Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 306

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1235 тоотод оршин суух, 31 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Жаргалсайханы Болортуяагийн /МЮ-86031085/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1235 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэг эмнэлэгийн байрны 02 тоотод түр оршин суух, 34 настай, эрэгтэй, Хилийн цэргийн 0101 ангид Сүхбаатар төмөр зам шалган нэвтрүүлэх заставт тээврийн хэрэгслийн шалгагч ажилтай Боржигон овогт Бат-Очирын Шагжсэнгэд /НЭ-82080778/ холбогдох

  “Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, газрын эрх шилжүүлэх тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ж.Болортуяа, хариуцагч Б.Шагжсэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би Б.Шагжсэнгэтэй 2003 онд танилцан 2007 он хүртэл үерхэж байгаад хамтран амьдарч 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулан, 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин Ш.Энхзаяа төрсөн. Улаанбаатар хотод бид хоёр Б.Шагжсэнгийн ээжийн хашаанд амьдардаг байсан. Б.Шагжсэнгэ гутал хийж би зардаг байсан. Тухайн үедээ бид хоёрын амьдрал болж л байсан. 2011 онд би Б.Шагжсэнгийг 3.000.000 төгрөг хүнд өгч байж ажилд оруулсан. Б.Шагжсэнгэ Сэлэнгэд ажлаа хийж манай эгчийнд амьдардаг байсан. Тэр жилдээ би дээд сургуульд суралцан, охин маань цэцэрлэгт явдаг учир 7 хоногийн амралтын өдрөөр л Сэлэнгэд охиноо дагуулаад ирдэг байсан. Гэтэл нэг өдөр л Б.Шагжсэнгэ манай эгчийнхээс гарч байр хөлслөн амьдарсан байснаа надад хэлээгүй юм. Манай хонхны баяр 2012 оны 05 дугаар сарын 28-нд болсон. Хонхны баяраараа 3 хоног Тэрэлжид очиж амарсан. Тэр үед Б.Шагжсэнгийн хүргэн Ишгээ гэдэг хүн намайг 2 залуутай хамт буудал орж байна гэсэн яриа яригдаж эхэлсэн. Тэр цагаас хойш Б.Шагжсэнгийн сэтгэл санаа ааш зан өөрчлөгдөж эхэлсэн. Би өөрөө удган хүн болохоор хавар намрын улиралд уул ус овоо тахих шаардлагатай байдаг. Тэр зундаа манай эгч намайг “Архангай аймагт нэг айлд очоод өгөөч” гэхээр тэднийд хэд хоноод дараа нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд очиж хэд хоносон.

Гэтэл Б.Шагжсэнгийн Сэлэнгэд нэг аптект ажилладаг хүүхэнтэй байнга уулзаж байдаг болсон гэдгийг сонсоод ангийн найз н.Алтанзулд “Чи манай нөхөр ямар хүүхэнтэй уулзаж байгааг мэдээд өгөөч” гээд утсаар ярьтал түүнээс хойш тэр надтай утсаар ч ярихгүй, утсаа авахаа байсан. Намайг охинтойгоо ирэх болгонд л Б.Шагжсэнгэ согтуу архи их уудаг болсон байсан. Хамгийн сүүлд охин бид хоёрыг ирэхэд согтуу охины минь хажууд зодоод түүнээс хойш охин маань аавынхаа намайг зодсонд их л эмзэглэсэн байдаг байсан. Тухайн үедээ би нөхөртөө итгэж охиноо бодоод буцаад ирэх болов уу гэж хардаг л байсан.

Б.Шагжсэнгэ өөрийнхөө уулзаж байсан хүүхнийхнээ талаар ярихад тэр нь манай ангийн найз охин маань байсан. Одоо энэ хоёрын дундаас нэг хүүхэд гарсан хамтран амьдарч байгаа. Бид хоёр 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд Б.Шагжсэнгэ охиноо ерөөсөө харж хандаж байгаагүй. Нэг удаа амралтаар нь охиноо явуулахад охин маань бөөсдөөд ирсэн. Тэр ч байтугай эхнэрийнх нь ээж нь хүүхдий нь тэврүүлчихээд “Чи хүүхэд харах гэж л ирсэн биздээ” гэж хүртэл зодсон байсан. Охин маань аавыгаа санаад утсаар ярих гэхээр утсыг нь тэр хүүхэн авчихаад яриулдаггүй юм. н.Алтанзул над руу байнга дарамталсан мессеж бичдэг байсан. Миний охин утсаа хаячихаад миний утсыг түр барьж байх үед намайг мессежээр маш их доромжилж бичсэн байсныг охин маань уншсан байсан. Энэ байдлаас болоод охин маань маш их эмзэглэдэг. Өнгөрсөн хугацаанд Б.Шагжсэнгэ надтай утсаар ярьж “Та хоёр дээрээ очно, энэ хүүхнийг найз нь зохицуулна” гэж байнга ярьж хэлж байдаг боловч хэлсэн амандаа хүрэлгүй хуурч, бид хоёрыг хүлээлгэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Иймд цаашид тэвчиж хүлээх арга байхгүй болсон учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм.

Энэ хугацаанд надад бас үерхдэг залуу байсан харин хамтран амьдарч хүүхэдтэй болж байгаагүй. Нэг залуутай Зүүнхараад 2016 оны 11 сараас 2017 оны 03 сар хүртэл хамтран амьдарч байгаад охиноо бодон хоёр тийшээ болж одоо хотод охин, ээжийнхээ хамт амьдарч байгаа. Одоо бид нарын амьдарч байгаа газар нь Б.Шагжсэнгийн нэр дээр байдаг. Учир нь зээл авахад нэг хүн дээрээ байвал зүгээр юм гэж бид хоёр ярилцаад Б.Шагжсэнгийн нэр дээр газрын гэрчилгээ авсан. Энэ газрыг бид хамтран амьдарч байхдаа авсан учраас дундын хөрөнгө гэж үзэж байгаа. Ийм учраас охиныхоо нэр дээр шилжүүлээд 18 нас хүрэхэд нь захиран зарцуулах эрхийг нь нээлгэж өгөх хүсэлтэй байна. Миний охин 8 жилийн дараа сургуулиа төгсөөд оюутан болно тэр үед нь хүүхдийн тэтгэлэгийг нь дансанд нь хийж байгаад оюутан болох үед нь сургалтын төлбөр бусад хэрэглээнд нь зориулах бодолтой байна.  Хүүхдийн тэтгэлэгийн хувьд Б.Шагжсэнгэтэй ярилцаад мөнгөө хадгаламжинд хийгээд аль аль нь охиноо 18 нас хүртэл авахгүйгээр зөвхөн маань охин маань өөрөө захиран зарцуулахаар тохирсон.

 Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулан Чингэлтэй дүүрэгт байрлах 0.7га газрыг охин Ш.Энхзаяагийн нэр дээр шилжүүлж, доторх тавилгыг Б.Шагжсэнгэд үлдээж өгөх хүсэлтэй байна гэх.

 

  Хариуцагч Б.Шагжсэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2003 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар курсын оюутан байхдаа Ж.Болортуяатай танилцаж, 2005 онд сургуулиа төгсөөд “Хүчит шонхор” зах дээр хэв журмын байцаагч хийж байсан. 2006 онд бид хоёр гэрлэлтээ батлуулж улсаас 500.000 төгрөг авсан. Тэр үед би гутал хийж Ж.Болортуяа борлуулдаг байсан. Бид хоёр мөнгөө цуглуулж байгаад өөрийн гэсэн гэр оронтой болоод манай ээжийн хашаанд тусдаа гарсан. Бид хоёр амьдралынхаа төлөө хамтдаа зүтгэдэг байсан. 2011 оны 11 дүгээр сард хилийн цэрэгт ажилд орсон. Энэ хүний танилын хүрээгээр ажилд орсон гэдэг нь үнэн. Тухайн үед би Ж.Болортуяагийн ээжийнх нь төрсөн эгч н.Цэрэнбат гэдэг айлынд амьдарч байсан. Би 2011 оны 12 дугаар сард шалган нэвтрүүлэх 45 хоногийн курсэд сурч 2012 оны 01 дүгээр сард төгсөж ирээд Сэлэнгэ аймагт ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Намайг энд ажиллаж байх хугацаанд Ж.Болортуяа охиноо дагуулаад над дээр 7 хоногт 1 удаа, дараа нь 14 хоногт 1 удаа, сард нэг удаа хамгийн сүүлд 2012 оны 03 дугаар сард охин бид хоёрыг гэрт үлдээгээд Сэлэнгэ аймагт найз нөхөдтэйгээ уулзах нэрээр хоног өдрөөр алга болсон. Би тэр орой охиноо унтуулчихаад Сэлэнгэ аймгаар шөнөжингөө хайгаад олоогүй. Маргааш нь инээд алдсаар орж ирсэн...Би эхнэр, охин хоёрыгоо хот руу явах болгонд нь уйлаад үлддэг байсан.

 Ж.Болортуяа нь 2012 онд “Номун далай” их сургуулийн төгсөх курсэд суралцаж байсан. Би аль болох ах дүү, хамаатан садан найз нөхөддөө манай хүн сургуулиа төгсөх гэж байна тус болооч гэж байнга утсаар ярьж гуйдаг байсан. Гэтэл миний энэ сэтгэлийг Ж.Болортуяа огт ойлгож байгаагүй. Бид хоёрын салах болсон шалтгаан нь: 2012 онд Ж.Болортуяа сургуулиа төгсөөд Тэрэлж рүү 3 хоног амралтаар явсан. Тухайн үедээ үхсэн амьд нь мэдэгдэхгүй сар алга болсон. Тэр үед би 45 хоногийн карентинд гарсан байсан.  Бид нар 50 км ээс хол гарч болдоггүй тийм болохоор утсаар ярихад хүндрэлтэй, албан ёсоор чөлөө авч байж л гадуур гарах боломжтой байдаг байсан. Би Ж.Болортуяагийн ах дүү, найз нөхөд гээд бүх л хүмүүс рүү ярьж асуухад бүгд “мэдэхгүй” гэсэн хариулт өгч байсан. Үүнээс хойш сарын дараа хүний машин унаж яваад мөргөлдсөн болохоор надаас айгаад хэлж чадаагүй гэж ярьж байсан. Би “за тэр ч яахав миний хань одоо хүрээд ир” гэхээр Архангай явах болчихлоо гэж хэлсэн. Би яах гэж байгаа юм бэ гэж асуухад “тэнд нэг айлд засал хийхээр болсон” гэж хэлсэн. Би “хурдан ирээрэй” гэж хэлээд явуулсан. Ингээд 2012 оны 07 дугаар сард ирээд буцаад Хөвсгөл явчихсан. 2012 оны 8 сард Хөвсгөлөөс ирээд ах дүү, нартаа надаар дамжуулж цалингийн зээл авахуулсан. Би Ж.Болортуяаг байхгүй үед хадам ээж рүү гээ залгаад “охин маань яаж байна” гэхэд “охин зүгээр миний хүү санаа зоволтгүй ээж нь уул, овоо тахина гээд яваад алга болчихоод байх юм” гэж хэлж байсан.

Намайг 2012 онд н.Алтанзул гэдэг бүсгүйтэй уулзаж эхэлсэн гэж яриад байна. Энэ бол худлаа. Би 2013 онд н.Алтанзултай танилцсан. Би Ж.Болортуяатай ярилцаад амьдралаа авч үлдэх талаас нь зүтгэсэн боловч Ж.Болортуяа “ирнэ” гэж хэлчихээд л ирэхгүй яваад байсан. Ж.Болортуяагийн биед буудаг сахиус нь хүртэл намайг “сал” гэж хэлдэг байсан. Сүүлдээ би яалт ч үгүй Ж.Болортуяагаас харилцаагаа тасалсан. Бидний салах шалтгааны эхлэлийг энэ хүн өөрөө тавьсан.  Ж.Болортуяа 2016 онд надтай утсаар яриад “би хамтран амьдрагчтай болсон, одоо чамаас гэрлэлтээ цуцлуулмаар байна” гэж хэлсэн. Би энэ шаардлагыг нь хүлээн зөвшөөрсөн. Харин Ж.Болортуяаг өөр хүнттэй амьдрах гэж байгааг мэдсэн болохоор охиноо түүний асрамжинд үлдээж чадахгүй гээд хүүхдийн асрамжийн тал дээр маргаан гаргасан. Нөгөө хүнтэйгээ таарч тохирохгүй байсан юм уу охин маань буцаад эмээ дээрээ очсон учир би шүүхэд гаргасан хүүхдийн асрамжийн талаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан. Эцэг хүний хувьд хүүхдийнхээ тэтгэлэгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Ж.Болортуяагийн түрүүн хэлснээр хүүхдийн тэтгэлэгээ дансанд 18 нас хүрээд өөрөө захиран зарцуулах эрхтэйгээр хийж байхаар бид хоёр ярилцсан.

 Монгол улсын иргэн газар эзэмших эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд би 0.7 га газраа эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч энэ газрыг авч охины нэр дээр шилжүүлэх асуудал ярьсан. Үүнийг яаж шийдэх нь шүүхийн асуудал байх. Энэ газрын бичиг баримт л миний нэр дээр байгаа болохоос өнөөг хүртэл тэр газарт хадам хөгшин амьдарч байгаа. Миний охиныг Ж.Болортуяагийн ээж н.Лхагвасүрэн гэдэг хүн өдий зэрэгтэй болгож өсгөж хүмүүжүүлсэн. Би энэ хөгшинд баярлаж явдаг. Хэрэв энэ хүн өнөөдөр шүүх хуралд ирсэн бол миний талд зогсох байсан гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахад татгалзах зүйлгүй. Газрын хувьд миний нэр дээрх өмчлөлийн газар, гэхдээ би өнөө маргаашгүй охиноо хөөгөөд явуулчих ухамсартай хүн биш. Газрын гэрчилгээ надад байгаа гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Болортуяагийн нэхэмжлэлтэй Б.Шагжсэнгэд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваах тухай“ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2003 онд танилцан гэр бүл болж, 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин Ш.Энхзаяа төрсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №0197722, Г-926 дугаартай  “Гэрлэлтийн гэрчилгээ”, охин Ш.Энхзаяаг 2007 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрснийг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн №0000933155, Г-1597 дугарт бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ийн хуулбарууд  зэрэг болно.  

Зохигчид нь 2010 оноос хойш тус тусдаа 6 жил гаруй амьдарч, Б.Шагжсэнгэ нь гэр бүлтэй болсон байгаа нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Шагжсэнгэтэй 2003 онд танилцан 2007 он хүртэл үерхэж байгаад хамтран амьдарч 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулан, 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин Ш.Энхзаяа төрсөн. Улаанбаатар хотод бид хоёр Б.Шагжсэнгийн ээжийн хашаанд амьдардаг байсан. Б.Шагжсэнгэ гутал хийж би зардаг байсан...Намайг охинтойгоо ирэх болгонд л Б.Шагжсэнгэ согтуу архи их уудаг болсон байсан. Хамгийн сүүлд охин бид хоёрыг ирэхэд согтуу охины минь хажууд зодоод түүнээс хойш охин маань аавынхаа намайг зодсонд их л эмзэглэсэн байдаг байсан...Б.Шагжсэнгэ өөрийнхөө уулзаж байсан хүүхнийхнээ талаар ярихад тэр нь манай ангийн найз охин маань байсан. Одоо энэ хоёрын дундаас нэг хүүхэд гарсан хамтран амьдарч байгаа. Бид хоёр 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа...н.Алтанзул над руу байнга дарамталсан мессеж бичдэг байсан...Өнгөрсөн хугацаанд Б.Шагжсэнгэ надтай утсаар ярьж “Та хоёр дээрээ очно, энэ хүүхнийг найз нь зохицуулна” гэж байнга ярьж хэлж байдаг боловч хэлсэн амандаа хүрэлгүй хуурч, бид хоёрыг хүлээлгэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Иймд цаашид тэвчиж хүлээх арга байхгүй болсон учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм...Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулан Чингэлтэй дүүрэгт байрлах 0.7га газрыг охин Ш.Энхзаяагийн нэр дээр шилжүүлж, доторх тавилгыг Б.Шагжсэнгэд үлдээж өгөх хүсэлтэй байна” гэх,

хариуцагч шүүхэд гаргасан  тайлбартаа “.....Миний бие 2003 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар курсын оюутан байхдаа Ж.Болортуяатай танилцаж, 2005 онд сургуулиа төгсөөд “Хүчит шонхор” зах дээр хэв журмын байцаагч хийж байсан. 2006 онд бид хоёр гэрлэлтээ батлуулж улсаас 500.000 төгрөг авсан. Тэр үед би гутал хийж Ж.Болортуяа борлуулдаг байсан. Бид хоёр мөнгөө цуглуулж байгаад өөрийн гэсэн гэр оронтой болоод манай ээжийн хашаанд тусдаа гарсан. Бид хоёр амьдралынхаа төлөө хамтдаа зүтгэдэг байсан. 2011 оны 11 дүгээр сард хилийн цэрэгт ажилд орсон. Энэ хүний танилын хүрээгээр ажилд орсон гэдэг нь үнэн...Би 2013 онд н.Алтанзултай танилцсан. Би Ж.Болортуяатай ярилцаад амьдралаа авч үлдэх талаас нь зүтгэсэн боловч Ж.Болортуяа “ирнэ” гэж хэлчихээд л ирэхгүй яваад байсан. Ж.Болортуяагийн биед буудаг сахиус нь хүртэл намайг “сал” гэж хэлдэг байсан. Сүүлдээ би яалт ч үгүй Ж.Болортуяагаас харилцаагаа тасалсан. Бидний салах шалтгааны эхлэлийг энэ хүн өөрөө тавьсан...Монгол улсын иргэн газар эзэмших эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд би 0.7 га газраа эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч энэ газрыг авч охины нэр дээр шилжүүлэх асуудал ярьсан. Үүнийг яаж шийдэх нь шүүхийн асуудал байх. Энэ газрын бичиг баримт л миний нэр дээр байгаа болохоос өнөөг хүртэл тэр газарт хадам хөгшин амьдарч байгаа...Миний хувьд гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахад татгалзах зүйлгүй. Газрын хувьд миний нэр дээрх өмчлөлийн газар, гэхдээ би өнөө маргаашгүй охиноо хөөгөөд явуулчих ухамсартай хүн биш. Газрын гэрчилгээ надад байгаа” гэх мэдүүлгээр зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул  гэрлэлтийг цуцлах  үндэслэл болно.

Нэхэмжлэгч Ж.Болортуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Одоо бид нарын амьдарч байгаа газар нь Б.Шагжсэнгийн нэр дээр байдаг. Учир нь: зээл авахад нэг хүн дээрээ байвал зүгээр юм гэж бид хоёр ярилцаад Б.Шагжсэнгийн нэр дээр газрын гэрчилгээ авсан. Энэ газрыг бид хамтран амьдарч байхдаа авсан учраас дундын хөрөнгө гэж үзэж байгаа. Ийм учраас охиныхоо нэр дээр шилжүүлээд 18 нас хүрэхэд нь захиран зарцуулах эрхий нь нээлгэж өгөх хүсэлтэй байна...” гэсэн хэдий ч хэрэгт энэ талаар ямар ч нотолгооны ач холбогдол бүхий баримтыг зохигчдоос ирүүлээгүй /тухайлбал газрын гэрчилгээтэй эсэх, хэний нэр дээр байгаа, хэдэн онд авсан талаар/ байх тул газрын өмчлөх эрх шилжүүлэх асуудлыг хэрэгсэхгүй болгон, зохигчид энэ талаар нотлох баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ш.Энхзаяаг эх Ж.Болортуяагийн  асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ш.Энхзаяаг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-д  зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Шагжсэнгээр тэжээн тэтгүүлэх, газрын өмчлөх эрхийг шилжүүлэх асуудал нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон, энэ талаар зохигчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт Б.Шагжсэнгийн “Төрийн банк”-ны 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх “Депозит дансны харилцагчийн хуулга”, “Зээлийн дансны хуулга” зэрэг авагдсан болно.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Шагжсэнгээс охин Ш.Энхзаяад төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (166.200:2х12=997.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ж.Болормаа, Б.Шагжсэнгэ нарын гэрлэлтийг цуцалж, газрын өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ш.Энхзаяаг эх Д.Болортуяагийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ш.Энхзаяаг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Шагжсэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчидид нь газар өмчлөх эрх шилжүүлэх асуудлаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Шагжсэнгээс 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ч.Нарангэрэлд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах  эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА