| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/123 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/123
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Т.С,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Сид холбогдох 2128002 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар 28-наас 29-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зам бүрд” ХХК-ийн ажилчид байрлах хуучин нисэх буудлын байранд хохирогч Г.О-ын өмдний халааснаас 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Сийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.С шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд барилга барьж байгаа “Зам Бүрд” ХХК-д 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш одоог хүртэл мужаан мэргэжлээр ажиллаж байгаа. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг хүртэл ажиллаад түүнээс хойш амарсан. Энэ өдөр 16 цагийн орчимд манай компанийн ажилчдын цалин бууж даамал Даваа ах ажилчдыг цалингаа дансаар авах уу бэлэн мөнгөөр авах уу гэж асуусан. Ихэнх ажилчид дансаар цалингаа авч би бэлнээр цалингаа авъя гэж хэлсэн. Би нийт 22 хоногийн 1.325.000 төгрөгийн цалин авч гарын үсэг зурсан. Манай ах Хадбаатар намайг хувцас авч өмс гээд надад 200.000 төгрөг өгсөн байсан. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр унтахдаа нийт 1.500.000 төгрөгөө халаасандаа хийгээд өмд, цамцтайгаа бүхлээрээ унтсан. Би тэр шөнө 04 цаг хүртэл өөрийн найз охинтойгоо фэйсбүүкийн чатаар харилцсан. 04 цагийн орчимд намайг унтах гэж байхад манай нөгөө өрөөний С гэх залуу надаас тамхи асууж манай өрөөнд орж ирсэн. Халаасанд байсан тамхинаасаа 2 ширхэг тамхи авч өгсөн. С надаас тамхи аваад гарсан. Би тэгээд унтсан. Өглөө босоход миний халаасанд байсан 1.500.000 төгрөг алга болсон байсан. Соос мөнгөө асуухаар ороход өрөөнд нь О гэх бид нартай хамт ажилладаг эмэгтэй ганцаараа байж байсан. Би Сийг хаа явсан талаар асуухад мэдэхгүй өглөө эрт орж гарч байгаад цүнхтэй хувцсаа аваад явчихсан байна гэж хэлсэн. С урд өдөр нь Улаанбаатар хот явна гэж ярьж байсан. Тэгээд би болсон зүйлийн талаар даамал Даваа ахад мэдэгдэж хамт Сийг хайж байгаад Цагдаагийн байгууллагад очиж өөрийн биеэр хандсан. /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч У.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Миний нойр сэргэчихээд утсаа оролдоод хэвтэж байхад С гаднаас орж ирээд надаас тамхи байна уу гэж асуусан. Би солиороод бай надад тамхи байхгүй гэж хэлэхэд С орныхоо ойр орчмоор эргэлдэж байгаад өрөөнөөс гараад явсан. Хэсэг хугацааны дараа байж байж байгаад С 04 цагийн орчимд өрөөнд буцаж орж ирээд орондоо ороод хэвтсэн. Тэгээд би унтаж амарсан. 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 06 цаг өнгөрч байх үед сэрэхэд С өрөөнд байхгүй цүнхтэй хувцас нь мөн байхгүй болсон байсан. Ор дэвсгэрээ хураагаад орхисон байсан. Би босоод гар нүүрээ угааж байхад 07 цаг өнгөрөөгөөд О манай өрөөнд орж ирээд С хааччихсан юм бэ гэж асуусан. Би мэдэхгүй өглөө сэрэхэд л С явчихсан байсан. Цүнхтэй хувцас нь алга болсон байна гэж хэлсэн. /хх-ийн 21-22-р хуудас/
Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...С араас гарч ирээд нойлын өрөөнд орж бие засчихаад буцаад өрөө рүүгээ орж байх шиг байсан. Өрөөнд орж очиход манай өрөөний Найдансүрэн, Хуягаа, Баасансүрэн 3 их согтуу байдалтай унтахаар өрөөний баруун урд талын нааран орон дээр хэвтэцгээж байсан. Найдансүрэн, Хуягаа, Баасансүрэн 3 хоолондоо орчихоод гаднаас байрандаа ирэхдээ л их согтчихсон ирсэн байсан. Тэгээд би Отай хамт өрөөний баруун хойд талын нааран орон дээр унтаж амрахаар хэвтсэн. Тэгээд маргааш өдрийн өглөө буюу 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07 цагийн орчимд босоход О халаасандаа байсан мөнгөө алдчихсан байна. Миний мөнгө алга болчихож гэсэн. Тэгээд бид нар өрөөндөө үзээд олоогүй. Нөгөө өрөөний Отой уулзаж О-ын мөнгө алга болсон байна хэн авчихсан юм бэ гэж асуухад С өглөө эрт цүнхтэй хувцсаа аваад явсан байна гэж хэлсэн. Хэзээ явсан талаар нь тодруулж асуухад 04, 05 цагийн орчимд явсан байх гэж О хэлсэн. Тэгтэл О шөнө 04 цагийн орчимд С өрөөнд орж ирээд тамхи сурсан би 2 ширхэг тамхи өгсөн гэж хэлсэн. Урд өдөр нь С Улаанбаатар хот явна гэж ярьж байсан болохоор О бид хоёр С О-ын мөнгийг аваад Улаанбаатар хот руу явах гэж байна гэж бодоод цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж гомдол гаргасан юм. /хх-ийн 31-р хуудас/
Шүүгдэгч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гэрчийн мэдүүлэгт бүгдийг ярьсан одоо нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 40-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-13-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-р хуудас/
Оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/
Хохирол төлбөр барагдсан талаарх хүсэлт /хх-ийн 67-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар 28-наас 29-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зам бүрд” ХХК-ийн ажилчид байрлах хуучин нисэх буудлын байранд хохирогч Г.О-ын өмдний халааснаас 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч Т.С нь хохирогч Г.О-ын өмдний халааснаас 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Т.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Оад 1.500.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “...Хохирол гомдол барагдсан...” /хх-ийн 67-р хуудас/ гэснээр шүүгдэгч Т.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.С-ийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 41-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаанд: Т.С нь Дорнод аймгийн Матад сум, 6 дугаар баг, Эрдэнэбадрах гэх газарт оршин суух хаягтай /44-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.С нь шүүхээс оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь шүүхээс оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА