Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0231

 

"Э П Э Э Д" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Э П Э Э Д" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "Э П Э Э Д" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: "Э П Э Э Д" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаартай шийдвэр гаргасныг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 3, 5, 6-д заасан бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүчийг тус тус тодорхойлохдоо холбогдох хүчин зүйлсүүдийг бүхэлд нь харгалзан үзэх ёстой байхад хариуцагч байгууллагаас Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа-г үндэслэн шийдвэр гаргахдаа зохих хүчин зүйлсүүдийг харгалзан үзээгүй нь хууль бус болсон гэсэн үндсэн дүгнэлт хийх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дээрх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгаагаас гадна маргааны шалтгаан, нөхцөл, хууль зүйн үр дагавар, захиргааны акт гэж үзэж байгаа баримт бичгийн захиргааны актын шинж чанар, онцлог зэргийг тогтож шинжлэн судлаагүй, хэм хэмжээний актыг буруу хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Анхан шатны шүүх шийдвэртээ Журмын 2 дахь хэсэгт ... бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлохоор заажээ гэж тодруулан дүгнэсэн байна.

Бодит байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Худалдааны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг гаргах үндэслэл болсон Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоох судалгааг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын дагуу хийсэн байдаг. Ингэхдээ судалгааг уг журмын дагуу бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тооцож гаргасан байхад анхан шатны шүүх зохих хүчин зүйлсийг харгалзан үзээгүй гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр хүчин зүйлс нь өөр хоорондоо харилцан хамааралтай бөгөөд нэг хүчин зүйлийг нь тооцоогүй тохиолдолд нөгөө хүчин зүйлийн үр дүн болон судалгааны нийт үр дүн гарах боломжгүй юм.

2.Анхан шатны шүүх шийдвэртээ Журмын 3 дугаар зүйлд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилж тэдгээрийг харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэсэн үйл ажиллагаа гэж заасан байхад энэ талаар судалж дүгнэлт өгөөгүй, ... төвлөрлийг тооцохдоо зөвхөн 2015 оны борлуулалтын орлогыг үндэслэл болгосон нь учир дутагдалтай гэж дүгнэсэн.

Гэтэл бодит байдалд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 5.1.1-д ... борлуулалтын хэмжээг ... ойролцоогоор тооцож болно гэж заасан. Журмын уг хэсэгт зөвхөн 2015 оны борлуулалтын орлого-оос өөр бусад хүчин зүйлсийг заавал харгалзан үзэх агуулгатай хэм хэмжээ байхгүй юм. Мөн журмын тухайн хэсэгт биет хэмжээ, борлуулалтын орлого, үйлдвэрлэлийн хэмжээг ойролцоогоор тооцож, зах зээлд эзлэх хувийг тооцохдоо гурван аргын аль нэгээр нь тодорхойлно гэж заасны дагуу мөн хугацааны буюу 2015 оны борлуулалтын орлогыг тодорхойлох замаар зах зээлд эзлэх хувийг тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэм хэмжээний актад тавигдсан шаардлага, аргачлалаас давсан шаардлага тавих замаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн харилцан орлох бүлгийн хувьд эрх бүхий байгууллагаас олгогддог тусгай зөвшөөрөл, түүний ангилал нь харилцах орлох бүлгийг тодорхойлох гол үндэслэл юм.

3.Анхан шатны шүүх шийдвэртээ Журмын 5 дахь хэсэгт аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тогтоохдоо тухайн бараа бүтээгдэхүүний ... хэмжээг ... нийт хэмжээнд харьцуулж тодорхойлно гэж заасантай нийцэхгүй байгаа талаар дүгнэсэн.

Гэтэл бодит байдалд судалгаагаар "Э П Э Э Д" ХХК-ийн хувьд 2015 оны байдлаар 1,253,860,994.0 төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнийг тухайн зах зээлд тусгай зөвшөөрөл бүхий бодитоор үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт аж ахуй эрхлэгчдийн 2015 оны борлуулалтын орлого болох 1,322,708,600.0 төгрөгийн орлоготой харьцуулахад нийт зах зээлийн 94.79 хувийг эзэлж байсан.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд ... худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээд хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ гэж заасан үндэслэлийг бүрдүүлж байгаа болно. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох судалгаа, шийдвэр гаргаж бүртгэх үйл явц нь бүхэлдээ зөвхөн тухайн хуулийн заалтын хэрэгжилтийг хангахад оршино.

Түүнээс гадна анхан шатны шүүх шийдвэртээ судалгаагаар нийт хэрэглэгчдийн тоог 2014 он 8359, 2015 он 14242 гэж тодорхойлон эх сурвалжаа "Э П Э Э Д" ХХК гэж дурдсан нь бодит тоо гэх үндэслэлгүй, ... хил хязгаарыг Монгол Улс гэж тэмдэглэсэн нь ... буруу тодорхойлсон болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл хэрэглэгчийн тоог бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зэх зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тооцох зэрэгт харгалзан үзэж, харьцуулан тооцоогүй, зөвхөн судалгааны ерөнхий мэдээлэл болгон танилцуулгад тусгасан байдаг. Мөн нэхэмжлэгч тухайн хэрэглэгчийн тоотой ч маргаагүй. Анхан шатны шүүх тодорхой үгүйсгэсэн баримтаар бодит тоо гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байдаг ба хариуцагч бидний зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/ШТ2016/0716 дугаартай тогтоол гаргаж гомдлыг үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8497 дугаартай захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ бусдын эд хөрөнгө ... эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрах нөхцөл байдал үүсч болзошгүй гэж дүгнэн актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Энэ нь тус байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хуулийн хүрээнд илүү бодитоор хэрэгжүүлэх хэрэгцээтэй, шаардлагатай болохыг дүгнэсэн шийдвэр болсон гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор "Э П Э Э Д" ХХК-ийг спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон үйл явц нь хууль, холбогдох журмын хүрээнд хэрэгжсэнээс гадна тус аж ахуй эрхлэгчийг аливаа хууль зөрчсөн эсвэл буруу зүйл хийсэн гэдэг байдлаар ерөөс буруутгаагүй. Энэ нь зөвхөн урьдчилан хяналт тавьж, бүртгэх үйл явц юм. Харин ч нөгөө талаар тодорхой зах зээлийн зонхилох хэсгийг хариуцан ажиллаж байгаа нь нийгэм, эдийн засаг дахь үүрэг оролцоо, хариуцлага өндөр болж байгааг хуулийн хүрээнд урьдчилан тодорхойлж байгаа үйл явц гэж үзэж байна.

Гэтэл төрийн эрх бүхий хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн гэсэн байдлаар дүгнэж, ажлыг нь үгүйсгэж байгааг зөвөөр ойлгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хянахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хариуцагчийг шийдвэр гаргахдаа журамд заасан судалгааг хангалтгүй хийсэн, компанийн газар зүйн хил хязгаарыг буруу тодорхойлсон, зохих хүчин зүйлсийг харгалзан үзээгүй нь хууль бус хэмээн дүгнэж маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Спортын контент нийлүүлэгч аж ахуйн нэгж, телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай 5/4 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч "Э П Э Э Д" ХХК-д дараах зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлбал, нэхэмжлэгч компани нь MNBС-тэй гэрээ байгуулан өөрийн спортын сувгуудыг нийлүүлэхдээ гэрээнд заагдаагүй нөхцөлөөр SPS World сувгийг нийлүүлэхээ зогсоосон, Сансар КаТВ ХХК-тай гэрээ байгуулан өөрийн спортын сувгуудыг нийлүүлэхдээ гэрээнд заагдаагүй нөхцлийг тулган мэдэгдэл хүргүүлснээр Сансар КаТВ нь бусад спортын суваг болох CCTV-5, Матч ТВ сувгийг дамжуулахаа зогсоосон, мөн бусад спортын сувгуудыг хаалгасан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчээс дангаараа шийдэн гэрээнд заагдаагүй үндэслэлээр гэрээгээ цуцалсан, цуцлахаар мэдэгдсэн зэрэг зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[1] тогтоогдож байна.

Мөн түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага-ыг шинэчлэн баталсан байх бөгөөд уг шаардлагад зааснаар нэмэлт төлбөртэй үйлчилгээ эрхлэх бол ХХЗХороонд мэдэгдэж шийдвэрлүүлэхээр зохицуулсан байхад нэхэмжлэгч компани нь нэмэлт төлбөртэй спортын сувгууд болох /SPS-PRIME, SPS-ACTION, SPS-PLAY, SPS-PLUS/-ыг нөхцөл шаардлагад нийцүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй байна.

Улмаар дээрх 5/4 тоот дүгнэлт гарсантай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-д заасны дагуу нэхэмжлэгч "Э П Э Э Д" ХХК-д Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа явуулжээ.

Уг судалгааг дээрх журмын Хоёр-ын 2.2-т Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно: 2.2.1.бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, 2.2.2.зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, 2.2.3.зах зээлийн төвлөрлийг тооцох, 2.2.4.зах зээлийн хүчийг тодорхойлох гэж тус тус заасны дагуу явуулж, судалгаагаар дараах хүчин зүйлүүд тодорхойлогдон тогтоогдсон байна.

1. Нэхэмжлэгч "Э П Э Э Д" ХХК нь SPS World, SPS Prime, SPS Play, SPS Action, SPS Plus гэсэн үндсэн 5 сувагтай спортын төрөлжсөн сувгийн үйлчилгээ эрхлэхээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос 12900102, 1109/В/СН 121, 1111/В/СН 123, 1111/В/СН 124, 1111/В/СН 122 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг[2] авсан байх ба SPS World сувгийн үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бусад 4 сувгийн үйлчилгээ нь Улаанбаатар хотод явагдахаар хамрах хүрээг нь тодорхойлжээ.

Гэвч зөвхөн дээрх тусгай зөвшөөрлүүдэд үндэслэж, нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газар зүйн хил хязгаарыг тогтоох нь өрөөсгөл, харин бодит байдалд "Э П Э Э Д" ХХК нь Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгч болох Юнивишн ХХК, Ддэш ТВ ХХК, Сансар кабель ХХК, Скаймедиа ХХК-уудтай гэрээ байгуулан тэдгээрээр дамжуулан контентоо Монгол Улсын хэмжээнд хүргэж байгаа, худалдан авагч гэрээт аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь нутаг дэвсгэрийн хувьд зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагддаггүй зэргээс үзэхэд зах зээлийн газар зүйн хил хязгаарыг буруу тодорхойлсон гэж үзэх боломжгүй бөгөөд Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 4 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Тухайн аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг зах зээлд борлуулсан борлуулалтын хэмжээг нийт борлуулалтын хэмжээнд харьцуулан тооцоход 2015 оны хувьд нийт аж ахуй эрхлэгчдийн борлуулалт 1.322.708.600 төгрөг байгаагаас нэхэмжлэгч компанийн борлуулалт нь 1.253.860.994 төгрөг буюу зах зээлийн эзлэх хувь нь 94.79, бусад аж ахуйн нэгжүүд үлдэх хувийг эзэлсэн тоон үзүүлэлт гаргасан нь Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын 5.1.1-д заасантай нийцсэн байна.

3. Журмын 5.2-т зах зээлийн өрсөлдөөний бүтэц, төвлөрлийг тодорхойлоход хамгийн өргөн хэрэглэгддэг Херфиндал-Хершманы индексийг /ХХИ/ ашиглаж болно гэж заасны дагуу уг аргачлалаар спортын төрөлжсөн сувгийн үйлчилгээний 2015 оны зах зээлд индексийг тооцон гаргахад ХХИ нь 1800-аас их буюу ХХИ-9000.8 гэсэн үзүүлэлт нь зах зээлийн төвлөрлийн түвшин өндөр буюу өрсөлдөөн хязгаарлагдмал гэж гарсан байна.

Судалгаагаар нэхэмжлэгч компани нь хэрэглэгчдэд үйлчилгээний үнэ тарифыг хэт өндрөөр тогтоох, тухайн зах зээлд аж ахуйн нэгж нэвтрэн ороход саад учруулах, өрсөлдөөнийг хязгаарлах, өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгуудад харилцан адилгүй ялгавартай тариф тогтоох зэрэг сөрөг нөлөөлөл үзүүлж болох нөхцөл байдал бий болсон гэж дүгнэгджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд судалгааг Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-д заасны дагуу хийгдээгүй, холбогдох баримтад тулгуурлаагүй, зохих хүчин зүйлсийг харгалзан үзээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох хүчин зүйлс нь өөр хоорондоо харилцан хамааралтай нэг хүчин зүйлсийг тооцоогүй тохиолдолд нөгөө хүчин зүйлсийн үр дүн гаргах боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Судалгаагаар ... нийт хэрэглэгчдийн тоог ... тодорхойлон эх сурвалжаа "Э П Э Э Д" ХХК гэж дурдсан нь бодит тоо гэж үндэслэлгүй ... гэж дүгнэхдээ спортын төрөлжсөн сувгийн үйлчилгээ үзүүлж, ашиг олдог байгууллагын тоон мэдээллийг бодит биш гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй, нөгөөтэйгүүр Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам-ын Тав-д зах зээлийг төвлөрлийг тооцохдоо 5.1.1.аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тодорхойлох бөгөөд журамд заасан 3 аргын аль нэгээр нь тодорхойлох боломжтой, үүний дагуу судалгаандаа аж ахуйн нэгжүүдийн 2015 оны борлуулалтын орлогыг харьцуулсан байхад учир дутагдалтай хэмээн дүгнэж, "Э П Э Э Д" ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр давамгай байдалтай болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 1/55 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн улсын байцаагчийн дүгнэлт, хяналт шалгалт хийсэн дүнд тулгуурлан хийгдсэн судалгаанд үндэслэн спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд "Э П Э Э Д" ХХК нь 94.8 хувийг эзэлж, төвлөрлийн түвшин өндөр, өрсөлдөөн хязгаарлагдмал, тухайн зах зээлд давамгай байдалтай гэж үзэж болохоор байна гэж үзэж тус газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай 04 дүгээр тогтоолоор[3] "Э П Э Э Д" ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэгт зах зээлд ... давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих гэж заасантай нийцсэн байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч "Э П Э Э Д" ХХК-ийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ