| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/121 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/121
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Г,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Г-т холбогдох 2128000000147 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын 5 дугаар баг, Морин заг суурьшлын бүсийн баруун хэсэгт С.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Г-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би “Баянхар хайрхан” ХХК-д жолоочоор ажиллаад 7 жил болж байгаа. С.Э надтай хамт ажилладаг. Бид хоёр хуурай ах дүүгийн холбоотой байсан. Архи дарс уугаад ийм асуудал болсонд маш их харамсаж байна. Архи уусан нь миний буруу. Би буруугаа хүлээж байна. Бид хоёр архи ууж байгаад машины эд ангийн засвараас болж хоёулаа маргасан. Хоёулаа архи уусан согтуу байсан. Би машины бөгсийг нэг өдөр задалсан. Тэрийг ярилцаж байгаад хоёулаа маргасан. Урьд нь бид хоёр маргаан үүсгэж байгаагүй. Тэр хүний биед халдсан үйлдэлдээ гэмшиж байна. Энэ алдаагаа хэзээ ч давтахгүй. Үнэхээр их санаа зовж, ичиж байна. Ажил хийж явна гэсэн хүн ингэж явж байгаадаа гэмшиж байна гэв.
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад нэг компанид нүүрс тээврийн жолооч хийдэг Ба-гийн хамтаар бид хоёр хоол захиалж идсэн. Тэгээд байж байхад Б нь надад нэг шил юм байна хувааж уучхаад унтах уу гэж хэлсэн. Тэгэхэд нь би зөвшөөрсөн. Ба 0,75 литрийн багтаамжтай “Соёрхол” архи гаргаж ирсэн. Уг архийг хувааж уугаад дууссан. Би өөрийн машинд ороод унтаж байсан. Тухайн үед цаг 00 цаг өнгөрчихсөн байсан. Намайг унтаж байхад нэг хүн сэрээсэн тэр хүн нь манай компанийн жолооч Г байсан. Намайг буугаад ир гэхээр нь би амарч байна гарахгүй гэж хэлсэн. Тэгэхэд намайг хүчээр чирч машинаас буулгасан. Миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлж бас нүүр рүү нь цохисон. Бид хоёрыг зодолдож байхад нэг дор амарч байсан жолооч нар гарч ирээд намайг болон Г-ыг хорьж салгасан. Удаагүй байхад манай компанийн менежер ирж цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр өмнө нь хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Г намайг машинаас чирч буулгаад миний зүүн нүд рүү цохисон. Одоо миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, миний баруун гадна хэсэгт аманд зүсэгдсэн шархтай байна. Өөр биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Г нь намайг эхэлж машинаас буулгаж цохихоор нь би уурлаж зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Г-ын дээд уруулын зүүн хэсэг нь хавдсан байсан... Би “Баян хар хайрхан” ХХК-д жолооч ажилд орсноос хойш л Г-ыг таньдаг болсон. Нэгэндээ өс санаж муудалцсан зүйл байгаагүй. Яагаад намайг зодож цохисныг мэдэхгүй байна. Надад одоогоор гомдолтой зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа гаргуулж авна, өөр зүйлгүй... Надад гомдол санал байхгүй. Би Г-тай эвлэрсэн, ямар нэгэн гомдолгүй. Миний эмчилгээний зардал 50,000 төгрөгийг бэлнээр өгч би эм, тариа тос авч хэрэглэсэн. Одоо миний биед гэмтэл шарх байхгүй.” /хавтаст хэргийн 09-10, 12 дугаар хуудас/
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай “Баян хар хайрхан” ХХК нь 8 жолоочоо ажлаас нь буулгахаар болж нэр бүхий жолооч нарыг тээврийн машинтай нь компанийн кемп дээр буулгасан. Манай машинууд кемпийн ойролцоох түйрэм шороон дээр суугаад хөдөлж чадахгүй байсан. Орой 19 цаг болтол машинаа гаргаж чадаагүй тул тэндээ хонохоор болсон. Би 00 цагийн үед жолооч нараа шалгаж байхад С.Э, Б.Г нар архи уучихсан хоорондоо зодолдсон шинжтэй гэмтчихсэн байсан. Би тэр даруйд цагдаагийн байгууллагад хандсан. Яг юу болсон талаар нь мэдэхгүй байна. С.Э, Б.Г нартай хамт өөр хүн байгаагүй. Манай компанийн бусад жолооч нар унтаж амарсан байсан. Би С.Э, Б.Г хоёр архи ууж зодолдсон талаар мэдчихээд бүгдийг нь сэрээж шалгахад бүгд эрүүл бас тэр хоёрын зодолдсон талаар мэдээгүй байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед жолооч нартаа хоол хүнс тарааж байхад С.Э, Б.Г нарт ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Намайг орой тэр хоёрыг шалгахад С.Э-ын нүд нь бага зэрэг хавдсан харагдаж байсан, бас Б.Г-ын уруулнаас нь цус гарсан байсан. Би өөр нарийн зүйл анзаараагүй. С.Э 2017 онд, Б.Г 2016 онд манай компанид нүүрс тээврийн жолоочоор ажилд орсон. С.Э, Б.Г нар нь ажиллаж байхдаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй манай компанийн тэргүүний жолооч нар. Тэр хоёр ажлын байрандаа архи уусан асуудал огт гаргаж байгаагүй. Яагаад архи ууж зодолдсон талаар нь мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оноос хойш одоог хүртэл Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Баян хар хайрхан” ХХК-нд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байна... Архи уучихсан согтуу байсан болохоор Э-тай маргалдаж муудалцсан. Бусдаар бол шууд өс хонзонтой, зодож биед нь гэмтэл хохирол учруулах санаа зорилго байгаагүй. Бид нар нэг компанид олон хамт жолооч хийж байсан, урьд ам мурийж хэрүүл маргаан хийж муудалцаж байгаагүй. Архи дарс ч уудаггүй байсан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Би Э-ад эмчилгээний зардал болгож 50,000 төгрөг өгсөн, тэрүүгээр Э нь эм, тос авсан. Одоо Э нь надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй, бид хоёр харилцан тохирч эвлэрсэн.” /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...С.Э-ын биед зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, баруун гуяны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Баруун гуяны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/
Согтууруулан ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Г хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/
Хохирогч С.Э-ын хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 41-46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Б.Г өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын 5 дугаар баг, Морин заг суурьшлын бүсийн баруун хэсэгт С.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ба 0,75 литрийн багтаамжтай “Соёрхол” архи гаргаж ирсэн. Уг архийг хувааж уугаад дууссан. Би өөрийн машинд ороод унтаж байсан. Тухайн үед цаг 00 цаг өнгөрчихсөн байсан. Намайг унтаж байхад нэг хүн сэрээсэн тэр хүн нь манай компанийн жолооч Г байсан. Намайг буугаад ир гэхээр нь би амарч байна гарахгүй гэж хэлсэн. Тэгэхэд намайг хүчээр чирч машинаас буулгасан. Миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан... Г намайг машинаас чирч буулгаад миний зүүн нүд рүү цохисон. Одоо миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, миний баруун гадна хэсэгт аманд зүсэгдсэн шархтай байна. Өөр биед ил харагдах гэмтэл шарх байхгүй.” /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,
Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 00 цагийн үед жолооч нараа шалгаж байхад С.Э, Б.Г нар архи уучихсан хоорондоо зодолдсон шинжтэй гэмтчихсэн байсан. Би тэр даруйд цагдаагийн байгууллагад хандсан... Намайг орой тэр хоёрыг шалгахад С.Э-ын нүд нь бага зэрэг хавдсан харагдаж байсан, бас Б.Г-ын уруулнаас нь цус гарсан байсан.” /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Г-ын хохирогч С.Э-ын биед зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч С.Э-ын биед зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би Г-тай эвлэрсэн, ямар нэгэн гомдолгүй. Миний эмчилгээний зардал 50,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураалгасан зүйлгүй, хохирогч С.Э-ад 50,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 450 /дөрвөн тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураалгасан зүйлгүй, хохирогч С.Э-ад 50,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ