Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч А.Амгалан,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч, хохирогч Ц.Мэ, түүний өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                         

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Ц-ийн Мэ нарт холбогдох эрүүгийн 2128000000088 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

  Биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, ....................

  Монгол Улсын иргэн, .........................

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

  Шүүгдэгч Ц.Мэ нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн ....................... тоотод оршин суух гэрийнхээ хашаанд Б.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцан заамдалцаж байхдаа Б.Г-ийг салгасан 27 настай, эрэгтэй М.М-ын толгойн хэсэгт хүрзээр 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн ....................... тоотод оршин суух 33 настай, эрэгтэй Ц.Мэ-ыг “чи хоол харамлаад байна уу” гэж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Мэ, Б.Г нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Мэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ажлаасаа бууж ирэхэд айлын гадаа энэ хүмүүс пиво ууж байсан. Би уугаагүй гэртээ хоолоо хийж байсан. Би очиход хоол аваад ир гэж хэлсэн. Тэгээд 2 удаа хоол аваачиж өгсөн. Хоолоо харамлаад байна уу гээд Т намайг 2, 3 удаа цохисон. Би манарсандаа гарт таарсан зүйлээ аваад цохисон. Гэтэл М.М-ыг цохисон байсан. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр М.М бид хоёр ....................... тоотод хэдэн пиво авч очиж уусан.  Ц.Мэ ах хамт сууж байгаад хоол хийнэ гээд орсон. Тухайн үед бид 2 жоохон согтолттой байсан. Ц.Мэ-аа ганц аяга хоол идчихье гэж хэлсэн. Тэгж хэлэхэд хоол авчирч өгсөн. М.М бид 2 нэг нэг аяга хоол идчихье гэж хэлэхэд Ц.Мэ би та хоёрын хоолыг зөөх ёстой юм уу гэж хэлээд бид 2 маргалдаж, заамдалцаад зогсож байсан. Би тухайн үед Ц.Мэ ахыг нэг удаа цохисон. М.М намайг салгаад хойшлуулахад М.М намайг налаад ойчсон. Тухайн үед юугаар цохисныг нь би мэдээгүй. М.М ойчихоор нь би буцаад Ц.Мэ ахыг зөрүүлж цохисон. Ийм болчимгүй үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Өөртөө маш их дүгнэлт хийж байна. Дахиж алдаагаа давтахгүй. Ц.Мэ ахаас уучлалт гуйж байна гэв.

Хохирогч Ц.Мэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний нүд юм харахгүй хэд хоносон. Цус хуралттай болсон. Одоо бүрэлзэж байгаа. Миний бие Б.Г-өөс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Хохирогч М.Мөнхлхагвыг эдгээж байвал болно гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр энэ хэрэг болсон. Ц.Мэ гэх хүний гэрт Г бид хоёр 3 пиво авч очсон. Гэрийнх нь баруун талд зөвшөөрөл авч гадаа байсан орон дээр уусан. Бүгд уусан. Ц.Мэ ах хоол хийх гэж орсон. Харанхуй болоод пинд нь орж уусан. Хоолны асуудлаас болж Ц.Мэ, Б.Г хоёр муудсан. Заамдалцаад зогсож байхаар нь салгаад Б.Г-ийг аваад эргэхэд араас хүрзний иртэй талаар толгой руу цохисон. Ухаан алдаж унасан. Миний биеийн байдал орой бүр толгой өвдөж ажил хийж чадахгүй байгаа. Би өөрөө хүнд ажил хийдэг байсан. Ажлаа хийж чадахаа байсан. Байнга эм тариа хэрэглэж байгаа. 265,000 төгрөгийн эм хэрэглэж байгаа. 11 дүгээр сарын сүүлээр тархины яс нөхөх хагалгаанд орно. Ц.Мэ-аас эмчилгээний зардал 655,205 төгрөг, мэс засалд орох 1,988,460 төгрөг, авах ёстой байсан цалин 08, 09, 10, 11 дүгээр сарын цалин нэхэмжилж байна. Би 1 сард 475,038 төгрөгийн цалин авдаг байсан. Нийт цалин 1,900,152 төгрөг, нийт 4,545,817 төгрөг байгаа. Б.Г-өөс өгсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжилж байгаа. Миний хувьд маш их гомдолтой байна. Цаашид хүнд ажил хийж болохгүй насаараа толгойны өвчтэй зовуурьтай болсон. Би эхнэр, 2 хүүхдийн хамт айлын хашаанд амьдардаг. Одоогийн байдлаар хэцүү байна. Эм тариа аваад дууссан. Эм тарианы мөнгөгүй, шөнө унтаж чадахгүй, хоол идэхээр бөөлжиж гаргаад байгаа. Ц.Мэ надтай ирж уулзаагүй. Намайг залгаж ярихад ажлаа хийж байна гэж хэлсэн. Ирж уулз гэж хэлсний дагуу нэг удаа ирж уулзсан. Эмнэлэгт сэтгэлээсээ ирж уулзаагүй. Гомдолтой байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд 2021 оны 02 дугаар сард орсон. Би 2021 оны 07 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа яваад 12 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ очоод унтаж байхад хамт ажилладаг Т залгаад гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад өөрийнхөө мотоциклоор төвд Т-гийн гэрт ирсэн чинь Т хоёулаа ....................... тоотод очъё гэж хэлсэн. Бид хоёр ....................... тоотод очиход хамт ажилладаг Мэ эхнэрийн хамт байсан, мөн нэг эгч байсан. Т бид хоёр тэнд очоод тэр гэрт байсан хүмүүстэй танилцсан. Тэгсэн Т тэнд байсан хүмүүсээс пиво авч ирээд ууж болох уу гэсэн чинь болно гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Т бид хоёр гэрээс гараад Аргалант хороололд байх хүнсний дэлгүүр орж 2,5 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво 4 ширхгийг аваад буцаад буцаж Мэ-ын байдаг хашаанд орсон. Бид нар нөгөө пивоо задлаад уугаад сууцгааж байхад Мэ өөрийн гэртээ ороод хоол хийсэн. Хоол хийж дуусаад бид нарт аягтай хоол аваад ирсэн. Бид нар бүгдээрээ хоол идчихээд би хоол нэмэх гээд гэр рүү орох гэж байхад Т, Мэт хандаад чи хоолонд яваад ир гэсэн чинь Мэ би чиний хоолонд явах ёстой юм уу гэж хэлсэн. Тэр хоёр муудалцаад нэг нэгийгээ заамдаад авахаар нь би очиж салгаад Т-г хүзүүгээр нь тэвэрч аваад эргээд явсан чинь араас Мэ хүрзээр цохисон, би хүрзээр цохиулаад газар унаад хэсэг хэвтэж байгаад босоод ирсэн чинь миний баруун талын гар мэдээгүй болчихсон байсан. Тэгээд мотоциклынхоо түлхүүрийг хайсан чинь олдохгүй байхаар нь тэр хашаанаас гараад төв рүү такси барихаар алхсан. Таксины зогсоол дээр очиход нэг ч такси байхгүй байсан учраас худалдааны төвийн голоор гараад хойшоо алхаж байхад Мишээл төвийн хойд талд 3 цагдаа зогсож байхаар нь нэг цагдаагаас нь утсыг нь гуйгаад эхнэр рүүгээ яриад ирээд аваадах гэж хэлчхээд байж байхад манай аав Мөнхбат намайг ирж авсан. Би аавын хамтаар гэртээ очоод цусаа угаачхаад эмнэлэгт очиж үзүүлэхэд гавлын яс цөмөрсөн байна эмнэлэгт хэвт гэсний дагуу эмнэлэгт хэвтээд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хагалгаанд ороод эмчлүүлж байгаад 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эмнэлгээс гарч гэрийн дэглэмд орсон. Би хүрзээр цохиулаад тархиндаа хүнд гэмтэл авсан. Одоо биеийн байдал тааруухан байна... Би зүгээр байж байгаад ингэж зодуулсандаа гомдолтой байна. Мөн би эхнэр 2 хүүхэдтэй, би насаараа хөдөлмөрийн чадвараа алдсан тул маш их гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлуудыг нэхэмжилнэ... Миний эмчилгээний зардалд ор хоногийн мөнгө 861,000 төгрөг болсон. Эмнэлэгт байхад гаднаас эм, тариа, боолт, хагалгаанд орох материал зэргийг авсан. Эдгээр нь 500,000 төгрөг болсон. Эмнэлгээс гарахад эмч эм бичиж өгсөн. Тэр эм нь нийт 260,000 төгрөг болсон. Үүнээс Мэ ор хоногийн мөнгөнд 430,000 төгрөг өгсөн. Г намайг эмнэлэгт хэвтэхэд 500,000 төгрөг өгсөн. Дараа нь ор хоногийн мөнгө 290,000 төгрөг өгснийг ор хоногийн мөнгөнд өгсөн. Мэ нь намайг 2021 оны 12 дугаар сард хагалгаанд ороход зориулж Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн гэмтлийн тасгийн гэмтлийн эмч Б-д 1,720,000 төгрөг өгсөн гэсэн тэр баримт нь Мэ байгаа гэж надад хэлж байсан. Намайг эмнэлгийн байгууллагаас 2022 оны 06 дугаар сар хүртэл ажил хийж болохгүй гэсэн учраас ажилгүй байх үе болох 9 сарын цалин нийт 5,580,000 төгрөг, би сар бүр банканд цалингийн зээлд 100,000 төгрөг төлдөг энэ мөнгө нийт 900,000 төгрөг, нийт 9,270,000 төгрөг нэхэмжилж байна... Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон зүйл байхгүй. Би өөрөө биеийн хүчээр ажил хийж амьдралаа залгуулдаг бөгөөд одоо тархиндаа хүнд гэмтэл авч цаашид хүнд юм өргөж болохгүй гэсэн учраас хөдөлмөрийн чадвар хэдэн хувьтай алдсанаа тогтоолгож группэд орох санаатай байгаа.” /хавтаст хэргийн 22-23, 26-27 дахь тал/  

Хохирогч Ц.Мэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа яваад 15 цагийн үед гэртээ ирээд байж байхад манай хажуу айлд М, Г хоёр мотоциклтой ирцгээсэн, ирэхдээ пивотой ирсэн бололтой манай хажуу айл болох А-ын гэрийн гадаа пиво уугаад байсан. Би гэрт гарч ороод ойр зуурын юм хийж байхад тэд нар намайг дуудаад пиво уу гээд хийж өгөөд байсан, би уухгүй гэж хэлсэн. Би оройн хоолоо өөрийн гэртээ хийчхээд гэрээс гарахад Г нь надаас хоол байна уу гэхээр нь Г, М нарт хоол аяганд хийж авч очиж өгчхөөд хажууд нь сууж байхад тэр хоёр аягтай хоолоо идчихээд дахиад хоол байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг аяганд хоол хийгээд аваачаад өгсөн чинь тэр хоёр хуваагаад идсэн. Тэр хоолоо идчихээд 3 дахь удаагаа хоол нэхэхээр нь наад пиво авч уугаад байгаа мөнгөөрөө хоол авч ид гэж хэлчхээд пингийн үүдэнд зогсож байтал Г босож ирээд чи хоол харамлаад байгаа юм уу гээд миний нүүр рүү гурван удаа угсраад цохиж авсан. Тэгж цохиход нэг цохилт нь миний баруун талын нүдэнд оносон. Тухайн үед миний нүд харанхуйлаад доошоо суугаад босох үед хажууд богино иштэй хүрз байсныг аваад тухайн үед хар өмдтэй байсан Г-ийг цохих гэсэн чинь биднийг салгахаар дундуур орж ирсэн Мөнхлхагвын толгойг цохичихсон. М надад цохиулаад газар уначхаад босоод ирсэн. Энэ үед миний дагавар охин Г цагдаад дуудлага өгсөн байсан учраас тэр дороо цагдаа нар ирсэн чинь М зугтаагаад яваад өгсөн. Цагдаа нар Г бид хоёрыг авч яваад цагдаагийн газар дээр авч ирсэн, ийм зүйл болсон. Би Г-өөр 3 удаа цохиулаад миний баруун нүд хөхөрсөн. Нүдэнд мах унасан. Одоо биеийн байдал зүгээр байгаа... Би Г-д гомдолтой байна. Эдгээр хүмүүс манай хашаанд ирж пиво уугаагүй байсан бол би ийм хэрэгт орохгүй байсан. Г ч ийм хэрэгт орохгүй байсан. Мөн Г намайг цохиж аваагүй бол би тэр хүнийг хүрзээр цохихгүй байсан юм. Миний нүдэнд мах унаж улаан өнгөтэй болсон учраас энэ нүдээ эмчлүүлэх төлбөрөө нэхэмжилнэ... Би М-д хагалгааны зардал гэж 1,720,000 төгрөг төлсөн. М-ын ор хоногийн мөнгө гэж 440,000 төгрөг мөн төлсөн байгаа, өөр мөнгө төлсөн зүйл байхгүй. Би цаашид М-д гарсан эмчилгээний зардлыг баримтаар нь төлнө. Г намайг цохиж авсан асуудлаас болж би ийм байдалд орсон. Би М-д гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Надад санал, хүсэлт, гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 30, 32 дахь тал/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү М.М нь Захирагчийн албанд ачигч хийдэг. Мөн хүү минь эхнэр 2 хүүхдийн хамт бид нараас тусдаа малчны хороололд амьдардаг. Би нарийн хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ээлжид гараад ажил дээрээ байж байхад манай хүү Мөнхлхагвын эхнэр Улаанцэцэг над руу орой 22 цагийн үед залгаад Марал худалдааны төвийн үүдэнд М явж байгаад цагдаатай таарсан гэж байна, цагдаагаас ирээд ав гэж байна, та очоод аваадах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Марал худалдааны төвийн ар талд манай хүү М нь эргүүлийн цагдаатай байж байсан. Тэгээд очиход хүүгийн толгойноос цус гарсан байдалтай байсан. Яасан талаар нь асуусан чинь хүү надад огт юм хэлээгүй. Цагдаа болохоор танай хүүг энд явж байхад нь таарсан гэж байсан. Манай хүү цагдаа нарт өөрөө уначихсан юм гэж хэлсэн бололтой байсан. Цагдаа нар болохоор эмнэлэг рүү хурдан авч яв цус гараад байна гэж хэлсэн. Би хүүгээ эмнэлэг рүү авч очоод хувцас хунар нь цус болчихсон байхаар нь солиулах санаатай буцаж гараад ажил дээрээ хүүтэйгээ хамт ирсэн. Би ажил дээрээ ганцаараа байсан болохоор бас ажлаа орхиж болдоггүй тэгээд эхнэрээ дуудаад хүүг өгөөд явуулсан. Манай эхнэр хүүг аваад гэрт  нь очоод хувцас хунарыг нь солиод дахиад эмнэлэг дээр очсон. Эмч үзээд толгойд нь 3 оёдол тавиад хүнд гэмтэлтэй байна, томографын зураг авхуул гэж авхуулаад сахиуртай эмнэлэгт хэвтэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр сахиад хэвтсэн. Манай хүү Мөнхлхагвыг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд цуг ажилладаг Т гэдэг залуу байшингийн дээвэр янзлалцаад өгөөч гэж гэртээ амарч байхад нь утсаар дуудсаар байгаад аваад явсан байсан. Тэр ....................... гэлүү би хаягийг нь бас буруу хэлсэн байж магадгүй. Тэнд айлд пиво ууж байгаад нэг залууд хүрзээр цохиулсан гэж тэр айлын хүмүүсээс сонссон. Тэр айлын хүмүүс болохоор Т гэж залуу бас нэг залуутай маргалдах үед манай хүүг салгахаар дундуур нь орсон чинь Т-г хүрзээр цохих гэж байгаад манай хүүг цохичихсон гэж яриад байна лээ. Ганц л удаа цохисон гээд байгаа. ...Өмнө нь гэмтэл авч байгаагүй. Эрүүл хүн байгаа юм. Тогтуун зантай ямар нэг элдэв ааш зан байхгүй. Хүнтэй бол маш эвсэг харьцдаг хүүхэд байгаа юм. Хүүгээ эрүүл саруул болгож авмаар байна. Санхүүгийн хувьд бидний зүгээс зардал шууд гаргаад эмчлүүлээд явахад хүндрэлтэй. Би ганцаараа гэртээ орлоготой хүн. Сарын 700,000 төгрөгийн цалин авдаг. Тэрийгээ л сардаа хүргэж амьдардаг юм. Тэгэхээр цохисон хүн нь эмчилгээнд нь нэмэр болбол сайн байна гэж бодож байна.” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байсан. Орой 20-21 цагийн орчимд байх гэж бодож байна. Манай хүүгийн найз Т бас нэг залуугийн хамт Э эгчид 20 цаасны өртэй гээд 4 том пиво аваад ирсэн. Тэгэхэд Т ингээд Э эгчид өргүй боллоо гэж хэлээд Э-д 4 пиво өгсөн. Энхсаран 4 пивоо тавиад хэдүүлээ бөөнөөрөө ууя гэж хэлэхэд Т би найзынхаа ээжтэй уухгүй ээ гэж хэлсэн. Тэгэхэд нь би эгч нь гэм болохгүй ээ жоохон уучхаад унтана гэж хэлсэн. Тэр үед Энхсаран үсээ будсан байсан. Тэгээд үсээ угаачхаад 22 цагийн орчимд Э, Т, Т-гийн найз, надтай нийлээд дөрвүүлээ гэрийн гадаа ууж эхэлсэн. Төд удалгүй шороо тавиад гэрийн баруун урд байдаг хар өнгийн пинд ороод хаалгыг нь нээгээд ууцгаасан. Ууж байхад 00 цагийн үед манай охин М намайг дуудаад хоолоо ид гэж хэлсэн. Би гэр рүүгээ ороод хоолоо идэж байхад манай охин яагаад архи дарс уугаад байгаа юм бэ гэж хэлэхэд нь би за одоо уухгүй ээ амарлаа гэж хэлээд гэрээс гарахад Э, Т, Т-гийн найз пингээс гарчихсан Т-гийн найзын толгойноос цус хацрыг нь дагаад урсаж байхаар нь би юу болсон юм бэ гээд асуухад хэн ч юу ч дуугараагүй. Би гэрээс шанагаар ус хутгаад Т-гийн найз дээр очоод толгойгоо угаах уу гэж асуугаад толгой дээр нь ус хийж өгсөн. Тэгээд цагдаа ирлээ гээд нэг хүн нь хашхирахад /хэн хашхирсан талаар мэдээгүй/ толгойноосоо цус алдаж байсан Т-гийн найз зугтаагаад явсан. Бид бүгд төд удалгүй гэртээ орцгоогоод унтацгаасан... Мэ-ын аашийг сайн мэдэхгүй. Эхнэр Энхсарангийн үгээр байдаг, ажил төрөлд сайн, архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Мэ нь манай хойд ээжийн нөхөр нь байгаа юм. Би уг нь Их-Уулд эгчийндээ байдаг. Түр өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Энхсаран гэж хойд ээжийндээ очиж байж байгаад 12-13 цагийн үед гадагшаа гарчхаад ирсэн чинь манай нөхрийн найз Т гэх залуу бас нэг залуутай хадам ээж А-ынд ирсэн байж байсан. Тэр үед тэр хоёр архи пиво авч ирээгүй байж байсан. Удаагүй тэр хоёр 17 цагийн үед буцаж яваад хар хогийн уутанд том савтай 5 ширхэг пиво авч ирсэн. Авч ирсэн пивоо хадам ээжийн хөргөгчид хийсэн. Би тэр үед хойд ээж Энхсарангийн үсийг будаад гадаа байж байсан. Хадам ээжийн гэрийн баруун талд нөгөө хоёр залуу чинь хадам ээж А, ээж Энхсаран нарын хамт суугаад уусан. Тэнд суугаад бараг 3 пиво уучихсан. Тэгээд дуулж хуурдаад байхаар нь би хүний анхаарал татаад гэж хэлчихсэн чинь хадам ээжийн гэрийн баруун урд талд хар төмөр амбаар байдаг тэр дотор ороод ууцгаасан. Энэ үед Мэ нь ажлаасаа ирчхээд усанд явчхаад ирсэн. Мэ дэргэд нь очиход хөөж туугаад байсан юм уу яасан юм надад ирээд хажууд нь очихоор янз бүрийн үгээр идээд архи уудаггүй юм байж холд яв гээд байх юм гэчихсэн нэг ирж байсан. Чухам хэн нь тэгж хэлсэн талаар мэдэхгүй байна. Т-гийн нөгөө хамт ирсэн залуу нь Мэ-аар мотоциклоо унуулаад дэлгүүр яваад дахиад 2 пиво авч ирсэн. Ингээд бараг нийт 7 пиво болсон. Тэгээд авч ирсэн пивоо ууж байхад Мэ хоол хийгээд аяглаад очсон юм билээ. Түүнийг нь хадам ээж А, ээж Энхсаран нар хуваагаад идсэн юм шиг байгаа юм. Тэгээд дахиад хоол аваад ир гэж тэр Т нь Мэт хэлээд Мэ нь очоод аяглаад идэхгүй юу гэсэн юм уу мэдэхгүй хоолноос болоод маргалдаад Т нь шууд намайг харж байхад Мэ-ыг 2-3 удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн чинь Мэ цохиулчхаад эргээд харахад нь ард нь иш нь хугарсан богино иштэй хүрз байсныг аваад Т-г цохих гэтэл нөгөө найз нь дундуур нь тэр үед салгах гэж ороод цохиулсан. Цохиулчхаад газар дээрээ арагшаагаа саваад унасан. Би очоод Т-д чамаас бүх юм боллоо чи архи авч ирээгүй бол ийм зүйл болохгүй байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Т нь цагдаа дуудчихлаа хурдан зугтаа гээд дуудсан чинь нөгөө залуу босоод ирсэн. Босож ирэхэд нь толгойноос нь цус гарч байсан. Тэгсэн хадам ээж түмпэнтэй ус авч ирээд толгой дээрээс нь цацчихсан. Ерөнхийдөө Мэ руу тэнд байсан нөгөө хэд бүгдээрээ дайраад чи яагаад хүн цохичхов гэж байх хооронд нөгөө толгой руугаа хүрзээр цохиулсан залуу босоод зугтаагаад алга болсон байсан. Цагдаа ирээд Т-г согтуу байна ар гэрт нь хүргэж өгнө гэж хэлээд аваад явсан. Мэ нь хүрзээр нэг л удаа цохисон. Тэр залуутай Мэ нь огт хэрүүл маргаан хийгээгүй. Т гэдэг залуу л Мэ-ыг 3 удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхэд Мэ нь ардаа байсан хүрзийг аваад цохисон чинь нөгөө залуу нь дундуур нь орж ирээд цохиулчихсан. Тэр залуу тэр хоёрыг салгах санаатай л дундуур нь орсон... Мэ, Мөнхлхагвыг ганц удаа л хүрзээр цохиж авсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 49-50, 52-53 дахь тал/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагаас 00 цагийн хооронд Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Баатархүүгээс Даланзадгад сумын 8 дугаар баг ....................... тоотод согтуу хүмүүс маргалдаад байна очоодох гэсний дагуу уг хаягт очиход 2 согтуу эмэгтэй байсан, бас эрэгтэй, эмэгтэй эрүүл хүмүүс байсан. Нэг эрүүл эмэгтэй нь ирээд сая хүмүүс маргалдаж байгаад зугтаагаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүмүүсийг таних юм уу гэсэн чинь танихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь 102-ийн утас руу залгаад согтуу хүмүүс байж байгаад зугтаагаад явсан байна гэсэн чинь тэгвэл дараагийн дуудлагад яв гэсний дагуу дараагийн дуудлагад явсан.” /хавтаст хэргийн 55 дахь тал/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагаас 00 цагийн хооронд Даланзадгад сумын 3 дугаар багт Олон нийтийн цагдаа Хатанзориг, Буянхишиг нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Бид гурав 3 дугаар багийн төвд явганаар эргүүлд гарч байх үед 23 цагийн үед худалдааны төвийн хойд талын Бат-Оргил дэлгүүрийн гадаа үүрэг гүйцэтгэж байхад толгой нь хагарсан байдалтай согтуу хүн бид гурав дээр ирээд такси бариад өгөөч гэртээ харих гэсэн юм гэж хэлсэн. Тэр залууг харахад толгойны орой хэсэг дээр нь язарч хагарсан байдалтай байсан бөгөөд тухайн залуугаас хаана яагаад толгойгоо гэмтээсэн юм бэ гэсэн чинь би согтуу явж байгаад явганаас унаж гэмтээчихсэн юм гэж хэлсэн. Тухайн залууг эмнэлэг явж үзүүлье гэсэн чинь гэртээ харимаар байна гээд байсан. Тэгэхээр нь эхнэрийнх нь дугаарыг авч залгаж яриад танай нөхөр чинь энд согтуу толгойгоо хагалсан байдалтай явж байна ирж ав гэж хэлсэн. Тэгсэн чинь удаагүй аав нь гээд нэг ах ирээд авсан. Би тэр ахад болсон асуудлын талаар яриад хүлээлгэн өгч явуулсан. Тэгээд орой үүргээ гүйцэтгээд ажлаасаа буусан.” /хавтаст хэргийн 62 дахь тал/

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М.Мөнхлхагвын биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хуйхны язарсан шарх гэмтэл үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хүрзээр цохиж гэмтэл учруулсан нь мохоо зүйлд хамаарна.” /хавтаст хэргийн 162 дахь тал/

Шүүгдэгч Ц.Мэ мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. Бага насаа Баяндалай сумын Төхөм багт өөрийн ээж Ц-ийн хамтаар өнгөрөөсөн. 1996 онд Баяндалай сумын сургуульд сурч байгаад 1 дүгээр ангиа төгсөөд хөдөө мал дээр гарсан. Түүнээс хойш Баяндалай сумын Төхөм багт мал маллаж амьдарч байгаад 2020 оны 07 дугаар сард Даланзадгад суманд Энхсаран гэдэг хүнтэй танилцаад хамт амьдрахаар Даланзадгад суманд ирж эхнэрийндээ амьдрах болсон. Би төрсөн ганц ахтай аав, ээж нас барсан. Одоо Даланзадгад сумын 8 дугаар баг ....................... тоотод эхнэр Энхсаран түүний 2 хүүхдийн хамт дөрвүүл амьдардаг. Би Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд ачигчаар 2021 оны 06 дугаар сард орсон. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн үйлдсэн хэргийн гэм хорыг ойлгож ухаарч байна. Миний буруу.” /хавтаст хэргийн 80 дахь тал/

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмгөөлөгч авсан, би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ.” /хавтаст хэргийн 85 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Мэ-ын биед тархины доргилт, баруун нүдний алимны доргилт, салстын цус харвалт, духны баруун хэсгийн зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 66-67 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.М-ын биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хуйхны язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 71-72 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-15 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96, 106 дахь тал/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 88-95, 101-103 дахь тал/

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Мэ-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, өмгөөлөгч Ц.Баярмаа нь шүүгдэгч Ц.Мэ-аас 4,543,817 төгрөг гаргуулж хохирогч М.М-д олгож цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхээр хангах, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа талаар дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.Мэ, Б.Г нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон тул Ц.Мэ, Б.Г нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Мэ нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн ....................... тоотод оршин суух гэрийнхээ хашаанд Б.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцан заамдалцаж байхдаа Б.Г-ийг салгасан М.Мөнхлхагвын толгойн хэсэгт хүрзээр 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч М.Мөнхлхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т, Мэ-т хандаад чи хоолонд яваад ир гэсэн чинь Мэ би чиний хоолонд явах ёстой юм уу гэж хэлсэн. Тэр хоёр муудалцаад нэг нэгийгээ заамдаад авахаар нь би очиж салгаад Т-г хүзүүгээр нь тэвэрч аваад эргээд явсан чинь араас Мэ хүрзээр цохисон, би хүрзээр цохиулаад газар унаад хэсэг хэвтэж байгаад босоод ирсэн чинь миний баруун талын гар мэдээгүй болчихсон байсан...” /хавтаст хэргийн 22-23, 26-27 дахь тал/,

Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Марал худалдааны төвийн ар талд манай хүү М нь эргүүлийн цагдаатай байж байсан. Тэгээд очиход хүүгийн толгойноос цус гарсан байдалтай байсан. Яасан талаар нь асуусан чинь хүү надад огт юм хэлээгүй. ...Манай эхнэр хүүг аваад гэрт нь очоод хувцас хунарыг нь солиод дахиад эмнэлэг дээр очсон. Эмч үзээд толгойд нь 3 оёдол тавиад хүнд гэмтэлтэй байна, томографын зураг авхуул гэж авхуулаад сахиуртай эмнэлэгт хэвтэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр сахиад хэвтсэн. Манай хүү М-ыг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд цуг ажилладаг Т гэдэг залуу байшингийн дээвэр янзлалцаад өгөөч гэж гэртээ амарч байхад нь утсаар дуудсаар байгаад аваад явсан байсан. Тэр ....................... гэлүү би хаягийг нь бас буруу хэлсэн байж магадгүй. Тэнд айлд пиво ууж байгаад нэг залууд хүрзээр цохиулсан гэж тэр айлын хүмүүсээс сонссон. Тэр айлын хүмүүс болохоор Т гэж залуу бас нэг залуутай маргалдах үед манай хүүг салгахаар дундуур нь орсон чинь Т-г хүрзээр цохих гэж байгаад манай хүүг цохичихсон гэж яриад байна лээ...” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...00 цагийн үед манай охин Мөнхсүх намайг дуудаад хоолоо ид гэж хэлсэн. Би гэр рүүгээ ороод хоолоо идэж байхад манай охин яагаад архи дарс уугаад байгаа юм бэ гэж хэлэхэд нь би за одоо уухгүй ээ амарлаа гэж хэлээд гэрээс гарахад Э, Т, Т-гийн найз пингээс гарчихсан Т-гийн найзын толгойноос цус хацрыг нь дагаад урсаж байхаар нь би юу болсон юм бэ гээд асуухад хэн ч юу ч дуугараагүй...” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хоолноос болоод маргалдаад Т нь шууд намайг харж байхад Мэ-ыг 2-3 удаа нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн чинь Мэ цохиулчхаад эргээд харахад нь ард нь иш нь хугарсан богино иштэй хүрз байсныг аваад Т-г цохих гэтэл нөгөө найз нь дундуур нь тэр үед салгах гэж ороод цохиулсан. Цохиулчхаад газар дээрээ арагшаагаа саваад унасан...” /хавтаст хэргийн 49-50, 52-53 дахь тал/,

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагаас 00 цагийн хооронд Даланзадгад сумын 3 дугаар багт Олон нийтийн цагдаа Хатанзориг, Буянхишиг нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Бид гурав 3 дугаар багийн төвд явганаар эргүүлд гарч байх үед 23 цагийн үед худалдааны төвийн хойд талын Бат-Оргил дэлгүүрийн гадаа үүрэг гүйцэтгэж байхад толгой нь хагарсан байдалтай согтуу хүн бид гурав дээр ирээд такси бариад өгөөч гэртээ харих гэсэн юм гэж хэлсэн. Тэр залууг харахад толгойны орой хэсэг дээр нь язарч хагарсан байдалтай байсан. Тэгэхээр нь эхнэрийнх нь дугаарыг авч залгаж яриад танай нөхөр чинь энд согтуу толгойгоо хагалсан байдалтай явж байна ирж ав гэж хэлсэн. Тэгсэн чинь удаагүй аав нь гээд нэг ах ирээд авсан.” /хавтаст хэргийн 62 дахь тал/,

Шинжээч С.Шүрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Мөнхлхагвын биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хуйхны язарсан шарх гэмтэл үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хүрзээр цохиж гэмтэл учруулсан нь мохоо зүйлд хамаарна.” /хавтаст хэргийн 162 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 371 дугаартай М.Мөнхлхагвын биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хуйхны язарсан шарх бүхий хүнд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Мөн шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн ....................... тоотод оршин суух Ц.Мэ-ыг “чи хоол харамлаад байна уу” гэж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Хохирогч Ц.Мэ-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г нь надаас хоол байна уу гэхээр нь Г, М нарт хоол аяганд хийж авч очиж өгчхөөд хажууд нь сууж байхад тэр хоёр аягтай хоолоо идчихээд дахиад хоол байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг аяганд хоол хийгээд аваачаад өгсөн чинь тэр хоёр хуваагаад идсэн. Тэр хоолоо идчихээд 3 дахь удаагаа хоол нэхэхээр нь наад пиво авч уугаад байгаа мөнгөөрөө хоол авч ид гэж хэлчхээд пингийн үүдэнд зогсож байтал Г босож ирээд чи хоол харамлаад байгаа юм уу гээд миний нүүр рүү гурван удаа угсраад цохиж авсан. Тэгж цохиход нэг цохилт нь миний баруун талын нүдэнд оносон.” /хавтаст хэргийн 30, 32 дахь тал/,

Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дахиад хоол аваад ир гэж тэр Т нь Мэт хэлээд Мэ нь очоод аяглаад идэхгүй юу гэсэн юм уу мэдэхгүй хоолноос болоод маргалдаад Т нь шууд намайг харж байхад Мэ-ыг 2-3 удаа нүүр рүү нь цохиод авсан.” /хавтаст хэргийн 49-50, 52-53 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 369 дугаартай Ц.Мэ-ын биед тархины доргилт, баруун нүдний алимны доргилт, салстын цус харвалт, духны баруун хэсгийн зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г, Ц.Мэ нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.Мэ-ын хохирогч М.М-ын биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хуйхны язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч Б.Г-ийн хохирогч Ц.Мэ-ын биед тархины доргилт, баруун нүдний алимны доргилт, салстын цус харвалт, духны баруун хэсгийн зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Мэ, Б.Г нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Мэ нь хохирогч М.М-ын бие эрх чөлөөнд халдсан, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Мэ-ын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Мэ нь хүрз ашиглан хохирогч М.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон боловч түүний үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн хэмээн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

Өөрөөр хэлбэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь анхнаасаа иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулахаар байх тул шүүгдэгч Ц.Мэ-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүрз /юмыг ухаж малтах, хутгах, хамах, хусах зориулалттай багаж/-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тус тус заасан бөгөөд хохирогч нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоос үүдэн гарах хор уршгийг нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Мэ-ын биед тархины доргилт, баруун нүдний алимны доргилт, салстын цус харвалт, духны баруун хэсгийн зулгаралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар хүсэл зоригоо илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мэ нь хохирогч М.М-ын биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хуйхны язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 9,270,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг нэхэмжлэлийн дүнг өөрчилж 4,543,817 төгрөг нэхэмжилсэн болно.

Хохирогч М.М нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд 1,085,205 төгрөгийн хохирол, төлбөрийн баримт авагдсан болох нь хавтаст хэргийн 166, 167 дахь талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 430,000 төгрөгийн хохирол төлбөр төлснийг хасаж, үлдэх 655,205 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалин 1,900,152 төгрөг /4 сарын цалин/, нийт 2,555,357 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэв.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар М.М-ыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хог хаягдлын ачигчаар 3 сарын хугацаатай томилж хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна”, 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан тооцно” гэж тус тус заасан бөгөөд хохирогч М.М-ын Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албатай 3 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан эсэх талаар нотлох баримт авагдаагүй тул уг хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж үзлээ. Энэхүү хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 10-нд дуусах боловч Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 147 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 152 тоот албан бичгүүдэд М.М-д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цалингүй чөлөө олгож, энэхүү хугацаанд түүний ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байгууллагаас хариуцан төлж байгаа болохыг тусгасан нөхцөл байдлаас үзэхэд тухайн байгууллага хохирогчийг ачигчаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа гэж үзэхээр байна. Иймээс дээрх байдлыг тус тус үндэслэн хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 08, 09, 10, 11 сар буюу 4 сарын хугацаагаар тооцож нийт 1,900,152 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэргийн 171 дэх талд авагдсан цалингийн картын хүснэгтээр хохирогч М.Мөнхлхагвын сарын үндсэн цалин 467,374 төгрөг байх боловч нэмэгдлийн үр дүнгээс хамаарч гарт олгох цалингийн хэмжээ өөр өөр байдлаар тодорхойлогдсон нөхцөл байдлыг үндэслэн түүнд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж үзэхэд хохирогчийн нэг сарын дундаж цалин хөлс 475,038 төгрөг байх тул энэхүү дүнгээр ажилгүй байсан хугацааны цалинг тооцож шүүгдэгч Ц.Мэ-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Мэ-аас нийт 2,555,357 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М-д олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаартай тогтоолоор батлагдсан эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах төлбөрийн хэмжээ болон мэс заслын их эмч Т.Батцэнгэлийн тодорхойлолтыг үндэслэн хохирогч М.М-ын гавал ясны чамархай нөхүүлэх мэс засалд орох хагалгааны төлбөрт 1,988,460 төгрөг нэхэмжилж байх боловч уг төлбөрийн хэмжээг тогтоосон баримтад гавал доторх гэмтэл гэж ерөнхий байдлаар тодорхойлсон ба үүнд гавал ясны чамархай нөхүүлэх мэс засал орох эсэх нь тодорхойгүй, эмчийн тодорхойлолт цаг хугацааны хувьд хэзээ үйлдэгдсэн нь тодорхой бус байх тул энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г-ийн зүгээс хохирогч М.М-д 760,000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Мэ-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ц.Мэ нь завсарлага авч, шүүхээс тогтоосон 2,555,357 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М-д төлж барагдуулсан болох нь хохирол төлбөр төлсөн талаарх баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мэ-ын хувьд шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт биелэгдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны явцад улсын яллагч шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Мэ-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг хөнгөрүүлэн тогтоож өгөхийг, шүүгдэгч Ц.Мэ-ын өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээ хоёр жилийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хорих ялыг оногдуулах тухай дүгнэлт тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нарын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсан гэмшиж буйгаа илэрхийлж, хөнгөн ял оногдуулахыг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч Ц.Мэ нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Мэт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хэрэглэж болохоор заасан бөгөөд шүүгдэгч Ц.Мэ-ын хувьд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан тул шүүх энэхүү зохицуулалтыг журамлан хорих ял оногдуулав.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 төрлийн ялаас хорих ялыг сонгож хэрэглэсэн болно.

Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ц.Мэ-ын анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г, Ц.Мэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Мэ нь хохирогч М.М-д мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,150,000 төгрөг, шүүхийн шатанд 2,555,357 төгрөг нийт 4,705,357 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мэт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я овогт Ц-ийн Мэ-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мэ-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   

3. Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мэ-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М-ын иргэний нэхэмжлэлээс 1,988,460 төгрөгийг хэлэлцээгүй орхисон тул энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Шүүгдэгч Б.Г, Ц.Мэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Мэ нь хохирогч М.М-д 4,705,357 төгрөг, шүүгдэгч Б.Г нь хохирогч М.М-д 760,000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мэ-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.Мэ-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ