Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо оршин суух Тайж овогт Цэгмэдийн Орхон /РД:КЛ85060701/-ны нэхэмжлэлтэй,

   Харчин овогт Оргилмаагийн Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Орхон, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Орхон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би О.Бат-Эрдэнэтэй 2012 онд гэр бүл болж, 2014 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүү Өсөх-Ирээдүй төрсөн. Хамтран амьдрах хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг болох Хүрэн толгойн бууцан дээр өвөлжиж байгаад 2017 оны 02 дугаар 11-ний өдөр нөхөр О.Бат-Эрдэнэ зуурдаар нас барсан. Миний амьдрал хэдэн малнаас өөр орлогогүй, хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэрлэлтийн баталгаа байхгүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байна.

            Иймд Ц.Орхон намайг О.Бат-Эрдэнэтэй хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 219 дугаартай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 03 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр О.Бат-Эрдэнийг нас барсныг бүртгэж олгосон №0000184306 тоот нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Өсөх-Ирээдүйн №4643000031 тоот төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ц.Оргилмаа, Ц.Баярчимэг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Орхон нь О.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Орхон нь О.Бат-Эрдэнэтэй 2012 оноос гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан ба хамтран амьдрах хугацаандаа 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү О.Өсөх-Ирээдүйг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүү О.Өсөх-Ирээдүйгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон О.Бат-Эрдэнийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч Ц.Оргилмаагийн “Бат-Эрдэнэ бол миний хүү. Ц.Орхон нь миний хүү О.Бат-Эрдэнэтэй 2012 оноос хамт амьдарч байсан. Тэдний дундаас 2014 оны 01 сард хүү Өсөх-Ирээдүйг төрүүлсэн. Тэд хамт Цогтцэций сумын төвд амьдарч байгаад сүүлийн 2 жил буюу 2015 оноос хойш Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт бага мал хонь ямаа маллаж амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Баярчимэгийн “Миний дүү Ц.Орхон Бат-Эрдэнэтэй анх 2012 онд танилцан хамт амьдарсан. 2014 онд хүү Өсөх-Ирээдүй нь төрөөд Бат-Эрдэнэ манай гэр бүлийнхэнтэй албан ёсоор танилцаад манай хүргэн болсон. 2014 оны 01 сарын 30-нд хүү нь төрсөн. Орхон Бат-Эрдэнэ 2 хамт Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутга Цогтцэций сумаас баруун тийш 15 орчим км-т 2015 оноос хойш хөдөө мал маллаж амьдарч байсан. 2017 оны 02 сарын 11-ний өдөр О.Бат-Эрдэнэ зуурдаар нас барсан...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Ц.Орхоныг 2012 оноос 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл О.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Цэгмэдийн Орхоныг Харчин овогт Оргилмаагийн Бат-Эрдэнэтэй 2012 оноос 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА