Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Б.Батцэцэг

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн 2122000200025  тоот  хэргийг 2021 оны  3 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ........ дугаар сарын .........-ны өдөр ........ аймгийн ...... суманд төрсөн, .............., ........., ам бүл ........., ..........хамт ............. аймгийн ............. сумын .......... дугаар баг ....... байр ........ тоотод оршин суух, ....... овогтой Х.Б гэв.  

 

          Шүүгдэгч Х.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд ........ аймгийн ...... сумын  ...... дугаар баг худалдааны гудамжинд байх иргэн А.Б-ын түрээсийн байранд хохирогч С.Б-тай үл ялих зүйлээр маргалдан хутгыг зэвсгийн чанартай ашиглан биед нь халдаж, эрүүл мэндэд нь мөрөнд нь шарх, бугалга хөхөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          1.Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ  “Тэр өдөр бид хэд архи уусан. Тэгээд хоол хийх гээд ширээн дээр мах, хутга гаргасан байсан. Батзаяа бид 2 мах чи хэрч, би хэрч гэж байгаад нэг мэдсэн Б-ийн энгэрээс нь цус гарч байсан. Би хутга дүрсэн байсан. Цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхыг анхаарч явна” гэв.

 

 

          2.Хохирогч С.Б-ийн “...Би 2021 оны 1 сарын 06-аас 07-нд шилжих шөнө би найз Б-ын хажууд байр хөлсөлдөг, нэрийг нь мэдэхгүй танил залуугийн гэрт очиж тэр залуутай хамт 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи нэг шилийг хувааж уучихаад унтсан.  Тэгээд өглөө хажууд нь байх найз  Б-нд орсон. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Зүүн талын мөрний доод хэсэгт шарх байгаа. Энэ шархыг хэн учруулсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-24/

          - Би болсон өдрийг нь одоо сайн санахгүй, мартсан байна. 2021 оны 1 дүгээр сарын эхээр өглөө 09 цаг өнгөрч байхад өмнөх өдөр архи уусан байсан, шараа тайлахаар Б-нд очсон, би гэрээсээ гараад ганцаараа очсон. Б-нд очиход Д, Б 2 байсан, өөр хүн байгаагүй.  Бид гурав уулзаад архи уухаар болсон. Тэгээд байж байтал хажуу айлын нэрийг  нь мэдэхгүй, хөрш 35 орчим насны залуу орж ирсэн. “ Ах нар ганц юм уух уу” гэж орж ирсэн залуу хэлсэн.  Архинд Д гарсан. Архины мөнгийг орж ирсэн айлын залуу гаргасан. Гэрт байхдаа Бүрэнтогтохтой утсаар яриад архи байгаа гэхээр нь авчруулсан. Тэгсэн Б 2 шил 0.75 литрийн хараа архи авч ирсэн.  Нэг шил архийг нь 25,000 төгрөг гэж байсан. Дэлгүүрээс нөгөө залуу үнээ гэж ярьдаг пиво, нэг том кола авчирсан. Тэгээд архиа ууцгаасан. Архийг хажуу айлын залуу аягалж өгсөн. Тэгээд архи ууж тасарсан байна лээ. Нэг мэдсэн эмнэлэгт хагалгаанд орчихсон гарч ирээд хэвтэж байсан. Би юу болов гээд эмчээс асуухад та ухаан алдсан, цус алдсан, мөрөн дээрээ хутгалуулсан гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө хутгалуулсныг мэдсэн.  Миний санаж байгаа зүйл бол эхний архийг ууж байсныг санаад байна. Сүүлийн архийг уусан эсэхээ санахгүй байгаа... Дээгий бид хоёрын хооронд өс хонзон байхгүй. Дээгийг эртнээс танина. Биеийн байдал одоо зүгээр болсон.  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-26/

          3. Гэрч Н.Б-ын “...Би 2021 оны 1 дүгээр сарын 06-аас 7-нд шилжих шөнө Б гээд манай түрээсийн байрны хөрш ахынд байнга орж, гарч байдаг зүс таних Агий гэж дууддаг ах хаалга тогшиж орж ирээд “одоо ганц юм авъя” гэхээр нь би “ахаа хоёулаа маргааш болъё” гээд манай гэрт унтсан. Тэгээд өглөө нь тэр А-гий гэх ах “би чамд нэг хүүхэн авчирч өгөх үү” гэхээр нь “тэг тэг” гэсэн чинь тэр ах гараад явсан. Тэгээд өглөө 10-11 цагийн үед гаднаас нэг хүүхэнтэй хамт орж ирсэн. Тэгээд манай хаалгыг тогшоод “намайг Б-нд ороод ир” гэсэн. Тэгээд хөрш Буянбат ахын гэрт очтол Дээгий гэж дууддаг Б ахын найз хамт байсан. Тэгээд 3 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи байсан. Хэн архи авч ирснийг мэдэхгүй.  Тэгээд намайг ороод очтол тэр хэд намайг “ганц юм аваад ир” гэхээр нь би гараад дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй пиво авч ирсэн. Тэгээд Буянбат ах, түүний найз Д гэх хүн манайд хоносон А-гий гэх хүн түүний дагуулж ирсэн эмэгтэй бид 5 миний авч ирсэн пиво болон эхний 2 шил архийг хувааж уусан. Энэ хооронд Б ах байн байн гарч утсаар яриад байсан. Б ах цонхноос гадагш өлгөсөн байсан тортой махаа оруулж ирээд “энэ эмэгтэйгээр сайхан хоол хийлгүүлж идье” гэж байсан. Тэгээд Б ах гарч утсаар ярих хооронд хамгийн  сүүлийн шилтэй архиа задлаад ууж байгаад А /жинхэнэ нэр нь Б юм байна лээ/ гэх хүн Д гэх хүнтэй мах хэрчихээс болж маргалдсан. Маргаан нь даамжраад Д гэх хүн Агий гэх хүн рүү заазуур бариад далайгаад байхаар нь би тоглож байгаа байлгүй дээ гэж бодож байтал Д гэх хүн заазуураа хэзээ ч юм сольж хутга бариад Агий гэх хүний өөдөөс дүрсэн. Тэгээд би арагш нь түлхэж унагаагаад гараас нь хутгыг нь булааж аваад паарны араар хийсэн.  Тэгээд байж байтал Б ах гаднаас орж ирэхээр нь би болсон хэргийг хэлтэл Д гэх хүнийг нүүрэнд нь нэг удаа алгадаад толгойгоороо мөргөөд “энэ муу манайд дандаа ингэж агсан тавьж байдаг юм, 2 дахиа болж байна, 3 дахиа бол би тэвчихгүй шүү” гэж хэлээд гэрээсээ хөөгөөд гаргасан.  Тэгээд А гэх хүн гараараа зүүн мөрөө бариад автал гар нь цус болсон байхаар нь би эмийн сан орж бинт, цус тогтоох цацлага зэргийг авч ирээд Б ах боох гэсэн боловч цус нь тогтохгүй байхаар нь Б ах бид 2 Агий гэх ахыг эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд архи уусан байсан. Ирсэн эмэгтэйг танихгүй” гэх мэдүүлэг /хх28-29/

          4. Гэрч А.Буянбатын “...Би 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад найз Б-ийн эхнэр Ганаа над руу залгаад “найз чинь агсан тавиад байна, ирж ав” гэхээр нь би гэрээс нь очиж авсан юм. Тэгээд гэртээ дагуулж ирээд Батзаяа бид 2 унтаж байтал шөнө гараад явчихсан байсан.  Би өглөө гэр орондоо байж байтал Б 08 цагийн үед ороод ирсэн, тэгээд “эхнэрийнхээ машиныг асаачихаад ирье” гээд гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд “эхнэр загнаад хөөгөөд болдоггүй, уух юм байна уу” гэхээр нь би “байхгүй” гэтэл гараад явсан. Тэгээд би босчихоод байж байтал Батдэлгэр манай байранд өрөө түрээслэдэг залуутай хамт нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи бариад орж ирсэн. Араас нь Б нэг хүүхэнтэй хамт орж ирсэн. Тэгээд бид 5 ууж дуусгаад Батдэлгэр ахиад архи авна гээд гараад явсан, ирэхдээ 0.75 литрийн хараа архи аваад ирсэн. Тэр архиа бас Б, Б, хажуу өрөөний залуу, нэрийг нь мэдэхгүй эмэгтэй бид 5 хувааж уусан. Дуусаад би Б руу залгаад “ганц юм байна уу” гэхэд байна гэхээр нь би “зах дээр аваад ир” гэсэн, аваад ирсэн. Би Б-д бэлэн 25.000 төгрөг өгөөд 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи нэг шилийг авсан. Түүнийгээ гэрт оруулж тавьчхаад утас дуугарахаар нь хартал эхнэр байхаар нь би гадагшаа гарч ярих гээд гарсан. Ойролцоогоор 5 минутын дараа гэрт ороод иртэл орон дээр нөгөө эмэгтэй, хойно нь хөрш залуу, түүний хойно Батдэлгэр сууж байсан. Батзаяа босоод зогсчихсон байсан. Намайг ороод ирсэн чинь Батзаяа “Батдэлгэр намайг хутгалчихлаа” гэхээр нь би аль гээд Б-ийн цамцыг нь тайлтал зүүн талын мөрний орчимд хутгалсан байсан. Тэгээд би уурлаад баруун гараараа Б-ийн зүүн хацарт нь нэг удаа алгадаад, толгой руу нь нэг удаа толгойгоороо мөргөөд гэрээсээ хөөгөөд явуулсан. Батзаяагийн шархнаас цус гараад байхаар нь би хөрш залууг эмийн сан руу явуулсан. Хөрш залуу эмийн сангаас бинт марл, цус тогтоогч шүршдэг зүйл авч ирсэн. Би цусыг нь цэвэрлээд тогтоох гэтэл цус нь  тогтохгүй нэвтрээд байхаар нь нэрийг нь мэдэхгүй хөршийн залуу бид 2 Батзаяаг эмнэлэг дээр авч ирсэн” гэх мэдүүлэг /хх30-32/

            5.Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  25 тоот: “...С.-ийн биед мөрөнд шарх, бугалга, хөхөнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх36-37/

 

            6.Гэмт хэргийн талаарх  гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/

            7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-7/

            8. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх8-9/

            9. Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын  7 дугаар баг, худалдааны гудамжинд байх иргэн А.Буянбатын түрээсийн байранд хохирогч С.Б нь бусдад мөрөн тус газраа хутгалуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын дараа хохирогчиийн бие махбодид “мөрөнд шарх, бугалга, хөхөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.

          Хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд учирсан “мөрөнд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгч Х.Б нь хутгалж учруулсан болох нь гэрч А.Б, Н.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Шүүгдэгч Х.Б-ийн хохирогч С.Б-г хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч ..... овогтой Х.Б-ийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Х.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.419.500  төгрөг төлсөн болох нь хэргийн 19-20-рт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр өөрийн холбогдсон  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч Х.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  

          Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгч Х.Бт  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгч нь 1.419.500 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд мөрийн баримтаар  хутга /ажлын хэсгийн урт 12.6 см, нийт урт нь 22 см, шаргал өнгийн бариултай/ 1 ширхэг, заазуур /ажлын хэсгийн урт нь 14.5 см, нийт урт нь 27 см, шаргал өнгийн бариултай/ 1 ширхэг, цэнхэр өнгийн подволк /богино ханцуйтай, цус мэт зүйлээр бохирлогдсон/ 1 ширхэг тус тус хураагдаж ирсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн  Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.           

          Шүүгдэгч Х.Б-т хувийн баталгаа гаргах, хохирогч С.Б-тай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, урьд авсан хохирогч С.Б-тай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болголоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ....... овгийн Х.Б хутгыг зэвсгийн чанартай ашиглан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....... овогтой Х.Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.419.500  /нэг сая дөрвөн зуун арван есөн мянга таван зуун/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Б нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Б-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, заазуур 1 ширхэг, цэнхэр өнгийн подволк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  урьд авсан хохирогч С.Б-тай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ