Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Номгон баг, Шар довын 14-7 тоотод оршин суух Хомоол овогт Чулуунхүүгийн Эрдэнэжаргал /РД:КЮ67020663/-ын нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Эрдэнэжаргал, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:             

            Нэхэмжлэгч Ч.Эрдэнэжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 09 дүгээр сараас 1990 оны 03 дугаар сар хүртэл барилгачин, 1990 оны 09 дүгээр сараас 1991 оны 01 дүгээр сар хүртэл мөн үйлдвэрт үйлчлэгч, 1993 онд оёдолчноор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1985-1993 онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрээ гээж үрэгдүүлсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1985 оны 09 дүгээр сарын 20-ноос 1993 оны 3 сар хүртэл, нэгдэл дундын үйлдвэрт барилгачин оёдолчин байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985-1993 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1985 оноос барилгачнаар ажиллаж байгаад 1990-1993 он хүртэл үйлчлэгч, оёдолчноор тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ Нэгдэл дундын үйлдвэрээс аваагүй. 1985 оны 9 сараас ажиллаж эхэлсэн.  1993 оны 3 сар хүртэл, нэгдэл дундын үйлдвэрт барилгачин оёдолчин байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2028 дугаартай лавлагаа, гэрч Х.Хүүдэг, Д.Сольсүрэн нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ч.Эрдэнэжаргал нь 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сар хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, оёдолчин, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь:

  Нэхэмжлэгчийн тайлбар болон Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2028 дугаартай лавлагаа, гэрч Х.Хүүдэг, Д.Сольсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Ч.Эрдэнэжаргалыг  1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сар хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            Гэрч Х.Хүүдэг, Д.Сольсүрэн нар нь тухайн үед нэхэмжлэгч Ч.Эрдэнэжаргалтай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн лавлагаа нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хомоол овогт Чулуунхүүгийн Эрдэнэжаргалыг 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, оёдолчин, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА