Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 207

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 5 дугаар хэсэг 099 тоотод оршин суух, 28 настай, эмэгтэй, Сүхбаатар сумын 12 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багш ажилтай Дон бошигт овогт Бат-Очирын Дэлгэрцэцэгийн /МЯ-88092701/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр баг Найрамдал 1-29 тоотод оршин суух, 28 настай, эрэгтэй, одоо Алтанбулаг сумын бүрэн дунд сургуульд англи хэлний багш ажилтай Боржигон овогт Эрдэнэ-Очирын Мөнх-Оргилд /МА-88041715/ холбогдох

  “Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэг, хариуцагч Э.Мөнх-Оргил,, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2010 оны 09 дүгээр сард Алтанбулаг сумын дунд сургуульд багшилж байхдаа Э.Мөнх-Оргилтой танилцсан. Бид хоёр 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин М.Нандин-Эрдэнэ төрсөн. Бид 2 хадам аавындаа нэг жил гаруй л хамтран амьдарсан. Бид хоёрын хоорондын зан харьцаа, бидний гэр бүлийн хүмүүжил хүртэл өөр байсан учраас хоорондоо таарахгүй, Э.Мөнх-Оргил нь архи их уудаг, 7 хоногт бараг л 2 өдөр нь эрүүл байдаг. Сүүлдээ надад гар хүрдэг болсон учраас бид 2012 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон. Тус тусдаа амьдрах энэ 5 жилийн хугцааанд охиноо эргэж тойрох, туслалцаа үзүүлж байгаагүй. Харин эмээ, өвөө хоёр нь л тусалж дэмждэг байсан. Бид хоёрын хувьд тусдаа амьдарч байгаагүй. Миний хувьд найз залуу байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх.

 

  Хариуцагч Э.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Бидний салах болсон гол шалтгаан нь Б.Дэлгэрцэцэг нь гурван жилийн өмнөөс өөр хүнтэй хамтран амьдарсан. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Гэхдээ хүүхдийн тэтгэлэг төлөхдөө хугацаатай хадгаламж нээлгээд хийж баймаар байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй Э.Мөнх-Оргилд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2010 онд танилцан гэр бүл болж, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр М.Нандин-Эрдэнэ төрсөн болох нь дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №0163894 дугаартай  “Гэрлэлтийн гэрчилгээ”, охин М.Нандин-Эрдэнийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрснийг 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэсэн №0000687785, Г-116 тус тус бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ийн хуулбарууд  зэрэг болно.  

 

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь 2012 оноос эхлэн тус тусдаа 5 жил гаруй амьдарч, зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Би 2010 оны 09 дүгээр сард Алтанбулаг сумын дунд сургуульд багшилж байхдаа Э.Мөнх-Оргилтой танилцсан. Бид хоёр 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин М.Нандин-Эрдэнэ төрсөн... Э.Мөнх-Оргил нь архи их уудаг, 7 хоногт бараг л 2 өдөр нь эрүүл байдаг. Сүүлдээ надад гар хүрдэг болсон учраас бид 2012 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон... Миний хувьд найз залуу байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэх, хариуцагч шүүхэд гаргасан  тайлбартаа “...Миний зүгээс гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Бидний салах болсон гол шалтгаан нь Б.Дэлгэрцэцэг нь гурван жилийн өмнөөс өөр хүнтэй хамтран амьдарсан. Хүүхдийн тэтгэлэг төлнө...” гэх мэдүүлгээр зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул  гэрлэлтийг цуцлах  үндэслэл болно.

 

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Нандин-Эрдэнийг эх Б.Дэлгэрцэцэгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Нандин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-д  зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Мөнх-Оргилоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна. 

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Э.Мөнх-Оргилоос М.Нандин-Эрдэнэд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (/164.300:2х12=985.800төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.701 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Э.Мөнх-Оргил, Б.Дэлгэрцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Нандин-Эрдэнийг эх Б.Дэлгэрцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Нандин-Эрдэнийг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Мөнх-Оргилоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болорхыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Э.Мөнх-Оргилоос 29.701 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ч.Нарангэрэлд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах  эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.СОЁЛМАА