Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга  даргалж, шүүгч Ц.Урангуа, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р баг, Бурхи 18-р гудамж, 183 тоотод оршин суух Цоодол овогт Цээрэгзэний Үүрцайхын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Бумбан овоо 5-8 тоотод Чонос овогт Бямбаагийн Хишигбаярт холбогдох, хохирогч нас барсны улмаас учирсан хохирол 24 647 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, хариуцагч Б.Хишигбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний нөхөр хүүхдүүдийн минь эцэг Б.Хишигбаяр гэх хүний буруугаар амь насаа алдаж бид хэд өнчирч үддсэн. Миний гэм хорын хохирлын дутуугаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолд заасны дагуу би гэм хорын хохирол 24 647 000 төгрөгийг Б.Хишигбаяраас нэхэмжилж байгаа гаргаж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Б.Хишигбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч Б.Хишигбаяр би Өвөрхангай аймгийн иргэн Ц.Үүрцайхын гаргасан гэм хорын хохиролд 14 647 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээж аваад эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Хишигбаяр миний бие авто осол гаргаж эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн нь үнэн юм. Эрүүгийн хэргийн хүрээнд хохирогчийн ар гэрт оршуулгын зардал болон бусад зардалд нийт 10 сая төгрөг мөн 2017 оны 02 дугаар сарын 08-нд Үүрцайх гуайн дансанд тусламж болгож 1 сая төгрөг өмгөөлөгчөөрөө дамжуулан явуулсан. Миний бие одоо ямар нэгэн ажил эрхэлж чадахгүй ар гэрт маань гачигдал зовлон гарч хүнд байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 24 647 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өргөдөлд дурьдсан орон сууц хөлслөх гэрээний төлбөр, оюутны сургалтын төлбөр зэрэг нь талийгаачийн амь хохирсонтой холбоотой гэм хорын шууд хохирол биш бөгөөд талийгаачийн хүүхдүүд нь түүний асрамжинд байсан насанд хүрээгүй хүүхдүүд байгаа талаар нотлох зүйл алга байна. Бүгд 18-аас дээш насны оюутан болох нь хавсралтаар гаргаж өгсөних дээд сургуулийн тодорхойлолтоор нотлогдож байгаа учир иргэний хуулийн 508.2-т заасан насанд хүрээгүй хүүхдүүд алга байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 24 647 000 төгрөгийг хариуцагч миний бие төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

            Хариуцагч Б.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Үүрцайх нь хариуцагч Б.Хишигбаярт холбогдуулан хохирогч нас барсны улмаас учруулсан хохирол 24 647 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үүрцайх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцагч Б.Хишигбаяраас шаардах эрхтэй буюу үндэслэлтэй байна.

          Б.Хишигбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 90-90 ӨМҮ улсын дугаартай, Уаз фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 231 дэх километрт явган зорчигч Г.Баатарсүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсан болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №02 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул Б.Хишигбаяр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”  үүрэгтэй байна.

          Гэвч нэхэмжлэгч нь хохирогч нас барсны улмаас ямар хохирол учирсныг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, уг хохирлын талаарх нотлох баримт хэрэгт хавсаргаагүй байна. Хэдийгээр орон сууц хөлсөлсөн болон сургалтын төлбөр төлсөн талаарх баримтыг хэрэгт хасваргасан ч энэ нь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд хамаарахгүй юм. Мөн нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь төлбөр авах эрхтэй хэдий ч дээрх эрх бүхий этгээдүүд нас барагчийн асрамжинд байсан талаарх нотлох баримт байхгүй байна.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.                                                 

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Үүрцайхын нэхэмжлэлтэй Б.Хишигбаярт холбогдох гэм хорын хохирол 24647000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжиийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА

                                         

             ШҮҮГЧИД                                 Ц.УРАНГУА

 

                                                                А.ЭНХТӨР