Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 669

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б

Хариуцагч: ЭМДЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: ЭМДЕГ-т холбогдуулан “...А.Б-г Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг ЭМДЕГ-т даалгах. Хууль бус эс үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, ЭМДЕГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, В.Ш, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.У нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2014 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын зарлага төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар анх томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ингээд 2017 оны 07 дугаар сард биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийгөө эмчлүүлэх сувилуулах шаардлагатай болсон тул 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1 жилийн чөлөөг авсан. Улмаар миний хүндэтгэн үзэх шалтгааны улмаас авсан 1 жилийн чөлөө дуусахаас 1 сарын өмнө эргэн ажилдаа орох хүсэлтийг 2018 оны 06 сарын 28-ны өдөр гаргахад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №520 тоот албан бичгээр "2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №407 тоот албан бичгийн хамт Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга А.Ц-д хүргүүлсэн болно. Иймд таны өргөдлийг Нийгмийн даатгалын хэлтэс шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэх хариуг ирүүлсэн.

Үүнийг эс зөвшөөрсөн тул Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд болон Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандахад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №196 тоот албан бичгээр "Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.13-д заасны дагуу тухайн төрийн албан хаагчийн ажлын байрыг хэвээр хадгалж чөлөөний хугацаа дуусмагц ажилд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэсэн хариуг ирүүлсэн боловч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь намайг ажилд буцаан томилоогүй. Улмаар Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үед Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №111/Ш332019/0033 тоот захирамжаар "Эрүүл мэнд нийгмийн даатгалын бүтэц өөрчлөгдөж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн нь Нийгмийн даатгалын Ерөнхий газарт шилжсэн" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд ЭМДЕГ-т хандаж "Ажилд буцаж томилогдох тухай" өргөдөл өгсөн боловч тус газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А-2/313 тоот хариу албан бичгээр "энэ талаар хуучнаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж" ажилд томилох тухай асуудлыг шийдвэрлэсэнгүй.

Эрүүл мэндийн газар нь миний өргөдлийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулж миний өмнө нь ажиллаж байсан "Төлбөр тооцоо хариуцсан байцаагч"-ийн ажилд томилох асуудлыг хууль бусаар шийдвэрлэлгүйгээр одоо байхгүй байгаа хуучин "эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс"-д хандах тухай хариу өгч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хохироож байна. Энэ байдлаас болж миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.

Миний өмнө нь эрхэлж байсан албан тушаал нь хуучин Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын "эрүүл мэнд төлбөр тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн" гэх ажил, албан тушаал байсан бөгөөд одоо өөрчлөгдсөн албан тушаал нь "Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагч"-ийн албан тушаал мөн бөгөөд энэ албан тушаалд миний ажлыг түр хүлээн авч байсан А.Ц томилогдон ажиллаж байна.

Би ажиллаж байхдаа 520,000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн цалин авч байсан. Тус цалингийн хэмжээ шүүхэд нэхэмжлэл өгөх хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 4,350,448 /дөрвөн сая гурван зуун тавин мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөгийн цалинг гаргуулах үндэслэл гаргасан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие нь 2014 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын зарлага төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар анх томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ингээд 2017 оны 07 дугаар сард биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийгөө эмчлүүлэх сувилуулах шаардлагатай болсон тул 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1 жилийн чөлөөг авсан. Улмаар миний хүндэтгэн үзэх шалтгааны улмаас авсан 1 жилийн чөлөө дуусахаас 1 сарын өмнө эргэн ажилдаа орох хүсэлтийг 2018 оны 06 сарын 28-ны өдөр гаргахад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №520 тоот албан бичгээр "2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №407 тоот албан бичгийн хамт Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга А.Ц-д хүргүүлсэн болно. Иймд таны өргөдлийг Нийгмийн даатгалын хэлтэс шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэх хариуг ирүүлсэн.

Үүнийг эс зөвшөөрсөн тул Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд болон Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандахад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №196 тоот албан бичгээр "Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.13-д заасны дагуу тухайн төрийн албан хаагчийн ажлын байрыг хэвээр хадгалж чөлөөний хугацаа дуусмагц ажилд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэсэн хариуг ирүүлсэн боловч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь намайг ажилд буцаан томилоогүй. Улмаар Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үед Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №111/Ш332019/0033 тоот захирамжаар "Эрүүл мэнд нийгмийн даатгалын бүтэц өөрчлөгдөж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн  нь  Нийгмийн  даатгалын  Ерөнхий газарт  шилжсэн"  гэх  үндэслэлээр

нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд ЭМДЕГт хандаж "Ажилд буцаж томилогдох тухай" өргөдөл өгсөн боловч тус газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А-2/313 тоот хариу албан бичгээр "энэ талаар хуучнаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж" ажилд томилох тухай асуудлыг шийдвэрлэсэнгүй.

Эрүүл мэндийн газар нь миний өргөдлийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулж миний өмнө нь ажиллаж байсан "Төлбөр тооцоо хариуцсан байцаагч"-ийн ажилд томилох асуудлыг хууль бусаар шийдвэрлэлгүйгээр одоо байхгүй байгаа хуучин "эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс"-д хандах тухай хариу өгч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хохироож байна. Энэ байдлаас болж миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.

Миний өмнө нь эрхэлж байсан албан тушаал нь хуучин Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын "эрүүл мэнд төлбөр тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн" гэх ажил, албан тушаал байсан бөгөөд одоо өөрчлөгдсөн албан тушаал нь "Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагч"-ийн албан тушаал мөн бөгөөд энэ албан тушаалд миний ажлыг түр хүлээн авч байсан А.Ц томилогдон ажиллаж байна.

Өвчний улмаас жилийн чөлөө авсан байх хугацаанд миний ажиллаж байсан ажлын байр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ЭМДЕГ-ын харьяанд шилжиж тасгийн дарга бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагч болж өөрчлөгдсөн байсан. А.Ц нь намайг 1 жилийн хугацаагаар чөлөө авсан байх үед миний оронд ажилд түр томилогдсон байтал түүнийг ЭМДЕГ-аас тус албан тушаалд жинхлэн томилсон болохыг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцаад олж мэдсэн. Үүнийг би хууль бус гэж үзэж байна. Намайг өвчтэй байх хугацаанд хөдөлмөрийн тухай хуулиар болон бусад хууль тогтоомжоор ажлын байр хадгалах ёстой байсан. Иймд ЭМДЕГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, ЭМДЕГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 тушаалын А.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоолоор ЭМДЕГ-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулж 55 орон тоотойгоор 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ бүтцээр 21 аймаг, 2 дүүрэг /Багануур, Налайх/-ийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх тогтоолоор хуучин нэршлээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас ЭМДЕГт чиг үүрэг нь шилжиж байгаа албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгосон.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоол, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах тухай” А/223 дугаар тушаал зэргийг үндэслэн хуучин нэршлээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” А/197 дугаар тушаалаар ЭМДЕГ-ын мэдэлд 62 албан хаагчийг нэрсийн жагсаалтаар шилжүүлснээс гадна аймаг болон Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын хяналтын байцаагч, эмч, эрүүл мэндийн зардал төлбөр, тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЭМДЕГ-ын мэдэлд эд хөрөнгийн хамт шилжүүлэхийг аймаг болон холбогдох дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосон байдаг.

Дээрх тогтоол, тушаалын хүрээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/66 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга, хяналтын байцаагч их эмч Ч.Х г, мөн хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Эрүүл мэндийн зардал төлбөр, тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн А.Ц-г тус бүр үүрэгт ажлаас нь чөлөөлж, эд хөрөнгийн хамт ЭМДЕГ-ын мэдэлд шилжүүлэн томилсны дагуу ЭМДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилтан албан хаагчдыг томилох тухай” А/11 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар 2018 оны 1 дүгээр сарын  01-ний  өдрөөс  Баянхонгор   аймгийн   Эрүүл  мэндийн   даатгалын   тасагт Ч.Х, А.Ц нарыг томилсон.

Аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасаг бүр 2 орон тоотой ажилладаг бөгөөд иргэн А.Б-ийг ЭМДЕГ-ын даргын тушаалаар тус байгууллагаас чөлөөлөөгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд А.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ЭМД-н зардал, төлбөр, тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч билээ.

Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд улмаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №67 тоот Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Ингээд ЭМДЕГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 тоот тушаалаар бүтэц, чиг үүрэг, орон тоо нь шинээр батлагдсан Баянхонгор аймгийн эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр, тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд шинээр томилогдсон болно.

Харин А.Б-ийн ажлын байр, орон тоо нь Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд хэвээр хадгалагдаж байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

А.Б-ийг ажлын байраар хангах үүрэг бүхий албан тушаалтан нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга юм. Тиймээс Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр ажлын байраа хангуулахаар шүүхэд хандах эрх нь Б-Э д байгаа.

Миний ажлын байр бол шинээр бий болсон, ажлын байрны шаардлагадаа боловсролын хувьд Нягтлан бодох бүртгэл, Эдийн засагч, санхүүчийн магистр зэрэгтэй, мэргэшлийн хувьд эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн эрхтэй хүн байхыг шаардаж байгаа бөгөөд А.Б нь магистр, улсын байцаагч биш юм.

Намайг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ЭМДЕГ-ын даргын тушаалаар ажилд орж шинэ ажил, албан тушаал эрхлэн гүйцэтгэж байгаа.

Миний хийж байгаа ажлын байр, тус албан тушаалд тавигдах шаардлагад Б-Э ийн мэргэшлийн зэрэг, улсын байцаагчийн эрхгүй зэрэг нь нийцэхгүй. Харин Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажлын байр нь хадгалагдаж байгаа  тул тус  газарт ажилд  орохыг даалгах, болон бусад  байдлаар

хандах шаардлагатай.

Нөгөө талаар А.Б-ийг жилийн чөлөө авсан хугацаанд нь бүтэц орон тоо өөрчлөгдсөн, шинэ ажлын байр бий болж Эрүүл мэндийн яамны харьяа ЭМДЕГ-ын мэдэлд шилжсэн байгаа бөгөөд ЭМДЕГ-ын дарга нь төрийн албан тушаалд ажиллаж байсан иргэдээс миний олон жил ажилласан ажлын арга барил, ур чадвар, бусад шаардлагыг харж тухайн албан тушаалд тохирох учраас томилсон.

Мөн А.Б шүүхэд хандах хугацаандаа хандаагүй өдий хүргэж байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Мөн бүтцийн хувьд өөр байгууллага болох ЭМДЕГ-ыг хариуцагчаар татаж байгаа нь хуульд үл нийцэж байгаа тул миний ажлын байрыг хэвээр үлдээж түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар гаргаж байна.

А.Б-ийг миний ажиллаж байгаа ажлын байран дээр томилох шийдвэр гарвал би ажиллах газаргүй, ямар нэгэн газарт ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсч намайг илтэд хохироох үндэслэл бүрдэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Бэс шүүхэд ЭМДЕГт холбогдуулан “...А.Б-ийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг ЭМДЕГт даалгах. Хууль бус эс үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, ЭМДЕГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Б нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тушаалаар Эрүүл   мэндийн   даатгалын   зарлага   төлбөр   тооцоо   хариуцсан   байцаагчаар

томилогдон ажиллаж эхэлсэн.

Харин Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасан бүрэн эрхийн хүрээнд тус хэлтсийн Эрүүл мэнд, даатгалын төлбөр тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн А.Б-ийг биеэ эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон үндэслэлээр 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар чөлөө олгов гэж дурджээ.

Уг тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-ийн “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө” гэх заалтыг баримталсан бөгөөд тухайн үед энэхүү тушаалтай нэхэмжлэгч маргаагүй болох нь Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбарын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 196 тоот албан бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “чөлөөтэй байх хугацаанд миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ёстой” гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил, албан тушаал хэвээр хадгалагдах тохиолдлыг зохицуулсны дотор 35.1.3-д эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол гэж заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно, 80.2-т Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна гэж заажээ.

Харин тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын “хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний А/04 дугаар тушаалаар баталсан” Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.13, мөн 9 дүгээр зүйлийн 9.15-д “Ажлын 1 хүртэлх хоногийн чөлөөг харьяалах тасгийн дарга, 2 буюу түүнээс дээш хоногийн чөлөөг тасгийн даргын саналыг үндэслэн хэлтсийн дарга олгох ба 3-аас дээш хоногийн чөлөөг хэлтсийн даргын тушаалаар олгоно” гэсэн  зохицуулалтаас үзэхэд  дээрх  журмаар 1 жилийн

хугацаагаар чөлөө олгох харилцааг зохицуулаагүй байна.

Хэдийгээр тушаалынхаа тогтоох хэсэгт 1 жилийн хугацаагаар чөлөө олгохоор заасан боловч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-ийн “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө” гэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, албан тушаал хэвээр хадгалагдах заалтад хамаарахгүй болно.

Нэхэмжлэгч А.Б нь ЭМДЕГ-ыг хариуцагчаар тодорхойлон “...А.Б-ийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг ЭМДЕГт даалгах. Хууль бус эс үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваарь нь тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж ирсэн эсэхтэй маргаагүй бөгөөд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгын ажилтан, албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд болохоо хүлээн зөвшөөрсөн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоолоор ЭМДЕГ-ыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас ЭМДЕГт чиг үүрэг нь шилжиж байгаа албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгожээ.

Үүнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоол, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах тухай” А/223 дугаар тушаал зэргийг үндэслэн хуучин нэршлээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” А/197 дугаар тушаалаар ЭМДЕГ-ын мэдэлд 62 албан хаагчийг нэрсийн жагсаалтаар шилжүүлсний дотор Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Эрүүл мэндийн зардал төлбөр, тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн А.Ц-г тус бүр үүрэгт ажлаас нь чөлөөлж, эд хөрөнгийн хамт ЭМДЕГ-ын мэдэлд шилжүүлсэн байна.

ЭМДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилтан албан хаагчдыг томилох тухай” А/11 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт гуравдагч этгээд А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар үйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... заасныг биелүүлсэн бөгөөд ЭМДЕГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч А.Б нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэснээр төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй, тухайн байгууллагад орон тоо гарсан тохиолдолд хариуцагч байгууллагаас түүнийг ажил, албан тушаалаар хангах боломжтой болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч А.Б-ийн ЭМДЕГт холбогдуулан “...А.Б-ийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг ЭМДЕГт даалгах. Хууль бус эс үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, ЭМДЕГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5, 27 дугаар үйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн ЭМДЕГт холбогдуулан “...А.Б-ийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг ЭМДЕГт даалгах. Хууль бус эс үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, ЭМДЕГ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА