Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 763

 

     Б.Т-т холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор О.Багшбаяр,

            шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Шинэбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Тт холбогдох 1706009920046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.Т, Улаанбаатар хотод 1967 оны 6 дугаар сарын 7-нд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 81 дүгээр гудамжны 1141 тоотод оршин суух хаягтай,

1988 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн, /регистрийн дугаар: УХ/;

 

Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Скай” худалдааны төвийн урд талын автомашины зогсоолын орчим Г.Батбулганы хүрэмний халааснаас “Самсунг жи-7” загварын 650.000 төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор давж заадах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан.

Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, шүүхээс 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. Хууль буцаан хэрэглэх гэсэн ойлголтод хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд багтдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааны талаар хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 1-д “... тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан.

Иймд Б.Т-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээр зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар өнгөрсөн тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

           

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн холбогдсон хэрэг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан байх тул хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Скай” худалдааны төвийн автомашины зогсоолын орчим Г.Батбулганы хүрэмний халааснаас “Самсунг жи-7” загварын 650.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан болох нь хохирогч Г.Батбулган /хх-12/, гэрч Б.Эрхэмбилэг /хх-15-16/, П.Баярсайхан /хх-18-19/ нарын мэдүүлэг болон Б.Т-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.  

 

Харин шүүх Б.Т-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан байх тул 2002 оны Эрүүгийн хууль болон 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн шүүгдэгчид аль илүү ашигтайг хэрэглэх нөхцөл байдал үүсчээ.

 

Хулгайлах гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт “... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацааг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад “... зургаан сар ...” гэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “... нэг жил ...” гэж тус тус тогтоосон байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж тогтоосноор хуулийг буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байхад анхан шатны шүүх, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэснийг зөрчжээ.

 

            Иймд өмгөөлөгч Б.Эрдэнэболорын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1 дэх заалтад зааснаар Б.Т-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН