| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/24 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Үрэлцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч М.Үрэлцэцэг
Хохирогч О.М
Шинжээч М.Т
Гэрч Г.Ш
Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Л.Банзрагч
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Цоодол нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Гид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т, Д.Г нарт холбогдох 2022002920013 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ....... дугаар сарын .........-ний өдөр төрсөн, ......, .........., ам бүл ......... хамт ....... аймгийн ....... сум, ............. оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, .......... овогт ....................Г.ТХ
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ....... дүгээр сарын .......-ний өдөр төрсөн, ..........., ........., ам бүл ........, .......... хамт ........ аймгийн .........., ............. оршин суух ....... овогт Д.Г
Шүүгдэгч Г.Т нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 16-33 тоотод Д.Г, О.М нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Г нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 16-33 тоотод Г.Тын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “2020 оны 11 сарын 09-ний өдөр манай найз Гурвансайхан сумын дарга болоод найзуудаараа “Энхжин” пабд суусан. Би хүүхдээ Мд орхиж явчхаад хүүхдээ авахаар айлд ороод 1 шил юм ууж суусан. Манай дүү эднийхээс хэдэн мал авсан юм билээ. Тэр мал надад хамаагүй гэж би хэлсэн. Бтэй тоглоом, шоглоом хийгээд байж байсан. Тэгээд тэр малаас болж М надад уурлахаар нь би янхан гэж хараасандаа гэмшиж байна. М намайг 2-3 удаа алгадаж самардсан. Би уурандаа боссон, намайг цохичихлоо гээд хацраа дараад байсан. Би цохисноо санахгүй байна. Тэгээд Г намайг цохисон, толгойноос цус гарахаар нь би Гийг мөргөсөн” гэв.
2. Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Гэртээ унтаж байтал Т төрсөн өдрийг чинь тэмдэглэнэ гэж хүмүүстэй орж ирсэн. Тэгээд нэг шил архи өгөхөөр нь тэрийг нь уучхаад хүний архи уучхаад яаж зүгээр байхав гээд аавынх руу архинд явсан. Иртэл гадаа байцгааж байсан. Тэгээд гэрт ороод архи задлаад сууж байтал манай эхнэр Тыг цохьчихлоо гэсэн. Тэгэхээр нь чи яагаад эхнэрийг цохидог юм гээд босоод очтол хүмүүс хорьсон. Би шанаа хэсэгт нь баруун гараараа хальт цохисон” гэв.
3. Хохирогч О.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Г.Т гарчхаад ирье гээд хүүхдээ манайд орхиод гарсан. Орой манай нөхөр ирээд төрсөн өдрийг нь тэмдэглэж хоол унд идчихээд унтсан. Тэгсэн чинь гэрэл тусаад Т ирж байгаа бололтой байсан. Тэгтэл хүмүүстэй ороод ирсэн. Тэгэхээр нь босоод хоол унд халааж өгөөд авч ирсэн архийг нь нөхөртөө өгч задлуулсан. Тэгээд нөхөр хувцсаа өмсөөд гарах гэхээр нь хаачих гэж байгааг нь асуухад хүний юм уучхаад яаж зүгээр байхав, аавынд очоод ирье гээд гарсан. Тэгээд байж байтал Т согтуурхаад хамт ирсэн Баагий гэх залуугаа цохиод байсан. Тэгэхээр нь би “айлд агсан тавилаа” гэж хэлтэл хамт ирсэн хүмүүс нь хориод бүгд гарцгаасан. Гадаа гараад хашааны үүдэнд Мөнх-Эрдэнэтэй Т заамдалцаад байгаа харагдсан. Манай нөхөр ирээд гэрт ороод сууцгааж байтал Т согтуурхаад намайг элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би хэдэн үг хэлтэл намайг толгойд нэг удаа, харьтанд нэг удаа цохисон. Намайг цохичихлоо гэж хэлтэл манай нөхөр уурлаад босоод ирэхээр нь хориод суулгасан. Миний хувьд эмнэлэгт үзүүлж хэвтсэн. Энэ зардлыг Т өгсөн. Эмч хялгасан нарийн судас тасарсан бол мэдэхгүй, Улаанбаатар хот орж нарийн аппаратад үзүүл гэсэн. Мөнгөний бололцоо байхгүйн улмаас үзүүлж чадахгүй байна. Одоо байнга толгой өвддөг болсон. Г.Таас Улаанбаатарт очиж үзүүлэх эмчилгээний болон замын зардалд 700.000 төгрөг гаргуулна” гэв.
4. Хохирогч Г.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ Г манай эхнэрийг цохилоо гээд ирээд толгой дундуур тас хийтэл цохисон. Цохисны дараа нь харахад гарт нь юм байгаагүй. Би тухайн үед толгойгоо хагалуулчхаад маргааш нь хөдөө явсан. Цар тахлаас шалтгаалаад хөл хорио тогтоосон учраас хугацаа алдаж шинжээч эмчид үзүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
5. Хохирогч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...гэрт бүгдээрээ орж ирээд сууж байтал манай эхнэрийг цохичихлоо гэсэн. Тэгэхээр нь би уурлаад “яагаад манай эхнэрийг цохидог юм” гээд босоод очтол хүмүүс хорьсон. Шанаа хэсэгт нь хальт нэг удаа цохисон. Тэгээд сууж байтал Т дуудахаар нь очтол хоёр мөрөн дээрээс барьж байгаад шүд рүү мөргөсөн. Үүнээс болж үүдэн доод 3 шүд хөдөлсөн, цаашид бэхжихгүй гэсэн. Үнийг нь судалж үзэхэд шүдийг нь аваад буйланд нь эмчилгээ хийлгэх эсэхээс хамаарна гэсэн. Иймд Таас 2 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн би хохирогчоор оролцож байгаа бөгөөд 85.000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжилнэ...” гэв.
6. Шинжээч М.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Г.Тын биед үүссэн гэмтэл нь гараар цохих үед үүсэхгүй. Харин бөгжтэй гараар цохисон тохиолдолд үүсэх магадлалтай. Т нь Д.Гийг мөргөх үед Гийн шүдний улмаас үүсэх боломжгүй юм. Хэрэв Гийн шүдний улмаас Тын хуйханд зулай хэсэгт шарх гэмтэл учирсан бол Гийн доод үүдэн шүдэнд бус дээд үүдэн шүдэнд гэмтэл учирна” гэв.
7. Гэрч Г.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Тухайн өдөр намайг машин бариад өгөөч гэж дуудсан. “Мандах” зоогт очиход Түвшинжаргал, нэг эмэгтэй, Мөнх-Эрдэнэ, Б нар байсан. Тэгээд би “Энхжин” кафед хүргэж өгчхөөд явсан. “Энхжин” кафе хаахад очиж аваад Тын гэрт нь хүргэж өгсөн. Машиныг нь байрлуулчхаад байж байтал манай айлын хүний төрсөн өдөр нь оръё гэсэн. Айлд нь ороод нэг шил архи уучхаад байж байтал Т, Бтэй тоглоод байгаа нь мэдэгдэхгүй, муудалцаад байгаа нь мэдэгдэхгүй болоод байхаар нь салгаад гарцгаасан. Тэгээд Г ирээд буцаад гэрт нь ороод сууцгааж байтал М Т намайг цохичихлоо гэсэн. Цохихыг нь би хараагүй. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна...Тэгээд сууж байтал Г ирээд миний хажууд сууж байсан Тыг цохсон. Цохисных нь дараа хартал гарт нь юм байгаагүй, Тын толгойноос цус гарч байсан. Т Гийг мөргөх гэж оролдохоор нь би арагш нь буйдан дээр тэврээд дарсан. Гийг мөргөсөн эсэхийг хараагүй. Намайг хүмүүс Өндөгөө гэж дууддаг” гэв.
8. Гэрч Б.М-ийн “ Би 2020 оны 11 сарын 09-ний орой би Б гэх найзтайгаа уулзсан. Тэгээд аймгийн төв хүнсний захын баруун талд байх “Мандах” зоогт уулзаад хоол идээд сууж байсан чинь гаднаас Т гэх залуу эхнэрийн хамт орж ирсэн юм. Тэгээд бид нар хамт сууж байгаад 1 шил архи хувааж уусан. Тэгээд ууж дуусчхаад “Мандах” зоогоос гарч “Энхжин” баарны 2 давхарт гарч 1 цаг кораокед дуулсан. Тэгээд бид нар байж байтал гаднаас зүс таних Өндгөө гэх залуу орж ирсэн. Тэгээд бид нар дахин нэг шил архи хувааж уусан. Харин Өндөгөө гэх залуу архи уухгүй байсан, эрүүл байсан. Тэгээд байж байсан чинь Т бид нарт хандаж манай гэр рүү очъё гэж хэлэхээр нь
бид нар зөвшөөрч Өндөгөө машин барьж аймгийн баруун хороололд Тын гэрт очсон. Тэгээд гэрт ороод байж байтал Т бид нарт хандаж хажуу талын айлд оръё гэхээр бид нар Тыг дагаад айл руу орсон. Тэгээд айлын хүнтэй мэндлээд юм яриад сууж байсан чинь гэнэт Т Бат-Эрдэнийг 2 удаа нүүр рүү нь цохичихсон. Тэгэхээр нь би Тыг айлаас авч гараад хашааны гадна талд ярилцаад зогсож байтал араас Өндөгөө гарч ирээд Т та хоёр гэр рүү ор гэхээр нь би Тт хандаж “чи их согтчихсон байна, айлд агсан тавьж хүнтэй маргалдах гээд байна” гээд учирлаж хэлсэн чинь миний хэлсэн үгийг хүлээж аваагүй юм. Тэгсэн чинь манай эхнэр над руу утсаар залгаад “одоо гэртээ хурдан ир” гэхээр би гэр рүүгээ алхаж харьсан. Намайг явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх47-48/
9. Гэрч Э.Б “Би 2020 оны 11 сарын 09-ний өдөр Мөнх-Эрдэнэтэй “Мандах” зоогт хоол идэж байхад гаднаас Т, нэг хүүхэнтэй ирсэн. Тэр хүүхнийг Ганаа гэж байсан. “Мандах” зоогт бид хэд 0,5 литрийн архи ууссан. Тэрийг ууж дуусгаад Т найз Өндгөөг дуудаж машин бариулж “Энхжин” караоке орж, тэнд дуулж, 0,75 литрийн архи уусан. Хаах цаг болсон учраас Мандалд Тын гэрт нь очсон. Т айлын хүний төрсөн өдөр болж байгаа гэж ярьж байсан. Тэгээд айлдаа орж ирчхээд бөөндөө айлд оръё гээд Мөнх-Эрдэнэ, Өндгөө, Ганаа бид хэд айлд нь орсон.Тэр айлд гэрийн эзэн нь гээд Г, авгай нь М, Тын хүүхэд нь байсан. Гийнд ороод хоол унд идээд бас 0,5 литрийн архи уугаад дууссаны дараа Г архи олж ирнэ гээд гараад явсан. Тэрний дараа Т миний өөдөөс “хөгшин чинь чамайг цохичих уу” гэхээр нь тоглож байгаа юм байна гэж бодоод “тэг тэг” гэж хэлсэн. Тэгсэн Т орон дээрээс босож ирээд миний зүүн талын шанаа руу цохичхоод эргэж орон дээр сууж байснаа гэнэт босож ирээд дахиад зүүн талын шанаа руу цохихоор нь “яаж байгаа юм” гэсэн чинь өөдөөс “үзье” гээд байхаар нь би тэвэрч авсан. Тэгсэн Өндгөөө, Мөнх-Эрдэнэ, Ганаа тэр хэд Тыг аваад гарсны дараа нь би Мтай хамт гараад байшингийн хойд талын гражны хажууд зогсож байхад Т агсраад хашхираад байгаа сонсогдож байсан. Тэр үед Г ирээд гэр рүү нь орсон. Араас Т, Ганаа, Өндөгөө нар орж ирээд Т зүүн талын орон дээр суусан. Өндөгөө хаалганы хажууд суусан, би болохоор баруун талд гал зуухны тавилгын наад талд нь суусан. Тэр үед М, Т хоёр маргалдаад байсан. Тэгтэл М Тыг цохичихлоо гэж байсан. Тэгэхэд Г эхнэрийг цохилоо гээд босож ирээд зууралдаад авахаар нь салгах гэж очсон. Т, Г хоёрыг Ганаа, М, Өндгөөө бид хэд салгаад Т зүүн орон дээр суусан. Г баруун талд гал зуухны тавилгын наад талд миний хажууд суусан. Тэгснээ Г зүүн талын орон дээр Тын хойд талд сууж байгаа харагдсан. Удаагүй Г миний хойд талд ирчихсэн сууж байсан. Тэгтэл Тын толгойноос цус гарч байгаа харагдсан. Тэгээд л би явлаа гээд гараад явсан. Т, М хоёр хэрэлдээд л үлдсэн. Тухайн өдөр Тыг М, Г нарыг цохиж, зодохыг хараагүй ээ. Тухайн үед М Тыг цохичихлоо гэж хэлж байсан. Хоёр, гурван хоногийн дараа Мтай уулзахад Гийн шүдийг мөргөсөн, миний толгой руу цохисон цагдаад хэлсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх49-51/
10. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 247 тоот “...Д.Гийн биед баруун доод 1, зүүн доод 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2020.11.10-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх18-19/
11. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 248 тоот “... О.Мгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2020.11.10-ны бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх23-24/
12. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 253 тоот “... Г.Тын биед толгойн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл учрах цаг хугацаандаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх57-59/
13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх26-29/
14. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-76/
15. Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 11 сарын 09-10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 16-33 тоот хашаанд байх Д.Гийн гэрт хохирогч О.М, Д.Г, Г.Т нар нь бусдад зодуулсан үйл явдал болжээ.
Уг үйл явдлын улмаас О.М, Д.Г, Г.Т нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 247, 248 тоот, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 253 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хохирогч О.М, Д.Г нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Г.Т, хохирогч Г.Тын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Д.Г нар тус тус зодох байдлаар учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Д.Цоодол нар “Г нь Тын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлт гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь: 2020 оны 11 сарын 09-10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 16-33 тоот хашаанд байх байшинд /гэрт/ Д.Г нь манай эхнэрийг цохилоо гэх шалтгаанаар Г.Тын толгойн тус газар нь цохисон, үүний улмаас Г.Тын толгойн тус газар нь хагарсан, цус гарсан байдалтай байсан болох нь гэрч Э.Б, Г.Ш нарын мэдүүлэг болон эд мөрийн баримтаар судалсан үйл явдлыг дараах байдлыг бичсэн бичлэг бүхий сиди зэргээр нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Д.Цоодол нар “Г нь зүүн гартаа бөгжтэй байсан, нүцгэн гараараа буюу баруун гараараа цохиход толгой хагарахгүй, өөрөө Гийг мөргөхдөө шүдэнд нь хуйх нь язарсан байж болзошгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Гэвч хэрэгт тухайн үйл явдлын дараах байдлыг бичсэн бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар хурааж ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлэгт судалж үзэхэд шүүгдэгч Д.Г нь тухайн үед баруун гартаа бөгжтэй байсан болох нь нотлогдож байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч “Г.Т нь Д.Гийг мөргөх үед Г.Тт учирсан гэмтэл үүсэхгүй. Хэрэв Д.Гийг мөргөх үед түүний шүдний улмаас Г.Тыг зулайн хуйханд язрал үүссэн гэж үзвэл Д.Гийн доод шүдэнд бус дээд шүдэнд гэмтэл учирна” гэх мэдүүлгээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Г.Тын тухайд “Мг цохисон талаараа санахгүй байна” гэж, түүний өмгөөлөгч Л.Банзрагчаас “шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон байхад Эрүүгийн хуулийн өөр бүлэгт буюу 10 дугаар бүлэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар шүүх хүчээр хүндрүүлэн зүйлчилж байгаа нь буруу” гэсэн тайлбар, дүгнэлтийг гарган мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчлан заасан ба шүүхээс хуульд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлээгүй гэдгийг тайлбарлан өгөх нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Г.Т нь хохирогч О.Мг хэл амаар доромжилж, цохисон, хохирогч Д.Гийг нүүрэн тус газар нь мөргөж, тус тусад нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Тыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г гэмт хэрэгт холбогдоход шүүгдэгч Г.Тын зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч Д.Гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, шүүгдэгч Г.Тын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг, шүүгдэгч Д.Гид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг тус тус сонгон оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь мал аж ахуй эрхлэн амьдардаг, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан мал аж ахуй эрхлэгчдэд хүндрэл үүсч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувьд хохирогч О.Мд 350.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Хохирогч О.М нь Улаанбаатар хот явж шинжилгээ өгөх болон замын зардалд 700.000 төгрөгийг, хохирогч Д.Г нь хөдөлсөн 3 шүдээ авхуулах, эмчилгээ хийлгэх, хиймэл шүд хийлгэхэд шаардлагатай 2 сая төгрөгийг шүүгдэгч Г.Таас гаргуулна гэж тус тус нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул шүүх хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 85000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэж нэхэмжилж 68.553 төгрөгийн шатахууны баримтыг ирүүлжээ. Гэвч энэ баримтууд нь түүний хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирохгүй, Д.Г нь хохирогчоос гадна шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргийг хүлээдэг тул Д.Гийн шүүгдэгч Г.Таас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 85.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч О.М, Д.Г нар нь шүүхээс хэлэлцээгүй орхисон зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг заах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тухайн үйл явдал болсны дараа хохирогч О.Мгийн хийсэн бичлэг бүхий CD-г хураан ирүүлсэн байх тул уг CD-г Г.Т, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2022002920013 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч .......овгийн Г.Т-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч ........ овгийн Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн Дамбын Г-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ......... овгийн Г.Т-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Т нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчийн хувьд хохирогч О.М-д 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч /шүүгдэгч/ Д.Гийн нэхэмжилсэн 85.000 /наян таван мянган/ төгрөгийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.М-гийн нэхэмжилсэн 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн, хохирогч Д.Г-ийн нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г Г.Т, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2022002920013 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ