Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00055/И |
Дугаар | 53 |
Огноо | 2017-05-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилууд баг, Бага булаг 10-5 тоотод оршин суух Боржигон овогт Номхоны Чулуунцэцэг /РД:КЙ62061161/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Чулуунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Номхон овогтой Чулуунцэцэг миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Галбын хөгжил нэгдэлд 1985 оноос 1991 онд малчинаар ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн. Мөн Номхоны Чулуунцэцэгийг Равдхүүгийн Чулуунцэцэг гэж ааваар минь бичигдсэний улмаас өндөр настны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд Равдхүүгийн Чулуунцэцэгийг Номхоны Чулуунцэцэг болгон залруулж өгнө үү.
Иймд миний 1985-1991 онд Галбын хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Номхон овогтой Чулуунцэцэг намайг мөн болохыг тогтоож өгнө үү.
Галбын хөгжил нэгдэлд хамт ажиллаж байсан мөн Номхон овогтой Чулуунцэцэг гэдгийг мэдэх 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү.
Нэхэмжлэгч Н.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Миний хөдөлмөрийн дэвтэр дээр Равдхүүгийн Чулуунцэцэг гэж бичигдсэн харин иргэний үнэмлэх дээр Номхоны Чулуунцэцэг гэж бичигдсэн байгаа. Мөн 1985-1991 он хүртэл Галбын хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичилт хийгдсэн. Энэ бүгдээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа. Иймээс 1985-1991 он хүртэл ажиллаж байсныг, Равдхүүгийн Чулуунцэцэг гэснийг Номхоны Чулуунцэцэг болгон өөрчилж тогтоож өгнө үү? гэв.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №111/000143/167 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 704 дугаартай архивын лавлагаа, 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №13 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №10 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” хувьцаат компанийн захирлын 1992 оны 12 сарын 15-ны өдрийн №32 дугаартай тушаал, 1991 оны 01 сарын 01-ний өдрийн №0136 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Чулуунцэцэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт “Галбын хөгжил” нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оныг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь, мөн Номхон овогтой Чулуунцэцэг болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч С.Болдмаагийн:”Би 1985 оноос 1991 он хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвд эх баригч их эмчээр ажиллаж байсан. Тухайн үед Н.Чулуунцэцэг нь 1985 оноос 1991 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болон Чулуунцэцэгийг Номхон овогтой гэдгийг гэрчилхээр ирсэн. Тухайн үед Н.Чулуунцэцэг нь Галбын хөгжил нэгдэлд бага мал маллаж байсан бөгөөд түүнийг Номхон овогтой Чулуунцэцэг гэдэг байсан” гэсэн, Б.Ичинхорлоогийн:”...Чулуунцэцэгийн ээжийг Номхон гэдэг хүн байсан бөгөөд Чулуунцэцэг нь ээжийнхээ нэрээр овоглож явдаг тул Равдхүү гэж буруу бичигдсэн байна” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Н.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Номхоны Чулуунцэцэгийг 1985 оноос 1991 он хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сум, Галбын хөгжил нэгдэл Гавилууд бригадад малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №0136 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Номхоны Чулуунцэцэг мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА