Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Хохирогч Б.А,

Шүүгдэгч Б.И,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,              

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Б-ын И-д холбогдох 2128002610151 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

  Биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, .................................   

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .......................... тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-ийг гараараа нүүр, толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж, хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.И-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.И шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг зүйлгүй гэв.

Хохирогч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр орой 18 цаг өнгөрч байхад хаалга дуугарахаар нь үүдээ нээсэн чинь гаднаас манай нөхөр И хаалгаар орж ирээд миний нүүр рүү нэг удаа алгадсан. Би яаж байна гэж хэлсэн чинь миний толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Би буланд сууж байгаад арай ч дээ миний уруулнаас цус гарч байна гэж хэлээд зайл яргачин минь гэж хэлсэн чинь чи намайг зайл гэж хэлдэг юу юм гэж хэлээд хөл нүцгэн хөлөөрөө миний эрүү рүү нэг удаа өшиглөсөн. Би хариу үйлдэл хийгээгүй сууж байхад манай охин 8 настай хүүхэд уйлаад нөгөө өрөөнөөс гарч ирсэн чинь И тайвшраад хүүхдээ тэврэхээр нь би ванны өрөө рүү ороод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд ванны өрөөнөөс гарч ирээд унтлагын өрөөний үүдэнд зогсож байхад над руу дайрч уурлаж байгаад миний зогсож байсан өрөөний хаалга руу өшиглөөд цөмөрсөн. Удалгүй цагдаа ирсэн. Бас цагдаа дуудчихаад найз А гэж найз руугаа залгаад хурдан хүрээд ир гэсэн чинь манай найз цагдаатай хамт орж ирсэн. Тэгээд И-ийг цагдаа руу авч явсан... Миний нүүр толгой руу 3-4 удаа гараараа цохисон, бас намайг нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 31 дэх тал/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 18 цаг 30 минутын үед цагдаагийн газрын 7053102 тусгай дугаар мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Даланзадгад сумын дахин төлөвлөлтийн ..................... тоотод манай нөхөр намайг зодоод байна гэх дуудлага мэдээлэл дээр уг тоотод очиход иргэн Б.И гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ чанга дуугаар эхнэрлүүгээ агсам тавьсан байдалтай байсан. Намайг дуудлагын дагуу очиход Б.А нь уйлсан, доод уруулны хэсэгт ямар нэгэн зүйлээр цохиулсан байдалтай хөхрөлт үүсэж, цус гарч улайсан байдалтай байсан...” /хавтаст хэргийн 15 дахь тал/

Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 18 цаг 30 минутын орчим нар жаргаагүй байх үед намайг ажил дээрээ сууж байхад манай найз А над руу утсаар залгаад манай гэрт хүрээд ирээч манай нөхөр И-гээ ирээд намайг зодоод байна гэж хэлэхээр нь би Э-ийн хамт Даланзадгад сумын 3 дугаар баг, дахин төлөвлөлтийн ........................ тоотод очиход манай найз А гэрийнхээ коридорт сууж байсан. Э бид хоёр А-ээс юу болсон талаар асууж тодруулахад манай найз А-ийн уруул нь язарсан цус гарсан байдалтай цусаа угаасан бололтой нүүр талын хэсгийн үс нь нойтон байсан...” /хавтаст хэргийн 16 дахь тал/   

Шүүгдэгч Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрчийн мэдүүлэгт бүх зүйлийн хэлсэн, одоо нэмж ярих зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 51 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 491 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.А-ийн биед тархины доргилт, дээд уруул, баруун хацар шанааны зөөлөн эдийн гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь  хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

“*******” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/2044 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “модон хаалга /150 см өндөртэй, 60 см-ын өргөнтэй/, 1 ширхэг, нэгжийн үнэ 150,000 төгрөг, нийт үнэ 150,000 төгрөг, тайлбар /хэрэглэж байсан/, нийт үнэ 150,000 төгрөг” /хавтаст хэргийн 38-40 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/

Шүүгдэгч Б.И-ий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 67 дахь тал/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 3-405 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-ийг гараараа нүүр, толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж, хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр орой 18 цаг өнгөрч байхад хаалга дуугарахаар нь үүдээ нээсэн чинь гаднаас манай нөхөр И хаалгаар орж ирээд миний нүүр рүү нэг удаа алгадсан. Би яаж байна гэж хэлсэн чинь миний толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Би буланд сууж байгаад арай ч дээ миний уруулнаас цус гарч байна гэж хэлээд зайл яргачин минь гэж хэлсэн чинь чи намайг зайл гэж хэлдэг юу юм гэж хэлээд хөл нүцгэн хөлөөрөө миний эрүү рүү нэг удаа өшиглөсөн... ванны өрөөнөөс гарч ирээд унтлагын өрөөний үүдэнд зогсож байхад над руу дайрч уурлаж байгаад миний зогсож байсан өрөөний хаалга руу өшиглөөд цөмөрсөн...” /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 18 цаг 30 минутын үед цагдаагийн газрын 7053102 тусгай дугаар мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Даланзадгад сумын дахин төлөвлөлтийн .................................... тоотод манай нөхөр намайг зодоод байна гэх дуудлага мэдээлэл дээр уг тоотод очиход иргэн Б.И гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ чанга дуугаар эхнэрлүүгээ агсам тавьсан байдалтай байсан. Намайг дуудлагын дагуу очиход Б.А нь уйлсан, доод уруулны хэсэгт ямар нэгэн зүйлээр цохиулсан байдалтай хөхрөлт үүсэж, цус гарч улайсан байдалтай байсан...” /хавтаст хэргийн 15 дахь тал/

Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз А над руу утсаар залгаад манай гэрт хүрээд ирээч манай нөхөр И-гээ ирээд намайг зодоод байна гэж хэлэхээр нь би Э-ийн хамт Даланзадгад сумын 3 дугаар баг, дахин төлөвлөлтийн ..................... тоотод очиход манай найз А гэрийнхээ коридорт сууж байсан. Э бид хоёр А-ээс юу болсон талаар асууж тодруулахад манай найз А-ийн уруул нь язарсан цус гарсан байдалтай цусаа угаасан бололтой нүүр талын хэсгийн үс нь нойтон байсан...” /хавтаст хэргийн 16 дахь тал/ гэх мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 491 дугаартай шинжээчийн дүгнэлт, “*******” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/2044 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.И нь хохирогч Б.А-ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Б.И нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.И-ий үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Б.И, хохирогч Б.А нар нь 2008 оноос хойш хамт амьдарч, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.  

Иймд шүүгдэгч Б.И-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.    

Шүүгдэгч Б.И нь хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд нь тархины доргилт, дээд уруул, баруун хацар шанааны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэрийн модон хаалгыг эвдэж 150,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эвдсэн модон хаалгыг шинээр сольж хохирол, төлбөрийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

Шүүгдэгч Б.И-ий үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Б.И-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.         

Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Ат 150,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Б-ын И-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.И нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Ат 150,000 төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ