Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Б.Жаргал

хохирогч Э.Даваасүрэн

шүүгдэгч Я.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 09-нд Улаанбаатар
хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бэр эгч, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 46 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хорооны Тоосгоны 84-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй ял шийтгэлгүй, /РД:УУ89080936/ Бор овогт Ядмаагийн Алтангэрэлд холбогдох 201526021837 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2016 оын 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Я.Алтангэрэл нь 2015 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих
шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” баарны
үүдэнд иргэн Э.Даваасүрэнг “тооцоогоо хий” гэсэн хувийн таарамжгүй харилцааны
улмаас маргалдан, зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Я.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: Намайг түрүүлж Даваасүрэн цохисон. Тэгэхээр нь түргэн ууртайгаасаа болж Даваасүрэнг цохиж гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Даваасүрэнгийн эмчилгээний зардалд 784.400 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Э.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Манай найз хамгаалагч нартай учраа олоод салах гэж байхад Алтангэрэл ирээд  дэвэргээд байсан. Тэгэхээр нь учраа олоод салах гэж байгаа хүмүүсийг дэвэргээд гэж хэлээд би Алтангэрэлийн нүүр рүү цохичихсон юм.  Алтангэрэл миний эмчилгээний зардлын 784.400 төгрөгийг төлсөн. Миний зүгээс Алтангэрэлд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Я.Алтангэрэлийн ял шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/,

гэрчээр Я.Бямбабаярын:..”манай төрсөн дүү Алтангэрэл нь манай гэр бүлийн хамгийн бага хүүхэд нь юм. Айлын бага хүүхэд болохоор манай гэр бүлийнхэн гэрийн ажил хийлгээд байдаггүй урьд өмнө нь хэрэг түвэгт орооцолдож байгаагүй даруухан талдаа жоохон марзан зантай яриасаг хүүхэд юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тамхи татдаг, архи дарс уугаад явж байхыг нь харж байгаагүй, өөрөө ч дургүй /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Алтангэрэл 2015 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих
шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” баарны
үүдэнд иргэн Э.Даваасүрэнг “...тооцоогоо хий” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчоор Э.Даваасүрэнгийн:..”2015 оны 10 дугаар сарын 09-ний орой найз Санчиртай хамт Цамбагаравын автобусны буудлын ойролцоо байдаг “Гөүлд найт” шөнийн клубт 22-23 цагийн үед орж суусан. Уг цэнгээний газарт ороод 0,5 литрийн хар чингис архи авч ууж дуусгаад тооцоо хийхээр бэлэн мөнгөний картаа өгтөл бармен гэх эмэгтэй манай машин наад картыг чинь уншихгүй байна, хүн дагуулаад явуулчихъя, АТМ-ээс аваад өгчих гэж хэлсэн. Тэгээд цэнгээний газраас найз Санчирын хамт гурван хамгаалагч залууг дагуулаад гадагш гараад иртэл манай найз Санчир нэг хамгаалагчтай муудалцаж байснаа ганц хоёр цохилцох шиг болсон... Тэгсэн хоёр зөөгч нь гарч ирээд “та нар яаж байгаа юм бэ” гэж хэлээд бид нар руу дайрч хэрэлдэж байснаа зодоод эхэлсэн. Нэг сэрсэн чинь нүднээс цус гарчихсан манай найз Санчир бид 2 газарт хэвтчихсэн, бие битүү хөндүүр болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан... Санчирын ярьж байгаагаар нэг ажилчин нь “бэлэн мөнгөтэй орж ирэхгүй яасан юм бэ, ядаргаатай юм” гэсэн зүйл яриад муудалцсан гэж надад хэлсэн. Тухайн үед манай найз Санчир түрүүлж далайж цохих гэсэн боловч оноогүй... /хх-15/

...Нэг шар царайтай хар үстэй 170 см орчим өндөртэй нь “юу болоод байгаа
юм бэ” гэж орилоод байхаар нь “чи юу юм бэ, зохион байгуулагч юм уу” гэж хэлээд алгадсан. Тэгтэл нөгөө залуу шууд намайг нүүрэн тус газар нэг удаа цохисон,
тэгэхэд нь би нүүрээ доош унахад нүүр хэсэг рүү гутлаараа өшиглөсөн тэр үед нүүрээ дараад доошоо харж байтал ар нуруу хэсэг рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Намайг цохисон хүн бол баарнаас гүйж гарч ирсэн 2 зөөгчийн 1 нь буюу миний алгаддаг зөөгч байсан. Тэр 2-ыг гарч ирэхээс өмнө Санчир бид 2 цуг гарсан гурван хамгаалагчтайгаа аль хэдийнэ учир зүйгээ олоод байж байсан. /хх-ийн 49/ гэсэн,

 

гэрчээр О.Зулсарын:...”2015 оны 10 сарын 10-ны өдөр Гөүлд Найт шөнийн цэнгээний газар зөөгчөөр Я.Алтангэрэл, Бүжин бид гурав хамт гарч байсан. Туахйн өдөр нэлээн ажил ихтэй байж байтал орой 22-23 цагийн алдад гаднаас
нэг хүн орж ирээд танай хоёр хамгаалагчийг гадаа хүн зодоод байна гэж хэлсэн.
Тэгэхээр нь гараад очтол манай Амараа гээд хамгаалагчийн хувцас нь урагдчихсан нөгөө Бямба-Эрдэнэ гэдэг нэртэй хамгаалагч зууралдчихсан зогсож байхаар нь Алтангэрэл бид хоёр гарч иртэл Алтангэрэл "юу болоод байгаа юм бэ болиочээ” гээд очоод салгах гэтэл нэг туранхай, нэг бүдүүн залуу байж байсан. Би нэг бүдүүн залууг нь тэврээд цааш нь татаад явах гэтэл нөгөө туранхай залуу нь Алтангэрэл рүү дайрч орилж бархираад Алтангэрэлийг нэг удаа цохисон. Тэгсэн Алтангэрэл нөгөө залууг зөрүүлж нэг цохисон чинь нөгөө залуу нь газар унасан. Тэгсэн миний тэвэрч байсан тарган залуу нь намайг түлхээд “хөөш чи муу яаж байна аа пизда минь” гэж орилоод Алтангэрэл рүү дайрсан тэгсэн Алтангэрэл тэр залууг өшиглөж унагаад цээж хавьцаа нь хоёроос гурван удаа өшиглөөд больсон тэгснээ тэр хоёр хоёулаа босож ирээд дайраад байхаар нь Алтангэрэлийг аваад орсон. /хх-ийн 18/ гэсэн,

Алтангэрэл хөөё юу болж байна гэж хэлээд гараад ирсэн чинь нэг туранхай бор залуу нь чи хэн юм бэ гээд Алтангэрэлийг алгадсан тэгэхэд нь Алтангэрэл зөрүүлээд нүүрэн тус газар нь цохиж унагаагаад унахад нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн тэгэхэд нөгөө залуу шууд нүүрээ гараараа дарахад нь дахиад нуруу хэсэгт нь нэг удаа хүчтэй өшиглөсөн...Тухайн үед байрны гадаа Алтангэрэлээс өөр зодоон хийсэн хүн байхгүй.../хх-ийн 51/ гэсэн,

 

гэрчээр Г.Батзоригийн:...”2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамгаалагч Бямбаа, Амараа нарын хамт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад үл таних махлагдуу бор 25
орчим насны нэг залуу мөн туранхай өндөрдүү шардуу царайтай залуугийн хамт
баарнаас гарч ирсэн бөгөөд эдгээр хоёр залуу нь тооцоогоо хийгээгүй, АТМ-с мөнгө авч байж өгнө гэж хэлсэн. Тэгсэн гэв гэнэт манай хамгаалагч Амараа өндөр туранхай шардуу царайтай залуутай муудалцсан. Тэгэхээр нь салгах зорилготой нөгөө өндөрийг нь барьж аваад холдуулах гэтэл нөгөө бор тарган залуу нь шууд л миний гар руу өшиглөсөн. Тэгсэн бааран дотор зодоон боллоо гэхээр нь би шууд дээшээгээ баар руу орж бааран дотор болсон зодооныг салгасан. Тэгсэн тэр хооронд манай бармен Зулсар, Алтангэрэл нар гадаа гарж зодолдсон байсан... Тухайн үед энэ 2 залуу хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан./хх-ийн 19, 20/ гэсэн,

 

гэрчээр Б.Санчирын:..”2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз Э.Даваасүрэнгийн хамт гэрт нь Данзка гэрэг нэртэй архинаас 100 грам орчим уугаад 22 цагийн үед Даваасүрэнгийн гэрээс гараад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голд Найт нэртэй шөнийн цэнгээний газар орсон. Шөнийн цэнгээний газар ороод 0.5 литрийн Хар Чингис авч уугаад тооцоогоо хийх гэтэл бэлэн мөнгөгүй байсан болохоор нь картаа өгсөн чинь карт уншихгүй гэж бармен хэлсэн. Тэгэхээр нь намайг дагаж гараад картнаас авчихаа гэж хэлтэл хоёр хамгаалагч дагуулаад баарнаас гартал нэг хамгаалагч нь надад хандан яасан их картаар үйлчлүүлдэг юм бэ гэж хэлэхээр нь дургүй хүрээд хэрэлдсэн. Тэр хамгаалагч залууд хандан “чи ямар сүртэй юм бэ үйлчилгээгээ ингэж үзүүлдэг юм уу” гэж хэрэлдтэл нөгөө хамгаалагч залуу надтай муудалцаж заамдалцаад зогсож байсан. Тэгсэн баарнаас хоёр цагаан цамцтай залуу гүйж гарч ирээд цохисон яг хэн нь цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд муудалцаад байж байтал бацаан гүйж гарч ирээд юу болсон яасан яах гээд байгаа юм бэ гэж хэрэлдэж эхэлсэн. Тэр 2 хамгаалагчтай муудалцаад зогсож байтал зөөгч гээд нэг залуу гүйж ирээд маргалдаад эхэлсэн. Тэгэхэд Даваасүрэн нэгийг нь алгадтал нь нөгөө залуу зөрүүлээд Даваасүрэнг цохиод унахаар нь нүүр рүү нь өшиглөхөөр нь яаж байнаа гэж хэлээд гүйгээд очтол намайг жийгээд хүзүүн дээр нэг цохитол нөгөө баарны хамгаалагч нар салгаад аваад орсон. Миний биед ямар нэг гэмтэл байхгүй./хх-22/ гэсэн, ...Тэгсэн нэг нь хөөш юу юу болоод байгаа юм бэ гээд орилтол Даваасүрэн “чи юу юм зохион байгуулагч нь юм уу чи хэн бэ” гэж хэлээд тэр залууг алгадсан. Тэгсэн нөгөө залуу Даваасүрэнг зөрүүлж нуруун тус газар нь нэг удаа цохисон тэгэхэд Даваасүрэндоошоо унаад өгсөн. Нөгөө зөрүүлж цохидог зөөгч залуу дахин нүүрэн тус газар нь хүчтэй өшиглөсөн тэр үед Даваасүрэн нүүрээ гараараа дараад л газар хэвтчихсэн. Гэтэл нөгөө залуу дахин ар нуруу руу нь хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд нь би “хөөш яаж байнаа” гэж хэлээд гүйгээд очтол намайг өөдөөс цээж хэсэг рүү жийгээд тонгойх үед хүзүүн дээр цохисон./хх-ийн 52/

 

шинжээч эмч Т.Чимэд-Очирын:...”Баруун нүдний нулимны сувгийн тасрал,
бүсэлхийн 3,4 дугээр нугаламын баруун сэртэнгийн хугарал нь удаан хугацааны турш эдгэрдэг тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн цохилтоор үүснэ. /хх-54/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14636 дугаартай шинжээчийн: Даваасүрэнгийн биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, тархи доргилт, бүсэлхийн нугаламын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр
зэрэгт хамаарна /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт болон Я.Алтангэрэлийн яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/, хохирогч Э.Даваасүрэнгийн өвчний картын хуулбар /хх-ийн 67-68/, хохиролын баримт /хх-ийн 66, 72,73, 74, 75/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар “Кензо” бааранд үйлчлүүлсэн хохирогч Э.Даваасүрэн, гэрч Б.Санчир нар тооцоогоо картаар хийх гэхэд тус баар нь “карт уншихгүй” гэснээс үүдэлтэй маргаан  үүссэн байх ба хохирогч Э.Даваасүрэн нь тус бааранд зөөгчөөр ажиллаж байсан Я.Алтангэрэлийг алгадсан болох нь гэрч Б.Санчирын ...”Даваасүрэн нэгийг нь алгадтал нь нөгөө залуу зөрүүлээд Даваасүрэнг цохиод..../хх-22/, Даваасүрэн “чи юу юм зохион байгуулагч нь юм уу чи хэн бэ” гэж хэлээд тэр залууг алгадсан.../хх-ийн 52/, хохирогч Э.Даваасүрэнгийн “чи юу юм бэ, зохион байгуулагч юм уу” гэж хэлээд алгадсан. Тэгтэл нөгөө залуу шууд намайг нүүрэн тус газар нэг удаа цохисон.../хх-ийн 49/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Прокуророос Я.Алтангэрэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнээд,

Шүүгдэгч Бор овогт Ядмаагийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Я.Алтангэрэлд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах ялыг  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

 

1.Бор овогт Ядмаагийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Я.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 /нэг/ жил  6 /зургаа/ сар  хорих ял шийтгэсүгэй.

 

3.Я.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Я.Алтангэрэл цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч Э.Даваасүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

 

5.Я.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Я.Алтангэрэлд авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

              

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ