Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Л.Б,  

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                          

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Л-ын Б-т холбогдох 2128002330134 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

  Биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, .........................................................................   

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ............................... тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, тархи доргилт, эрүү, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Б-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр, хүүхдийн хамтаар Даланзадгад сумын .................. амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны орой би ажлаасаа ирээд гэрийн ажлаа хийгээд байж байхад манай нөхөр Л.Б 20 цаг 30 минутын үед гаднаас архи уусан байдалтай орж ирээд гал тогооны өрөөнд ороод ширээнд суугаад намайг хүрээд ир энд суу ярилцах юм байна гэхээр нь би согтуу хүнтэй юм ярихгүй эрүүл болохоор чинь ярилцъя гэсэн чинь би согтуу биш эрүүл байна гээд уурлаад над руу халбага аваад шидээд араас нь босож ирээд намайг цонхоор авч шиднэ гээд сүрдүүлэхээр нь би зугтаагаад хажуугаар нь гарах гэсэн чинь намайг барьж аваад баруун талын шанаа руу болон цээж, эрүү хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж авсан. Би яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Намайг цохиж байхдаа хөл нүцгэн гараад зайлаарай гэж хөөсөн. Би гар утас, машины түлхүүрээ охин Х-аар авхуулаад гэрээс гарч зугтааж доошоо 6 давхарт очоод цагдаад дуудлага өгсөн. Удаагүй 4 цагдаа хүрээд ирэхээр нь би цагдаа нарыг дагаад гэртээ ороход Б хүүгээ тэвэрчихсэн зогсож байсан. Цагдаа нар Бийг авч явсан. Зодуулсны дараагаар эрүү, цээж хөхөрч хавдсан байсан. Мөн толгой их өвдөж байсан. Одоо бол ямар нэгэн зовуурьгүй болсон... Охин надад хэлэхдээ намайг гэрээс гараад зугтаахад Б намайг дагаад араас гарсан юм байна лээ. Тэгээд миний араас шат руу уруудах үед нь охин араас нь татсан чинь Б унаад миний охины цээжид цохиж авсан гэж хэлсэн. Санаатай үйлдэл биш гэж хэлсэн. Бид хоёр одоо гэртээ хэвийн харилцаатай амьдарч байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хоёр 2018 онд гэр бүлээ батлуулсан. Би 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байгаад найзтайгаа уулзаад нэг шил архи уусан. 20 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр бид хоёр өмнө мөнгө төгрөгийн асуудлаас болоод бага зэрэг маргалдсан байсан бөгөөд би гэрт ороод эхнэртэйгээ ярилцах санаатай гал тогооны өрөөнд орж ширээнд суугаад миний хань мөнгө төгрөгтөө жаахан гамтай бай, одоо чи сургуульдаа явчихна цалин авахгүй байрны мөнгө төлөхөөс эхлээд мөнгө их хэрэг болно гэж хэлээд наашаа ирээд суучих ярилцъя гэж хэлсэн чинь Э би согтуу хүнтэй ярихгүй, би угаасаа мөнгө төгрөг үрдгээрээ үрнэ гэх мэт зүйл яриад байсан. Би тухайн үед нэлээд согтуу байсан учраас уур хүрээд би өмнөөс нь хэрүүлийн үг хэлсэн, яг юу гэж хэлснээ санахгүй байна. Бид хоёр муудалцаж, хэрэлдэж маргалдсан. Тэгж байгаад би ширээн дээр байсан халбагыг аваад Э руу шидсэн. Би босоод Эг барьж аваад бид хоёр зууралдсан. Би Эг цохиж авснаа санахгүй байна. Бид хоёр хэсэг зууралдсаны дараагаар Э хашхичиж байгаад зугтаагаад гэрээс гараад явсан. Би араас нь гарсан боловч Э хаашаа явсан нь мэдэгдэхгүй байхаар нь буцаад гэртээ орсон. Гэртээ хүүгээ тэврээд байж байхад цагдаа нар дуудлагаар явж байна гээд намайг барьж аваад цагдаагийн газар дээр ирсэн. Би Эг цохиж авсан талаараа санахгүй байгаа юм. Энэ асуудал болсны дараагаар 3-4 хоногийн дараа эхнэртэйгээ уулзсан чинь эхнэрийн эрүү хэсэгт нь бага зэрэг хөхөрсөн байсан. Түүнийг надад үзүүлээд чи намайг ийм болгосон гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Э-гийн биед тархи доргилт, эрүү, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Б.Эгийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Х-ы биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/

Хохирогч Б.Э-гийн хүсэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/

Шүүгдэгч Л.Б-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 66 дахь тал/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 68 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой зэрэг нотлох баримтууд /хавтаст хэргийн 45-51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .................................. тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодон тархи доргилт, эрүү, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр Л.Б ... уурлаад над руу халбага аваад шидээд араас нь босож ирээд намайг цонхоор авч шиднэ гээд сүрдүүлэхээр нь би зугтаагаад хажуугаар нь гарах гэсэн чинь намайг барьж аваад баруун талын шанаа руу болон цээж, эрүү хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж авсан.” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Э-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Л.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Л.Б, хохирогч Б.Э нар нь 2011 оноос хойш хамт амьдарч гэрлэлтээ батлуулсан бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.  

Иймд шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.    

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Л.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.         

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Б овгийн Л-ын Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ