Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Могойт багт оршин суух Малгайт овогт Самганы Жаргалсайхан /РД:КБ57072716/-гийн нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:           

            Нэхэмжлэгч С.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Жаргалсайхан миний бие нь “Говийн хөгжил” нэгдэлд 1972-1991 оны хооронд малчнаар ажиллаж байсан. Миний бие 1972 оноос хойш мал маллан амьдарч байна. 1980-1983 онд Эрдэнэт хот дахь ардын армийн 208 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан тухай тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийг боловсон хүчин алга болгосны улмаас одоо өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Иймд намайг 1972 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан М.Цэвээн, Н.Зина нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай лавлагаа, гэрч М.Цэвээн, Н.Зина нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

С.Жаргалсайхан нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

  Нэхэмжлэгчийн тайлбар болон Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай лавлагаа, гэрч М.Цэвээн, Н.Зина нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч С.Жаргалсайханы 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            Гэрч М.Цэвээн, Н.Зина нар нь тухайн үед нэхэмжлэгч С.Жаргалсайхантай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн лавлагаа нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Малгайт овогт Самганы Жаргалсайханыг 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА