Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Г.Эсэн

          Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Алтандөш

          Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С, М.Г нарт холбогдох 2122000530051 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр  сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ....... дугаар сарын .........-ний өдөр төрсөн, ...... боловсролтой, .........., ам бүл ................ хамт Дундговь аймгийн ............. сумын  ................. тоотод оршин суух, ............, ......... овогт Н.С

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ........ дугаар сарын ...........-ний өдөр төрсөн, ...........боловсролтой, .......,  ам бүл ............ хамт Дундговь аймгийн ........... сум, ........... оршин суух, .............. байсан .......... овогт М.Г

         

          Шүүгдэгч Н.С нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Багш нарын байранд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.Г-ыг согтуу айлд орж ирэн агсам согтуу тавилаа гэх шалтгаанаар зодож түүний тохойд шарх, бугалга, нуруу, гуя, өвдөгт зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч  М.Г нь Дундговь аймгийн ..........................тоотод оршин суух иргэн  Б.Н-н гэрт 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн  орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин  суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          А/ Шүүгдэгч Н.С-ын холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн талаар:

 

          1.Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “2021 оны 2 сарын 21-ний 11 цаг 30 минутын орчимд учиргүй цонх тачигнаад, хаалга тачигнаад, амь авраарай гээд эмэгтэй хүн орилсон. Тэгээд за яршиг гээд байж байтал 2-3 удаа хашгирхаар нь гараад очтол Г Нэргүйг өшиглөөд, заамдсан зогсож байсан. Тэгээд би Г-ыг байнга агсан согтуу тавих юм гээд авч гараад байрны довжоон дээр суулгаад эргэж орж утсаа аваад гараад ирсэн. Намайг элдвээр нь хэлээд байхаар нь яах ч аргагүй хажууд байсан хогийн шүүрний иш аваад цохисон нь үнэн. Тэгээд сумын цагдаа Г, төлөөлөгч Ж 2-ыг утсаар дуудаад, Г мотоциклтой ирээд Гантулгыг аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад туслах гэж байгаад ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна”  гэв.

          2. М.Г шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Би Энхбулганы үүдэнд зогсож байхад С гарч ирээд “энэ хавиар яагаад яваад байгаа юм, амьдарч байгаа нэгэндээ гай болоод яваад байх юм, чи ихээхэн хүн хутгалдаг гэсэн, намайг хутгалаарай” гэснээ гэр рүүгээ гүйж ороод гарч ирснээ намайг шатан дээр сууж байхад түлхэж босгоод 4 мөч рүү, нуруу бөөр рүү цохиж гэмтээсэн. Үзүүртэй юмаар тохой хэсэгт дүрсэн. Өөрөө бол дүрээгүй гээд байгаа. Би Галсан цагдаад яс нь гараад ирсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд гэрт хүргэж өгтөл манай дүү гарч ирээд манай 3 найзыг дуудсан байсан. Тэгээд найзууд ирээд Угтах эмч ирээд үзтэл зүүн гарын тохой хэсэгт үзүүртэй юмаар дүрэгдсэн байсан. Тухайн үедээ юугаар дүрж яасныг мэдээгүй. Сувилагч ирээд цус тогтохгүй, аймаг руу хүргэгдэж шөнө 1, 2 цагийн үед наашаа хөдөлсөн гэв. Гомдолтой байна. Өвдгөөрөө сөхөрч сууж чадахгүй, яс нь янгинаад, тохой хүртэл өвчтэй байгаа. Эмчилгээний зардалд 976951 төгрөг нэхэмжилж байна. Цаашид үзүүлж харуулмаар байна” гэв.

          3. Гэрч Б.Г-ын “2021 оны 02 дугаар сарын 20-ны оройн 23 цаг 56 минутад Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд байх багш нарын байрнаас С гэх хүн “манай байранд Г согтуу агсам тавиад байна” гэхээр нь очсон.  Намайг очиход Г С хоёр багш нарын байрны гадна талд үүдний довжооны урд талд газар шороон дээр суучихсан хэрүүл хийгээд байж байсан. Тэгэхээр нь “Га чи харанхуй шөнө энүүгээр хэрүүл маргаан үүсгээд юу хийгээд байдаг юм бэ, явъя, би чамайг гэрт чинь хүргээд өгье” гэж хэлээд мотоцикл дээр сундлаад сумын хойд лагерьт байх өөрийнх нь гэрийн хашааны гадна хүргэж өгсөн. Тэгээд би сумын Онцгой комиссын штаб руу явсан. Г согтуу байсан ба хөл дээрээ тогтож чадахгүй байсан. С архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед айлууд унтаж амарч байсан. Гантулгыг гадаа нь хүргэж өгөөд гэрт оруулах гэтэл “би орчихож чадна, та явж бай” гэхээр нь би гэрт оруулалгүй хашааных нь гадна үлдээсэн. Хашааных нь гадна цагаан өнгийн Приус-20 маркийн машин зогсож байсан ба гэр нь гэрэлгүй байсан. Гантулгыг хүргэж өгөхөд хүнтэй цохиж, зодолдсон шинжгүй байсан. Ил харагдах шарх сорви, цус нөж болсон юм байхгүй байсан. Дуудлагаар очихоос өмнө цохиж, зодолдсон талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг  /хх17-18/

            4. Гэрч Б.О-ийн  “2021 оны 02 дугаар сарын 20 -ны оройн 00 цаг өнгөрч байхад би Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд байх “Хөршийн” 3-2 тоот гэртээ унтаж байгаад сэрээд хашаанд байх 00-д орсон. Намайг 00-д байхад манай хашааны гадна мотоцикл зогсоод шууд хөдлөөд явсан. Би 00 -оос гарч ирээд хашааны гадна гарч хартал Г ах газар шороон дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь би босгоод, өргөөд гэртээ оруулаад дээгүүрх өмсөж явсан ажлын хөх цэнхэр өнгийн куртикийг тайлтал зүүн гарын тохой хэсгээс нь цус гараад хувцсыг нь нэвтэлсэн байхаар нь дээгүүрх бүх хувцсыг нь тайлтал тохой хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь 00 цаг 16 минутад сумын эрүүл мэндийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би хэнээр хүргүүлж ирснийг огт хараагүй. Г ах надад хэлэхдээ “сумын хэсгийн цагдаа Г ах хүргэж ирсэн” гэж хэлсэн. Г ах надад хэлэхдээ сумын төвд байх “Багш нарын байрны” үүдний шатан дээр Соок буюу Ст зодуулсан гэж хэлсэн. Г ах тухайн үед согтолтой байсан. Үе мөч нь хөдөлж болохгүй байна гэхээр нь би гэрт өргөж оруулсан. Намайг үзэхэд хоёр өвдөг хөхөрсөн, нурууны дал хэсэгт хөхөрсөн, хоёр гарын тохой хэсэг хөхөрсөн ба зүүн гарын тохойноос цус гарч байсан. Мөн уруулын дээд хэсгээс цус гарч хатсан байдалтай байсан. Хэнтэй архи уусан талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх25-26/

            5. Гэрч  Угтахбаярын “Би гэртээ амарч байхад 2021 оны 02 сарын 21-ний өдөр 00 цаг 05 минутад эмнэлгээс сувилагч Отгонсүрэн утсаар залгаад “хүн зодуулсан гарын тохойнд юмаар дүрсэн” гэсэн. Тэгээд би гэрээс гарахдаа юмаа бэлдэж байгаарай гэж сувилагчид хэлээд шууд эмнэлэг дээр очоод яаралтай тусламжийн цүнхээ аваад сувилагч Отгонсүрэнгийн хамт дуудлага гарсан хаяг болох Хөршийн 3-2 тоот хаягт буюу сумын төвийн хойд лагерьт, эмнэлгээс 400-600 метр орчим газарт байх гэрт очсон. Тэнд гэрийн баруун талд газар нэг эрэгтэй хүн хувцастай хэвтэж байсан. Тэр хүний зүүн талын тохойн ил гарсан тохойны ар дээд хэсэгт ойролцоогоор 1 см хүрэхгүй зах ирмэг тэгш шарх үүссэн байсан. Шархнаас цус алдсан байхаар нь цусыг тогтоохоор чангалуур тавьсан дараа нь цус тогтоохоор ЕАКК дуслаар, Викасол булчинд тарьсан, натрийн хлорид 4 литр дуслаар, өвчин намдаах тариа судсаар болон булчинд тарьсан, зүрх судас дэмжихээр кокарбоксилазая 100 мг, витамин С 4 мл судсаар, судас агшаах зориулалтаар кальци глюкнат судсаар хийж байх явцдаа тухайн биед бүтэн үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд тогтвортой, мөчдийн үе хэсгүүдэд хөхрөлт үүсч хавдартай, эмзэглэл ихтэй, асуусан асуултад хариулна өвдөлтөө мэдэрнэ гар хөл өвдөөд байна гэж байсан. Тухайн эмчилгээг хийгээд өвдөлт намдаагүй, цус алдалт тогтоогүй. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү танилцуулж зөвлөгөө аваад 2021 оны 02 сарын 21-ны өдрийн 04 цаг 40 минутад аймгийн төв рүү тээвэрлэсэн. Тэр үйлчлүүлэгчийг Г гэдэг хүн байсан.  Аймагт Гантулгыг тээвэрлэж очсоны дараа боолт хувцас нь цус нэвтэрсэн байсан. Хүрэн байранд хүнтэй муудалцсан, Галсан цагдаа авч ирсэн гэж хэлсэн. Хэнтэй муудалцсан талаар мэдэхгүй байна. Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ орчиндоо харьцаатай байсан. 2021.02.21-ний өдөр баруун талын тохой, 2 мөр, 2 өвдөгт хөхрөлт үүссэн, улайсан шинэ гэмтэл, зүүн талын тохойд шинээр хатгагдсан шархтай байсан” гэх мэдүүлэг /хх-78/

            6. Гэрч  Б.Отгонсүрэнгийн: Би 2021 оны 02 сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 сарын 21-ний өдрийн хооронд Говь-Угтаал сумын эмнэлэгт ээлжийн сувилагчаар гарч байхад 2021 оны 02 сарын 21-ний өдрийн 00 цаг 05 минутад “хүнд зодуулсан” гэсэн дуудлага ирээд эмнэлгийн эрхлэгч Угтахбаярт хэлээд эмч ирээд хамтдаа дуудлага өгсөн хаяг болох сумын төвийн хойд лагерь Хөршийн 3-2 тоот хаягт очсон. Гэрт ороход гэрийн баруун талд газар эрэгтэй хүн хэвтсэн. Зүүн талын тохойноос цус гарсан байдалтай бүх бие өвдөөд байна гэж хэлж байсан. Угтахбаяр эмч цус
тогтоох эмчилгээ хийсэн, би бас эмчилгээг хийлцсэн. Тэр хүний цусыг тогтоохоор
дусал тариа хийсэн боловч цус тогтоогүй учраас эмч аймаг руу ярьж зөвлөгөө
аваад аймаг руу тээвэрлэсэн. Тэр хүнийг Г гэж байсан. Өвдөөд байна, хурдан эмчлээч гээд байсан. “Соктой муудалцсан” гэж хэлж байсан шиг санагдаж байна. Тухайн үед эмчилгээгээ хийгээд завгүй байсан. Г нэлээн согтуу байсан. Хоёр хөлийн эрээн булчин хөхөрсөн харагдсан, эмчилгээ хийж байсан болохоор өөр сайн ажиглаагүй” гэх мэдүүлэг /хх-80/

            7. Гэрч Т.Дулмаагийн   “2021 оны 02 сарын 20-ны өдөр манай нөхөр, Г хоёр муудсан. Адуугаа авч ирэх гэж яваад орой 23 цаг болж байхад тэр хоёр ирээд Г манайд хоол идчихээд харилаа гээд явсан. Г манайд орж ирээд 10- 20 минут болоод явсан байх. Гантулгыг манайд байхад Ганбуд, Төрмөнх хоёр ирсэн. Манай нөхөр Лхасүрэнжав, Ганбуд, Төрмөнх нар юм яриад гэрт байж байгаад тамхилах гэж гараад нөхөр эргэж орж ирээд Гантулгыг юм болсон байна гээд яараад гараад явсан. Г манайд байхдаа бие өвдөж байна гэж хэлээгүй. Гантулгын биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй ээ. Манайхаас гарахдаа зүгээр гарсан. Нөхөр Гантулгынх руу явсны дараа араас нь ярихад “Г юмаар шаалгасан юм шиг байна эмч ирсэн байна” гэж хэлсэн. Г манайд ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэсэн байсан, гэхдээ өөрийгөө аваад явах чадвартай байсан. Манайд тэр өдрийн өглөө Г утсаа орхисон байсан болохоор утсаа аваад хоол идчихээд гарсан” гэх мэдүүлэг /хх-84/

          8. Гэрч Б.Лхасүрэнжавын “Би 2021 оны 02 сарын 20-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрөөгөөд Говь-Угтаал сумаас Баян-Уулын тэндээс адуу авч ирэх гээд Гантулгын хамт гарч явсан. Тэгээд Баян-Уул гэх газарт очоод адуу оторлуулж явсан Мэргэнбаяртай, бас 3 залуутай хамтдаа Г бид хэд 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан. Буцаж явахдаа Цагаандэлгэр сумаас 0,5 литрийн архи аваад Г, Мөнхбаясгалан бид гурав хувааж уугаад, Г бид хоёр хөдлөөд Говь-Угтаал суманд ирээд сумын баруун урд лагерьт Ууган эгчийнд буулгачхаад тэнд хоол идсэн.  Бас Ууган эгч тал шил архи гаргаж өгсөн тэрнээс нь уугаагүй. Тэгээд Г бид хоёр шууд манай гэрт ирсэн. Тэгэхэд 23 цаг болж байсан. Г манайд хоол идчихээд утсаа аваад харилаа гээд гараад явсан, манайд нэг их удаагүй. Тэр үед бас манайд Ганбуд, Төрмөнх хоёр байсан. Тэгээд Ганбуд, Төрмөнх бид гурвыг байхад Ганбудын утас руу Гантулгын дүү Одхүү залгаад “Гантулгыг зодуулсан байна” гэж хэлэхээр нь бид гурав тэднийд очсон. Дөнгөж ороод байж байхад сумын эмч Угтахбаяр, сувилагчтай хамт орж ирээд Гд эмчилгээ хийсэн. Г тухайн үед өвдөөд гээд байсан, бас Гантулгын зүүн талын тохойноос цус гарч байсан, бас өвдөг хөндүүр гээд байсан. Г тухайн үед “Соокод зодуулсан” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-86/

          9. Гэрч  М.Ундрахын “ Би 2021 оны 02 сарын 20-ны өдөр найзуудтайгаа уулзаад гадуур явж байгаад 2021 оны 02 сарын 21-ний өдрийн 03 цагийн үед гэртээ ирсэн, тэгэхэд нөхөр С унтаж байсан. Тэр өдөр юу болсон талаар надад мэдэх зүйл алга аа. Манай нөхөр архи дарс хэрэглэдэггүй. Эхнэр хүүхдэдээ халамжтай, ажилсаг, ямар ч ажлыг голохгүй хийдэг. Аав ээждээ халамжтай” гэх мэдүүлэг

          10. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 тоот “М.Гантулгын биед тохойд шарх, бугалга нуруу, гуя, өвдөгт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх46-47/

          11. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/

          12. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх57-60/

          13. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх62-63/

          14. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх107-110/

          15. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012.05.17-ны 39, 2011.02.15-ны 17 дугаартай шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2002.01.17-ны өдрийн 09, 2001.04.18-ны 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх131-142/

 

          Б/ Шүүгдэгч М.Гантулгын бусдын орон  байранд хууль бусаар нэвтрэн орсон хэргийн талаар:

 

          1. Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би Шинээтэй найз, урд өдөр нь айлд таартал маргааш манайд очоорой гэсэн юм. Тэгээд би маргааш нь айлд хоол идээд Шинээгийнд очтол хаалга нь онгорхой, Нэргүй хог шүүрдэж байсан. Над руу үг хэлүүлэхгүй яв гээд хөөж загнаад байхаар нь “чи юу гээд байгаа юм” гээд Энхбулганы гадаа зогсож байхад Содоо ах гарч ирээд намайг “юу хийгээд яваа юм, зүгээр яваа нэгнийхээ амьдралд гай болоод, чи хүн хутгалдаг гэлүү намайг хутгал” гэснээ гэр рүүгээ ороод гурилын ганжин гэмээр юм авч гарч ирээд 4 мөч рүү цохисон. Би бусдаар айлын цонх нүдэж, балбаж авирласан зан надад байхгүй. Айлд ороод хэрэгтэн болж байгаадаа гомдолтой байна” гэв.

2. Хохирогч Б.Нэргүйн “Би 2021 оны 02 сард байх сараа сайн мэдэхгүй байна өдрөө ч санахгүй байна. Говь-Угтаал сумын Багш нарын байранд гэртээ шөнө 10 байна уу 11 цагийн үед ганцаараа ороо засаад унтах гээд гэрлээ унтраагаад орондоо ороод хэвтэж байхад гэрийн цонхийг их чанга балбаад байхаар нь би юм дуугараагүй. Тэгсэн хаалга түлхээд Г орж ирээд Шинээ байна уу? гэхээр нь байхгүй би ганцаараа байна гэсэн чинь шууд цээж рүү гараараа зөөлхөн цохисон. Тэгсэн бас зүүн талын хөл рүү өшиглөхөөр нь хашхираад түлхээд гаргасан, тэгсэн С ах гэрээсээ гарч ирж байгаа харагдсан, тэгэхээр би шууд хаалгаа түгжээд орондоо хэвтсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй ээ айгаад орондоо хэвтсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй ээ, гуянд жаахан хөхөрсөн байсан. Би гэрийнхээ хаалгыг унтахдаа түгжээд унтсан. Тэгсэн Г түчигнүүлээд ороод ирсэн хаалга балбаагүй ээ. Манай гэр гүйлгэдэг цоожтой, жаахан мурийсан байсан. Хаалганд өөр ямар нэгэн гэмтэл байхгүй ээ. Г манайд орж ирэхдээ нэлээн согтуу байсан. С ах уудаггүй юм. С ах, Г хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан талаар мэдэх зүйл алга аа. Хаалгаа түгжээд унтаад өгсөн. Байрны гадаа хүмүүс хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй ээ. Г шөнө орж ирсэнд гомдолтой байна. Сая би аймагт ирэхдээ 10.000 төгрөгийн зардал гаргаж ирсэн баримт байхгүй. Буцахдаа бас хөлсөөр явна. Унааны зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх72-73/

          3.  Б.Нэргүйн хохирогчоор дахин өгсөн “Цонх тогшоод хаалга түлхээд ороод ирсэн. Ганаа гараа далайхаар нь хашгирсан. Тэгсэн Шинээ хаана байна гэхээр нь Шинээ Мөндөөгийнд байгаа гэж хэлсэн чинь “тэгээд хэлчихнэ биз дээ ” гээд Ганаа гараад явсан. Маргааш нь Содоо ууртай орж ирээд “чи гомдолтой гэж хэлээрэй, Ганааг зодсон гэж хэлээрэй” гэж айлгаж сандраасан. Их  л ууртай орж ирсэн. Ганаа тэр өдөр гэрт орж ирээд Шинээ байхгүй, Мөндөөгийнд байгаа гэж хэлсэн чинь тэгээд хэлчихнэ биз дээ гэж хэлээд гараад явсан. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. С ууртай орж ирээд гуя руу өшиглөсөн, элэг рүү гараараа цохьсон гэж хэлээрэй гэж намайг айлгасан. 2021 оны 02 сарын 20-ны өдөр гэрийн хаалга түгжсэн үгүйгээ санахгүй байна. Гэнэт л түлхээд ороод ирсэн. “Цаанаасаа түлхээд ороод ирсэн, хаалганы төмөр мурийсан, намайг аварсан гэж хэлээрэй” гэж С хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 76/

          4. Насанд хүрээгүй гэрч Н.Одбаярын “2021 оны 02 дугаар сарын 20 -ны орой Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд байх багш нарын дотуур байранд амьдрах бэр эгч Уранчимэгийн гэрт найз Батсүрэн, Баяржавхлан нарын хамт гар утсаараа гурвуулаа тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад гэрээсээ сургуулийн урд талд байх 00 орохоор бид гурав гартал байрны үүдний довжоон /гишгүүр шат/ дээр С ах гар утсаараа хүнтэй яриад зогсож байсан. Мөн гишгүүр шатны хажуу талд газар шороон дээр нэг хүн сууж байгаа байсан. Тухайн шөнө гадаа саргүй их харанхуй байсан тул газар сууж байсан хүнийг таниагүй. 2021 оны 02 дугаар сарын 27 -ны өдөр сумын Г ах Пэйсбүүк чатаар над руу “С ах намайг зодож байхыг харсан уу дүү” гэж асуух үед нь би 2021 оны 02 дугаар сарын 20 -ны шөнө С ахтай хамт шороон дээр сууж байсан хүнийг Г ах юм байна гэж бодсон. С ах тухайн үед эрүүл байсан. Харин газар сууж байсан хүн согтуу юм шиг байдалтай амандаа юм яриад байсан. Бид гурвыг байрнаас гарч ирэхэд С ах гар утсаар “энэ нэг юм ирээд байранд агсам тавиад байна” гэж ярьж байсан. Гартаа өөр ямар эд зүйл барьж байсан талаар огт хараагүй. Тухайн шөнө их харанхуй байсан. Бид гурав гар утсаар Пабжи гэдэг тоглоом тоглож байсан. Тоглохдоо гурвуулаа хажуудаа хүн явж байгаа, буудалцаж байгаа зэрэг чимээг сайн сонсохын тулд чихэвч зүүж тоглож байсан тул байрны коридорт юу болж байгааг огт сонсож, мэдээгүй” гэх мэдүүлэг /хх30-31/

          5. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 тоот “ Б.Нэргүйн биед гуянд няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх37-38/

          6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх53-56/

          7. Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны 112 дугаартай, 2018.07.18-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх124-130/ зэрэг болон хэрэгт цугларсан шүүгдэгч нарын нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

 

          В/Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          а/ Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар М.Г нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд  “тохойд шарх, бугалга нуруу, гуя, өвдөгт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” учирсан үйл явдал болсон, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь нотлогдож байна.

          Хохирогч М.Гантулгын бие махбодод учирсан тохойд шарх, бугалга нуруу, гуя, өвдөгт зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Н.С зодох байдлаар учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар нотлогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч Н.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Н.С нь бусдад туслах гэж байгаад гэмт хэрэгт холбогдсон гэж мэдүүлж байх боловч түүний үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэм буруутайд тооцсон болно.

          б/ Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч М.Г нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  23 цагийн  орчим Дундговь аймгийн  Говь-Угтаал сумын  4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Багш нарын байрны 1-1 тоотод оршин суух иргэн  Б.Нэргүйн гэрт оршин суугчийнх нь зөвшөөрөлгүй орсон,  уг хаягт оршин суух Б.Нэргүйн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, айлган сүрдүүлсэн үйл явдал болсон  болох нь нотлогдож байна.

          Шүүгдэгч нь шөнийн цагаар бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсний дараа гар далайх хэлбэрээр оршин суугчийг айлган сүрдүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан байна.            

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Нэргүй нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн  мэдүүлэгтээ “шүүгдэгч М.Гантулгыг зодсон” гэж мэдүүлсэн, шинжээч эмчийн  2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд “гуянд няцрал цус хуралт” гэмтэл тогтоогдсон боловч хохирогч Б.Нэргүй нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн  мэдүүлэгтээ “Г намайг зодоогүй, гар далайсан” гэж мэдүүлжээ. Прокуророос шүүгдэгчид ашигтай буюу хохирогчийн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч М.Гантулгыг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч М.Гантулгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Г/ Оногдуулах ял шийтгэл болон бусад асуудлын талаар:

          Шүүгдэгч Н.С нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн  2001 оны 04 сарын 18-ны өдрийн 57 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн  239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэн харгалзаж байсан, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 01 сарын 17-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 сарын 15-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 17-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан  болох нь хэргийн 131-142-рт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар,

          Шүүгдэгч М.Г нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 07 сарын 18-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 сарын 06-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэргийн 124-130-рт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тус тус нотлогдож байна.

          Шүүгдэгч Н.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдэхэд хохирогч М.Гантулгын “согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн” хууль бус үйлдэл нөлөөлсөн, хохирогч М.Гд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч М.Гантулгын үйлдэлд хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг доод хэмжээгээр, шүүгдэгч М.Гд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг доод хэмжээгээр тус тус сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоолоо.

          Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Б.Нэргүй нь шүүгдэгч М.Гд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, шүүгдэгч Н.С нь хохирогч М.Гантулгын баримтаар нэхэмжилсэн 976954 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч М.Г нь цаашид эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргаж, хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Боржигон овогт Мишигдоржийн Гантулгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлах гэмт хэргийг, шүүгдэгч Баатар овогт Намжилын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баатар овогт Намжилын Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Мишигдоржийн Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, М.Г нарт шүүхээс тогтоосон торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Н.С нь хохирогч М.Гд 976954 төгрөг төлсөн, хохирогч Б.Нэргүй шүүгдэгч Гас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Г нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Г.МӨНХБАТ