрөг зээл авсан. Авсан зээлээ төлөхгүй байсан учир бид Иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд асуудлыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01029 тоот шийдвэрээр хариуцагчаас Зээлийн гэрээний үндсэн төлбөр, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд нийт 439 824 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Э.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон манай байгууллагын нэр тамга тэмдгийг хуурамчаар ашиглаж гэмт хэрэг үйлдсэн асуудлаар Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр эрүүгийн *******0463 тоот хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдсэн. Ингээд манай байгууллага тус эрүүгийн хэрэгт хохирогчоор татагдан шалгагдаж байгаа. Одоогоор тус эрүүгийн хэрэг шүүхэд шилжсэн байдалтай байгаа.

Эрүүгийн хэрэг шийдэгдсэний дараагаар захиргааны журмаар шийдэгдэх хэргийг шийдвэрлэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үйлдэлд Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнууд оролцсон эсэх, бодит нөхцөлд тухайн үл хөдлөх хөрөнгүүд хэний эзэмшилд байсан эсэх, “Ө” ХХК-д Э.Э аас хэдэн төгрөг өгсөн эсэх, уг хэрэгт Э.Э буруутай эсэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж тогтоосны дараа бүртгэлийг хүчинтэй эсэхийг шийдвэрлэх боломжтой болно” гэжээ.

Констракшн коммершл инвестмэнт ББСБ-ын төлөөлөгч Р.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205069... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж, ..А байрны ... тоот, 92.8 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргажээ.

Дээрх орон сууцтай холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа ба хэргийг шалгах ажиллагаа дуусгавар болоогүй, хуурамч нотлох баримт бүрдүүлж бүртгэл хийлгэсэн эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдож, шийдвэрлэгдээгүй бөгөөд үгсэн тохиролцож дээрх бүртгэлийг хийлгэсэн байж болзошгүй болох нь шүүхэд өгсөн Б.Өын тайлбар болон бусад нөхцөл байдлаас харагдаж байна.

“Ө” ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдад хууль бусаар алдсан гэх хэдий ч өнөөдрийг хүртэл өмчлөх эрх болон хохиролтой холбоотой шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргаагүй бөгөөд эрүүгийн, иргэний журмаар шийвэрлэгдвэл зохих хэрэг маргааныг шийдвэрлээгүй байна гэх хоёр үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2019/1729 дүгээр захирамжаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан байна.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжуудад дурдаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилаагүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа болно.

Бүртгэл хийлгэхэд бүрдүүлж өгсөн нотлох баримтуудад зарим хэсэгт тамга, тэмдэг гарын үсгийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргаагүй бөгөөд эрүүгийн журмаар хэргийг шалгаж нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж дуусаагүй байна.

Эрүүгийн хэргийг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл энэхүү маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжгүй буюу эрүүгийн журмаар шалгаж, цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларсан эсэх, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлж шийдвэрлэх нь тодорхойгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрүүгийн хэрэг эцэслэгдсэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлж, мөн өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр буй тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2019/1729 дүгээр захирамжаар дурдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан үндэслэлийг арилгах нь зүйтэй” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие Ү-2205069... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож, “Ө” ХХК-д шилжүүлэн өгөхөд татгалзах шалтгаан байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал биечлэн оролцох шаардлагагүй” гэжээ.

Гуравдагч этгээд Э.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Э.Э миний бие татгалзах зүйлгүй. Төлбөр тооцооны асуудлыг би тусад нь шийдвэрлүүлэх болно. Шүүх хуралдаанд байлцуулалгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

Гуравдагч этгээд Э.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...Би Э.Э ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө Ү-2205068.. бүртгэлийн дугаартай байрыг барьцаалж, 15 сая төгрөг зээлүүлж хохирсон. Шүүх хуралдаанд оролцохгүй тул байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...би Э.Э тай 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж, ..А байрны .. тоот 3 өрөө байрыг зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж зээл өгсөн. Иймээс буруутай этгээдүүдийг олж тогтоон, хохиролыг маань барагдуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн шүүхэд гаргасан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж ..А байрны ., .., .., .. тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Э ын нэр дээр бүртгэсэн Ү-2205068.., Ү-220506..., Ү-2205068..., Ү-220506... дугаар бүртгэлүүд, уг ..А байрны ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн Б.Ө-ын нэр дээр бүртгэсэн Ү-2205069... дугаар бүртгэлийг болон уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Гуравдагч этгээд Э.Э ын өмчлөх эрхийн гэрчилгээний тухайд:

“Ө” ХХК-тай гуравдагч этгээд Э.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамжид байрлах ..А байрны ., .., .., .. тоот орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан.

Улмаар Э.Э нь Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дээрх орон сууцуудыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хандахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бөглөж, түүнд Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд, “Ө” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 058/1, 057/1, 059/1, 061/1 тоот “...орон сууцнуудын төлбөр тооцоо дууссан тул Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг тухайн хүний нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн утга бүхий албан бичгүүд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хаягийн тодорхойлолтууд, иргэний үнэмлэхний хуулбар, обьектын зургуудыг хавсарган өгснөөр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүртгэн тус байрны . тоот орон сууцны Ү-2205068.., .. тоот орон сууцны Ү-2205068..., .. тоот орон сууцны Ү-220506..., .. тоот орон сууцны Ү-220506... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гуравдагч этгээд Э.Э ын нэр дээр гарчээ.

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Э.Э дахин улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, “Л ” ББСБ-тай 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18/60 дугаар зээлийн гэрээг байгуулж, БГД-ын 6 дугаар хороо Чингүнжавын гудамж ..А дугаар байрны ., .., .., .. тоотуудыг барьцаанд тавьж 330 сая төгрөгийн зээл авч, барьцааны зээлийн гэрээг бүртгүүлсэн.

Гэвч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э.Э Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дахин мэдүүлэг гаргаж, гуравдагч этгээд “Л ” ББСБ-ын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18/242 тоот “Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж, Э.Э зээлээ төлж дууссан тул Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж ..А дугаар байрны ., .., .., .. тоотуудыг барьцаанаас чөлөөлсөн болохыг мэдэгдсэн” албан бичгийг хүргүүлснээр мөн барьцааны зээлийн гэрээний бүртгэлийг дуусгавар болгосон.

Үүний дараа гуравдагч этгээд Н.Т нь  “Ө м” сонинд Улсын бүртгэлийн Ү-2205068.., Ү-2205068..., Ү-220506..., Ү-220506... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүүдийг гээгдүүлсэн тул хүчингүй болгож өгнө үү гэх зарыг нийтлүүлж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнүүдийг гээдүүлсэн тул нөхөн олгуулах хүсэлтийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тоот тушаалаар Э.Э ын Ү-2205068.., Ү-2205068..., Ү-220506..., Ү-220506... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, дээрх дугаарт бүртгэлтэй гэрчилгээнүүдийг дахин олгохыг Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст зөвшөөрч, гэрчилгээнүүдийг шинээр гаргуулж авсан байна.

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Э.Э гуравдагч этгээд Б.Б тэй барьцааны гэрээ байгуулж, .. тоот байрыг 30 сая төгрөгийн,  гуравдагч этгээд Э.Э-тай . тоот орон сууцны байрыг барьцаалж, 15 сая төгрөгийн барьцаанд тус тус тавьсан ба уг барьцаат зээлийн гэрээнүүд бүртгэгдсэн болно.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/32 тоот албан бичгээр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж, Чингүнжавын гудамж Үйлчилгээтэй орон сууцны зориулалттай ..А тоот байрны ., .., .., .. тоотуудын Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг Э.Э Орон сууцны гэрээ хийсэн боловч төлбөр тооцоо дуусаагүй байгаа. Гэвч хуурамч бичиг баримт бүрдүүлж дээрх 4 орон сууцны Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсныг бид саяхан мэдсэн. Энэ хууль бус үйлдэлтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учир дээрх орон сууцнуудын шилжилт хөдөлгөөнийг яаралтай зогсоож, манай захирал Б.Оюунбилэгийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлсэн.

2. Гуравдагч этгээд Б.Ө-ын өмчлөх эрхийн гэрчилгээний тухайд:

Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт “Ө” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 078/1 тоот албан бичгээр хандаж, БГД-ын 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж Үйлчилгээтэй орон сууцны зориулалттай ..А тоот байрны А блок 6 давхар ... тоот 92.8 м.кв бүхий орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Ө-д Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Ө-ын өмчлөх эрхийн Ү-2205069... дугаар гэрчилгээ гарсан.

Улмаар Б.Ө 2018 оны 11 сарын 07-ны өдөр “К”ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, ..А байрны ... тоотыг 100 сая төгрөгийн барьцаанд тавьж эрхийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж, барьцааны гэрээ бүртгэгдсэн.

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Ө” ХХК-иас Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрчилгээ гаргуулсан байх тул Б.Ө-ын нэр дээр гарсан үл хөдлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг Б.О-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичиг явуулсан.

Мөн нэхэмжлэгч “Ө” ХХК нь цагдаагийн байгууллагад хандснаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *******0463 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Э.Э ыг яллагдагчаар татагдаж, мөн Б.Ө-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 224 дүгээр прокурорын зөвшөөрлөөр ., .., .., .., ... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна.

Тус захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3856 дугаар захирамжаар Э.Э , Б.Ө нарыг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 5063 дугаар захирамжаар “Л” ББСБ, Б.Б, Э.Э, “К” ББСБ-уудыг эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Гуравдагч этгээд Э.Э , Б.Ө нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “...маргаан бүхий орон сууцнуудыг өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, “Ө” ХХК-д шилжүүлэн өгөхөд татгалзах шалтгаан байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох шаардлагагүй” гэдгээ илэрхийлснийг дурьдаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 2860 дугаар дүгнэлтэд “...Улсын ахлах бүртгэгч С.О, улсын бүртгэгч Д.Б нар нь хуурамч нотлох баримт бичгийг үндэслэн удаа дараагийн бүртгэл хийсэн нь тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцсон байж болзошгүй байх тул Цагдаагийн байгууллагад шилжүүлж, үйлдэл холбогдлыг шалгуулах, Хуулиар хүлээсэн албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн Улсын ахлах бүртгэгч С.О, улсын бүртгэгч Д.Б нарт Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох нь зүйтэй гэж дүгнэгдсэн.

Гуравдагч этгээд Э.Э , Б.Ө нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрсдийн нэр дээр бүртгүүлэхдээ мэдүүлэгт хавсарган өгсөн ... “Ө” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 058/1, 057/1, 059/1, 061/1, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 078/1 тоот албан бичгүүд болон орон сууц захиалан бариулах гэрээнүүд хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1183 дугаар, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1952 дугаар дүгнэлтүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 2860 дугаар дүгнэлтэд дурьдагдснаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж ..А байрны ., .., .., .. тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Э ын нэр дээр бүртгэсэн Ү-2205068.., Ү-220506..., Ү-2205068..., Ү-220506... дугаар, уг ..А байрны ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн Б.Өын нэр дээр бүртгэсэн Ү-2205069... дугаар бүртгэлүүд нь тус тус хуурамч нотлох баримтад үндэслэн бүртгэгдсэн нь 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой байх...”, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх зарчмуудыг зөрчигдөхөд хүргэсэн байна.

Мөн тухайн бүртгэлийг хийсэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн ахлах бүртгэгч С.О , улсын бүртгэгч Д.Б нар нь хэдийгээр “тухайн баримтуудын хуурамч эсэхийг мэдэх боломжгүй, уг барилгын үндсэн материалтай тулгаж бүртгэлийг хийсэн” гэж маргаж байгаа боловч орон сууц захиалгын гэрээний нүүр хэсэгт байх “Ө” ХХК-ийн байрлах дүүргийн нэр зөрүүтэй байгааг тулгаж үзээгүй, их хэмжээний төлбөр төлөгдсөн эсэхийг лавлаж тодруулах боломжтой байсан ба энэ нь уг мэдүүлгүүдийг хүлээж авах, гэрчилгээ гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2-т шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах; 12.4.1-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, ..., бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд боловч хуулинд заасан эрх, үүргээ биелүүлээгүйгээс 12.5.1-д заасан эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

Иймд нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж ..А байрны ., .., .., .. тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Э ын нэр дээр бүртгэсэн Ү-2205068.., Ү-220506..., Ү-2205068..., Ү-220506... дугаар бүртгэлүүд, уг ..А байрны ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн Б.Өын нэр дээр бүртгэсэн Ү-2205069... дугаар бүртгэлийг болон уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин дээрх маргаан бүхий орон сууцнууд бусад этгээдийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа хэдий ч өмчлөх эрхийн бүртгэл нь хуурамч нотлох баримтад үндэслэн бүртгэгдсэн тул хууль бус бүртгэлийн үр дүнд бүртгэгдсэн бусад бүртгэлүүд хүчингүй болох бөгөөд 2003 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө, 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно” гэж тус тус зааснаар барьцааны зүйл нь хууль бус эзэмшлээс гаргахаар зохицуулагдсан байна.

Харин Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Энэ хуулийн 32.1-д заасан тохиолдолд барьцаалагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулагчаас  шаардах эрхтэй гэж заасны дагуу тухайн хууль бус бүртгэлийг мэдүүлсэн барьцаалагч этгээд болох Э.Э , Б.Ө нараас учирсан хохирлоо иргэний болон эрүүгийн хэргийн журмаар нэхэмжлэх эрхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3,  2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.2,  12.5.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжавын гудамж ..А байрны ., .., .., .. тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Э ын нэр дээр бүртгэсэн Ү-2205068.., Ү-220506..., Ү-2205068..., Ү-220506... дугаар бүртгэлүүд, уг ..А байрны ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн Б.Өын нэр дээр бүртгэсэн Ү-2205069... дугаар бүртгэлийг болон уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА