| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/124 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/124
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Н.Б,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Нн Бд холбогдох 212800000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 20-18 тоотод Э.Б-ийг худлаа ярьсан гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Баруунсайханд байдаг Б гэх танилындаа очсон. Би Б-ийг сайн танихгүй. Өмнө нь ганц нэг удаа харж байсан. Бид авсан архиа ууж дуусаад Б-ын гэрт очиход хашаанд нь танихгүй 1 залуу мод хагалаад сууж байсан. Тэгээд Б, Э бид 3 архиа ууж дуусгаад Б ах дахиад нэг 0.75 граммын архи авсан сүүлд авсан архины нэрийг сайн мэдэхгүй юм байна цэнхэр шилтэй архи байсан. Тэгээд бид 3 тэр архийг хувааж уугаад алт чулуу ярьж сууж байгаад надад нэг Хүрмэн сумын цаанаас алт гарч байсан газрын чулуу байгаа талаар хэлсэн. Тэгээд би Б ахыг та тэр чулууг авав гэж хэлсэн. Тухайн үед Э явчихсан байсан. Б ах нөгөө чулууг чинь одоо очоод авъя гэхээр нь би тэг тэг одоо очоод авч болно гэтэл Б ах хашаандаа байсан цагаан өнгөтэй нэг портер асаагаад танихгүй нэг залуу ирээд машин барьсан. Тэгээд танихгүй 2 залуу Б ах бид 4 хамт чулуу авахаар миний чулуу аваачиж орхисон Нисэхэд байдаг айл руу явсан. Очоод Б ахад чулуугаа үзүүлтэл Б ах ийм шороо шиг юмнаас чинь юу гардаг юм гээд шууд уурлаад явах гэхээр нь би одоо гэртээ харьлаа явахгүй ээ гэтэл Б ах намайг явъя гээд чирээд портерийн чиргүүл дээрээ гаргаад бид дөрөв буцаад Б ахынд очсон. Очоод Б ах нэрийг нь мэдэхгүй халзан толгойтой ах бид гурав мод хагалж байсан газрын тэнд очиж суусан. Тэр үед тэр өндөр залуу портероо зогсоолд нь байрлуулаад явж байсан. Очоод сууж байтал удалгүй Б ах намайг чи муу яасан их худлаа ярьдаг юм гээд миний хамар руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би худлаа яриагүй таныг ав л гэсэн биз дээ гэж хэлтэл шууд л намайг үргэлжлүүлээд миний хамар нүүр рүү цохиод эхлэхээр нь би гараараа толгойгоо хамгаалаад доошоо тонгойчихсон хавирга руу өшиглөсөн байх гэж бодож байна. Их хөндүүртэй байгаа цохьсон ч юмуу сайн мэдэхгүй байна. Гараараа нүүрээ хаачихсан байсан учир намайг Б ах зодож байх үед тэнд байсан хоёр хүн зүгээр хараад л байж байсан. Тэгээд би Б ахаа одоо болио гэж хэлээд Б ах зодохоо больж халзан толгойтой ах Б ах бид 3 Б ахын байшин руу орсон. Тэгээд би орж цусаа угаачихаад явсан нь дээр юм байна гэж бодоод бушуухан гараад явсан. Гараад дэлгүүрийн зүүн талд байдаг нарийн гудмаар гараад хойд талаар нь дээшээ нэвт гараад Гурвансайхан руу ээжийндээ очсон. Ээжийн гэрт очиход цаг 00 цаг болж байсан. Б ах намайг 22 цагийн үед зодсон байх. Тэгээд ээжийнд байж байтал хавирга руу хатгуулаад дээшээ өндийж болохгүй байхаар нь эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд өвчин намдаах тариа хийлгэчихээд гэр рүүгээ очиж хоносон. ...Б ах надад эм тариандаа хэрэглээрэй гэж 500.000 төгрөг өгсөн. Одоо надад санал хүсэлт гомдол байхгүй. Эм тариандаа 500.000 төгрөг зарцуулсан. Баримтыг нь тухайн үед авч байсан гэхдээ одоо надад байхгүй тарж бутраад алга болчихсон. /хх-ийн 08-09-р хуудас/
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10-р сарын 01-ний өдөр 18 цагийн үед би гэртээ байж байгаад Энхтулга руу фэйсбүүк чатаар залгатал Б утсыг нь авсан. Тэгээд би ганц юм хувааж уух хүн байна уу гэсэн. Тэгсэн чинь Б намайг байгаа газраа хэл очоод авъя гэсэн. Би Баруунсайханы 15-р дэлгүүрийн гадаа ирээд намайг ирж авсан. Тэгээд бид 2 баруун сайханд нэг дэлгүүр орж 0.75 граммын архи аваад Бямба ахын гэрт очсон тухайн үед Бямба ахын гэрт Оогий гээд нэг залуу байсан. Бямба ах Оогий 2 бид хоёрыг очиход шартаж үхлээ гээд байж байхаар нь нэг шил архиа бид 4 хувааж уугаад дууссан чинь Бямба ах нэг шил архи авчирч бид 4 хувааж уусан. Тэгээд Бямба ахтай Б чулуу шороо яриад байхаар нь би гэрээс нь гараад явсан. /хх-ийн 16-р хуудас/
Шинжээч С.Шүрцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Зүүн талын 7 дугаар хавирганы хугарал гэмтэлтэй гэж дүгнэлтээ гаргасан байна. 1 хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Бийн биед хамрын зөөлөн эдийн няцрал зүүн талын 7 дугаар хавирганы бүрэн бус хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Бт эмчилгээний төлбөрт зарцуулах мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. Цаашид эмчилгээ хийх хэрэгтэй гэсэн учир 500.000 төгрөг нэмж өгнө. Бтэй уулзаж мөнгө өгөх гэсэн боловч гар утас нь холбогдохгүй байгаа учир мөнгийг нь өгөх боломжгүй байна. /хх-ийн 37-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 20-18 тоотод Э.Б-ийг худлаа ярьсан гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Бийн биед хамрын зөөлөн эдийн няцрал зүүн талын 7 дугаар хавирганы бүрэн бус хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “...Б ах надад эм тариандаа хэрэглээрэй гэж 500.000 төгрөг өгсөн. Одоо надад санал хүсэлт гомдол байхгүй....” /хх-ийн 14-р хуудас/ гэснээр шүүгдэгч Н.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Б-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 45-р хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод: Н.Б нь Даланзадгад сумын Баруунсайхан 1 дүгээр баг 21-18 тоотод ам бүл 3 оршин суудаг нь үнэн болохыг хүн ам мэдээллийн санг үндэслэн тодорхойлов. /хх-ийн 48-р хуудас/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овогт Нн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Бт 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА