| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Б-Эрдэнэ,
Шүүгдэгч: Н.О,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Оад холбогдох 212800000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 21 тоотод Б.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед халдан биед тархины доргилт зүүн шанаа зулай дагз шилэн хүзүү зүүн мөр цээжний өмнө хэсэг дэх /хөндий рүү нэвтрээгүй/ зүсэгдсэн шарх зүүн шанаа цээжний цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Оыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.О шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10-р сарын 25-ны орой 21 цагийн үед найз Тийн гэрт очсон чинь гэрт нь Тийн 3 хүүхэд болон нэг танихгүй залуу Ттэй хамт байсан. Намайг гэрт нь ороход танихгүй залуу Т 2 хуванцар савтай 2.5 литрийн пиво уугаад сууж байсан. Би тэдний гэрт 0.75 литрийн Хар чингис авч очсон байсан. Тэгээд надад Т пиво аягалж өгөхөөр нь уучихаад буцааж өгсөн. Удалгүй пиво дуусахаар нь би архиа гаргаж бид 3 хувааж уусан. Архи ууж байхад Т дундуур нь хурдан гараад буцаж ирсэн. Тэгээд бид нар архиа уугаад архи бараг дуусч байхад би Тийг хогийн зантай юм хэлэхээр ойлгодоггүй гэх зэрэг үг хэлж байсан чинь танихгүй залуу ууж байсан архины шилийг аваад үгийн зөрүүгүй босч ирээд миний толгойны ар хэсэг рүү нэг удаа цохьсон чинь шил нь хагараад газар бутарсан. Тэгээд би боссон чинь миний толгойноос цус гарсан. Нөгөө залуу гартаа архины шилний хагарсан толгойг барьсан харагдсан. Тэгээд над руу дайраад хагарсан шилний толгойгоор миний зүүн талын цээж рүү 2 удаа зүссэн. Тэрний дараа Т нөгөө залууг хориод цааш нь авч явж байсан чинь нөгөө залуу над руу ахиж дайраад бид хоёрын голоор Б гэж 10 настай Тийн охин орж хорьсон чинь гайгүй тайвшраад арагшаа ухраад нөгөө өрөө рүү оруулсан. Тэгээд би фудволкоо тайлаад биеэ харсан чинь цээж толгойноос цус гарч байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирсэн. /хх-ийн 19-р хуудас/
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Манай охин Б Оыг хорьчихсон зогсож байсан. Манай том өрөөний паарны хажуу талд орны хөл хэсэгт тэр хавиар цус болсон хагарсан архины шил бутарсан байсан. Юу болсон талаар Оаас асуухад Н урьд өмнө нь чамайг дээрэлхэж гэртээ байхдаа цохиж авч байсан. Тэгээд архи ууж тэр явдал санаанд ороод уур хүрээд Нг цохьчихлоо гэж хэлсэн. ...Манай охин Б надад хэлэхдээ Н ах, О ах хоёр Н ахын авч ирсэн архийг уугаад архины шилний талаас доогуур архи үлдсэн байх үед О ах уурлаад уг архины шилээр Н ахын толгой руу нь цохиход архины шил нь хагарсан гэж хэлсэн. Н ах О ахаар архины шилээр цохиулаад газар унахдаа шалан дээр байсан хагархай архины шил дээр унаж цээж хэсгээ зүссэн гэж хэлсэн. Паарны хажууд орны хөл хэсэгт байх гэрийн шалан дээр архины шилний ёзоор хэсэг нь дээш харсан байдалтай хажуугаар нь бусад хагархай хэсгүүд нь тарж бутарсан байсан. Архины шилний ам хэсэг нь том өрөөний гол хэсэгт шалан дээр цус болсон байдалтай байсан. Тэр үед Нгийн цээж болон толгойны ар хэсгээс их хэмжээний цус гарч цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэгт хандаж дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламжийн эмч ирж Нгийн биеийг үзсэн. Нгийн толгойны ар хэсэг хүзүүний ар хэсэг зүсэгдсэн байсан ба мөн зүүн талын мээмний дээд хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн байсан. Тэгээд түргэний эмч оёдол тавина гээд Нг эмнэлэг рүү авч явсан. /хх-ийн 20-21-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 579 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Нгийн биед тархины доргилт, зүүн шанаа, зулай, дагз, шилэн хүзүү, зүүн мөр, цээжний өмнө хэсэг дэх /хөндий рүү нэвтрээгүй/ зүсэгдсэн шарх, зүүн шанаа, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27-28-р хуудас/
Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би хэрэг болох үед согтуу байсан тэгээд мэдүүлэг өгөхдөө андуураад хэлсэн байна. би цээжинд нь зүсэгдсэн шархыг учруулсан. Тухайн үед би согтуу байсан тэгээд Тийг гэрт байхгүй байсан гэж бодсон. Нийт 300.000 төгрөгөөр эм тариа авсан гэсэн. Тэр мөнгийг нь би бүгдийг нь төлсөн. /хх-ийн 36-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-14-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 38-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 21 тоотод Б.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед халдан биед тархины доргилт зүүн шанаа зулай дагз шилэн хүзүү зүүн мөр цээжний өмнө хэсэг дэх /хөндий рүү нэвтрээгүй/ зүсэгдсэн шарх зүүн шанаа цээжний цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 579 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б. Н-гийн биед тархины доргилт, зүүн шанаа, зулай, дагз, шилэн хүзүү, зүүн мөр, цээжний өмнө хэсэг дэх /хөндий рүү нэвтрээгүй/ зүсэгдсэн шарх, зүүн шанаа, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27-28-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “...Хохирол төлбөр бүрэн барагдсан болно...” /хх-ийн 59-р хуудас/ гэснээр шүүгдэгч Н.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.О-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 41-р хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод: Н.О нь Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн 7-21 тоотод ам 5, түр оршин суудаг болохыг Хүн ам Өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /хх-ийн 37-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 38-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний орой 1 ширхэг, фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний орой 1 ширхэг, фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нд 400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА