Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0714/З |
Дугаар | 221/МА2020/0654 |
Огноо | 2020-12-17 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2020/0654
“Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 701 дүгээр шийдвэрийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 701 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-д 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан “Х” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаартай албан бичгийг, Геодези, усны барилга байгууламжийн газраас зарласан Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгож,нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б давж заалдах гомдолдоо: “... 1. Шүүхийн шийдвэрт “... өөрөөр хэлбэл гэрээг цуцалсан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль зүйн талаас нь буруутгах боломжгүй ч тухай нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг цуцлах шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн байна.
Гэтэл урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдгийг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/424 дүгээр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр тогтоосон гэж байна. Мөн захиалагчийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус гэрээг цуцалснаас хойш 9 хоногийн дараа дээрх гэрчилгээг гаргуулсан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор Техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ хугацаанд хориг арга хэмжээ тогтоогдоогүй байсан.
Нэхэмжлэгч гэрээний хугацаа сунгуулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар албан бичгээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын цагаан сартай холбогдуулан Ченгли тусгай Автомашин ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл амарч байгаа гэсэн үндэслэлээр гэрээний хугацаа сунгуулах хүсэлт ирүүлж байсан.
Мөн “Х” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/07 дугаар албан бичигт Ченгли тусгай Автомашин ХХК-д техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгдсэн байгаа талаар дурдаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжилт хүссэн байдаг.
Мөн Монгол Улс нь энэ онд хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл хязгаарлаж, хориглоогүй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 20/370 дугаар албан бичгээр Эрээн хотод ирсэн байгаа гэж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл техник төхөөрөмжийг хилээр оруулж ирээгүй байгааг шүүх бодитой үнэлж дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.
2. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээг үндэслэн шүүх шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн бус байгууллага хуулиар тогтоосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг тогтоох эрх бүхий байгууллага биш юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 701 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах...” гэж заасны дагуу гомдлын хүрээнд хянасан бөгөөд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч заалдах гомдлоо 2 үндэслэлээр гаргасан байна.
1. “... шүүх бодитой үнэлж дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн ...” гэж давж заалдах гомдолд дурджээ. Үндэслэлээ шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж дурдсан байх бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн авто машин, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй нөхцөлийг мөн дурджээ.
Гомдолд дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасан байна. Харин гомдолд дурдсан 40 дүгээр зүйлийн 40.3 дугаар хэсэг гэж хуульд байхгүй ажээ.
Энэ хэргийн тухайд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл зэрэг тусгай мэдлэг шаардагдахааргүй, хэргийн оролцогчдын хэн алины зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд анхан шатны шүүхийг “шинжээч томилох байсан, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй” гэх зэргээр давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй юм.
2. Гомдлын 2 дахь үндэслэлдээ “Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээг үндэслэн шүүх шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь төрийн бус байгууллага хуулиар тогтоосон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг тогтоох эрх бүхий байгууллага биш юм” гэжээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Монголын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хэрэгжүүлнэ” гэж заагаад мөн зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” гэж заажээ. Өөрөөр хэлбэл Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх эрх” хуулийн дагуу олгогдсон байна.
Иймд давж заалдах гомдолд дурдсаны дагуу Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимыг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг тогтоох эрх бүхий байгууллага биш гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүхийг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээг нотлох баримтаар үнэлсэн гэж буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгуулах, Геодези, усны барилга байгууламжийн газрын зарласан Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
Нөгөө талаас анхан шатны шүүхээс нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлага нэг бүрт тодорхой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байгаа тул “шүүх бодитой дүгнэлт хийгээгүй” гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР