Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Улсын яллагч Г.Эсэн

          Гэрч Ц.Г /zoom/

          Хохирогч Г.Н

          Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

          Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тт холбогдох 1922003280060 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар  сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ......... дугаар сарын .......-ны өдөр төрсөн, .......... боловсролтой, ........., ам бүл .........., ............... хамт Дундговь аймгийн .................тоотод оршин суух, .......... овогт Н.Т гэв.

 

          Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө Дундговь аймгийн .........багийн нутаг дэвсгэр “Нүхэн хонд” гэх газарт байх иргэн Г.Н-ын өмчлөлийн 4 ханатай монгол гэрийг доторх эд зүйлсийн хамт санаатайгаар галдан шатаасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас нийт 24.423.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          - Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “2019 оны 11 сард Г гэх залуугийн жоншин дээр очоод сум явах унаа хайхаар 11 цагийн үед Даваанямаар хүргүүлсэн. Тэгээд Г гэртээ ганцаараа цай хийж өгөөд, ууж дуусаагүй байхад хувцас тайлах гээд хүчирхийлэх гээд сандал дээр нухаад байхаар нь хэлдэг газар нь хэлнэ гэсэн чинь араас ирээд явуулахгүй ална гээд байсан. Тэгээд Хулд руу дөхүүлж өгөх үү гээд байхаар нь би дөхүүлүүлнэ ч гэхгүй байсан чинь цүнх өгөхгүй намайг явуулахгүй байсан. Тэгээд гарахаар араас дагаж гарч ирээд байсан. Тэгээд харанхуй болоод би тэднийд хоносон. Шөнө нь намайг хүчирхийлээд, гар хөл дарж хүчиндсэн. Би Этай 10-аад жил хамт амьдарсан. Тэгээд Этай юу хийдэг юм, хачин юм гээд байсан. Тэгээд өглөө намайг сум хүргэхээр 3 цагийн үед машинаа асаагаад 4 өнгөрөөгөөд хөдөлсөн. Тэгээд “Эгийнхыг хорло чи” гээд байсан. Тэгээд гэрийнх гадаа очоод “чи буу миний хэлснээр хийгээрэй, буугаад энэ айлыг шатаа” гэхээр нь би хэлсэн ёсоор нь шатаасан. Эргээд намайг очсон чинь “болсон уу хурдал” гээд явсан. Намайг Хулд сумын колонк дээр буулгаад “айлд очих уу” гэхээр нь би “айлд очоод яахав, замын унаанд суугаад аймаг явна” гээд унаа таараад явсан. Ирснээс хойш 5 цагийн үед Цагдаагийн хэлтсээс нэг хүн очоод намайг аваад явсан. Лхагважав гэдэг хүн тэр айлыг шатаасан гээд байцаасан” гэв.

          - Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Хулд сумын Нүхэн ам гэх бууцанд байсан гэрээ шатаалгасан. Уурхайчид Манжуур явуулах аяллын эрх олгосон байсан, би аймаг явж хоносон байсан. Өглөө нь хүүхдүүд асуудал гарлаа, гэр чинь шатсан гэж хэлсэн. Миний хүү архи уугаад тамхи татсан юм болов уу гэхдээ тамхи татдаггүй дээ гэж бодоод “яагаад шатав” гэсэн чинь “гадны нөлөө орсон” байна. Т ноосон цамцаа авна гээд Гар хүргүүлээд “машинаа хол тавиарай” гэж буугаад гэр тойроод суусан. Тэгээд Г сум орчхоод буцтал манай гэр шатаад дууссан байхаар нь Төртогтоход хэлсэн байсан. Давааням, манай хүү бүгдээрээ Төртогтохынд байсан гэсэн. Гд зогсож байгаарай гэж Т хэлсэн байсан. Дандаа хүн рүү буруу чихэж, худлаа ярьдаг. Манай хүүтэй холбоотой нь үнэн. Би суувал суу гэж хэлдэг. Г бид 2-ын хооронд гэр шатаах холбоо байхгүй. Уурхайчид, манайхан бие биедээ туслаад л гардаг хүмүүс. Г болон уурхайчид манай гэрийг шатаах санаа байхгүй. Би одоо гэргүй явж байна. Би тэр сайхан гэр орноо авмаар байна. Т ирдэг юм уу, цаадах нь очдог юм уу манай хүүтэй уулзчихдаг, уулзахаараа ямар нэгэн юмыг нь авчихдаг. Дуран, малгай гээд бүх юмыг нь авчихдаг. Т миний утсаар дохиод зай завсаргүй залгаад байдаг. Эхэлж гарсан үнэлгээ нь 50 гаран байсан, одоо буураад 24 сая болсон байсан. Би учирсан хохирол болон замын зардлаа төлүүлж гаргуулмаар байна” гэв.

          -  Гэрч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Тухайн өдөр 2 цагт Т нэг залуутай цуг ирээд нөгөө залуу нь хонь услах гэсэн шалаанк тасарсан байна гээд мал услахаар эгчийг үлдээгээд явсан. Би тэр эгчид цай хийж өгсөн. Тэр эгч “аймаг орох гэсэн юм, танай энэ хавиас унаа хайна” гэсэн. Тунгалаг эгч өөрөө машин тосоод сууж чадаагүй. “Намайг хүргээд өг” гэхээр нь би “миний машин асахгүй, гал түлж асдаг, асах гэж цаг болдог” гэж хэлсэн. Тэгээд “манай дүүгийн утас болохгүй байна” гээд байсан. Би “унаа олдохгүй бол өглөө эртхэн босоод хүргээд өгье” гэсэн “тэгье” гэсэн. Тэгээд би “хоол хийгээд өгчих” гэсэн чинь “би хоол хийж чаддаггүй” гэхээр нь би өөрөө хоол хийж, бид 2 идсэн. Тэр эгч сандал дээр сууж байгаад “Амгаа намайг хаяад явчихлаа” гээд байсан. Тэгээд би үүрээр машинаа асаагаад “явах уу” гээд явтал “Амгаагийн гэрээр ороод гаръя” гэхээр нь би “эзэнгүй айл орохгүй” гэсэн чинь “гэрт нь юмаа орхичихож, гэр нь цоожгүй байгаа, Амгаа бид 2 эвдэж хоносон юм” гэсэн. Тэгээд намайг хол зогсож бай гээд Т эгч буусан. Тэгээд гэрийнх нь хойно нэг гараад, урд нэг гараад “болсон явъя” гэхээр нь “юмаа авсан уу гэсэн чинь авсангүй, гэр нь цоожтой байна” гэсэн. Тэгээд би сум орж Тийг колонк дээр буулгаад, буцахад тэр гэр шатсан байсан. Тэгээд Төрийнд очоод хэлсэн. Тэр айлд Тийг авчирсан дүү нь байхаар нь “энэ ахын хамт явж байсан эгч шатаасан” гэж хэлсэн” гэв.

          -  Иргэний нэхэмжлэгч Д.Н-ийн “2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай эхнэрийн 4-н ханатай гэр шатаж хохирол учирсан юм.Тухайн гэрт миний хромон гутал 1 ширхэг, арьсан гутал 1 ширхэг байсан мөн миний дан даавуун дээл 2 ширхэг, хурган дээл 1 ширхэг, сэгсүүргэн дээл 1 ширхэг байсан юм. Өөр надад ямар нэгэн эд зүйл байхгүй. Бусад эд зүйлүүд нь манай эхнэрийн эд зүйл хөрөнгө байсан юм. Хромон гутал хааяа нэг өмсдөг гутал байсан, шинэвтэр гутал, харин арьсан гутал бас шинэвтэр гутал, дан даавуун дээл болохоор улбар шар өнгийн даавуун дээл, хүрэн өнгийн даавуун дээл байсан. Сэгсүүргэн дээл дугуй хээтэй хар торгон, хурган дээл болохоор хар торгоор хийсэн дээл байсан юм. Би дээлийнхээ үнэлгээг нь мэдэхгүй байна, манай эхнэр үнэ өртгийг нь хэлсэн байхаа. Би одоо 72 настай болохоор үнэлж чадахгүй байна. Мэргэжлийн байгууллага нь үнэлгээг нь гаргаж өгөх байлгүй. Миний зүгээс маш их гомдолтой байна. Манай хөгшин бид хоёрыг гэр оронгүй, өмсөх хувцасгүй болгосон тэр Тт гомдоод байна. Хувцас хунараа төлүүлнэ” гэх мэдүүлэг /1-р хх226-227/

          -  Гэрч Н.Э-ны “Намайг хөдөө гэрт байхад Галбадрах гэх хүн утсаар яриад “Э ахын  чинь гэр шатсан юм шиг  байна, хүн хэллээ, очоод үзээдэх” гэхээр нь би мотоциклтой Нүхэн хонд нэртэй  ахын  бууцан дээр очсон юм. Намайг очиход Төртогтох ах, Г гэх хүмүүс үзчихээд хөдлөөд явж байсан юм. Би шатсан гэрийн  зүүн талд нь мотоциклтой очиж дөнгөж зогсоод харчихаад мотоциклоосоо буугаагүй урагшаа хөдлөөд,  даваад буцаад гэрийнх нь зүүн  талаар ороод харих гээд явсан юм. Манай гэр Нүхтийн хонд бууцнаас халз зүүн хойш 5 километрт байдаг юм.  Намайг  очиход гэр нь шатаад дуусчихсан утаа уугиж байсан. Миний төрсөн ах Эгийн 4 ханатай гэр байдаг юм.  Ах болохоор өөрөө Баруун булаг гэх газарт отор нүүдлээр малтайгаа явсан юм. Ах 2019 оны 11-р сарын дундуур л отор нүүдлээр явсан. Гэр 2021.11.21-ний өглөөгүүр л шатсан байх. Ахын гэрт тог хязгаарлагч, суурин жи мобайлын утас, зурагт, газан плитка зэрэг эд зүйл байдаг юм. Тэр хэрэгслүүд залгаатай, залгаагүйг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх27-28/

          -  Гэрч Н.Т-ын “2019.11.21-ний өдөр намайг хөдөө гэртээ байхад 09 цагийн үед Г машинтай ганцаараа ирээд “танай эмээгийн гэр нь шатчихсан байна” гэж хэлсэн. Манай ээж Ням болохоор ах Н.Этай хамт Нүхтийн хонхор гэх хороон дээр байдаг юм. Би Гтай хамт 2 машинтай Нүхтийн  хонхорт ээж Г.Нын гэр нь очиж хартал манай ээжийн гэр шатаад дуусчихсан, утаа гарч байсан.  Би холоос хараад цагдаа нар иртэл ойртохгүй гээд очоогүй.  Тэгээд би аймгийн цагдаад дуудлага өгсөн. Тэр гэрт манай төрсөн ээж Г.Н болон ах Н.Э 2 хамт амьдардаг юм. 2019.11.10-ны үед ээж Г.Н гэрээ цоожлоод Баруун булаг руу ахтай хамт отроор малаа туугаад явсан, гэр нь эзгүй байсан...Ц.Г гэх хүнийг танина. Манай гэрээс баруун тийш  3 км-т Голден санрайз энержи ХХК-ний жоншны уурхайн манаач байгаа юм...Өглөө би үүрээр 05 цагийн үед Т-тэй хамт очсон юм. Тэгтэл тэр хүүхэн танай ээжийн гэрийн ар талд ганцаараа очоод байсан, тэгэхдээ л гэрийг шатаасан байна” гэж хэлсэн... Г манай ээжийн гэрийг шатаах хүн биш, харин  Т манай ах Эд хорсохдоо л шатаасан гэж үзэж байна. Ц.Г манай ээжийн гэрээр байнга орж гардаг, бараг хүү нь юм шиг л тусалдаг сайн залуу байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх35-36, 1-р хх33-34//

          -  Гэрч Б.Эрдэнэжаргалын “Би нөхөртэйгээ хамт Манжуур хот ороод 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө гэртээ ирсэн юм.Тэгээд маргааш нь буюу 2019.11.21 -ний өглөө нөхөр бид хоёр гэртээ байж байтал манай гадаа машинтай хүн ирсэн, тэгээд гэрт орж иртэл Ц.Г гэх залуу байсан юм. Тэр залуу болохоор манайхаас баруун тийш 3 км-т байх жоншны уурхайн манаач хүн байгаа юм. Тэр Г ирээд нөхөр бид хоёрт “танай ээж Г.Нын 4-н ханатай гэр шатаж байна, өглөө үүрээр 05 цагийн үед Т намайг Хулд хүргээд өг гэхээр нь би хүргэж өгөх гээд явж байхад замаараа танай их гэрээр нэг ороод гаръя гэсэн. Тэгээд би хүргэж өгтөл тэр хүүхэн гэрийн үүдэнд нэг очоод гэрийн хойгуур тойроод орсон,  тэр эмэгтэй л танай ээжийн гэрийг шатаасан гэж хэлсэн юм. Тэгээд л нөхөр бид хоёр тухайн гэр шатсан газарт нь очиж үзсэн юм. Тэгтэл манай хадам ээжийн гэр шатсан байсан. Тэр Ц.Г замаараа ороод очиход зүгээр байсан, Тийг хүргэж өгөөд иртэл бууцан дээрх гэр нь шатаж байсан гэж хэлсэн юм. Тэрнээс тэр Г гэх хүн хадам ээжийн гэрийг шатаах хүн биш байгаа юм. Тэр хүн ганцаараа манай гэрт ирж бид нарт хэл хүргэсэн хүн байгаа юм. Тэр Т л манай хадам ээжийн гэрийг шатаасан хүн байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх37-38/

-  Гэрч Н.Эгийн “Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгаас Н.Тийг машинтай авч, замаараа Хулд сумын жоншин дээр очоод, тэгээд тэндээсээ Хулд сумаас зүүн урагш байх “Нүхэнтийн хонд” гэх газарт байх бууцан дээрх гэртээ аваачсан юм. Манай гэрт хэн ч байгаагүй, ээж болохоор Манжуур явсан байсан, харин аав болох Өмнөговь аймгийн Цогт-цөций суманд хамгийн бага охиныхоо хүүхэдийг нь харж байгаа юм. Тэгээд би гэртээ ирээд Ттэй хамт хоносон юм. Маргааш нь буюу 2019.11.17-ны өдөр би мотоциклтой Тийг сундлаад манай төрсөн дүү болох Төртогтохын гэрт нь очсон юм. Тэнд Төртогтох байхгүй, Манжуур явсан, харин гэрийг нь болохоор Давааням гэх залуу харж байсан юм.Тэр Давааням болохоор Тийн төрсөн дүү нь байгаа юм. Би Тийг тэнд үлдээгээд би өөрөө мотоциклтой “Баруун булаг” гэх газар руу малдаа явсан юм. Явахын өмнө нь би Тт “чи түрүүлээд унаанд суугаад харьж бай, араас чинь мал хийгээд, чиний данс руу чинь 50.000 төгрөг хийе” гэж хэлсэн. Тэгээд би малдаа яваад “Баруун булаг” гэх газарт хүргэн Галаагийн мал дээр очоод, мөн өөрийнхөө малыг хараад тэндээ нэг хоносон. Тэгээд Өлзийт сумаас зүүн тийш адуундаа яваад эргээд Өлзийт сум ороод, сумын төв дээр найз нөхөдтэйгээ хамт архи уугаад хоёр хоносон юм. Тэр хойгуур манай бууцан дээрх гэр шатсан юм билээ. Манай гэрийг хэн шатаасныг нь мэдэхгүй байна,  хуулийн байгууллага шалгаад эзнийг л олох байх. Надад өөр ярих зүйл алга. Би Тээс бензиний мөнгө гэж 50.000 төгрөг зээлсэн, тэр мөнгийг нь төлөх гэж байсан юм. Тэрнээс ямар нэгэн өр шир гэхээр зүйл байхгүй. Бид хоёр найз нөхөд нууц амрагийн холбоотой хүмүүс байгаа юм.Т эгээд л хөдөө гэр рүүгээ дагуулж явсан юм. Т өөрөө зөвшөөрөөд, тэгээд намайг дагаад явсан юм. Тэрнээс би тэр хүнийг дагуулж яваагүй, үлдээх гэтэл Хулдын жоншин дээр үлдээгүй юм. Энэ гэр бол миний ээжийн гэр байгаа юм. Учир нь манай ээж Г.Н намайг гэр барихад барьж өгсөн юм. Би сүүлд нь ээждээ буцаагаад өгсөн юм. Аккумляторт холбож орхиогүй, бүх утсыг нь салгаад гэрээсээ гарсан юм. Манай гэрт цахилгааны гэрлийн утас аккумляторт холбодог юм. Мөн гадаа байх нарны толийг бас өөр аккумляторт холбодог байсан юм. Хийн газан пилетик байсан, гэхдээ дандаа асаагаагүй, унтраасан байсан юм. Сүүлд гэрээсээ гарахдаа гал түлээгүй явсан юм” гэх мэдүүлэг /1-р хх51-53/

-  Гэрч Н.Эгийн 2 дахь удаагаа өгсөн “Би  Ц-ийн Г гэх хүнийг танина. Тэрнээс найз нөхөд биш. Манай гэрээс баруун тийш 3 км-т Голден санрайз энержи ХХК-ний жоншны уурхайн манаач залуу байгаа юм. Манай гэрээр л байнга л орж гардаг хүн байгаа юм. Бид  хоёрын хоорондоо ямар нэгэн өс хонзонгын асуудал байхгүй. Нүхэн хонд гэх газарт байх 4-н ханатай гэр манай ээж Г.Н-ын өмч хөрөнгө нь байгаа юм. Миний гэр биш...Ц.Г гэх залуу манай ээжийн гэрийг шатаах хүн бишээ. Манай ээжийн гэрээр байнга л орж гардаг хүн байгаа юм. Хөгшин тэр хоёр их сайн найзууд байгаа юм. Тэр Ц.Г гэх хүн манай дүүгийнд очиж хэлсэн юм билээ. Тэр хүн хэлээгүй бол бид нар мэдэхгүй л байсан байх” гэх мэдүүлэг /1-р хх54-55/

-  Гэрч Н.Э-гийн дахин өгсөн “Манай ээжийн гэртэй шатсан эд зүйлүүдийн талаар хэлэхэд 4-н ханатай гэрийн тооно, хаалга, унь, эсгий бүрээс, туурга, хана, эсгий дээвэр, берзентэн дээвэр, берзэнтэн туурга, өрх, хошлон, хошлонгийн дээс, монгол эсгий шалавч, хивс, хөшиг, гадна дотно цагаан бүрээс, төмөр зуух, төмөр тогоо, төмөр яндан, аргалын дөрвөлж, хайч, аргалын дөрвөлж, галын ховил,  модон авдар 4 ширхэг, төмөр орос ор, модон шкап, хувцасны шпап, гал тогооны шүүгээ, гал тогооны хэрэгслүүд, гар нүүр угаадаг түмбүүшиг, орны хивс, хоёр нүдний дуран, аккумлятор, зурагт, толь жааз, оёдлын машин, гудас хөнжил, хөнжлийн даавуу, морины медалиуд, цагаан, ногоон дарь эх, бурхан багш гээд манай гэрт их л эд зүйлс байсан. Би нарийн тоо ширхгийг нь хэлж чадахгүй, айлд байдаг бүх л зүйлс байсан юм. Тухайн гэрт байсан эд зүйлүүдийг манай ээж хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй тоо ширхгээр нь хэлээд үнэлгээг нь хэлсэн байсан учир би дахиж хэлэх шаардлага алга. Нарийн ширийн юмыг нь мэдэхгүй байна. Тоймтойгоос нь хэлэхэд ийм эд зүйлс байсан юм. Манай ээж бүх эд зүйлүүдээ нэг бүрчлэн хэлсэн байгаа. Миний эд зүйлс гэвэл тухайн гэрт хромон гутал 1 ширхэг, арьсан гутал 1 ширхэг, сэгсүүргэн хуучин дээл 1, хөвөнтэй дээл шинэ 1, хуучин 1 байсан. Дан дээл гэхэд 2 ширхэг хуучин дээл байсан юм. Өөр хувцас хунар байгаагүй юм. /1-р хх206-207/

-  Гэрч Г.Ц-ын “Манай эгч Г.Н нь Хулд сумын мянгат малчин болсон айл байгаа юм. Манайх Г.Н эгчийнхээс ойролцоогоор 20 км-т байдаг юм. Би эгчийнхээрээ байнга л  орж гардаг хүн байгаа юм. Манай эгч бол мөнгөн эдлэл болон хулсан ташуур, мөнгөн цөгц, мөнгөн бүс, мөнгөн том аяга болон их олон дээлтэй хүн байгаа юм. Мөн монетон ээмэг бөгжтэй хүн байсан юм. 2019 оны 11 дүгээр сард манай эгчийн “Нүхэн
хонд”  гэх бууцан дээрх гэр нь шатаад бүх зүйлс нь
шатсан юм. Манай эгч ер нь мал ихтэй, эд хөрөнгөтэй айл байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх 56-57/

            -  Гэрч Х.Б-ын “ Би Г.Н гэх хүнийг сайн танина. Тэрнээс ямар нэгэн хамаатан садан биш, найз нөхдийн холбоотой юм. 16 жил найзалж байна. Би тэдний гэрээр нь хөдөө байнга л очиж байдаг юм. Манай найз Г.Н нь 1996 онд Сайн малчин, 1997 онд Хулд сумын мянгат малчин болсон айл байгаа юм. Тэдний гэрт дээл хувцас болон мөнгөн эдлэл, хулсан ташуур, мөнгөн цөгц, мөнгөн бүс, мөнгөн том аяга, болон их олон дээлтэй хүн байгаа юм. Манай найз гартаа гэхэд л монетон ээмэг бөгжтэй байсан. Харин тэр эд зүйлээ гэртээ авдар дотроо хадгалж байгаад гэр нь шатаад устсан гэсэн... Юм юмтай л айл байгаа юм. Би тэр эд зүйлийнх нь содон шинж тэмдэг болон онцлогыг нь сайн мэдэхгүй л байна, дандаа л ороход харагддаг байсан юм”  гэх мэдүүлэг /1-р хх58-59, 64-65/

 

            -  Гэрч Г.Б-ийн “Манай эгч Г.Н нь Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг “Нүхэн хонд” гэх газарт оршин суудаг юм. Эгч болохоор хороон дээр 4-н ханатай гэрт ганцаараа амьдардаг юм. Хүү Н.Э нь голдуу отор нүүдлээр явдаг, харин нөхөр нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хүүхэд хардаг. Манай ах эгч хоёр сумын сайн малчин, мянгат малчин хүмүүс байгаа юм. Би тэдний гэрт байнга л орж гардаг юм. Ер нь тэдний гэрт өмсөж байсан дээл хувцас болон мөнгөн эдлэл, бурхан, мөнгөн цөгц, гуулин цөгц, хулсан ташуур, монетон ээмэг бөгж зэрэг эд зүйлүүд байсан. Харин би тэр мөнгөн эдлэл болон монетон ээмэг бөгжийг нь харсан товгордуу хоёр талаасаа оруулгатай монетон бөгж байсан, ээмэг нь бас бөгж шигээ хосоороо гэмээр оруулгатай ээмэг байсан юм. Ер нь малтай  хуйтай эд хөрөнгөтэй хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх60-61, 6-67/

            -  Гэрч Г.У-ын “ Би энэ хүнийг сайн танина. Энэ хүн миний төрсөн эгч байгаа юм. Манайх Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн нутаг “Шувуутай Үйзэн” гэх газарт байдаг байсан, харин манай эгчийнх Хулд сумын 1-р багийн нутаг “Нүхэнд хонд” гэх газарт байдаг. Манайхтай саахалт айл, хоорондоо 5км зайтай байдаг юм. Тэднийх 1996 онд сумын сайн малчин,1997 онд Хулд сумын мянгат малчин болсон.Тэдний гэрт байнга л орж гардаг хүүхдүүд нь морь уядаг, уясан морь нь дандаа л сумандаа түрүүлж цол медаль авдаг сумын иргэдийн дунд нэр хүнд сайтай хүмүүс байгаа юм. Би хавар болгон очиж ямааг нь самнаж өгдөг байсан юм.Тэдний гэрт дээр үеийн оёдлын машин болон хэд хэдэн сайхан хурган дээл, сэгсүүргэн дээлтэй байсан. Мөн том мөнгөн цөгцтэй, их бага мөнгөн аягатай л байса,н цагаан сараар очиж золгоход хүний тоогоор л аяга гаргаж ирдэг байсан юм. Хулсан ташуур, мөнгөн бүс, эгч Г.Н нь өөрөө болохоор монетон ээмэг бөгж зүүдэг. Ер нь бол тэднийх юм юмтай л айл байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх62-63/

            -  Гэрч Г.Д-ын “2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг Хулд сумын 1-р багийн нутаг “Шарангад” гэх нэртэй газарт Төртогтох гэх айлд гэрийг нь хараад малыг хариулаад байж байхад Э мотоциклтой манай эгчийг дагуулаад ирсэн юм. Тэгээд Э өөрөө болохоор малдаа явлаа гэж хэлээд алга болсон юм. Тэгээд манай эгч Н.Т надтай хамт тэр айлд ойр зуурын ажил хийгээд хоёр хоносон. Тэгээд намайг “зам дээр хүргээд өг, Дундговь аймаг явна” гэхээр нь би мотоциклтой том машин явдаг зам дээр хүргэж өгсөн юм.Тэгтэл унаа тэрэг олдоогүй, харин эгч болохоор тэр хавьд байх нэг жоншны манаачийн гэрт нь үлдсэн юм. Би тэр айлд нь 2019.11.20-ны өдөр 10 цагийн үед л хүргэж өгсөн юм. Тэнд манай эгч Г гэх хүнтэй хамт үлдсэн, харин би хүргэж өгөөд л шууд Төртогтох гэх айлын гэр рүү явсан юм. Дахиж би эгчтэйгээ уулзаагүй. Маргааш нь буюу 2019.11.21- ний өглөө үүрээр 07 цагийн үед Г  ирээд тэгээд танай эгч Н.Т айлын гэр шатаасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төртогтохтой хамт тухайн шатсан гэрийг нь очиж үзсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх68-70/

            -  Гэрч Ө.О-ийн: Н.Тийг би сайн танина. Манай нөхөр Даваанямын хамгийн том эгч нь байгаа юм. Ер нь бол хурц ааштай, ууртай хүн байгаа юм. Дундговь аймгийн төвд хамгийн бага охинтойгоо амьдардаг. Бусад хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан.  Амьдрал ахуйн хувьд их л тааруу боломж муутай, өрх толгойлсон хүн байгаа юм. Нөхөргүй, харин Э гэх хүнтэй явалдаад байдаг сураг байсан, хамт л явдаг байсан. Хамтран амьдарч байгаагүй байхаа. Ажил хийж байгаагүй байхаа. Хөдөө мал маллаж байгаад аймаг руу шилжсэн. Өөрийн гэсэн мал, эд хөрөнгө байхгүй, эрхэлсэн ажилгүй гэх мэдүүлэг /1-р хх71-72/

            -  Гэрч Н.Ш-ын: Т бол миний хамгийн том төрсөн эгч байгаа юм. Миний эгч эрүүл саруул хүн байгаа юм. Хань ижил байхгүй, нэг охинтойгоо хамт амьдардаг юм. Бусад хүүхдүүд нь тусдаа гарсан. Хулд сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги төгссөн.Тэгээд хөдөө мал дээр гарч мал маллаж байгаад аймгийн төв рүү шилжсэн юм. Архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, харин энэ Н.Э гэх хүнтэй л 10 гаран жил суух ч биш амьдрах ч биш яваад байдаг юм. Миний эгч эрүүл саруул хүн байгаа юм. Сэтгэцийн хувьд эрүүл саруул хүн. Сүүлийн үед л сонин сонин юм яриад байх болсон” гэх мэдүүлэг /1-р хх73-74/

-  Гэрч Н.Э-ын: Т бол миний хамгийн том төрсөн эгч байгаа юм. Миний эгч Н.Т нь Хулд сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги төгссөн. Тэгээд эгч маань, хөдөө мал дээр гарч мал маллаж байгаад малгүй болоод хэдэн хүүхдээ аваад аймгийн төв рүү 2006 онд шилжсэн. Манай эгч архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, урьд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Одоо гэртээ нэг охинтойгоо хамт амьдарч байгаа. Бусад хүү Адъяасүрэн, Адъяабазар, охин Лхагвасүрэн, Должин нар нь тусдаа гараад Өмнөговь аймаг, Цагаандэлгэр суманд амьдарч байгаа гэсэн. Энэ хүүхдүүд нь бас боломж бололцоо муутай холоос ирж чадахгүй байгаа юм. Миний эгч сэтгэцийн хувьд эрүүл саруул хүн” гэх мэдүүлэг /1-р хх74-75/

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019.12.11-ний өдрийн 6579 тоот: Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай нурам, үнс, шатсан зүйлийн үлдэгдэл /цахилгааны утас мэт зүйл/-д шатах тослох материалын агуулга илрээгүй гэх дүгнэлт /1-р хх93-94/

            - Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссын  2020.04.01-ний өдрийн 5 дугаартай: Н.Т нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэг эмгэггүй байна.  Н.Т нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Н.Т нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх100-102/

 

- Гал түймрийн Улсын хяналтын байцаагчийн 2020.07.2-ны 25/04 тоот: “....хавтас хэргийн материалын 019 дүгээр хуудас хохирогч Г.Наас авсан мэдүүлэгт “Би хамгийн сүүлд 2019.11,07-ны өдөр хөдөө гэрээсээ гарсан”, 051 дүгээр хуудас гэрч Н. Эгаас авсан мэдүүлэг “ ...Тэгээд би гэртээ ирээд Ттэй хамт хоносон юм. Маргааш нь буюу 2019.11.17-ны өдөр би мотоциклтой Тийг сундлаад манай төрсөн дүү болох Төртогтохын гэрт очсон”, сүүлд гэрээсээ гарахдаа ямар нэгэн цахилгааны утас, аккумлятор холбож орхиогүй, бүх утсыг нь салгаад гэрээсээ гарсан хийн газын плитка байсан гэхдээ дандаа асаагаагүй унтраасан байсан юм. Сүүлд гэрээсээ гарахдаа гал түлээгүй явсан.... гэсэн тайлбаруудаас гэрт өөрийн болон цаг агаарын нөлөөллөөр гал түймэр гарах шатах эх үүсвэр байхгүй байсан бөгөөд байгал цаг агаарын аюулт үзэгдэл тухайн үед гараагүй байна. Хавтаст хэргийн 011 дүгээр хуудас “Хэргийн газрын үзлэгч хийсэн тэмдэглэл”, 012 дугаар хуудас хэргийн газрын үзлэгийн хавсаргасан гэрэл зургийн гэрт гарсан гал түймрийн шатлагын нөхцөл, байдал, шатлагад өртсөн эд зүйлийн үлдэгдэл байдлын зураг, Хавтаст хэргийн 029 дүгээр хуудас Гэрч Ц.Гас авсан мэдүүлгээс гэрт гарсан гал түймэр гэрийн гадна, хойд талаасаа гарсан байх магадлалтай. Хавтас хэргийн 093 хуудас Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээч А.Батбаярын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6579 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас авсан дээжинд шатах тослох материалын агуулга илрээгүй. Хавтаст хэргийн 012 дугаар хуудас хэргийн газрын узлэгийн хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн №9 дүгээр зураг, 052 дугаар хуудас гэрч Н. Эгаас авсан мэдүүлэг Асуулт: Та хамгийн сүүлд гэрээсээ гарахдаа ямар нэгэн цахилгааны утас, аккумлятор холбож орхисон уу? Хариулт: Аккумулятор холбож орхиогүй бүх утсыг нь салгаад гэрээсээ гарсан ” гэсэн нөхцөл байдлаас цахилгаан хэрэгслээс гал түймэр гарсан байх магадлалгүй байна. Хавтаст хэргийн 029 дүгээр хуудас Гэрч Ц.Гас авсан мэдүүлэг гэр харагдах байдлын хувьд хэвийн байхад байсан хүн хамгийн сүүлд цаг хугацааны хувьд 2019.11.21-ний үүрийн 05 цагийн орчим Ц.Г, Н.Т нар гэрийн ойролцоо очсон /хавтаст хэргийн материалд гэрт гал түймэр гарахаас хамгийн сүүлд очсон хүн өөр байхгүй/ бөгөөд тухай үед гал түймэр гарах шинж байдал байгаагүй. Тус мэдүүлэгт намайг Хулд сум руу явж байхад Н.Эгийн урдуур нь ороод явахад Тунгаа Эгийн гэрээр оръё гэсэн тэгэхээр би Энх -Амгалангийн гэрийн урд талд нь хүргэж өгсөн гэтэл Тунгаа машинаас буугаад       Тунгаа гэрийнх нь үүдэнд нэг очоод дараа нь гэрийн ар талд нь очоод ”..гэсэн мэдүүлгээс санаатайгаар гал түймэр тавьсан байх магадлалтай. Хавтаст хэргийн материалаас нэгтгэн үзэхэд санаатай галдан шатаасан байх магадлалтай. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй байна”  гэх дүгнэлт /1-р хх209-211/

          - Гэрч Ж.О-ийн “ Би Гтай нэг компанид зэрэг орсон, тэрнээс хойш хамт ажиллаж байгаа. Ням, Э гэдэг хүмүүс болохоор миний ажилладаг уурхайгаас баруун тийш байдаг айлын хүмүүс байгаа юм. Тэр утгаар нь таньдаг, хааяа ойр зуурын ажилд бие биенээ тусалж дэмждэг, хааяа нэг гэр орноор нь орж гардаг. Г бол Ням, Э гэх хүмүүстэй өс хонзонгийн асуудал огт байхгүй, энгийн зүгээр харилцаатай байдаг, гэр орноор нь орж гарч л байдаг хүн байгаа юм. Эд нарын хооронд өр авлагын асуудал байхгүй ээ. Гтай би гурван жил хамт ажиллаж байна, их томоотой даруухан, үг дуу цөөнтэй хүн байгаа юм. Эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг гэх мэдүүлэг /2р хх-1/

          - Хөрөнгийн үнэлгээний DAMNO ХХК 2020 оны 08 сарын 05-ны өдрийн №20-255 тоот: “91 төрлийн хөдлөх хөрөнгийн үнэлгээний дүн-24.423.900 төгрөг” гэх тайлан /2-р хх 15-20/

          - Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан  тэмдэглэл /1-р хх-10/

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх11-14/

          - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх42-45/ зэрэг болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

         

          Дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нүхэн хонд” гэх газарт байх иргэн Г.Н-ын өмчлөлийн 4 ханатай монгол гэр, доторх эд зүйлсийн хамт шатсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

             Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Т нь хохирогч Г.Нын өмчлөлийн 4 ханатай монгол гэр /доторхи эд зүйлсийн хамт/-г шатаасан болох нь гэрч Ц.Гантулгын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь бусдын эд хөрөнгийн санаатай устгаж, гэмтээл гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Хохирогч Г.Н-ын 4 ханатай гэрийг  шүүгдэгч Н.Т шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч Ц.Гантулгын шахалт, дарамтнаас болж шатаасан гэж маргаж байна. Гэвч хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Н.Тийг гэрч Ц.Г дарамталж хохирогчийн гэрийг шатаасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн холбогдсон гэмт хэргийн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй ба түүний хэргийн талаархи мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд  шүүх үнэлэх боломжтой юм. Гэвч шүүгдэгчийн Ц.Г намайг дарамталж хохирогч Г.Нын гэрийг шатаалгасан гэх мэдүүлэг нь  бусад баримтаар нотлогдохгүй байна.

          Мөн шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн /Гантулгыг дарамталсан гэсэн мэдүүлгийг хассан, гомдол гаргахад шүүхэд гаргадаг юм гэж хэлсэн гэх зэрэг/ гэх тайлбарыг гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна. Шүүгдэгч нь мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо тусад нь гаргаж, шалгуулах  эрхтэй юм.

          Иймд шүүгдэгч Н.Тийг бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Тт холбогдуулан Эрүүгийн  хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргасан бөгөөд прокурорын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн  хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилжээ.

          Шүүгдэгч нь хохирогчийн гэрийг доторхи эд зүйлсийн хамт галдан шатааж устгаж байгаа нь “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй, нийтэд аюултай арга юм. Гэвч шүүгдэгч нь гэр дотор хүн байхгүйг мэдэж гэрийг галдан шатаасан ба хохирогч нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг онцлогоос шалтгаалан ганц гэрээр өвөлжиж байсан зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчид ашигтайгаар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

          Дээрх үндэслэлээр прокуророос шүүгдэгч Н.Тт холбогдуулан Эрүүгийн  хуулийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

          Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн  хуулийн  17.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар  шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч Г.Нын 4 ханатай гэр, доторхи эд зүйлс буюу нийт 91 төрлийн эд хөрөнгө байсан гэж мэдүүлжээ. Уг эд хөрөнгө байсан эсэх нь эргэлзээтэй, хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн гэсэн тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа боловч уг эд хөрөнгүүд байсан гэдгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн гэр болон дотор нь байсан эд зүйлс бүгд бүрэн шатаж устсан ба хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж тодруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиргч Г.Нд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг урьдчилсан сануулж мэдүүлэг авсан, хохирогч нь өөрийн гэрт байсан зүйлсийг нэрлэн мэдүүлсэн ба эд зүйлийн үнэлгээг 3 удаа гаргуулсан байна.

          Хамгийн сүүлд буюу 2020 оны 08 сарын 05-ны өдөр хөрөнгийн үнэлгээний DAMNO ХХК: “91 төрлийн хөдлөх хөрөнгийн үнэлгээний дүн-24.423.900 төгрөг” гэх №20-255 тоот /2-р хх-н 15-20/ тайланг гаргасан байх тул хохирлын үнэлгээг 24.423.900 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

          Иргэний хуулийн  467 дугаар зүйлийн  497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

          Иймд шүүгдэгч Н.Тээс нийт 24.423.900 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирогч Г.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 316.170 төгрөгийг нэхэмжилж баримтыг шүүхэд ирүүлсэнийг судалж үзэхэд уг баримтууд нь хохирогчийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаанаас зөрүүтэй, тохирохгүй байх тул хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

          Хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. ...... овогт Н.Т-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт х­эргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ овгийн Н.Т-т 480 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн  510.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 24.423.900 төгрөгийг шүүгдэгч Н.Т-ээс гаргуулан хохирогч Г.Н-д олгосугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Н-ын нэхэмжлэлээс 316.170 /гурван зуун арван зургаан мянга нэг зуун далан/  төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Г.МӨНХБАТ