Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
Хэргийн индекс | 106/2016/0017/э |
Дугаар | 17 |
Огноо | 2016-06-16 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | Н.Нямжав |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч М.Нямжав
хохирогч Н.Бат-Орших
шүүгдэгч Ч.Баяраа, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод
төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 20
дугаар хорооны нутаг дэвсгэр, авто оношлогооны уулзварт байрлах хоёрдогч түүхий эд авах цэг ажиллуулдаг бөгөөд уг хаягт ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн
хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
ял шийтгэлгүй, /РД:УИ90051416/ Боржигон овогт Чимэддоржийн Баяраад холбогдох эрүүгийн 201526021299 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Ч.Баяраа 2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод” хуушуур
паабны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг
ноцтой зөрчин Н.Бат-Оршихтой маргалдаж, тодорхой шалтгаангүйгээр түүнийг
зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж
танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ч.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад манайд найз Хүрэлчулуун халамцуу 0.33 граммын архи барьчихсан ирсэн. Тэгэхээр нь хоёр хүүхдээ Хүрэлчулуунд харуулж үлдээгээд эхнэр бид хоёр Энхжин худалдааны төв орж хоол хүнс цуглуулж ирээд Хүрэлчулуунтай хамт би пиво уусан. Хүрэлчулуун бид хоёр пиво ууж дуусчихаад бааранд оронгуутаа буцаж шууд гараад тамхи татаад зогсож байтал Хүрэлчулуун бид хоёр дээр хохирогч Бат-Орших ирээд манай ахыг гэрт нь хүргээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь бид хоёр гэрийг нь мэдэхгүй, танихгүй юм чинь яаж хүргэж өгдөг юм бэ? гэж хэлсэн чинь Бат-Орших миний цээжийг базлаад байхаар нь би гараараа цээж рүү нь түлхсэн чинь Бат-Орших шатан дээрээс арагшаа уначихсан юм. Тэгээд Бат-Орших гараа тулаад босох гэтэл Хүрэлчулуун Бат-Оршихын нүүрэн хэсэг рүү өшиглөчихсөн юм гэв.
Хохирогч Н.Бат-Орших шүүхийн хэлэлцүүлэгт: Би эхнэр рүүгээ утсаар ярих гээд баарнаас гараад ирсэн чинь шууд л миний нүүр рүү хүн цохисон. Тухайн үедээ яг хэн цохисныг мэдээгүй. Нэг харахад намайг Баяраа заамдчихсан зогсож байсан. Хүрэлчулуун бол намайг яагаа ч үгүй. Намайг хэн ч өшиглөөгүй. Эмчилгээний зардалд Баяраагаас 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Баяраа надтай уулзахаараа хохирол төлбөрийг чинь барагдуулна, би чиний эрүүг цохисон гэж хэлдэг. Одоо бол өөр юм ярьж байна. Баяраа над шиг хоёр хүүхэдтэй юм байна лээ. Баяраад би гомдолгүй, шоронд явуулах бодол алга гэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: Ч.Баяраагийн ял шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/,
Гэрчээр Ц.Нямхишигийн:..манай нөхөр Баяраа нь архи уухаараа элдэв муу зан байхгүй ээ гайгүй л байдаг. Элдэв бусын зан ааш гаргаад байдаггүй найз нөхөдтэйгээ их дотно хамт олонсог, найз гээд ирэх хүн байвал алив наашаа гээд байж байдаг залуу байгаа юм. Эхнэр хүүхэдтэйгээ сайхан л харилцаатай байдаг ямар нэгэн муу зан гаргаж байсныг мэдэхгүй байна. Гэр бүлдээ халамжтай тийм л залуу /хх-ийн 19-20/ гэсэн болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Баяраа 2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод” хуушуур
паабны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг
ноцтой зөрчин Н.Бат-Оршихыг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:
хохирогчоор Н.Бат-Оршихын:“...2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн ажил болох Сонсголонгийн Дэвшил гэх буудалд байрлах Урал дизель ХХК-д кранистын ажил кранаа янзалж байсан. Тухайн өдөр ажлаа орой харанхуй болох
үеэр дууссан. Манай ажил дээр хамт ажилладаг залуучууд болох Октябрь,
Жавхаа нарын хамт хоол идэх санаатай манай ажпын газрын хойд талын Тод
нэртэй караоке паб хоолны газар 22 цаг өнгөрөөж ороод хоол унд идчихээд ганц
нэг пиво захиалж уусан. Ер нь хүний 2 пиво л уух шиг болсон би өөрөө 2 пиво
ууснаа мэдэж байгаа юм...тэгээд пааб хаах болоод ирэхэд би эхнэртэйгээ утсаар
ярихаар паабаас гараад утсаа гаргаж ирэх гэтэл миний эрүү рүү маш хүчтэй
цохихоор нь би манаралтанд ороод сөхрөөд суусан. Цохиулах үедээ би маш
чангаар эрүү хугарчихлаа гээд орилсон тэгээд өндийгөөд босч иртэл нэг цагаан цамцтай нэг залуу миний өөдөөс хараад зогсч байсан хажууд нь мөн нэг залуу
зогсож байгаа харагдсан тэгтэл тэр 2 залуу цаашаа зугтаасан. Яг ингэж тэр 2 залууг зугтах үеэр Октябер, Жавхаа ах 2 паабаас гарч ирээд тэр 2 залууг хөөсөн. Би өөрийнхөө Соната 2 маркийн машинтай явж байсан учраас машинаа онгойлгоод машиндаа суусан. Төд удалгүй Октябрь, Жавхаа ах 2 нөгөө цагаан цамцтай залуутай хамт явж байсан залууг дагуулчихсан ирсэн. Тэгээд надаас энэ мөн үү гэж асуухаар нь би тухайн үедээ Жавхаа ах Октябрь 2-ыг энэ залууг зодчих байх гэж бодоод гэрийн хаягыг нь харчихсан царайг нь харчихсан юм чинь цагдаа
сэргийлэхэд нь өргөдөл өгье гэж бодоод биш байнаа наад залуу чинь гэж хэлсэн...
тэндээсээ шууд би гэртээ харьсан...маргааш өдөр нь эмнэлгээр явж байгаад орой
нь Октябрийн хамт нөгөө цагаан цамцтай залуугийн амьдардаг гэр болох ил
задгай газар хоёрдогч түүхий эд авна гэсэн хаягтай жижиг байшинд очиход намайг
цохичихоод зугтаадаг залуу болох нэрийг нь сүүлд мэдсэн Баяраа гэх залуу
эхнэрийнхээ хамт мөн бас нэг танихгүй эмэгтэй 2 бага насны хүүхэд байж байсан.
Уулзаж ярилцах санаатай Баяраад чи яагаад зүгээр байгаа хүний эрүүг цохиж
байгаа юм бэ гэхэд чи манай найзыг зодоод байхаар чинь би эрүүг чинь
цохичихсон юм аа гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ би хүнтэй цохилцож
зодолдсон асуудал байгаагүй шүү дээ би өөрөө хорхойд хоргүй амьтан шүү дээ
гэхэд Баяраа ямар нэгэн хэргийн талаар зүйл хэлэлгүй би тэгээд хорхойд хортой
амьтан юм уу чи өөрөө өчигдөр манай найзад биш гэж хэлсэн байсан шүү дээ
гэхээр нь би та нарыг мөн гээд хэлчих юм бол манай найз нар зодчихдог юм
байгаа биз дээ гэтэл эхнэртэйгээ нийлээд надруу дайраад хэрэлдэж эхэлсэн. Хажуу талаас нь эхнэр нь болох эмэгтэй чи тэр цагдаагаараа яв гэж байсан. Ийм л
асуудал болоод нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү хугарсан байна яаралтай
хагалгаанд орох хэрэгтэй гэсэн намайг өмднийхөө халааснаас утсаа авах гээд
гарч ирж байхад явдал дунд цохисон юугаар цохисныг нь мэдэхгүй
байна...цохилтонд би өөрөө ухаан алдаад унасан...ямар ч байсан дөрвөн хөллөөд
босч ирэхэд Баяраа над руу харчихсан зогсч байсан...хохирол болохоор нэгдүгээр
эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн хагалгааны зардал болоод нийт 700.000
орчим мянган төгрөг болсон рентген зураг болон эрүүний зураг шинжилгээ
оношлогоо эм тан гээд зардлууд гарсан байгаа баримтаа авчирч өгнө...” /хх-ийн
13-15 / гэсэн,
дахин байцаалтаар: Баяраа намайг заамдаж босгож ирээд зогсоосон тэгэхэд анх Баярааг харсан бөгөөд цагаан өнгийн подволктой эрүүн доороо сахалтай биеэр надархуу харагдсан. Миний зүүн гар талд 1-2 алхам зайтай газарт Хүрэлчулуун зогсож байсан бөгөөд энэ хоёр зам руу салаад зугтаасан. Намайг яг хэн нь цохисоныг би санахгүй байна. Намайг заамдаад зогсож байсан болохоор Баярааг цохисон юм болов уу гэж бодож байна. /хх-ийн 131/ гэсэн,
би тухайн өдөр 2 пиво уусан согтуу бол байгаагүй
ээ. Би тэгж Баяраа Хүрлээ нартай ийм асуудлын талаар ярьж цээжнээс нь базсан
асуудал байхгүй ээ. Намайг паабаас гарч ирэхэд нэг л удаа цохисон байгаа
тэрнээс биш унагаагаад эрүү рүү өшиглөсөн удаа байхгүй ээ. Нэг удаа цохиулаад
л би газар унасан. Тэрнээс биш Баяраагийн ярьдаг шиг намайг Хүрэлчулуун
нүүрлүү өшиглөсөн асуудал байхгүй ээ. Одоо хохиролын мөнгө гэж 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. /хх-ийн 132/ гэсэн,
гэрчээр Ч.Октябрь-н:“...2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн
найзууд болох Жавхлантөгс, Бат-Орших нарын хамт ажлаа тараад 22 цаг
өнгөрч байхад Мах маркетийн буудал дээр байдаг Тод хуушуур нэртэй паабад
ороод хоол идчихээд хүний 2 пиво ууцгаасан байгаа юм. Би бол бараг эрүүл нэг их халсан зүйл байгаагүй. Жавхлантөгс ах ч гэсэн гайгүй байсан гэж бодож байна. Бат-Орших бид 2-ыг бодвол арай илүү халамцуу согтсон байсан.
Удалгүй пааб хаах дөхөөд Бат-Орших утсаар ярина гээд гадаа гарсан,
тооцоогоо бид нар сүүлд нь хийчихдэг болохоор бичүүлээд л байж байдаг.
Пааб хаалаа шүү гэж хэлэх үеэр би Бат-Оршихын араас нь нэг их удалгүй
Жавхлантөгсийн хамт гарах гэж явахад хаалгаар гараагүй үүдний
таамбар хавьцаа явж байхад хүмүүс орилолдох чимээ гарахаар нь гүйгээд
хаалгаар гартал Соната-2 машины урд зөв талын хаалганы хойд талд Бат-
Орших өвдгөөрөө унасан тохойгоороо тулсан байдалтай бараг дөрвөн хөлөлсөн
шахуу байж байхаар нь очоод яасан бэ гэж асуухад эрүү хугарчих шиг боллоо
тэр 2 залууг бариад ав гээд орилохоор нь зам руу хартал цагаан өнгийн
подволктой нэг залуу бараан өнгийн подволктой бас нэг залуу 2 гүйж байсан.
Цагаан өнгийн подволктой залуу нь болохоор зам хөндлөн баруун тийш гарч
гүйсэн. Хар өнгийн подволктой залуу нь болохоор зам хөндлөн гарахгүйгээр
Монос тал руугаа ертөнцийн зүгээр хойшоо гүйж байгаад Хово маркын машиныг тойроод баруун талд байгаа төв зам гараад Алтайн бугат нэртэй компани руу
чиглээд гүйсэн. Би уг хар подволктой залууг хөөж байсан. Харин Жавхлантөгс
ах хэнийг хөөсөн яасан талаар сайн мэдэхгүй байгаа юм би түрүүлээд л урд нь гүйсэн. Тэгээд нөгөө хар подволктой залуу болохоор сүүлд нэрийг нь мэддэг Баяраа гэх эрүүн доороо сахалтай залуугийн амьдарч ажилладаг гэр болох хоёрдогч түүхий эд авна гэсэн амбаарын зүг рүү гүйсэн. Тэгтэл нөгөө хар бараан өнгийн подволктой залуу чинь амбаарын ертөнцийн зүгээр зүүн урд талаар нь тойрч нар зөв тойрч гүйхээр нь би ертөнцийн зүгээр хойд талаар нь амдаж буюу нар буруу тойрч гүйгээд үзүүрт нь очтол намайг гартаа атгасан байсан чулуугаар хамар руу цохисон тэгэхээр нь би хамраа дарж үзтэл цус гарсан байсан. Тэгээд нөгөө бараан өнгийн подволктой залуу намайг цохичихоод буцаад гүйхээр нь би араас нь гүйтэл яг хаалганы үүдэн дээр уяатай нохой над руу дайрахаар нь би буцаж гүйгээд нөгөө талаар нь гартаа 2 чулуу бариад очтол нөгөө хар подволктой залуу чинь гартаа хар өнгийн арматурын юм шиг төмөр барьчихсан ойртвол цохино шүү гээд савчаад байсан тэгэхээр нь би төмрөө хаячихаар нь би тэр залууг барьж аваад байж байтал амбаар дотроос цагаан цамцтай байсан Баяраа цамцаа тайлчихсан гарч ирээд надтай зууралдаж эхэлсэн тэгтэл Жавхлантөгс ах хүрч ирээд бараан өнгийн цамцтай залууг барьж аваад Баяраатай хамт татаад явах гэтэл хоёулаа зууралдаад байсан. Тэгэхээр нь Баярааг гэрт нь үлдээсэн. Бат-Орших нөгөө надтай зууралдаж цохилцдог залууг харчихаад наад залуу чинь биш байна гэхээр нь яагаад биш гэж мөн ш дээ чамайг цохидог залуу гэхэд тэр залууг явуулсан. Явуулчихаад Бат-Оршиход хандан чи яагаад энэ залууг намайг цохидог залуу биш гэж хэлж байгаа юм бэ энэ залуу түрүүн чиний хажуугаас зугатааж гүйсэн залуу мөн ш дээ гэхэд тэрийг нь мэдэж байгаа төмрийн цэг дээр ажилладаг гэдгийг нь мэдсэнээс хойш та нартай зууралдуулаад яах вэ та нарыг аягүй бол зодоод хэрэгт орчихно гэж бодоод би биш гэж хэлсэн юмаа гэж байсан. /хх-ийн 16-18/ гэсэн,
гэрчээр Ц.Нямхишигийн:...”2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө би өөрийн түр амьдарч байгаа гэр болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны задгайд байрлах Тод паабын замын эсрэг талд байрлах төмрийн цэгт би өөрийн нөхөр Баяраа 2 хүүхдийнхээ хамт мөн манай нөхрийн найз болох Хүрэлчулуун нарын хамт юм яриад Баяраа, Хүрлээ хоёр пиво ууя гээд намайг дэлгүүр яваад ир гэсэн би дэлгүүр орох гээд очтол гадаах дэлгүүр хаалттай байхаар нь гэртээ буцаж очсон. Тэгээд Баяраа Хүрлээ хоёр гарч бие засах гээд гадаа гарсан. Буцаж орж ирээд гадаах Тод паб онгорхой байна мөнгөөр нь нэг нэг пиво аваад ирье гээд гарсан. Тэгээд би ор дэрээ янзлаад байж байтал удалгүй манай нөхөр Баяраа гэртээ ороод ирсэн. гэртээ орж ирээд Хүрлээг явуулчихлаа Хүрлээ яваад ирье гэсэн гээд подволкоо тайлаад орондоо ороод хэвтэж байтал хүмүүс хашгиралдаад чимээ гараад Хүрлээ гүйгээд ирж байгаа нь харагдсан. Тэгэхээр нь бид хоёр гартал 2 танихгүй залуу Хүрлээг татаж чангаагаад зогсож байсан. Баяраа яасан юм болсон бэ гэхэд наадах залуу чинь хүн цохиод зугатаачихлаа гээд хамар нь шалбарсан залуу нь хэлсэн үү нөгөөх нь хэлсэн үү нэг нь тэгж хэлсэн. Тэгээд хамар нь шалбарсан залуу Баярааг хамт авч явна гээд Хүрлээтэй хамт чирэх гээд байж байтал том биетэй насаар ах гэмээр залуу нь наадах дүү чинь бишээ би наадахыг чинь мэднээ гэсэн таньж мэддэг утгатай зүйл яриад байсан. Хажуу талаас нь нөгөө эмэгтэй нь тэр залуу нь яагаа ч үгүй ээ гээд хэнд хандаж хэлээд байгаа юм нэг юм яриад байсан. Согтуу харагдаж байсан. Хүрлээ тухайн үед гартаа төмөр барьчихсан зогсож байсан. Баяраа төмрийг нь хаяулж байсан нөгөөх залуучууд нь гартаа чулуу барьсан харагдаж байсан. Хүрлээ, Баяраа нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. /хх-ийн 20/ гэсэн,
гэрчээр Э.Отгонбилэгийн:..”Би хадам аавынхаа ажлын газар болох Дэвшил ХХК-ны хойд талд байрладаг Тод нэртэй паабын газар 2015 оныхоо зуныхаа амралтаар ажил хийсэн. Тэгээд тэр Бат-Орших гэдэг ахыг орж ирж үйлчлүүлдэг байхад нь таньдаг юм. Бат-Оршихыг зодуулдаг өдөр доод давхрын амралтын өдөр хэвтэж байгаад гэдэс гайгүй болохоор нь дээшээ гарч ажилд нь тусалдаг юм уу гээд дээд давхарт гараад дэлгүүр орох гээд гартал Бат-Орших ах Соната-2 маркийн машиныхаа дэргэд эрүүгээ барьчихсан амнаас нь цус гарчихсан цохиулчихлаа гээд зогсож байсан ямар хүнд цохиулчихаж байгаа юм бэ гэхэд 2 залуу цохичихоод зугтаачихлаа төв зам руу чиглээд гүйчихлээ гэсэн. Нэг их согтуу байгаагүй. /хх-ийн 21-22/ гэсэн,
гэрч Л.Жавхлантөгсийн:...”2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би том
машинтай хамт ажил хийдэг дүү нар болох Октябрь, Бат-Орших нарын хамт 22
цагийн үед Тод нэртэй хуушуур кафед орсон. Дотор ороод хүний 2 пиво авсан
угаасаа хаах дөхөж байсан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад байж байтал
пааб хаах гээд гараарай гэж байсан бид нар тооцоогоо хийчихээд гарцгаасан. Бат-
Орших түрүүлээд гарсан Октябрь бид 2 араас нь гарч явтал гадаа хүмүүс орилох
чимээ гараад Бат-Орших намайг цохичихлоо шдээ гэж орилохоор нь бид 2 гүйгээд
гартал Бат-Орших машиныхаа хажууд эрүү хугарчихлаа гээд эрүүгээ бариад
өндийгөөд босч ирж байсан тэгэхээр нь хэн цохичиховоо гэхэд тэр залуучууд гээд
гараараа заахаар нь хартал 2 залуу зам хөндлөн гарч байгаа харагдсан. Октябрь
болохоор надаас залуу болохоор түрүүлээд гүйсэн ямар ч байсан 2 залуу л зугтаж
байгаа харагдсан салж гүйсэн үү хамт гүйсэн үү сайн харж чадаагүй Октябрь л
сайн харсан байх ёстой. Цагаан цамцтай нэг залуу нөгөөх нь бараан өнгийн
цамцтай байсан. /хх-ийн 23-24/ гэсэн,
гэрчээр Б.Цэнгэлчимэгийн:“...2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байсан ба нөхөр Бат-Орших руу яриад хаана байна хэзээ ирэх вэ гэж 20 цагийн үед ярихад ажил дээрээ байна буух болоогүй байна аа гэж ярьж байсан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад Бат-Орших нь нэг хүнээр машинаа бариулсан бага зэрэг архи уусан бололтой нүүр ам нь битүү цус болчихсон орж ирэхээр нь юу болов гэж асуухад чамтай утсаар ярих гэхэд 2 хүн намайг цохиод унагаачихлаа эрүү хугарсан юм шиг байна гэсэн. Би харин зодсон гээд байгаа залуугийнх нь
эхнэрийн утсаар ярьтал миний өөдөөс хэрэлдээд цагдаа сэргийлэхээрээ учраа
олцгоо гэж байсан. Би болохоор тэр эмэгтэйтэй хэрэлдэж маргалдсан зүйлгүй,
манай нөхөр ярихдаа төмөр авдаг бололтой залууд цохиулсан гэсэн болохоор нь
хаяган дээрх утсаар нь залгасан юм. /хх-ийн 83-84/ гэсэн,
яллагдагчаар Н.Хүрэлчулууны:“...хэрэг болдог өдрийн
маргааш өглөө нь би Баяраагийн гэрийн гадаа толгойгоо угаах гээд зогсож байтал
Бат- Оршихын найзууд нь гэх залуучууд ирээд та хоёр хүний эрүү хугалсан байна
ш дээ гэхэд Баяраа та нар манай найзыг нохой шиг зодож явуулчихаад хүний эрүүг хугалчихлаа гээд ирэх юм аа гэсэн ба тэд нар ч нэг их юм ярилгүй яваад өгсөн.Тэгээд би тэндээсээ шууд хөдөө гэрлүүгээ Төв аймаг руу явсан. Баяраа огт худлаа мэдүүлэг өгч намайг гүтгээд байгаа юм аа. Өөрөө хэргээс оргон зайлж хүн зодоогүй болох гээд байна. би цохиж зодоогүй ээ. Баяраа цохисон
байгаа. Баяраа нэг л удаа цохисон. /хх-ийн 133/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12080 дугаартай: Бат-Оршихын биед эрүү ясны баруун сэртэн, ооч хэсэгт хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,
шинжээч эмч Т.Номинцэцэгийн:..”эрүүл мэндийн эмнэлзүйн баримтаас үзэхэд тухайн цагт үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Ооч болон эрүү ясны баруун сэртэнгийн хугарал гэмтэл нь нэг болон хоёр удаагийн цохилтын үйлчлэлийн улмаас аль алинд нь үүсэх боломжтой гэмтэл юм. /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Бат-Оршихын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 56-61/, Н.Бат-Оршихын цалингийн тодорхойлолт /хх-ийн 62/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/, иргэний үнэмлэхийн хуулбар болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 64/, хохиролын баримтууд /хх-ийн 65-68/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Уг хэрэг үйлдэгдэхэд Ч.Баяраатай хамт явж байсан Н.Хүрэлчулууныг “догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр Прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 136/
Прокурорын энэ шийдвэрт Ч.Баяраагаас гаргасан гомдлыг Дүүргийн прокурор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 138-139/
Шүүх Ч.Баяраад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцээд
Боржигон овогт Чимэддоржийн Баяраагийн гэмт үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Н.Бат-Оршихын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Баяраад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.
Хохирогч Н.Бат-Орших нь эмчилгээтэй холбогдуулж 1500.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хавтаст хэрэгт авагдсан хохиролын баримтуудаас /хх-ийн 65-68/ хуулийн шаардлага хангасан 790.700 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, үлдэх 709.300 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шүүмжлэлийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас...”Ч.Баяраагийн үйлдлээс хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учраагүй тул түүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү”...гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргалаа.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хохирогч Н.Бат-Оршихын эрүүг хугалж хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бат-Оршихын мэдүүлсэн...”эхнэртэйгээ утсаар
ярихаар паабаас гараад утсаа гаргаж ирэх гэтэл миний эрүү рүү маш хүчтэй
цохихоор нь би манаралтанд ороод сөхрөөд суусан. Цохиулах үедээ би маш
чангаар эрүү хугарчихлаа гээд орилсон” /хх-ийн 13-15/,
намайг паабаас гарч ирэхэд нэг л удаа цохисон байгаа
тэрнээс биш унагаагаад эрүү рүү өшиглөсөн удаа байхгүй ээ. Нэг удаа цохиулаад
л би газар унасан. Тэрнээс биш Баяраагийн ярьдаг шиг намайг Хүрэлчулуун
нүүрлүү өшиглөсөн асуудал байхгүй ээ. /хх-ийн 132/ гэсэн,
яллагдагчаар Н.Хүрэлчулууны...”Баяраа огт худлаа мэдүүлэг өгч намайг гүтгээд байгаа юм аа. Өөрөө хэргээс оргон зайлж хүн зодоогүй болох гээд байна. би цохиж зодоогүй ээ. Баяраа цохисон
байгаа. Баяраа нэг л удаа цохисон” /хх-ийн 133/ гэсэн,
яллагдагчаар Ч.Баяраагийн...”Бат-Оршихыг би гараа атгаад
цохисон бөгөөд яг хэр хүчтэй цохисноо санахгүй байна. /хх-ийн
134/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,
шинжээч эмчийн:..” Ооч болон эрүү ясны баруун сэртэнгийн хугарал гэмтэл нь нэг болон хоёр удаагийн цохилтын үйлчлэлийн улмаас аль алинд нь үүсэх боломжтой гэмтэл юм. /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12080 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон гэж үзнэ.
Иймд Ч.Баяраад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр прокурор яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Ч.Баяраагийн үйлдлийг “догшин авирлаж танхайрсан” гэж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг орхигдуулахгүй бичиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж дүгнэсэн атлаа “хүндэвтэр гэмтэл санаатай учруулан” гэж хууль зүйн хувьд зөрчилтэй мэт бичжээ.
Ч.Баяраагийн догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн агуулгаар бичигдсэн прокурорын яллах дүгнэлтэнд санаатай гэж бичигдсэн техникийн шинжтэй бичвэрийн алдааг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй болохыг тэмдэглэж байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Чимэддоржийн Баярааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.
3.Ч.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Ч.Баяраа цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогчийн нэхэмжлэлээс 709.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ч.Баяраагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар 790.700 төгрөг гаргуулж хохирогч /РД:ЙЮ86090614/ Н.Бат-Оршиход олгосугай.
6.Ч.Баяраад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Баярааг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ