| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн 2122000150055 тоот хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......оны ....... дугаар сарын .......-ны өдөр төрсөн, ......, ........, ам бүл ......., .......... хамт .......... аймгийн ......... сумын ............. тоотод оршин суух, ........... овогтой Д.О
Яллагдагч Д.О нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 12 дугаар сарын 9-өөс 2021 оны 01 дүгээр сарын 03 хүртэлх хугацаанд давтамжтайгаар бусдын эзэмшлийн Хаан банкны 5026390506 дугаартай дансаар бооцооны мөнгийг урьдчилан шилжүүлэн авч фэйсбүүкийн “Од Аз” гэх хаягаар live хэлбэрээр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Teхac” гэх хөзрийн тоглоомыг хууль бусаар зохион байгуулж, ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр ..........Х хамт амьдардаг. 11 сард фэйсбүүк үзэж байгаад ийм тоглоом үзээд хөл хорионд орж, 12 сараас 1 сарын 03-ыг хүртэл тоглуулсан. Ингэж тоглоом тоглуулсандаа харамсаж байна гэв.
2. Гэрч Б.Н “Би Од аз фейсбүүк хаягаар 2021 оны 01 сард /өдрөө санахгүй байна/ орж покер тоглож байсан. Би тухайн тоглоомыг ямар утга учиртай яаж тоглодгийг нь мэдэхгүй. Тухайн үед гар утсаараа фейсбүүк ороод байж байтал миний төрсөн дүүгийн нөхөр О фейсбүүкээр миний төрсөн дүү Бямбатогтохын Хаан банкны 5026390506 дугаартай дансыг тавьчихсан live хийгээд тухайн тоглоомыг тоглуулж байсан. Тэгээд би харж байгаад тухайн данс руу нь нэг тоглолтын 10000 төгрөг шилжүүлээд 4-5 удаа тоглосон. Өөрийнхөө Хаан банкны 5462018052 дугаарын данснаас 4-5 удаагийн тоглолтын 40000-50000 төгрөг шилжүүлж тоглосон. Мөрийтэй тоглоом тоглуулж байсан хүн нь миний төрсөн дүү Бямбатогтохын нөхөр манай хүргэн байгаа юм. Миний дүүтэй суугаад 10 гаран жил болж байна. Би 4-5 удаа тоглоод 2 удаа хожиж байсан. Хожихдоо нийтдээ 20000 төгрөг хожиж байсан. Хүргэн Оын покер тоглуулж байсан фейсбүүк цахим хаягаар миний таньдаг хүмүүс орж тоглож байгаагүй. Миний мэдэж байгаагаар хүргэн О тухайн хаягийг 1 жил орчим хугацаанд ашиглаж байгаа байх. Өмнө нь Оыг ямар фейсбүүк хаягтай байсныг нь мэдэхгүй байна. Өмнө нь мөрийтэй тоглоом тоглуулж байгаагүй. 2021 оны 01 сард л тоглуулсан. О намайг өөрийнхөө “Од аз” фейсбүүк цахим хаягаар орж мөрийтэй тоглоом тоглохыг санал болгож байгаагүй. Тухайн үед би гар утсаараа фейсбүүк орж байтал хүргэн О “Од аз” гэх фейсбүүк хаягаараа live хийж байхаар нь ортол покер тоглуулж байсан. Тэгээд би сонирхоод тухайн тоглоомыг тоглож үзсэн юм. Би тухайн тоглоомыг тоглоод 30000 төгрөг алдсан” гэх мэдүүлэг /хх31-32/
3. Гэрч Б.З “2020 оны 12 сараас эхлэх Од аз гэх фейсбүүк хаягтай хамаатны ах болох Д.О нь цахим орчинд мөрийтэй тоглоом буюу /техас нэртэй покер тоглоом/-ыг зохион байгуулж тоглуулсан. Тухайн тоглоомд 5000-10000 төгрөгөөр мөрий дэнчин тавьж тоглодог. Д.О ахыг фейсбүүк хаягаараа лайв бичлэг хийж, тоглоом тоглуулахад би орж, мөрий тавин тоглосон асуудал байгаа. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5273035605 тоот дансыг ашиглаж 2020 оны 12 дугаар сараас эхлэн тоглож байгаа. Нэг удаагийн мөрий тавьж тоглохдоо 5000-10000 төгрөгийн хооронд дэнчин тавьж тоглодог. Д.О нь манай хамаатны ах байгаа юм”гэх мэдүүлэг/хх38-39/
4. Гэрч Б.Г “2020 оны 12 сард манай хамаатны ах болох Д.О нь өөрийн эзэмшдэг Од аз гэх нэртэй фейсбүүк хаягаараа манай хамаатнуудын дунд лайв бичлэг хийж техас нэртэй покер тоглоомыг зохион байгуулсан. Тэгээд манай хамаатууд тоглоом тоглоно гэхээр нь би 5000-10000 төгрөгийг Д.О ахын данс руу нь шилжүүлж тоглосон асуудал байгаа. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5009808081 тоот дансыг ашиглаж 10 гаран удаа тоглож байгаа. Нэг удаа тоглохдоо 5000-10000 төгрөгийн хооронд дэнчин тавьж тоглодог. Д.О нь манай хамаатны ах байгаа юм. Манай хамаатны ах болох Д.О нь олон хүүхэдтэй, ядруухан амьдралтай хүн болохоор хийж байгаа юмыг нь дэмжинэ гэж бодоод хэдэн төгрөг шилжүүлсэн асуудал байна. Тэрнээс биш ашиг хонжоо олох зорилгоор тоглоогүй өөр нэмж ярих байхгүй”гэх мэдүүлэг/хх43-44/
5. Гэрч С.Х “Би Од аз гэх нэртэй фейсбүүк хаяг, Хаан банкны 5026390506 гэх дугаарын дансаар холбогдож мөрий дэнчин тавьж тоглосон асуудал байхгүй. Миний хүүхдүүд миний дансыг ашиглаад тоглосон байж магадгүй. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5270319861 тоот дансыг ашигладаг. Мөрий дэнчин тавьж тоглосон асуудал байхгүй. Д.О нь миний хамгийн бага хүү байгаа юм. Дундговь аймагт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Сүүлд сонсоход манай хүүхдүүд хоорондоо мөрий тавьж тоглоом тоглосон асуудал гарсан байсан. Тэгээд манай хүүхдүүдийн нэг нь миний дансаар мөнгө шилжүүлээд тоглосон байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх48-49/
6. Гэрч Э.Б “Би Од аз гэх фейсбүүк хаяг, Хаан банкны 5026390506 дансаар холбогдож мөрий дэнчин тавьж тоглоом тоглосон. Би 5270675263 энэ дансаар 10000 төгрөгийн дэнчин тавьж 5-6 удаа тоглосон. Д.О нь манай аавын төрсөн дүү. Би 2020 оны 11-р сарын 11-ний үед корона гараад сургууль, цэцэрлэг хаагдсан үеэр фейсбүүк ортол маш олон хүмүүс покер тоглуулж байсан. Тэгсэн чинь таньдаг ах маань тоглуулж байхаар нь орж бүртгүүлээд тоглосон. Би 5-6 удаа тоглохдоо дээд тал нь 20000 төгрөг хожиж байсан санагдаж байна. Одоогоос 2-3 сарын өмнө учраас сайн санахгүй байна. Авч алдсаар байгаад таардаг байсан, хурааж хуримтлуулсан юм бол байхгүй” гэх мэдүүлэг/хх52-53/
7.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-7/
9. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх8-9/
10.Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Д.О нь 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд давтамжтайгаар бусдын эзэмшлийн Хаан банкны 5026390506 дугаартай дансаар бооцооны мөнгийг урьдчилан шилжүүлэн авч фэйсбүүкийн “Од Аз” гэх хаягаар live хэлбэрээр “Teхac” гэх хөзрийн тоглоомыг тоглуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Оын олон нийтийн цахим сүлжээг ашиглан бусдыг оролцуулан тодорхой хэмжээний хураамж буюу бооцоо авч, мөрийтэй тоглоом зохион байгуулж явуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь ашиг олохын тулд урьдчилан тоглоомын хөлөг болон бусад зүйлийг бэлтгэн, өөрөө санаачлан / Live хийж/ тоглуулж байгаа нь олон нийтийн сүлжээг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзээд шүүгдэгчийг олон нийтийн сүлжээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ.
Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж, яллагдагч Д.Оыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай” санал гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Оыг олон нийтийн сүлжээг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Оыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл прокурор хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай саналдаа шүүгдэгч Д.Оыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай санал гаргасан байх тул шүүхээс шүүгдэгчийг эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэх боломжгүй ба шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар тоглоомын цаасан хөлөг 2 /техас покер болон морин уралдааны/ ширхэг, цагаан цэнхэр өнгийн хайрцагтай задлаагүй хөзөр 1 ширхэг, SAMSUNG GALAXY S-8 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг тус тус хураагдан ирсэн байна.
Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаашид ашиглах боломжгүй хөзөр 1 хайрцаг, тоглоомын цаасан хөлөг 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SAMSUNG GALAXY S-8 маркийн хар өнгийн гар утас 1 ширхгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Учир нь: SAMSUNG GALAXY S-8 маркийн хар өнгийн гар утсаар шүүгдэгч Д.О нь олон нийтийн сүлжээнд нэвтэрч мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаарч байх байх тул улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ......... овогтой Д.О-ыг мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...... овгийн Д.О-ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........овгийн Д.О-ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SAMSUNG GALAXY S-8 маркийн хар өнгийн гар утсыг улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөзөр 1 хайрцаг, тоглоомын цаасан хөлөг 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ