Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг Бумбан Овоо 6-9 тоотод оршин суух Боржгон овогт Батжаргалын Золбаяр /РД:КВ90110300/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг, Цагаан-Овоогын 3-18 тоотод оршин суух Алаг морьт овогт Энхсайханы Эрхчөлөө /РД:КН89040479/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Золбаяр, хариуцагч Э.Эрхчөлөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баяржаргал овогтой Золбаяр миний бие нь 2013 онд Энхсайхан овогтой Эрхчөлөөтэй танилцсан. 2013 оны 06 сараас хамт амьдарч байгаад 2014 оны 04 сарын 15-нд охин Нандинзаяаг төрүүлсэн юм. Гэтэл Эрхчөлөө нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөдөө гэрлүүгээ явсан. Гэтэл 2016 оны 12 сарын 30-нд буцаж ирээд гэрээ тавилгатай нь зарж архи уугаад одоо болтол ирээгүй. Иймд бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул Эрхчөлөөгөөс охин Нандинзаяад хүүхдийн тэтгэлэг шүүхээр тогтоолгож авахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ

Харицагч Э.Эрхчөлөө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энхсайхан овогтой Эрхчөлөө миний бие Батжаргал овогтой Золбаярын хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан. Тухайн үед миний охин Нандинзаяаг миний хүүхэд биш гэж шүүхийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч Нандинзаяа нь миний хүүхэд мөн гэдэгт итгэж байгаа тул шүүхийн шинжилгээ хийлгэхгүйгээр уг иргэний хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд охин Нандинзаяад хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хэмжээгээр төлөх болно” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “: Хариуцагчтай эвлэрэх боломж байхгүй. Эрхчөлөө нь гэр болон гэрийнхээ эд хөрөнгийг зарж архи уудаг. Нэг архи уухаараа 7 хоног, нэг сар гаран архи уудаг. Иймээс хамтран амьдрах боломж байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Эрхчөлөө нь хүүхэдтэйгээ уулзах талаар хэлдэггүй. Эрхчөлөө нь дандаа согтуу байдаг. Одоогоор миний хувьд ажил хийхгүй байгаа” гэв.

Хариуцагч Э.Эрхчөлөө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд салж хүүхдээ өнчрүүлэх бодол байхгүй. Би “Ёлын домог” гэдэг компанид ажиллаж байгаад ковшийн моторыг цохиулаад 6-7 сая төгрөгний өрөнд орсон. Түүнээс болж гэрээ болон гэрийнхээ эд хөрөнгийг зарж 1.000.000 төгрөгний өрийг дарсан. Одоо 4.500.000 төгрөгний өртэй байгаа бөгөөд одоо Өмнөговь аймгийн цагдаагийн тасаг  дээр асуугдаж байгаа. Намайг өрөө барагдуул гэсэн боловч ажил хийхгүй байгаа учир хэцүү байгаа. Ажил хийгээд мөнгөний бололцоотой байвал хүүхэддээ мөнгө өгөхийг бодож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Намайг өртэй гэдгийг Золбаяр мэдэж байгаа. Хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Хүүхдээ өөрийн хүүхэд гэдэгт анхандаа эргэлздэг байсан. Сүүлдээ надтай адилхан учир хүлээн зөвшөөрсөн” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Золбаяр нь хариуцагч Э.Эрхчөлөөд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Боржигон овогт Золбаярын Нандинзаяа нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд түүний эцэг нь Алаг морьт овогт Энхсайханы Эрхчөлөө болох нь нэхэмжлэгч Б.Золбаярын нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч Э.Энхчөлөөгийг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлгийг төлнө гэсэн хариу тайлбар шүүхэд ирүүлсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсоноор эцэг Э.Эрхчөлөө нь охин З.Нандинзаяаг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг Э.Эрхчөлөө нь охин З.Нандинзаяаг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар З.Нандинзаяаг сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-нас/ нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Э.Эрхчөлөөгөөс гаргуулах бөгөөд цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.

Б.Золбаяр, Э.Эрхчөлөө нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин З.Нандинзаяаг эх Б.Золбаярын асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоон эцгээр нь тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч Б.Золбаяр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Эрхчөлөө нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 15-нд төрсөн охин Боржигон овогт Золбаярын Нандинзаяаг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Э.Эрхчөлөөгөөр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Б.Золбаяр нь Э.Эрхчөлөөг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Эрхчөлөөгөөс 23430  төгрөг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАТТУЛГА