Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.Оргилболд

          Хохирогч У.Н

          Шүүгдэгч У.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ат холбогдох эрүүгийн 2122000000046 тоот  хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... сарын ..........-ний өдөр Дундговь аймгийн ...... суманд төрсөн, ........ настай, ......, .......... боловсролтой, ........, .............., ам бүл ......... хамт Дундговь аймгийн ................... тоотод оршин суух, ................ ........... овогтой У.А гэв. 

          Шүүгдэгч У.А нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн ........................... тоотод оршин суух гэртээ, иргэн Б.Н-г гэрт ирж хэрүүл хийлээ гэж шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 4 дүгээр шүдний сулрал, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          1.Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ “2021 оны 3 сарын 13-ны өдөр гэрээсээ гараад айлд очоод жоохон юм уучхаад гэртээ иртэл Н эгч манай ээжтэй хэрэлдээд байж байсан. Тэгээд би Н эгчид “та яагаад манайхыг шээс, баас үнэртдэг айл гэж яриад яваа юм бэ” гээд ор руу түлхээд дээр нь гарч 2, 3 цохисон. Манай эхнэр намайг салгаад авсан. Тэгээд Н эгч гадаа гараад цагдаа дуудсан байсан гэв.

 

          2. Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би гэртээ байж байсан чинь С эгч орж ирээд У танай хүү Б-ийг шоронд явсан гэж байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд У эгчийнд очоод яахаараа та нар тэгж хэлдэг юм гэсэн чинь эгч нь тэгж хэлээгүй гэсэн. Тэгсэн гаднаас А орж ирээд та яагаад манайхыг шээстэй айл гэсэн юм гэхээр нь би тэгээгүй гэсэн чинь Азаа намайг хэд хэдэн удаа цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”   гэв.

 

          3. Гэрч Б.У-ийн “... Гэрт Н бид хоёр юм яриад сууж байтал гаднаас А, эхнэр Өы хамт орж ирсэн. Орж ирээд А Нд “яагаад гэрт ирээд хэрүүл хийгээд байгаа юм” гэхэд Н “та нар миний хүүг муу хэлсэн байна ” гэж хэлсэн. Тэгэхэд А “та манай хэвтрийн дүүг шээстэй, баастай гэж хэлсэн биз дээ” гэхэд Н “би  тийм юм хэлээгүй, наад үгийг чинь хэлсэн хүн рүү залгаад  өгье” гээд өөрийн утсаар Батчулуун руу залгаад “та Урнаа эгчийнхийг  шээстэй, баастай гэж хэлээ биз дээ, та яагаад намайг хэлсэн гэж худлаа яриад байгаа юм, А намайг зодох гээд байна” гэхэд Батчулуун “би тийм юм хэлээгүй” гээд утсаа  тасдсан. Тэгтэл А Нг түлхэж унагаад дээр нь гараад суусан байсан. Ө бид хоёр Аыг “боль, эмэгтэй хүн зодож болохгүй шүү” гэж хэлтэл миний утас дуугарч хартал манай охин Золзаяа залгасан байсан. Би гэрээс гарах гээд алхтал А Н-гийн нүүр хацар хэсэгт нь гараараа хоёр удаа цохих шиг болсон. Би гэрээс гарч охинтойгоо ярьчхаад гэртээ ортол Ө А-ыг салгаж байсан. Би А-т хандан “яаж байгаа юм, чи цохичхов уу” гэхэд А “би уурандаа Н эгчийг цохчихлоо” гэсэн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

          4. Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн  60 дугаартай “Б.Нгийн биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, зүүн дээд 4-р шүдний сулрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн  үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх  цаг хугацаанд үүссэн  байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-рт/

 

            5. .Гэмт хэргийн талаарх  гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/

 

            6. Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн ................................тоотод Б.Н бусдад зодуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын дараа хохирогчийн бие махбодод “тархи доргилт, уруулын зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, зүүн дээд 4-р шүдний сулрал, духанд зулгаралт” гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.

          Хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, уруулын зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, зүүн дээд 4-р шүдний сулрал, духанд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч У.А нь зодох байдлаар учруулсан болох нь гэрч Б.У, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

          Шүүгдэгч У.А-ын хохирогч Б.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч ......овогтой У.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч У.А нь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 23-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 126 дугаар зүйлийн  126.2.3, 126.2.4, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэргийн 44-52-рт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тус тус нотлогдож байна. 

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч У.А-т Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч У.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч Б.Н нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн  хэдий боловч өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ........ овгийн У.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... овогтой У.А-т 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          4. Шүүгдэгч У.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч нь цаашид учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ