| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 2122000000129 тоот хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр Дундговь аймгийн ........ төрсөн, ..... настай, ......., ....... боловсролтой, .........., ам бүл ...., ..... хамт Дундговь аймгийн .......... оршин суух, ........., ........ овогтой Б.У гэв.
Яллагдагч Б.У нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч М.Тын эзэмшлийн Хаан банкны 5451103007 тоот данснаас түүний урьд итгэмжлэн хариуцуулсан нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 470,000 төгрөгийг өөрийн найз Ц.Бын Хаан банкны 5055805336 тоот дансаар дамжуулан авч бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 8 сарын 19-ний өдөр Түмэнжаргалын данснаас 470.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ хүн 06 дугаар сарын 07-нд намайг ажил хий гэж дуудсан. Намайг ажлаа хийгээд 07 сарын 07 хүртэл өдрийн 60.000 төгрөгөөр ажиллуулна гэсэн. Би яг 1 сар ажилласан. Би тэр хүнээс цалин авах ёстой байсан ч сохор зоос ч аваагүй. 06 сарын 20-доор бид хоёр хоёулаа корона туссан. Корона туссаны дараа энэ хүн миний утсан дээр өөрийнхөө интернет банкийг хийгээд “энэ хүн рүү мөнгө шилжүүлээд өг, код нь” гээд өөрөө хэлж өгсөн байгаа. Би тэр хүний интернет банк руу ордоггүй байсан. Би цалингаа гуйхад мөнгөгүй гэсэн. Сүүлдээ данс руу нь орж үзэхээр 600.000-700.000 төгрөг орж гараад байдаг байсан. Тэгэхэд тэр хүнээс би мөнгө аваагүй. Би 08 сарын эхээр энэ хүн рүү “хичээл орлоо, би өөрийнхөө ойр зуурын юмыг бэлдэх гэсэн юм, та мөнгө өгөх боломж байна уу” гэж залгахад “үгүй ээ, надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Би 08 сарын 19-ний өдөр дансыг нь шалгахад дансанд нь 470.000 төгрөг хонь, адуу гэж орж ирсэн байсан. Тэр үед миний данс болохгүй байхаар нь би найз Б-ын данс руу шилжүүлэхэд “яадаг мөнгө юм бэ” гэхээр нь “миний цалин” гээд тухайн мөнгийг авхуулсан” гэжээ.
2. Хохирогч М.Т-ын “Би 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн малаасаа 5 тооны хонь нядлаад Адаацаг сумын төв орж махыг нь борлуулаад өөрийн 54511030** тоот дансанд 430.000 төгрөг авсан юм. Тэгсэн өдөр 16 цаг 30 минутын үед миний 54511030** тоот данснаас 470.000 төгрөг 50558053** тоот Ц.Б гэсэн хүний данс руу орсон байсан...Тэр дансны эзэмшигч хэлэхдээ У гэх хүн миний дансаар мөнгө авсан гэж хэлж байсан...2021 оны 06 дугаар сард Б.У-тай Улаанбаатар хотод Улаанбаатар хотын 22-ын товчооны төв цэвэрлэх байгууламж дээр хамт ажиллаж байсан юм. Тэр үед У-д “чи ахынхаа интернет банкыг ашиглаад хүний дансанд мөнгө шилжүүлээд өг гээд өөрийн нууц үгээ хэлж өгч байсан юм. Тэр үед Б.У нь миний интернет банкны кодыг мэдэж авсан байх... Гомдолтой байна, алдсан мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-рт/
3. Гэрч Ц.Б-ын: “...Энэ 470.000 төгрөгийн гүйлгээг миний найз У гэж залуу хийсэн. Учир нь У тэр өдөр өөрийнхөө “У Б” гэх фейсбүүк хаягнаас “мөнгө шилжүүлээд буцаагаад авах хэрэгтэй байна, дансаа өгчих андаа” гэсэн. Тэгэхээр нь нэг их юм бодолгүй өөрийнхөө 5055805336 тоот дансны дугаараа бичиж чатаар явуулсан. Тэгсэн миний 5055805336 тоот дансанд 470.000 төгрөг орж ирсэн. Тэгээд У буцаагаад өөрийнхөө данс руу тэр мөнгийг шилжүүлж авсан... Би энэ 470.000 төгрөгийг захиран зарцуулаагүй, У л авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/
4. Хохирогч М.Т, гэрч Ц.Б нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-21-рт/
5. Шүүгдэгч Б.У, гэрч Ц.Б нарын фейсбүүк чатаар харилцсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-38-рт/
6. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3-рт/
7. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуул зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар хохирогч М.Т-ын ХААН банкны 54511030** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр 470.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн үйл явдал болсон болох нь хохирогч, шүүгдэгч, нарын мэдүүлэг, дипозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч М.Т-ын ХААН банкны 54511030** тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гарсан 470.000 төгрөгийн зарлагын гүйлгээг шүүгдэгч Б.У нь хохирогчийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан хийсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.У, гэрч Ц.Б нарын фейсбүүк чатаар харилцсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
Хэрэг учрал болохоос өмнө хохирогч М.Т нь өөрийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг шүүгдэгч Б.У-д итгэмжлэн өгч, өөрийн зөвшөөрлөөр шүүгдэгчээр гүйлгээ хийлгэж байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.У нь урьд өмнө нь өөрт нь итгэмжлэн өгсөн хохирогч М.Т-ын интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг дахин ашиглаж хохирогчид мэдэгдэлгүй, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр 470.000 төгрөгийг өөрийн найзын дансаар дамжуулан авч байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.У-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирол төлбөрөө бүгдийг барагдуулж авсан гэсэн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байх тул дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ...... овгийн Б.У-ыг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.У-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг шүүгдэгч Б.У-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 470.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ