Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2017/00059/И |
Дугаар | 62 |
Огноо | 2017-05-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1965 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 52 настай, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх баг, Шар дэл гэдэг газар оршин суух, Өөлд овогт Чойдогийн Гэрэлтуяа /РД:ЗИ65111004/-ын
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Гэрэлтуяа, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Гэрэлтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Ч.Гэрэлтуяа би Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р 5 жил” нэгдэлд 1987 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан.1990 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх бригадад малчнаар ажиллаж байсан. Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шалгалт ирж, хөдөлмөрийн дэвтэрт 2 өнгийн балаар бичсэн зөрчилтэй байна гээд 4-5 сарын тэтгэвэр өгөөгүй залруулж ир гэсэн. Иймд намайг 1990 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн тайлбар, нэхэмлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 458 дугаартай цалингийн тодорхойлолт, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.Алтансүх, Д.Өлзийтөмөр нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Гэрэлтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Ч.Гэрэлтуяа нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Өгөөмөр нэгдлийн Билгэх бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
Өмнөговь аймгийн Архивийн тасгийн 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай лавлагаа, 1987 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.Алтансүхийн ”...Ч.Гэрэлтуяа 1990 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх бригадад шилжин ирж мал маллаж байсан. Тухайн үед би Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт баг буюу Өмнөговь аймгийн Билгэх бригадтай хил залгаа нутагт Ч.Гэрэлтуяагийнхтай айл саахалт нэг нутагт мал маллаж байсан. Ч.Гэрэлтуяа нь 1990 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх бригадад бод мал маллаж байсан...”, гэрч Д.Өлзийтөмөрийн “...Ч.Гэрэлтуяа 1987 оноос 1989 оныг дуустал Дундговь аймагт мал маллаж байгаад 1990 оноос 1991 он хүртэл Цогтцэций сум, Билгэх багийн нутаг, Овдой, Хармагтай, Дэл хөнжил гэх газруудад нутаглан тэмээ бас бага мал маллаж амьдарч байсан. Одоо Цогтцэций суманд мал маллаж амьдарч байгаа. Би тухайн үед Дорноговь аймгийн Анагаахын сургуульд оюутан байсан бөгөөд 1990 онд төгссөн. Тэгээд Ханбогд суманд сумын эмнэлэгт ажиллаж байна...” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өөлд овогт Чойдогийн Гэрэлтуяаг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх баг, Өгөөмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА