| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0119/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/130 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/130
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Ю.Г,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ю-гийн Г-т холбогдох 2128001820144 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ю.Г нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгаас 10 километрт орших П-ийн баазад байх Б.Э-ы гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.О-тэй маргалдаж, түүний толгой хэсэг рүү хогийн шүүрний араар, хөмсөг хэсэгт варены шилээр тус тус цохиж, биед тухайн хэргийн нөхцөлд тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, зовхины цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ю.Г-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ю.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймаг Даланзадгад сумаас 2021 оны 07 дугаар сарын 10-нд орой Өмнөговь аймгаас хойш 10 километрт байрлах П-ийн баазад байдаг Э-ы гэрт очсон чинь Э, Г хоёр архи ууж байсан. Э бид хоёр хамтран амьдардаг. Эд миний бие өвдөөд байхад архи уугаад байх юм, чи архи уучихаараа бие чинь өвдөөд байдаг биз дээ гэж би хэлсэн. Эд чи архи ууж байсан бол яах гэж намайг дуудсан юм гэж асуусан. Тэгсэн Г чи ийм сайхан хүнтэй суучхаад чи энийг дарамталлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний амьдрал чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгсэн Г чиний амьдралыг мэднэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи намайг айлд зарагдаж явсныг л мэдэх байх гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу варены шилтэй хуурай сүү шидэж толгой оносон. Толгойноос цус гарсан. Би босоод гэрээс гараад хогийн шүүрний иш аваад Гийг цохих гэсэн боловч Г надаас булааж аваад миний толгойны баруун чихний дээд тал руу 2 удаа цохисон... Надад гомдолтой байна. Бензин, эмчилгээний зардал бүгд нийлээд 1,500,000 төгрөгийн эмчилгээ хийлгэмээр байна.” /хавтаст хэргийн 31, 35 дахь тал/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийг сайн санахгүй байна. Өмнөговь аймаг Ханхонгор сум П-ийн баазад манаач хийдэг юм. Тэр орой Г гээд Өвөрхангай аймаг Богд сумын айл байгаа юм. Манайхаас баруун тийшээ оторлож нүүж явсан хүн 2 ширхэг 2 литрийн пивотой манайд ирээд юм яриад суусан. Г гэдэг хүн манай төрсөн ахын цэргийн он жав байсан. Бид хоёр юм ярьж сууж уугаад хөөрөг зармаар байна гэж надад хэлсэн. Би түүнийг 900,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийн дараа нь өгнө гээд яриад сүүлийн пиво ууж дуусгасан. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Пиво уугаад тасарсан.” /хавтаст хэргийн 39 дэх тал/
Шүүгдэгч Ю.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-нд өдөр Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах багт байх Э гэдэг хүнд хөөрөг зарах гэж очсон. Тэр айлд очихын өмнө 1 шил Ерөөл нэртэй архи уусан байсан. Э-ыд хөөргийн наймаагаа ярингаа 2 ширхэг 2,5 литр пиво Э-тай хувааж уусан. Орой болж байхад О ирээд Э-тай муудалцаад маргалдсан. Э О-ийг хөөгөөд байсан. Маргалдаад байхаар нь би варены шил шидсэн байсан. Тухайн үед миний уур их хүрсэн байсан. Тухайн үед би варены шил шидсэн мэдээгүй байсан. Тэгээд гаднаас 2 хүн орж ирээд О-ийг аваад явсан. Үүнээс хойш надад санаж байгаа зүйл алга байна.” /хавтаст хэргийн 76 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ч.О-ийн биед дагз ясны хугарал, тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ч.О-ийн Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хийлгэсэн Гавал тархины тодосгогч бодисгүй КТГ шинжилгээнд дагз ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй байна. Ч.О-ийн биед тухайн хэргийн нөхцөлд тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №379 дүгнэлт нь мөрдөгчөөс ирүүлсэн шинжилгээний объектын хүрээнд үндэслэлтэй байна. 2021 оны 07 дугаар сарын 21 өдрийн гавал тархины 2 байрлалын рентген зурагт: Гавал ясны хойд дагз хэсэгт хугаралтай гэсэн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавал тархины тодосгогч бодисгүй КТГ шинжилгээ нь рентген шинжилгээнээс дэвшилтэт технологи бөгөөд хэргийн материалаар нэмэлт шинжилгээ явуулахаар ирүүлсэн КТГ-ын шинжилгээгээр дагз ясанд хугарал илрээгүй тул уг шинжилгээ нь илүү үндэслэлтэй болно.” /хавтаст хэргийн 48-50 дахь тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-22 дахь тал/
Шүүгдэгч Ю.Г-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 85 дахь тал/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 87 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 62-63, 66-74 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ю.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ю.Г нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгаас 10 километрт орших П-ийн баазад байх Б.Э-ы гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.О-тэй маргалдаж, түүний толгой хэсэг рүү хогийн шүүрний араар, хөмсөг хэсэгт варены шилээр тус тус цохиж, биед нь тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эд чи архи ууж байсан бол яах гэж намайг дуудсан юм гэж асуусан. Тэгсэн Г чи ийм сайхан хүнтэй суучхаад чи энийг дарамталлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний амьдрал чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгсэн Г чиний амьдралыг мэднэ гэж хэлсэн. ...Тэгсэн чинь над руу варены шилтэй хуурай сүү шидэж толгой оносон. Толгойноос цус гарсан. Би босоод гэрээс гараад хогийн шүүрний иш аваад Гийг цохих гэсэн боловч Г надаас булааж аваад миний толгойны баруун чихний дээд тал руу 2 удаа цохисон.” /хавтаст хэргийн 31, 35 дахь тал/,
Гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр орой Г гээд Өвөрхангай аймаг Богд сумын айл байгаа юм. Манайхаас баруун тийшээ оторлож нүүж явсан хүн 2 ширхэг 2 литрийн пивотой манайд ирээд юм яриад суусан. Г гэдэг хүн манай төрсөн ахын цэргийн он жав байсан. Бид хоёр юм ярьж сууж уугаад хөөрөг зармаар байна гэж надад хэлсэн. Би түүнийг 900,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийн дараа нь өгнө гээд яриад сүүлийн пиво ууж дуусгасан. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Пиво уугаад тасарсан.” /хавтаст хэргийн 39 дэх тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ю.Г-ийн хохирогч Ч.О-ийн биед тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ю.Г-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ю.Г нь хохирогч Ч.О-ийн биед тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ю.Г-аас 1,000,000 төгрөг бэлнээр авч эмчилгээний зардалд зориулсан, гомдолгүй” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ю.Г-ийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ю.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан варены шил 1 ширхэг, төмөр шүүрийн иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ю.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Од 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ю-гийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ю.Г нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан варены шил 1 ширхэг, төмөр шүүрийн иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Ю.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Од 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ю.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ