| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Л-д холбогдох эрүүгийн 2122000000009 тоот хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ......... дүгээр сарын .........-ний өдөр ......... аймгийн ........ суманд төрсөн, .... настай, ......, ......, ........, ам бүл ....., ........ хамт .......... аймгийн ...... сумын ......... баг, .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ...... овогт Г.Л
Шүүгдэгч Г.Л нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг8 Аривжихын 9-5 тоот хашаанд байх өөрийн эзэмшлийн монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Г.Уыг агсам тавилаа гэх шалтгаанаар хоолойг нь боох, чирэх, биен дээр нь сууж дарах зэрэг аргаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 9-5 тоот хашаанд байх өөрийн эзэмшлийн монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Г.У-тай агсам тавилаа гэх шалтгаар хоолойг нь боож, чирч, дээр нь сууж дарж биед халдаж зодсоны дараа гар утсаа харамлалаа гэх шалтгаар гар утсыг зэвсгийн чанартайгаар ашиглан хохирогчийн толгой руу шидэж, эрүүл мэндэд нь духанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.
- Яллагдагч Г.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой гэртээ байж байхад гаднаас манай эгч У нэлээд согтуу орж ирээд цай уугаад зүгээр байж байснаа гэнэт орилоод хашхичаад агсам тавиад эхэлсэн. Би гэрийн зүүн талд ширээний хажууд мах идээд сууж байсан. Тэгээд болохгүй болохоор нь У эгчийг сууж байсан сандал дээрээс нь татаж гэрийн хойд хэсэгт газарт унагаагаад хоолойг нь боогоод дээр нь суусан. Тэгсэн чинь эхнэр, аав 2 боль гэж хэлээд болиулсан. Тэгсэн чинь У эгч босч сууснаа гар утсаа авна гээд байсан. Тэгэхээр нь би энэ гар утсаа авахгүй юу гээд өөдөөс нь шидсэн чинь толгойд нь оносон. Тэгсэн толгойноос нь цус гарчихсан. Тэгсэн түргэний эмч ирээд У эгчийг аваад явсан. Би У эгч рүү хар өнгийн мэдрэгчтэй Samsung маркийн гар утсыг шидсэн. Өмнө нь У эгчтэй хэрэлдэж, маргалдаж байгаагүй, тухайн өдөр агсам тавиад байхаар нь болиулах гэж буруу үйлдэл хийсэн байна. У эгч орж ирэхдээ баруун гартаа шилтэй пиво барьчихсан орж ирж байсан. Эгэм нь намайг хоолойг нь боогоод дарж суух үед хугарсан байж магадгүй. Тухайн үед аавтайгаа хамт 2,5 литрийн пиво хувааж уусан байсан...” гэх мэдүүлэг /хх40-41/
-Хохирогч Г.У-ын “...Би дүү Г.Лн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Би нэрийг нь мэдэхгүй, хөдөө байдаг гэсэн, нэг эмэгтэйтэй тэр өдрөө танилцаад, хамт нэг шил дарс хувааж уугаад таксигаар дүүгийн гэрт очсон. Тухайн такси ямар машин байсан, ямар жолоочтой байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 31-ээс өмнөх 3 хоногийн хугацаанд гэртээ байсан. Би гэртээ ганцаараа байдаг. Манай аав заримдаа ирдэг. Би 2020 оны 11 сард дүү Лхагва-Өлзийд өгсөн байсан хар өнгийн Samsung маркийн моделийг нь мэдэхгүй гар утсаа 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дүүгийн гэрээс нь бэр Г.Энхгэрэлээс аваад 7 хоногийн өмнө танилцсан Нараа гэх эмэгтэйтэй гар утсаар сольсон. Нараа гэдэг эмэгтэй хөдөө байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх13-14/
-Гэрч Ц.Г-ын “...Би эрх үүргээ ойлгосон, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. 2020 оны 12 сарын 31-ний орой би Сайнцагаан сумын Аривжихын 9-5 тоотод өөрийн хүү Г.Л, бэр Г.Энхгэрэл ач Л.Сүхбат, охин Г.У нарын хамт байж байсан. Хүү Г.Л эгч У-тайгаа утас өгч авснаас болоод маргалдсан. Г.Л гэрийн баруун талд сандал дээр сууж байсан Г.Уыг барьж аваад гэрийн хойд хэсэг шалан дээр унагаахаар нь болиулсан. Г.У сууж байсан чинь Г.Лхагва- Өлзий энэ утсаа ав гээд Г.У луу шидсэн чинь нүднийх нь дээд талд оносон. Тэгээд түргэн дуудаад Г.Уыг эмч аваад явсан. Г.У нэлээн согтуу байсан, Г.Л бол эрүүл байсан. Г.Л, Г.Уыг цохиж зодоогүй, гэрийн хойд хэсэгт хэвтүүлж байгаад хоолойноос нь боосон, өөрөөр цохисон юм бол байхгүй гэх мэдүүлэг /хх15-16/
-У ганцаараа амьдардаг. Би гэрт нь хааяадаа очдог. Г.У бид хоёрын өрхийн бүртгэл хамт амьдардаг гэж бүртгэлтэй байдаг. Г.У, Г.Л хоёр маргахаас өмнө Г.Уын биед гэмтэл учраагүй байсан. Миний хүү Г.Л 1990 оны 11 сарын 21-ний өдөр Дэлгэрхангай суманд төрөөд бага насаа аав, ээж дээрээ өнгөрөөгөөд, сургуульд 1-р ангид сураад гарчихсан санагдаж байна. Тэгээд мал маллаж байгаад 1 жил цэргийн алба хаасан. Одоо “Тэвшийн говь” ХХК-д галч ажилтай. Зан аашны хувьд олон янзын аашгүй, төлөв даруу зантай хүү байгаа юм гэх мэдүүлэг /хх17-18
-Гэрч Г.Э-ийн “...Би мэдүүлэг өгнө. 2020 оны 12 сарын 31-ний өдөр манай нөхөр Г.Л, хадам аав Ц.Ганбат, бага насны 2 хүүхдийн хамт гэртээ байж байсан. 18-19 цагийн орчимд манай хадам эгч Г.У орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Г.Л хажууд байсан. Хадам эгч согтуу байсан, тэгээд хадам эгч үглэж дуулаад “би чамд зөндөө юм өгсөн, би өнгөрсөн, янхан хүн” гээд орилоод байсан. Тухайн үед бид хэд чимээгүй л суугаад байсан. Тэгээд чимээгүй болохгүй агсраад байхаар нь манай нөхөр “та яасан их агсам тавьдаг юм” гээд шкафны урд сууж байхад боосон. Тэгээд зурагтын урд тал руу чирээд дээр нь гараад суусан. Тэгээд энэ утсаа ав гээд гудсан дээр байсан утас аваад шидсэн чинь Ууганаа эгчийн толгойг нь оноод хагалчихсан. Тэгээд Ууганаа эгчийн толгойноос цус гарахаар нь би түргэн дуудсан. Ууганаа эгчийн толгой нь хагарсан, сүүлд эмнэлэг дээр очиход баруун бил үү зүүн эгэм нь хугарсан байна гэсэн. Г.Л эвгүй л дарчихсан юм шиг байна лээ. Ууганаа эгч хааяа л нэг ирдэг юм, ирэхдээ дандаа согтуу ирдэг. Аавд бол дандаа л агсам согтуу тавьж байсан юм шиг байна лээ. Би сүүлд ирсэн болохоор өмнө нь яадаг байсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-19/
- “...Би Л-ийн эхнэр байгаа юм. Бид 2-т гэрлэлтийн бүртгэл байхгүй дундаасаа 2 хүүхэдтэй, манай том хүүхэд 1 нас 6 сартай, бага хүүхэд маань1 сар гарантай. Манай нөхөр нь илүү дутуу зангүй, хүмүүстэй бол харьцахад ямар нэгэн сонин хөгийн зан ааш гаргаад байдаггүй. Бид хоёр 2018 онд гэр бүл болж байсан. У эгч манайд ирээд эхлээд цай уусан, дараа нь агсам тавьж эхэлсэн. Тухайн үед биед нь харагдах ил шарх байгаагүй. Манайд ирэхдээ машин дотроос буугаад орж ирсэн. Би гэртээ сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-21/
-Гэрч Б.П-ийн “...Тухайн үед би жижүүрт гарч байсан. 2020 оны 12 сарын 31-ний орой 20цаг 40 минутад Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 103-аар Г.У гэх хүн бусдад зодуулсан гэх асуумжтай ирсэн. Г.Уын биед үзлэг хийхэд толгойн үстэй хэсэг өвчин эмзэглэлтэй, хаван хавдартай, духны зүүн талд язарсан шархтай, зүүн эгмээр өвчин эмзэглэлтэй, хаван хавдартай байсан. Тухайн хүний зүүн духны язарсан шархыг шалгаж ариутган, анхдагч цэгцлэлт хийж ариун боолт хийсэн. Толгой, цээжний рентген зураг авхуулсан. Рентген зургаар зүүн эгэмний яс дунд хэсгээрээ хөндлөн зөрүүтэй, хугаралтай байсан. Толгойны рентген зурганд илэрхий өөрчлөлтгүй байсан. Тухайн хүнд эгэмний 8-н тоо хэлбэрийн боолт хийж, эмийн зөвлөгөө хийж буцаасан. Тухайн үед Г.Уын эгэмний гэмтэл нь хөхрөлт, няцралтгүй байсан. Үүнээс дүгнэж үзэхэд Г.Ут учирсан гэмтэл нь зодуулсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-23/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай “... Б.Уын биед зүүн эгэм ясны хугарал, духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн эгэм ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духанд үүссэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх25-26/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх4-6/
- Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Г.Л нь 2020 оны 12 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Аривжихын 9-5 тоотод байх өөрийн гэртээ төрсөн эгч Г.Уын бие махбодид агсам тавилаа гэх шалтгаанаар боох, чирэх, унагах, дарах зэргээр бие махбодид нь халдсан, мөн утсаа харамлалаа гэх шалтгаанаар Samsung маркийн гар утас шидэж духанд нь онох зэргээр халдсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Л нь өөрийн төрсөн эгч Г.Уын бие махбодид боох, чирэх, унагах, дарах зэргээр халдсаны улмаас “зүүн эгэм ясны хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, Samsung маркийн гар утас шидэж духанд нь оносны улмаас “духанд язарсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Лн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тусдаа хангасан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.Л нь агсам тавилаа гэх шалтгаанаар хохирогч Г.Уын бие махбодид боох, чирэх, унагах, дарах зэргээр халдаж зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл төгссөний дараа дахин утсаа харамлалаа гэх шалтгаанаар Samsung маркийн утас шидэж, хохирогчийн духанд шарх бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хоёр өөр төрлийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Г.Лг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.У нь шүүгдэгч Г.Лн төрсөн эгч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад хохирогч Г.Уын зан харилцааны зүй бус үйлдэл нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Г.Лд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг тус тус сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Лд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэр-ажил, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад очихоос бусад газраар зорчих эрхийг нь хязгаарлах” ял оногдуулах саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Тухайлбал: Шүүгдэгч нь Тэвшийн говь ХХК-нд ажилладаг талаар түүний аав болон шүүгдэгч өөрөө мэдүүлдэг боловч түүний ажлын газар хаана байрладаг, гэр болон ажлынхаа хооронд ямар маршрутаар зорчих боломжтой зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ял оногдуулсан тул түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Г.У нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Г.У нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Г.Лн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн зэргийн хохирол учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ....... овгийн Г.Л-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ..... овгийн Г.Л-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Л-н нийт эдлэх ялын хэмжээг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хохирогч Г.У хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.У нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ