Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Д.Баттулга  би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Дэнжийн 2-8 тоотод оршин суух Тайж овогт Лувсанпунцагийн Энхтайван /РД:ТВ62092317/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Бумбан-Овоо 4-6 тоотод оршин суух Дархан овогт Дамбийнямын Наранхүү /РД:КН63060676/-д холбогдох

Ажил гүйцэтгэсний төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Энхтайван, хариуцагч Д.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Л.Энхтайван миний бие нь 31-04 УНН улсын дугаартай машин, 19-69 БЧ чиргүүлийн хамт хүнд даацын машин дээр 2016 оны 09 сарын 17-ны өдрөөс эхлэн эхний ресийг хийж 2016.09.26, 2016.10.04, 2016.10.06, 2016.10.09, 2016.10.12, 2016.10.17, 2016.10.21-ний өдөр 8 дахь ресийг тус тус явж хийж гүйцэтгэсэн билээ. Ингээд 1 ресийг 300.000 төгрөгөөр тохиролцоод ажилласан. Гэтэл энэ машин нь /УНН 31-04/ Д.Наранхүүгийн өөрийн нэрэн дээр түрээслэн авсан машин байсан тул Д.Наранхүүгийн дансанд цалин нь орсон. Ингээд Энхтайван миний хийсэн 8 ресийн ажлын цалин болох 2.400.000 төгрөгийг авч одооч хүртэл өгөхгүй байгаа ба эхэндээ өгнө гэж байсан боловч сүүлдээ шүүхэд өг гээд тухайн мөнгийг хэрэгсэхгүй болсон.

Иймд Д.Наранхүүгээс миний хийсэн ажлын цалин болох 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Наранхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Дархан овгийн Дамбийням овогтой Наранхүү би Лувсанпунцаг овогтой Энхтайваны 2016 оны 09 сарын 17-оос 10 сарын 21-ийг дуустал явсан 8 ресийн 2.400.000 төгрөгийн цалинг Монпорт ХХК-аас 20 мянган юань цалин орж ирсэн цагт өгнө. Бэлнээр Лхагва овогтой Амарбаясгаланд 1.500.000 төгрөг өгсөн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Л.Энхтайван нь Д.Наранхүүд холбогдуулан 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд: “Энхтайван миний бие нь Д.Наранхүүгийн 31-04 УНН улсын дугаартай машиныг барьж 8 ресийг хийж ажил гүйцэтгэсэн. Энхтайван миний бие нь цалингаа авч чадаагүй. Д.Наранхүүгээс 2.400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Д.Наранхүү нь миний нэхэмжилсэн мөнгийг Амарбаясгалангаас авч 20 хоногийн дотор надад өгөхөөр тохиролцов” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Энхтайван нь хариуцагч Д.Наранхүүгээс нүүрс тээвэрт явсан ажлын хөлс 2.400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын шүүхэд гаргасан “Эвлэрлийн гэрээ”-гээр нотлогдож байна.

Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Л.Энхтайваны нэхэмжлэлтэй, Д.Наранхүүд холбогдох ажил гүйцэтгэсэний төлбөр 2.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53.350 төгрөгнөөс 26.675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ханбогд сумын орон нутгийн орлогын 211000134959 тоот данснаас 26.675 төгрөг, мөн хариуцагч Д.Наранхүүгээс 26.675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Энхтайванд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА