Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/32

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын  яллагч Б.Батцэцэг

          Хохирогч А.Э

          Хохирогчийн  өмгөөлөгч Ц.Энхбаяр /цахим/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш

          Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 2022001540092 тоот  хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... сарын ..........-ны өдөр төрсөн, .......... боловсролтой, ам бүл .......... хамт Дундговь аймаг ....... сум ............. оршин суух,  ..........., ....... овогт А.Б гэв.

 

Шүүгдэгч А.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ хохирогч А.Э-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7 дугаар багийн Их тойруугийн 6-601 тоот хашаанд байх хуучны тоосгоны үйлдвэрийн объектоос 2020 оны 03 дугаар сард 5000 ширхэг цагаан тоосгыг хууль бусаар зарж борлуулах замаар завшсаны улмаас 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ханын материалын хашаанд манайх буугаад идэх хоол ундгүй байхад хүн тоосго авъя гэхээр нь тоосгыг зарсан. Өөрсдөө буулгаад авсан. Би буулгалцаагүй. Би мөнгө л авсан. Би энэ хүнийг хохирооё гэж бодоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэдэн хүүхэд хоол ундгүй өлсөөд байхаар нь зарсан гэв.

2.Хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 4 сарын 29-нд өөрийн газар дээрээ ирсэн. Тэгтэл манай байшин гадна тал нь нурсан байхаар нь асуутал хүн авсан хүнд зарсан гэж хэлж байсан. Тэгээд би цагдаад гомдол гаргасан. Баяраа байх хугацаандаа надад хохирол учруулж байгаагүй. Баяраа хүйтэн орохоос өмнө танай хашаанд бууя гээд надаас гуйсан. Тэгээд би буулгаад түлш, тог усыг нь хангаж өгсөн. Энэ хэрэг одоо зөвхөн Баяраад холбогдоод яваад байгаа. Баяраа бол өөрөө буулгаагүй, миний гаргасан гомдол дутуу шалгагдаад явж байгаа. П өөрөө буулгаж эвдлээд авсан, Баяраагаас зарчих гэж шахаж байгаад авсан байдаг. Байшинг эвдэж хорлон сүйтгээд авсан гэж үзэж байна. Шүүгдэгч Баяраа буруутай гэдгээ хэлсэн. Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд миний гаргасан гомдол байгаа. Зүгээр зарж байгаа тоосго авсан бол нэг өөр хэрэг, бүр байшинг эвдэж сүйтгээд аваад явсан. Шүүгдэгчийг хууль эрх зүйн мэдлэггүй, хоол унд, амьдралын боломжгүйг нь далимдуулан авсан гэж харж байна. Тиймээс прокурорт буцааж, дахин шалгуулах саналтай байна гэв.

 

3. Иргэний нэхэмжлэгч П “Би аймгийн төвд шинэ газар авч байшин барих гэж байгаа юм. Тэгээд байшин барих тоосго хайж байгаад аймгийн төвийн зүүн урд хуучин үйлдвэрийн барилга байдаг газар очиход манаач нь бололтой нэг гэр байсан. Тэр гэрт очтол эхнэр нь бололтой нэг эгчтэй уулзаад “танайх хуучин барилгынхаа тоосгыг зардаг уу” гэтэл тэр эгч “тоосго зардаг” гэж хэлсэн. Тэгтэл нөхөр нь гаднаа мотоцикл янзалж байгаад хүрээд ирсэн. Тэгээд барилгынх нь хажуугаар нөхрийнх нь хамт очиж үзсэн ба би “5000 ширхэг тоосго авъя, та хэдэн төгрөгөөр зарах вэ” гэтэл “нэг ширхэг тоосго 350 төгрөгөөр зарна” гэхээр нь би “хуучин тоосго юм чинь та арай хямдхан өгчих л дөө, 5000 тоосгоо 500.000 төгрөгөөр зарчих” гэтэл Баяраа ах надад “за яах вэ 5000 ширхэг тоосгыг 400.000 төгрөгөөр ав” гэж надад хэлсэн. Тэр ахыг Баяраа гэж байсан. Тэгээд худалдаж авахаар тохирсон ба Баяраа ах надад “буулгаад өгвөл өдрийн 30.000 төгрөгийн цалинтай ажиллаж болно, өөр хүмүүс авчруулаад тийм үнээр цалинжуулаад ажиллуулж болно” гэхээр нь би “өөр хүн хэрэггүй, би өөрөө буулгаад авчихъя” гэж хэлсэн. Баяраа ах надад хэлэхдээ “манайд зөндөө хүмүүс ирж тоосго авдаг” гэж ярьж байсан. Дараа нь би тоосгоо авах гээд очтол Баяраа “захирлаасаа асууж байгаад наадхыг чинь буулгуулъя” гээд 30-40 орчим минут хүлээлгэсэн. Тэгээд “за за буулгаж бай, захирал өөрөө ярина гэсэн” гэж хэлэхээр нь бид нар буулгаж эхэлсэн. Тэр өдрийнхөө маргааш өглөө нь дахин тоосго буулгаж зөөхөөр очиход Баяраа ах надад “захирал одоохон мөнгө хийгээдэх гээд байна” гэхээр нь би Баяраа ахаас шилжүүлэх дансыг нь аваад эхнэр лүүгээ утсаар яриад тухайн данс руу нь 400.000 төгрөг шилжүүлүүлсэн юм. Тэгээд бид нар тоосгоо буулгаад ачаад явсан юм. Дундговь аймгийн төвийн зүүн урд Ган-Илч ХХК-ний зүүн талд бетонон хашаатай, баруун талаасаа ордог хаалгатай, хашаан дотроо баруун хойд хэсэгтээ тэр Баяраа ахын гэр нь байсан. Тоосго нурааж авсан байшин нь хашааны зүүн хойно хуучин үйлдвэр бололтой хуучин барилга байсан. Дээрх тоосгыг бид нар молдок, лоомоор хананаас нь хөшиж салгаад хадам ах Дийн цэнхэр өнгийн давхар кабинтай Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгслээр зөөсөн юм. Нэг удаад 1000 ширхэг тоосго буулгаад зөөж байсан. 2020 оны 03 сарын 27 болон 28-ны өдрүүдэд тоосгонуудаа буулгасан юм. 2020 оны 03 сарын 29-ний өдөр Улаанбаатар хот яваад тухайн тоосго ачих гэж байсан машинаа янзлуулаад 2-3 хоноод эргэж аймгийн төв дээр ирээд дахин 3 хоног буулгаад зөөсөн. Тухайн тоосгоо хадам ах Пхашаанд буюу Сайнцагаан сум 9-р баг Тосгоны 7-4 тоотод буулгасан байгаа. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг мэдэхгүй байна. Хадам Д, хадам дүү Ш, хадам дүү Отгончимэг бид нар буулгаж ачсан юм. Баяраа гэдэг хүн нь тэр хашааны манаач гэж байсан. Захирлаасаа зөвшөөрөл авсан талаараа бид нарт хэлээгүй. Ямар ч асуудал байхгүй, манайх угаасаа тоосго зардаг юм гэж надад хэлж байсан. Тухайн 5000 ширхэг тоосго хадам ах Пхашаанд буулгасан газраа хэвээрээ байгаа ба огт ашиглаагүй байгаа. 400.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх19-20/

 

            4. Гэрч Г.У “... Би тэр хашаагаар орж гардаг юм. Учир нь тэр хашааны манаач Бор гэх хочтой Баяраагийнд хүүхдээ харуулдаг байсан юм. 2020 оны цагаан сарын дараа 03 сарын дундуур би малын мах өлгөх дэгээ төмөр авах зорилгоор тухайн хашаанд очоод Баяраатай уулзахад тэр хашааны хойд хэсэгт байдаг байшингийн гадна талын цагаан өнгийн тоосгыг 2 залуу цахилгаанаар ажилладаг молдоктой нурааж байсан. Тэгэхээр нь би “энэ байшин нурааж байгаа юм уу” гэж Баяраагаас асуухад “тиймээ” гэсэн. Тэгээд би төмөр үзтэл хэтэрхий нарийхан болохоор нь би авахаа болиод яваад өгсөн. Би гэрт нь ороогүй болохоор гэрт нь ямар хүн байсныг мэдэхгүй. Баяраа хашаан дотроо зогсож байсан. Тоосго нурааж байсан 2 хүн байсан ба цэнхэр өнгийн давхар кабинтай ачааны Бонго машин байсан юм. Би тэр хоёр хүнийг танихгүй. Би машиных нь дугаарыг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх26-27/

 

5. Гэрч Г.Б“...Би Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 13-13 тоотод ээж О, нөхөр П, охин Сондор нарын хамт амьдардаг ба нөхөр бид хоёр хашаандаа байшин барих гэж байгаа юм. Тэгээд манай нөхөр байшин барих тоосго хайж явсан бөгөөд нэг хүнээс тоосго авахаар боллоо гэж надад 2020 оны 03 сарын сүүлээр надад хэлсэн. Тэгээд тухайн тоосгыг авч эхэлж байхдаа 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр авч байгаа гэсэн ба би тэр үед ажилтай байсан юм. Тэгээд өөрийн 5166314671 дугаарын данснаас тоосго зарсан гэх хүн рүү нь дээрх мөнгийг шилжүүлсэн юм. Аймгийн төвийн зүүн урд байх хуучин үйлдвэрийн хашааны барилгаас авах гэж байгаа гэж надад тэр газраа зааж өгсөн юм. Тэр нь хуучин барилга байсан. Цагаан өнгийн хуучин тоосгонууд байсан юм. 5000 /таван мянган/ ширхэг тоосго авсан гэж байсан. Миний төрсөн ах болох Дийн давхар кабинтай цэнхэр өнгийн Бонго ачааны машинаар зөөсөн. Тухайн тоосгыг байшингаас нь нурааж авсан гэж байсан ба манай нөхөр П, төрсөн ах Д, миний дүү Отгончимэг, дүү Ш нар буулгаж ачсан гэж байсан. Хэдэн удаа зөөснийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх28-29/

 

6. Гэрч Б.  “...Би Хулд сумын 4-р багт мал маллаж амьдардаг юм. 2020 оны 03 сарын сүүлээр манай хүргэн болох П нь байшин барих гэж байгаа юм, би тоосго хүнээс авахаар болсон юмаа. Та ачааны машинаараа ачилцаад, зөөлцөөд өгөөч гэж гуйхаар нь би хөдөөнөөс өөрийн эзэмшлийн 57-99 ДУА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго Жи-3 маркийн давхар кабинтай машинтайгаа аймгийн төвд ирсэн. Тэгээд тэр тоосго авна гэсэн газар нь очоод хуучин барилгаас цагаан өнгийн тоосгыг хананаас нь буулгасан юм. Тэгээд маргааш нь машинаа янзлуулах зорилгоор Улаанбаатар хот руу явсан. Тэгээд хотод 2-3 хоночхоод эргэж Дундговь аймаг дээр ирээд нөгөө байшингаасаа дахин тоосгоо буулгаж ачсан. Нийтдээ 4-5 өдөр тухайн тоосгыг хананаас нь нурааж ачсан юм. П надад хэлэхдээ 5000 ширхэг тоосгыг 400.000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж хэлсэн. Зарсан хүнийг нь би танихгүй. Настайвтар бололтой хүн байсан. Тухайн хашааны манаач гэж байсан. Дундговь аймгийн төвийн зүүн урд хэсэгт Ган-Илч ХХК-ний барилгын зүүн талд байх цементэн хавтангаар хийсэн хашаатай хуучны барилгаас тоосгыг нь нурааж авсан. Тэр манаач хүнийх нь гэр тэр хашаан дотроо баруун хойд талдаа байсан. П бид хоёр буулгасан. Зөөхөд манай дүү болох О, Ш нар зөөлцсөн. Тоосгыг буулгахдаа молдок, лоом зэрэг багажаар буулгасан. Тухайн 5000 ширхэг тоосго манай төрсөн ах болох Пхашаанд нь хураалттай байгаа. Тэдгээр тоосгыг огт ашиглаагүй байгаа. Нийтдээ яг 5000 тоосго ачсан. П тэр манаач гэх хүнтэй нь ярьж тохирсон гэж байсан. Манаач нь захирлаасаа асуусан гэж байсан...” гэх мэдүүлэг  /хх32-33/

 

7. Насанд хүрээгүй гэрч Л.О “...П нь миний хүргэн ах байгаа юм. 2020 оны 03 сарын сүүлээр П ах намайг “тоосго зөөлцөөд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “за” гээд Дундговь аймгийн зүүн урд нэг хуучин барилга байсан. Тэр барилга нь гадуураа бетонон хашаатай, баруун талаасаа ордог хаалгатай байсан. Тэнд байсан нэг хуучин барилгын гадна талын цагаан өнгийн тоосгыг буулгаж зөөсөн юм. Нийт 5000 ширхэг тоосго зөөсөн. Тэр хашаанд манаач нь гээд нэг намхан бор ах байсан. Тоосгыг буулгахад нь Ш бид 2 оролцоогүй ба зөвхөн зөөхөд нь тусалсан. Зөөхдөө Д ахын цэнхэр өнгийн давхар кабинтай Бонго жи-3 маркийн машинаар зөөсөн юм. Буулгахдаа П ах болон Д ах нар лоом, молдок зэргээр буулгаж байсан. Өөр хүн оролцоогүй. Хэдэн төгрөгөөр авснаа надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-35/

 

8. Гэрч Д.Б “...Э-ыг танина. Манай компани аймгийн төвийн дулааны станцдаа халаалтын тогоондоо ашиглах гэж тоосго авдаг байсан юм. Хамгийн сүүлд 2019 оны 08-09 сарын үеэр тоосго авсан. Тэгэхэд 700 орчим  тоосго худалдаж авсан. Манай компани ер нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд тогтмол намрын цагаар тоосго Эоос авч байгаа юм. Манай компани халаалтын тогооныхоо өрлөгт ашиглах гэж галд тэсвэртэй тоосго Эоос авдаг юм. Шар өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй ба нэг тал дээрээ бөөрөнхий тэмдэгтэй тоосгонууд байдаг юм. 12 см өргөн, 5 см зузаан тоосго байдаг юм. Аймгийн төвийн зүүн урд хэсэгт байдаг хуучин барилгатай хашаанаас авдаг  байсан. Ган-Илч ХХК-ний зүүн талын хашаа байгаа юм. Миний авдаг байсан тоосгонууд хашаан дотор нь хураалттай байдаг байсан. Сүүлд очиж авахад Э- байгаагүй. Өмнө нь авч байхад хашаан дотроо энэ тэнд хураасан байсан юм. Сүүлд авахад хэчнээн байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хх38-39/

 

9. Гэрч  Д.П “...Баяраа элдэв янзын зан аашгүй гэр бүлдээ халамжтай хүн байгаа юм.  Баяраа тайван дөлгөөн ааштай. Бид  2 суугаад удаж байгаа, хүү, охин хоёртой. Хүү Тэмүүжин 2010, охин Анужин 2008 онд төрсөн., хоёулаа сургуульд сурдаг. Баяраа тогтсон ажилгүй, олдсон ажлыг хийдэг, ажил голдоггүй. Ажилсаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-62/

 

 

10. Дундговь аймгийн  Сайнцагаан сумын  Үнэлгээний комиссын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 89 тоот дүгнэлтэд “Цагаан өнгийн хуучин тоосгон 1 ширхэг нь 300 төгрөг, шар өнгийн галд тэсвэртэй хуучин тоосго 1 ширхэг  нь 1100 төгрөг”  гэжээ /хх-42/

11. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

12. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-8/

13. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол  /хх64-65/

14. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх67-69/

15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7 дугаар багийн Их тойруугийн 6-601 тоот /хуучнаар ханын материалын хашаа/ хашаанд байх хуучин барилгын гадна талын  цагаан тоосгоноос 5000 ширхгийн 400.000 төгрөгөөр зарахаар шүүгдэгч А.Б нь иргэний нэхэмжлэгч Птай тохиролцсоны дагуу иргэний нэхэмжлэгч П нь уг байшингийн гадна ханыг буулгаж 5000 ширхэг цагаан тоосгыг авсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар уг байшингийн өмчлөгч нь хохирогч А.Э бөгөөд хохирогч нь шүүгдэгч А.Бгийн гуйлтаар “гэрийг нь хашаандаа буулгах, тог болон түлшээр хангах, шүүгдэгч А.Б нь хашаанд байгаа эд зүйлийг харж хамгаалах ”-р тохиролцон 2019 онд Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7 дугаар багийн Их тойруугийн 6-601 тоот /хуучнаар ханын материалын хашаа/ хашаанд шүүгдэгч А.Бг гэр бүлийн хамт буулгасан нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Бг хохирогч А.Эын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан этгээд гэж үзнэ.

Хохирогчийн зүгээс иргэний нэхэмжлэгч П нь шүүгдэгч А.Бгийн хууль эрх зүйн мэдлэггүй, хоол унд, амьдралын боломжгүйг нь далимдуулан тухайн тоосгыг хямд худалдан авсан, өөрсдөө буулгаж байшинг эвдэж сүйтгэсэн тул шалгаж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна.

Гэвч шүүгдэгч А.Б нь иргэний нэхэмжлэгч Пид “манайх тоосго зардаг, захирлаасаа асууя, захирал өөрөө ярина гэж байна, захирал мөнгөө шилжүүл гэж байна” гэх мэтчилэн өөрийн хууль бус үйлдлийг хохирогчийн зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэж байгаа мэт итгүүлэн тоосго зарж борлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. 

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч П нь шүүгдэгчийн хууль эрх зүйн  мэдлэггүй, амьдралын боломжгүйг нь далимдуулсан гэх шинж байдал болон уг гэмт хэргийг үйлдэхэд ямар нэг байдлаар оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Бд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдааны шатанд хохирогчийн “шүүгдэгч А.Бд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хүнийг ялгүй гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг  хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр 1 ширхэг тоосго 300 төгрөг, нийт 1.500.000 төгрөг гэж хохирлын хэмжээг тогтоосон боловч шүүгдэгчийн завшсан эд зүйлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж тогтоон битүүмжилсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч А.Эод битүүмжлэгдсэн 5000 ширхэг цагаан өнгийн тоосгыг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч А.Э “хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй, байшинг буулгаад тоосгыг нь авсан байхад хохирлын хэмжээг зөвхөн 5000 ширхэг тоосгоны үнэлгээгээр тогтоож байгаа үндэслэлгүй” гэсэн тайлбарыг гаргаж байна.  Гэвч анхан шатны шүүхээс хохирогчийн дээрх тайлбарыг үндэслэлтэй гэж  үзэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан ба давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд хохирогч А.Э нь өөрийн байшинг  өмнөх байдалд нь буцаан оруулахад гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй  болохыг заах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн худалдан авсан 5000 ширхэг тоосгыг битүүмжилсэн, энэхүү шийтгэх тогтоолоор хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэсэн ба иргэний нэхэмжлэгч П нь шүүгдэгч А.Бд тоосгоны үнэ болох 400.000 төгрөгийг  2020 оны 03 сарын 28-ны өдөр Д.П 5166314671 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн  28-рт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 400.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Пид олгох нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ........ овогт А.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаанд тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч А.Б-д хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2020 оны 6 сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 5000 /таван мянган/ ширхэг цагаан тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч А.Э-д, шүүгдэгч А.Б-аас 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч П-д тус тус олгосугай. 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Э нь тоосгыг нь буулгасан байшинг буцаан сэргээхтэй холбогдох зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.    

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар прокурорын 2020 оны 6 сарын 29-ний өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

          9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ