Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00052/И |
Дугаар | 54 |
Огноо | 2017-05-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилууд багт оршин суух Мэргэд овогт Равданцэрэнгийн Мөнхтуяа /РД:КЮ67032764/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Равданцэрэн овогтой Мөнхтуяа миний бие 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Ахуй үйлчилгээний комбинатад гэр ахуйн цахилгаан бараа засварчинаар томилогдон 1991 оны дуустал ажиллаж байсан. Тэгээд Ахуй үйлчилгээний хэлтэс татан буугдаад хувиараа гэр ахуйн цахилгаан бараа засварлаж ажиллаж байна. Р.Мөнхтуяа миний хөдөлмөрийн дэвтэрт 1991 онд Гэр ахуйн үйлдвэр хувьчлагдан улмаар Дөл гутлын үйлдвэрийн харьяанд шилжин орсон учир Дөл гутлын үйлдвэрт 1991 оныг дуустал ажиллаж байсан тухай тэмдэглэл тамгагүй байсан. Тэтгэвэрт гарахад 1991 оны шилжин ажилласан тухай Хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаагүй учраас 1991 онд ажилласан жилийг минь тооцохгүй гэж тайлбарласан учраас миний 1990 оноос 1991 оныг дуустал Гэр ахуйн үйлдвэр болон Дөл гутлын үйлдвэрт ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Р.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Өмнөговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатад гэр ахуйн цахилгаан бараа засварчнаар 1982 оны 7 сарын 13-ны өдрөөс эхлэн 1991 оныг дуустал ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тамга байхгүй байсан. Одоо тэтгэвэр гарах болоход хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаагүйн улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа. Иймд 1991 оны 4 сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 199 дугаартай лавлагаа, Р.Мөнхтуяагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Буянтогтох, Г.Буянт нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Мөнхтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Р.Мөнхтуяа нь 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 10 хүртэл Гэр ахуйн үйлдвэрт, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Дөл гутлын үйлдвэрт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Нэхэмжлэгчийн тайлбар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 199 дугаартай лавлагаа, Р.Мөнхтуяагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Буянтогтох, Г.Буянт нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Р.Мөнхтуяаг 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 10 хүртэл Гэр ахуйн үйлдвэрт, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Дөл гутлын үйлдвэрт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Гэрч Д.Буянтогтох, Г.Буянт нар нь тухайн үед нэхэмжлэгч Р.Мөнхтуяатай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн лавлагаа нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Мэргэд овогт Равданцэрэнгийн Мөнхтуяаг 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 10 хүртэл Гэр ахуйн үйлдвэрт, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Дөл гутлын үйлдвэрт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА