Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1796

 

Н.Баатарчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                               

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Баатарчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Нэргүйд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 772 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч Н.Баатарчулууны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантогосын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие У.Нэргүйд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4 500 000 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар 0,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Хариуцагчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй намайг хохироож байна. Зээлийн гэрээний 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд одоогийн байдлаар үндсэн зээл 4 500 000 төгрөг, хүү 22 500 төгрөг, апданги 2 250 000 төгрөг, нийт 6 772 500 төгрөгийг хариуцагч У.Нэргүйгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Нэргүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэгийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Н.Баатарчулуун, У.Нэргүй нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө зээлж аваагүй, энэхүү зээлийн гэрээ бол дур үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Н.Баатарчулуунаас У.Нэргүй нь 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт байх гэртээ ямаа 100, хонь 10 буюу нийт 110 тооны мал зээлээр худалдан авч, бүгдийг төхөөрч Хэнтий аймагт аваачиж ченжид худалдаад 4 500 000 төгрөгийг Н.Баатарчулуунд өгөхөөр тохиролцсон юм. Гэтэл Н.Баатарчулуун маргааш нь "би чамд малаа үлдээж байгаа юм чинь, бичиг хийлгэж авна" гээд нотариатч дээр очиж зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 6 772 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 4 500 000 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.

 

Хариуцагч У.Нэргүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Н.Баатарчулуун нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу надаас 6 772 500 төгрөг нэхэмжлэж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээг өөр хэлцэлийг хавхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Зээлийн гэрээ байгуулсан ч бодитойгоор 4 500 000 төгрөг шилжүүлсэн үйл явдал болоогүй.

Н.Баатарчулуунаас иргэн У.Нэргүйгийн зээлээр мал худалдан авсан нийт төлбөр 500 000 төгрөг болсон бөгөөд мөнгийг 1 сарын дараа буцааж өгөхөөр тохиролцож амаар хэлцэл хийсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр худалдаж авсан малаа Хэнтий аймагт цуг оруулж ирэхэд Н.Баатарчулуун надаас мөнгөө сарын дараа төлнө гэсэн бичиг авна гээд нотариатч дээр очиж гарын үсэг зурсан. Би зээлийн гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй ба зөвхөн Н.Баатарчулууны зур гэсэн зүйл дээр л гарын үсэг зурсан. Мөн Иргэний хуулийн 282.4-т мөнгийг шилжүүлсэнээр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Гэтэл надад мөнгө шилжүүлж өгөөгүй ба мөнгө шижлүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн тул зээлийн гэрээг хүчингүйд тооцож өгөх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.3. 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч У.Нэргүйгээс нийт 5 647 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Баатарчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 125 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 123 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Нэргүйгээс 105 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянгол дүургийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01451 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Н.Баатарчулуун болон У.Нэргүй нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу У.Нэргүйгээс 5 647 500 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс хүү 22 500 төгрөг, алданги 1 125 000 төгрөгийг хүлээн зөвшөөрхгүй байна.

Н.Баатарчулуун болон У.Нэргүй нарын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, харин зээлээр худалдан авах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан ба энэ гэрээний дагуу 4 500 000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл амаар байгуулагдсан гэрээний дагуу хүү алдани гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хариуцагч талаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба энэ сөрөг нэхэмжлэлийг хангасан эсвэл хангаагүй талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй нь ИХТХШТХ-д заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хүү, алдангид 1 147 500 төгрөгийг гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг хэрэглээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Н.Баатарчулуун нь хариуцагч У.Нэргүйд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 772 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

У.Нэргүй нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт очиж, 100 ямаа, 10 хонь, нийт 110 тооны малыг Н.Баатарчулуунаас худалдан авч, Хэнтий аймагт аваачин төхөөрч, ченжид худалдан 4 500 000 төгрөгийг Н.Баатарчулуунд өгөхөөр харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр талууд дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж, уг гэрээгээр Н.Баатарчулуун нь 4 500 000 төгрөгийг У.Нэргүйд 29 хоногийн хугацаатай, 0.5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нь “талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, харин худалдан авах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан ба хүү, алданги гаргуулах үндэслэлгүй” гэж маргаж байна.

 

 Хэргийн 5 дугаар талд авагдсан Зээлийн гэрээ, зохигчдын тайлбараас үзэхэд талууд өмнөх худалдах, худалдан авах гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу Зээлийн гэрээний үүргээр сольсон үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.7-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Баатарчулуун гэрээний хугацаа дуусгавар болсон өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу алданги нэхэмжлэх эрхтэй байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийжээ.

 

Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхийн шийдвэрийн удиртгал болон тодорхойлох хэсэгт бичилгүй орхигдуулсан нь буруу, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх зүйн дүгнэлтийг зөв хийсэн тул дээрх алдааг залруулах боломжтой, шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгтээ энэ талаар тусгаагүй байгааг зөвтгөж давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулна.

 

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 125 000 төгрөгөөс татгалзсан байхад үүнийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01451 дүгээр шийдвэрийн удиртгал хэсэгт “... тухай нэхэмжлэлтэй” гэсний дараа “Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” гэж нэмж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Нэргүйгээс 5 647 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Баатарчулуунд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Баатарчулуунд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 123 310 төгрөгийг” гэсний дараа “хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86 950 төгрөгийг тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                  Б.НАРМАНДАХ