Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 120/2020/0022/З |
Дугаар | 221/МА2020/0624 |
Огноо | 2020-12-03 |
Маргааны төрөл | Тендер, Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2020/0624
“Х к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Э.И, гуравдагч этгээдийн төлөөлөгч З.М нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “Х к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х к” ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-үүд, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Х г” ХХК-тай байгуулсан Даланзадгад суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажлын гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, мөн Тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийг хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё болон өмгөөлөгч О.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч “Х к” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан:
-Тендерт “Хүннү говь” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэр /захиргааны акт/-ийг хүчингүй болгуулах,
-Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1675 дугаар албан бичиг /мэдэгдэл/-ээр ирүүлсэн “Х к” ХХК-ийг тендерт шалгаруулаагүй тухай шийдвэр /захиргааны акт/-ийг хүчингүй болгуулах,
-Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Х г” ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Даланзадгад суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажлын гэрээ”-г хүчингүй болгуулах,
Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан:
-Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт /хурлын тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах,
-Тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч “Х к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь “Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт /хурлын тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах” шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр болон мөн шүүх хуралдаанд оролцохдоо тайлбараар гаргасан үндэслэлүүдээс анхан шатны шүүх дараах үндэслэлүүдэд огт дүгнэлт өгөлгүйгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.
1. Тендерийн үнэлгээний хорооны хурлын ирцийн тухайд:
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/125 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус тендерийн Үнэлгээний хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Хүчингүй болгуулахаар маргаж буй тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралд оролцсон гишүүдийн тоог хурлын тэмдэглэлээс үзэхэд Э.И, Б.Б, Ц.Б, Б.Н, Б.Алтансүх гэх 5 хүн хуралд оролцсон бөгөөд хурлын ирц 71.4 хувь байна. Уг хурал нь Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөр тооцогдоно” гэсэн заалтад нийцэхгүй байгаа бөгөөд 71.4 хувийн ирцтэйгээр хуралдсан Үнэлгээний хорооны хурал хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий байхад анхан шатны шүүх энэ асуудалд ямар ч дүгнэлт өгөөгүй.
Уг хурлын тэмдэглэлд Э.И, Б.Б, Ц.Б, Б.Н нарын 4 хүн гарын үсэг зурсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж заасныг мөн зөрчсөн байхад анхан шатны шүүх хууль зөрчсөн уг асуудлын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.
Дээрх 2 зөрчил нь Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлыг хүчингүйд тооцох хангалттай хуулийн үндэслэл юм.
2. Тендерт шалгарсан “Х г” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй тухайд:
2.1 Туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх ажлын хөлс гэрээний үнийн дүнгийн 20 хувьд хүрч, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (к)-д нийцээгүй.
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (к)-д “Тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь байж болно. Үүнээс дээш хувийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр бол түншлэлийн гэрээ байгуулна ...” гэж заасан шаардлагад “Х г” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нийцээгүй. “Х г” ХХК нь барилгын сангийн ажлыг туслан гүйцэтгүүлэхээр “Хажуу ус” ХХК барилгын цахилгаан дамжуулах шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Шүтээн Эрдэнэ” ХХК-иудтай тус бүр гэрээ байгуулж гэрээний үнийн дүн 20 хувьд хүрсэн.
Монгол Улсын Сангийн яам 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/4136 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигт дээрх туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээ нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (к)-д заасан 10 хувь байх шаардлагад нийцэж буй эсэхийг түншлэлийн тооцсон ажлын төсвөөс нягтлан үзэхийг тендерийн захиалагч байгууллагад даалгасан боловч захиалагч болон үнэлгээний хороо уг асуудлыг нягтлан үзэхгүйгээр үнэлгээний дүгнэлтийг хийсэн. Үнэлгээний хорооны дарга Э.И шүүх хуралдаанд оролцохдоо “тус бүрдээ 10 хувийн үнийн дүнтэй дүйцэх ажлыг туслан гүйцэтгэгч 2 компани хийж гүйцэтгэнэ” тайлбарлаж байхад анхан шатны шүүх энэ асуудалд дүгнэлт өгөөгүй.
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (к)-д “Х г” ХХК-ийн ирүүлсэн материал нийцээгүй байгаа нь тендерээс татгалзах үндэслэл болох юм.
2.2 Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-д заасан зайлшгүй шаардлагатай тусгай зөвшөөрөл “Х г” ХХК-д байхгүй.
Тендерийн үнэлгээний хороо тендерийн материалыг боловсруулахдаа 9 төрлийн тусгай зөвшөөрөлтэй зайлшгүй байх шаардлагатайг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-д заасан. Тендерт шалгарсан “Х г” ХХК-ийн ирүүлсэн материалаас тусгай зөвшөөрлийг үзэхэд дараах тусгай зөвшөөрлүүд байхгүй.
·Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,
·Ус хангамж ариутгах татуургын гол /магистрал/ шугам сүлжээ түүний тоног төхөөрөмж угсралт,
·Дулааны гол /магистрал/ шугам сүлжээ түүний тоног төхөөрөмж,
·Цахилгаан дамжуулах сүлжээ түүний тоног төхөөрөмж, угсралт
Дээрх тусгай зөвшөөрөлгүй компанийг үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж илт хууль бусаар үнэлсэн. Анхан шатны шүүх энэ асуудалд огт дүгнэлт өгөөгүй. “Х г” ХХК-д ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай тусгай зөвшөөрөл байхгүй байгаа нь тус компанийн тендерээс татгалзах үндэслэл болох юм.
2.3 Инженер техникийн ажилтнууд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагад нийцээгүй.
-Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ТОӨЗ 5.3 (в)-д “үндсэн тоног төхөөрөмж /эксковатор, автокран, ачааны машин/ дээр ажиллах ажилтнуудын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар батлуулж ирүүлнэ, ... материалын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан бөгөөд тендерт шалгарсан “Х г” ХХК нь үндсэн тоног төхөөрөмж дээр ажиллах ажилтнуудын мэдээллийг ирүүлээгүй.
-Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (в)-д “үндсэн тоног төхөөрөмж, машин механизмыг жагсаан ирүүлэх, ... түрээслэхээр бол түрээсийн гэрээг ирүүлэх” гэж заасны дагуу эксковаторыг түрээсэлж гэрээг ирүүлсэн боловч уг гэрээнд зааснаар түрээслүүлэгч нь “Язгууртны говь” ХХК гэх боловч түрээсийн гэрээний зүйл болох эксковатор нь Капитрон банкны өмчлөлд байна. Уг түрээсийн гэрээгээр Капитрон банкны өмчлөлийн зүйлийг “Язгууртны говь” ХХК “Х г” ХХК-д түрээслүүлж байгаа тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус юм. Уг асуудлыг үнэлгээний хороо хянаж үзээгүй, анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй.
-Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (г)-д “голлох инженер, техникийн ажилтнуудын диплом, цахим үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлнэ, ... хүснэгтэд шаардсан инженер, техникийн ажилчид тухайн байгууллагад сүүлийн 12 сараас доошгүй ажилласан байна” гэж заасан.
№ | Инженер техникийн ажилчид | Ажлын туршлага | Зөрчил |
1 | Ерөнхий инженер | 10 жил | Ерөнхий инженер н.Дашмягмарын цахим үнэмлэхийн хуулбарыг ирүүлээгүй. |
2 | ХАБЭА-н инженер /мэргэжлийн дипломтой инженер байна/ | 2 | ХАБЭА-н инженер М.Мөнх-Эрдэнэ 2019.06.06-ны өдөр Газарчин дээд сургуулийн барилгын инженер мэргэжлээр төгссөн. 2019.0.10 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдаж сертификат авсан байгаа нь ТОӨЗ 5.3 (г)-д 2 жилийн ажлын туршлагатай гэж заасанд нийцэхгүй байна. |
Дээрх зөрчлийг Үнэлгээний хороо хянаж үзээгүй, анхан шатны шүүх ямар ч дүгнэлт өгөөгүй.
Дээрх үйл баримтуудаас Үнэлгээний хорооны хурлын ирц 75 хувьд хүрээгүй, хурлын тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зураагүй зэрэг хууль зөрчсөн үндэслэлүүдээр Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй “Х г” ХХК-ийн тендерээс 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу татгалзах ёстой байсан боловч татгалзалгүйгээр хууль зөрчиж хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг хийж “Х г” ХХК-иас ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн нь илт хууль зөрчсөн байгаа тул Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс өмнө /нэхэмжлэгчээс/ Сангийн яаманд гомдол гаргаж байгаагүй үндэслэлээр шүүх хуралдаанд тайлбар гаргаж Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтийг хууль бус гарсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд болон холбогдох бусад хууль тогтоомжид Сангийн яаманд гомдол гаргаагүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага болох талуудын маргасан асуудлаар дүгнэлт өгөх ёстой юм.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-үүдийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд анхан шатны шүүх тус албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн боловч уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаагүй хэрнээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна.
Уг албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан захирамжилсан шинжийг агуулж байгаа тул захиргааны акт гэж үндэслэлтэй.
Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийгээгүй, түүнд хамаарах хэргийн оролцогчдын тайлбарт дүгнэлт өгөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Х к” ХХК-иас анх “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1675 дугаар албан бичиг /мэдэгдэл/-ээр ирүүлсэн “Х к” ХХК-ийг тендерт шалгаруулаагүй тухай шийдвэр /захиргааны акт/-ийг хүчингүй болгуулах, тендерт “Х г” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэр /захиргааны акт/-ийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Х г” ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Даланзадгад суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажлын гэрээ”-г хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах”-аар нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй “Х г” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн эсэх, ТОӨЗ-ийн 4.4 (в)-д заасан шаардагдах тусгай зөвшөөрлүүд байгаа эсэх, ТОӨЗ-ийн 5.2 (к)-д заасан туслан гүйцэгчээр гүйцэтгүүлэх ажлын хөлс үнийн дүнгийн 10 хувьд байгаа эсэх, мөн “Х г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, захиалагчид зөвлөмж хүргүүлсэн Үнэлгээний хорооны тухайн өдрийн хурлын ирц нь хуульд заасан Үнэлгээний хорооны хурал хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан эсэх зэргийг огт дүгнээгүй орхигдуулжээ.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, тус бүрт нь дүгнэлт өгч шийдвэрлэх, өөрөөр хэлбэл, ойлгомжтой, биелэгдэх боломжтой шийдвэрийг шүүхээс гаргах учиртай.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-үүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд “... Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичгүүдийн агуулгаас үзэхэд зөвхөн тухайн тендерийн шалгаруулалтын үр дүнг албан ёсоор албан хэргийн стандартын дагуу мэдээлэн хүргүүлж буй мэдээллийн шинжтэй байх бөгөөд түүнд захиргааны актад тооцогдох захирамжилсан үйлдэл хэрэгжүүлдэг, эрх зүйн үр дагавар бий болгодог бодит шинж агуулагдаагүй, уг албан бичгүүдийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, субьектив эрх хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байх тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг зөрчсөн байна.
Учир нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичгүүд нь захиргааны акт биш бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байна.
Мөн анхан шатны шүүхээс дээрх 2 албан бичгийг захиргааны акт биш гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иймд дээрх алдааг анхан шатны шүүхээр залруулалгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР