| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0113/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/47 |
| Огноо | 2021-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Эсэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С /zoom/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г-т холбогдох 2022001850118 тоот хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, .... настай ......., ......... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...., .......хамт Дундговь аймгийн ........ оршин суух ...... овогт О.Г гэв.
Шүүгдэгч О.Г нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн урд талын талбайд 9923 ДУА улсын дугаартай Toyota succeed маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ иргэн М.Б-ыг мөргөж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2020 оны 06 сарын 24-ний өдөр сонгууль өгчхөөд машинтай хөдлөхдөө ард машин байхаар нь тойроод гарах гэсэн чинь хөл хааз тооромс хоёрын дундуур гацсан байсан. Хөлөө авах гэсэн авагдахгүй байсан. Баруун тийш явах ёстой байсан. Баруун зүгт хөдлөөд машин тойроод гарах гэсэн урд хүмүүс зогсож байсан. Хүмүүсийн урдуур тойроод гарахдаа хүн тонгойгоод зогсож байсныг хараагүй. Гэнэт босоод ирсэн. Яаж ч чадаагүй, дараад гарах гэсэн хөл гацсан, хааз харихгүй байсан. Гутал хааз торомз хоёрын дундуур орсон гэж бодсон. Хөлөө хаазан дээрээс авч чадахгүй байсан. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байна. Сургуулийн хашаа дайраад зогссон, нэг дугуй хагарсан байсан. Гэмшиж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй” гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Г гуайг ойлгож байна. Машины хааз нь гацаагүй гэж ойлгож байна. Тоормос хааз хоёрын дунд нь хамт гишгэсэн гэж ойлголоо. 2020 оны 06 сарын 24-ний өдрийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа явагдаж байсан. Би гэртээ байсан, 9-10 цагийн үед Дэлгэрхангай сумаас над руу залгаад “ээж маань саналаа өгөх гэж явж байгаад машины осолд орчихлоо. Машинд дайруулаад бие нь хүнд байна, 200-300 ширхэг уян бент, маарал Улаанбаатараас олж өгөөд явуулаач” гэж манай бэр над руу ярьсан. Би дүү С руу яриад сонгуулийн өглөө эрт эмийн сангууд хаалттай байсан учир олдоогүй. Ярьснаас нь хойш 30-40 минутын дараа “эмнэлэгт очоод нас барчихлаа, буяны ажил хайрцаг сав, лам аваад ир” гэж хэлсэн. Тэгээд буяны ажлын зүйлүүдийг аваад Дэлгэрхангай суманд очсон. Тухайн үед сонгууль өгөх гэж байгаад дайрсан гэсэн ойлголттой ажил явдлыг нь өнгөрөөгөөд Улаанбаатар явсан. О.Г-аас оршуулгын зардал авахаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг барагдуулсан. Миний дансанд 12 сая 551 төгрөг орж ирсэн, 100 хувь барагдуулсан гэж үзэж байгаа. Энэ нь хуулийн дагуу нэхэмжилж байгаа гэж ойлгож байгаа. Гэм хор учруулсан тэтгэврийг нь нэхэмжилсэн, манай аав нүд чих нь муу тул асрах зардал, өмгөөлөгчдөө төлсөн төлбөр гэсэн 3 зүйл нэхэмжилж байгаа. Үүнийг барагдуулаагүй байгаа” гэв.
3. Гэрч Д.Н-ийн “2020 оны 06 дугаар сарын 24-ний өглөө би нөхөр О.Г-тай хамт 09 цагийн үед 99-23 ДУА улсын дугаартай Suссееd маркийн тээврийн хэрэгсэлтэй Дэлгэрхангай сумын төвд байх Ерөнхий боловсролын сургуулийн гадаа зогсоол дээр сонгууль өгөх гээд ирсэн. Тэнд манай хэсгийн сонгуулийн хэсгийн хороо байсан юм. Манай нөхөр Г машинаа сургуулийн урд талд байх гадна зогсоол дээр ертөнцийн зүгээр хойшоо харуулаад зогсоогоод байрлуулж тавьсан. Тэгээд бид хоёр сургууль руу орж тус тусдаа саналаа өгөөд нөхрийн хамт 09 цаг өнгөрөөгөөд сургуулиас гарч ирсэн. Тэгээд машиндаа суусан юм. Манай машины ар талд нэг цэнхэр өнгийн бонго маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогссон, тэр машин зүүн тийшээ хараад зогсож байгаа харагдсан. Манай нөхөр машинаа асаагаад баруун гар тийшээ дараад нөгөө машины урдуур нь тойрч гараад ертөнцийн зүгээр баруун тийш хөдлөөд нөхөр машины хаазаа өгтөл гэнэт машины хааз нь гацаад тэр чигээрээ машины баруун хойд талд зогсож байсан нэг хүнийг мөргөөд, дээгүүр нь машинтай гараад, хойшоо эргээд сургуулийн хашаа мөргөөд хашааг нураагаад, ертөнцийн зүгээр зүүн тийшээ яваад зогссон юм. Тэрнээс хойш би сандраад сонин болчихсон юм. Маш хурдан болоод өнгөрсөн. Манай нөхөр эрүүл явсан. Манай нөхөр машинаа асаагаад, тэгээд хөдлөөд, эргээд л гэнэт л хүн мөргөөд л явчихсан. Нэг цэнхэр өнгийн машины ар талд зогсож байсан хүнийг мөргөсөн, машины урд хэсгээр мөргөсөн юм. Замд ямар нэгэн саад гэхээр зүйл байгаагүй, хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Дөнгөж хөдлөөд л эргээд л тийм асуудал болсон. Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын жолооны үнэмлэхтэй, жолооч хүн. Манай машины хааз нь хааяа нэг жаахан гацдаг байсан юм. Урьд өмнө нэг гацаад, манай нөхөр янзалсан юм” гэх мэдүүлэг /1-р хх34-36/
4. Гэрч Ц.Б-гийн “2020 оны 06 дугаар сарын 24-ний өглөө би 08 цаг гээд сумын сургууль дээр очиж сонгуулийн 30 дугаар хэсгийн хороон дээр ганцаараа саналаа өгөөд тэгээд эргээд аав ээжийн гэрт нь очсон юм. Тэдний гэр болохоор сумын урд талд байдаг юм, би хаягийг нь мэдэхгүй, хаяггүй газар байсан юм. Тэгээд аав Х.Ц болон ээж Б нарыг машиндаа суулгаад саналаа өгөхөөр 09 цагийн үед сумын ерөнхий боловсролын сургууль дээр сонгуулийн 30 дугаар хэсгийн хороон дээр очсон юм. Сургуулийн урд талд байх зогсоол дээр Succeed маркийн 99-23 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талд зүүн тийш хараад зогссон юм. Тэгээд манай аав, ээж хоёр машинаас буусан ,харин манай бэр хүүхэн Б тосож аваад миний машины баруун гар талын хойд талд явж байхад нь араас нь гэнэт нөгөө 99-23 ДУА улсын дугаартай суудлын машин гэнэт мөргөөд, дээгүүр нь гараад ертөнцийн зүгээр хойшоо эргээд сургуулийн хашааг мөргөөд, цаашаа яваад зүүн тийш эргээд сургуулийн хашааны зүүн урд буланд очоод зогссон. Тухайн тээврийн хэрэгслийг манай сумын Г гэх өндөр настан жолоодож явсан юм. Яагаад гэнэт мөргөснийг нь гайхаад л байна. Тэр машин учиргүй өндөр хаазтай хөдлөөд явсан юм. Манай ээж болохоор миний машины баруун гарын хойд талд машинаас жаахан зайтай явж байсан юм. Харин хажууд нь манай аав, бэр хүүхэн хоёр явсан юм. Би цагдаа гээд хашхирсан чинь цагдаа нар ирсэн. Мөн сумын түргэний машин ирсэн, хэн дуудсаныг мэдэхгүй байна. Би тухайн үед яах учраа олохгүй машины гадна зогсож байсан юм. Сумын түргэний машин ирээд ээжийг эмнэлэг авч явсан юм. Манай ээж эмнэлэгт хүргэгдэж очоод өдөр 11 цаг 20 минутад нас барсан юм. Би бонго жи-2 маркийн 65-79 ДУА улсын дугаартай машиныг жолоодоод, сургуулийн урд зогсоол дээр очсон юм. Жолооч Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Эрүүл байсан байх. Тэр машин сургуулийн урд талын зогсоол дээр хойшоо харсан байдалтай зогсож байгаад асаад машин хөдөлсөн. Тэгээд миний машины урдуур баруун тийш эргээд шууд ээжийг мөргөөд, их хаазтай хойшоо эргээд сургуулийн хашааг мөргөөд, зүүн тийш яваад хашаан дотор зогссон байсан. Манай ээжийг машин урд хамар хэсгээрээ мөргөсөн юм. Би машины баруун гар талын кабин хэсэгт аав, ээжийг буулгаад зогсож байсан юм. Тэгээд осол болохыг харсан юм. Ерөөсөө машинаас буугаад удаагүй, дөнгөж явж байтал машин ирээд мөргөсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх37-39/
5. Гэрч Г.Б-гийн “2020 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд сумын ерөнхий боловсролын сургуулийн зааланд сонгуулийн 30 дугаар хэсгийн хороон дээр ирж саналаа өгөөд, сургуулиас гарч сургуулийн урд талд байх зогсоол дээр иртэл Ц.Б ах хадам аав, хадам ээж нарыг аваад машинтай ирсэн. Би тосож аваад кабинаас нь буулгаад хажууд нь сугадаад машины баруун хойд талд явж байтал гэнэт араас нэг машин ирээд хадам ээжийг мөргөсөн. Тэгээд ээж газар унатал машин дээгүүр нь гараад, хөлбөрүүлээд цаашаа явж байгаад газар хаясан. Тэр машин их хааз өндөртэй, ширүүн явсан. Нөгөө машин хойшоо сургуулийн хашааг мөргөөд, зүүн тийш эргээд сургуулийн хашаан дотор зогссон. Тухайн машиныг нэг өвгөн жолоодож явсан. Хажууд нь хөгшин нь хамт явж байгаа харагдсан. Би хадам ээж дээр очтол толгой хэсэг нь урагшаа харсан, газар хажуу талаараа хэвтэж байсан. Ямар нэгэн ухаангүй, ам нь хөдлөөд л байсан. Би куртикээ тайлаад толгойн доор нь дэр хийгээд, харин манай хадам аав толгойг нь бариад газар суусан. Цагдаа нар ирсэн. Б ах түргэн тусламж гээд хашхираад байсан. Сумын түргэний машин эмч нар ирээд, машинд суулгаж болохгүй гээд насилкаар өргөөд эмнэлэг рүү авч явсан юм. Хадам ээж эмнэлэг дээр ирээд “миний нуруу өвдөөд байна” гээд ёолсон. Тэгээд эмнэлэг дээр эмчлүүлж байгаад өдөр 11 цагийн үед нас барсан юм. Би машины дугаарыг нь хараагүй, ямар ч байсан мөнгөлөг өнгийн суудлын жижиг тэрэг харагдсан, номерыг хараагүй. Ц.Б ах харсан. Тэр машин болохоор Ц.Б ахын машины хойд талд сургууль руу хараад зогсож байсан юм. Тэгээд тэр машин хөдлөөд нар зөв тойрог хэлбэртэй эргээд Ц.Б ахын машины урдуур гараад, ээж бид нарыг сугадаад явж байхад араас ирээд мөргөсөн юм. Миний хөл дээгүүр тэр машин гарсан. Харин миний хөл жаахан өвдсөн, халцарсан, гэхдээ гэмтэл гайгүй жаахан хөндүүр л байна. Ц хадам аавыг мөргөөгүй. Тэр машин тойроод зүүн талаас гарч ирээд л мөргөсөн юм. Тэр жолоочийн нэрийг мэдэхгүй, харин Б ах таньж байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй, жолоочтой уулзаагүй. Тэнд ойр хавьд хүн байгаагүй, би хоёр хөгшнийг тосож аваад буулгаад явж байсан юм.Хүмүүс байгаагүй, ослын дараа цагдаа нар гээд хүмүүс ирсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх40-42/
6. Гэрч Э.С-ын “2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль дээр сонгуулийн 30 дугаар хэсгийн хороон дээр сумын онцгой комиссын гишүүнийхээ ажил үүргийн дагуу ажиллаж байгаад сургуулиас гараад соёлын төв орохоор явж байтал ар талд машин хаазлах чимээ гарахаар нь эргэж хартал сургуулийн урд талд зогсоол дээр байсан нэг машин нэг хүнийг мөргөх шиг болсон. Би ойролцоогоор 50 метр зайнаас харсан юм. Тэгээд тэр мөргөсөн гэх машин хүн мөргөөд хойшоо эргээд сургуулийн төмөр хайсан хашааг бас мөргөөд орчихсон юм. Тэр машин их хаазтай явж байгаа харагдсан. Тэгээд би соёлын төв рүү орж хэсгийн цагдаа д/а Н-т хэлээд эргээд нөгөө машинд мөргүүлсэн хүн дээр очтол тэр хүн толгой хэсэг нь зүүн урагшаа харсан цээж хэсэг нь хажуу тийшээ харсан, бөгсөн бие нь дээшээ хараад хоёр хөл солбицон хоёр тийшээ эргэчихсэн газар хэвтэж байсан. Би үзэхэд тэр хүн ёолж байсан. Тэгээд түргэний машин дуудаад мөн насилк аваад ир гэж хэлээд байж байтал машин ирсэн. Насилк ирэхээр нь хэвтүүлээд сумын Эрүүл мэндийн төв дээр аваачсан юм. Тэгээд би цус тогтоох өвчин намдаах тариа хийгээд өмсөж явсан хувцсыг нь хайчаар хайчилж тайлсан. Тэр үед тэр хүн ухаангүй болсон. Тэгээд бүтэн биеийн үзлэг хийгээд, зүрх дэмжих тариа хийгээд, мөн цус алдалтын эсрэг хоёр судсанд нь шингэн сэлбэх дусал залгаад шарханд нь цэгцлэлт хийсэн. Эмчилгээний үр дүнд тэр хүн ухаан ороод ёолсон. Би үргэлжлүүлээд шат дараалалтай өвчин намдаах морофин, сэхээн амьдруулах тариаг хийж бүх л арга хэмжээг авсан боловч тэр хүн сэхээ авахгүй, биеийн байдал нь улам дордож байгаад 11 цаг 20 минутад амьсгаа хураасан юм. Тэр хүн бол Б гэдэг, одоо 76 настай эмэгтэй хүн байсан юм. Би тэр хүнийг эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн өрөөний орон дээр гаргаад бүх хувцсыг хайчаар хайчлаад хувцсыг нь тайлсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд баруун бугалга 2-3 үүрч хугарсан, баруун тохойны дотор талд 5-6 см орчим ил яс нь цоолж гарсан шархтай, баруун гарын бугуйнаас эхлээд урагшаа сарвуу хүртэл гарын арьс нь хуулагдаж яс шөрмөс судас нь ил гарсан, баруун талын 3-4 хавирга хугарсан гэмээр тэмтэрч үзэхэд шажигнах чимээ гарсан, тэр хүнийг чагнахад баруун уушгинд шажигнуур чимээ сонсогдсон зүүн хөлийн дунд чөмөг хугарсан мөн яс нь ил гарч 8-10 см ил шарх үүсгэсэн, зүүн талын сүүжний яс гэмтсэн байж болзошгүй хөл гадагшаа эргэсэн, толгой хэсэг ямар нэгэн гэмтэлгүй, шороо болсон байсан. Судасны цохилт тэмтрэгдэхгүй байсан, даралт 80- 40 болж буурсан, зүрхний цохилт 42 той, амьсгал 28 буюу олширсон, бүх мөч хөрсөн, нуруу, бүсэлхий орчмоор гэмтсэн байж болзошгүй байдал тогтоогдсон. Нас барахын өмнө нэг удаа сэхээ ороод ёолоод нуруу гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж ямар нэгэн зүйл хэлээгүй байж байгаад нас барсан юм. Тэр хүний өмсөж явсан гэх бүх хувцсыг гялгар уутанд хийгээд одоо эмнэлэг дээр яаралтай түргэн тусламжийн өрөөнд байгаа. Харин гутал болон ээмэг бүсийг нь ар гэрийнхэн нь авсан. Хэн нь авсныг мэдэхгүй байна. Тэр эмэгтэй амьсгаатай шоконд орсон ухаангүй байсан юм. Тэр хүний хөл, гар, хоёр ил шархнаасаа цус их алдсан байсан юм. Тухайн хүн мөргөсөн гэх машины улсын дугаар, марк, машины жолоочийг хараагүй, тэр машины улсын дугаар болон маркийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгөлөг өнгийн суудлын жижиг тэрэг, харагдсан гэх мэдүүлэг /1-р хх46-48/
7. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 тоот “Амь хохирогч М.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун талын 2-10 дугаар хавирганы хоёрлосон хугарал, аарцаг ясны хэлхээ тасарсан хугарал, баруун бугалга ясны ил хугарал, чацархайн цус хуралт, сарвуу, шуу, бугалга, өвдөгт урагдсан шарх, ташаан толгой, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Химийн лабораторид цусанд спиртийн зүйл илрүүлэх шинжилгээ хийгдээгүй байна. Амь хохирогч нь В(1П) бүлгийн цустай байсан байна. Амь хохирогч М.Б нь цээж, хэвлий, аарцаг мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна гэх дүгнэлт /1-р хх60-64/
8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 сарын 10-ны 3294 тоот “99-23 ДУА улсын дугаартай, NСР51 -0018237 тоот арлын дугаартай, Тоуоtа Sиссееd маркийн тээврийн хэрэгслийн урд бамбай, зүүн урд дугуй, баруун, зүүн талын урд, хойд хаалга, хойд далбаа зэрэг эд ангиуд ослын үед эвдэрсэн шинэ гэмтэл. Зүүн хойд гэрлийн бүрхүүл, зүүн урд далбаа, баруун талын 2 хаалга будаг замаскийн ажилбар ослын өмнө ашиглалтын явцад хийгдсэн, зүүн их гэрлийн суурь гагнаастай, гагнаасаар хугарсан гэмтэл ослын өмнө, ашиглалтын явцад тус тус үүссэн байна.
Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед болон ашиглалтын явцад ослын өмнө үүссэн тул осолд нөлөөлөхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн холимгийн хаалт /хааз/-ын эд анги бүрэн, ажиллагаа хэвийн. Тоормосны эд анги бүрэн, тоормослоход баруун талын урд хойд дугуй, зүүн урд дугуйнаас хатуу хучилттай замд чирэгдсэн мөр үүснэ. Зүүн хойд тоормосны тэлэгч ажиллана. Зориулалтын багажгүй тул дугуй бүрийн тоормосны хүч, идэвхжилтийг тогтоох боломжгүй. Шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх80-84/
9. Мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай “О.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн” гэх магадлагаа /2-р 47-48/
10. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-7/
11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх8-19/
12. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх20-22/
13. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх68-73/
14. Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон жолоочийн үнэмлэх зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн урд талын талбайд амь хохирогч М.Б нь автомашинд дайрагдан зам тээврийн осолд орж амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Г нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төв, 4-р багийн нутаг дэвсгэр буюу Ерөнхий боловсролын сургуулийн урд талын талбайд 9923 ДУА улсын дугаартай Toyota succeed маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч буюу амь хохирогч М.Быг дайрсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Уг зам тээврийн осол нь 9923 ДУА улсын дугаартай Toyota succeed маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Г-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадалгаагаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Г-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгатай холбогдон гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 12.551.000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгчид хорих ял оногдуулан нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 12.551.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “талийгаачийн авах ёстой байсан тэтгэвэр, аав С.Ц-ийг бусдаар асруулсны хөлс, өмгөөллийн хөлс 700.000 төгрөг тус тус нэхэмжилнэ” гэсэн тайлбар мэдүүлгийг гаргаж байна.
Хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн авах ёстой байсан тэтгэврийг нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаар амь хохирогчийн тэтгэврийн дэвтрээс өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийг хэдий хүртэлх хугацаанд тэтгэвэр авах ёстой байсан гэж үзэж, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг... тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд бүх насаар нь нөхөн төлнө” гэж заасан боловч мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл хэрэгт ирүүлсэн баримтаар гэм хор учруулсны төлбөрийг тооцох, шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “аав С.Ц-ийг бусдаар асруулсны хөлсийг нэхэмжилнэ” гэсэн ба Ц.Б, В.Мөнхбат нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 211-212/, С.Ц нь бусдын асаргаанд байх шаардлагатай талаарх багийн засаг даргын болон эрүүл мэндийн төвийн албан тодорхойлолтыг /1-р хх-ийн 213-214/ нотлох баримтаар ирүүлжээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ц.Б нь амь хохирогчийн хүүхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн төрсөн ах болох нь тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “аав маань одоо Өмнөговь аймагт зээ дүүгийнд байгаа” гэж мэдүүлсэн ба үүнээс үзэхэд уг ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан гэрээний үүрэг хэдий хугацаанд хэрэгжсэн, цаашид хэрэгжих эсэх нь тодорхойгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэж нэхэмжилжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С нь хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан болох нь Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 0271635 /1-р хх-ийн 217/ шийдвэрээр тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хүн оролцох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ” гэж, Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор баталсан эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.2-т “хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар алдсан бол хагас буюу хэсэгчилэн алдсан” гэж үзнэ гэж тус тус заажээ.
Дээрх заалтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С нь заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдэд хамаарахгүй байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хүнд өвчтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан авах ёстой байсан тэтгэвэр, асрамжийн хөлс, өмгөөллийн хөлсний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч О.Г-ын “B” ангиллын 1108551 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан ирүүлсэн ба шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ...... овогт О.Г-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Г-ыг 4 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 12.551.000 /арван хоёр сая таван зуун тавин нэгэн мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “амь хохирогчийн авах ёстой байсан тэтгэвэр, асрамжийн хөлс, өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийн” нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
8.Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан ирүүлсэн шүүгдэгч О.Г-ын “B” ангиллын 1108551 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ